2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2026/04678

 

 

       

  

   

          2026             04            29

   192/ШШ2026/04678

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:*************тоотод оршин суух, * Э- /РД:************/,

Хариуцагч:****** тоотод оршин суух, **** Ж- /РД:*********/,

Хариуцагч:**** тоотод оршин суух, *** Д-/РД:*************/,

Нэхэмжлэлийн шаардлага: Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Ш ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,

хариуцагч Ц.Ж, 

хариуцагч Ц.Д, түүний өмгөөлөгч Г.Б,

гэрч Б.Ц,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Н.Э- нь хариуцагч Ц.Ж-, Ц.Д-нарт холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх шилжүүлэх гэрээнүүдийг, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнүүдийг тус бүр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Н.Э-ийг Ш ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Би 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр үүсгэн байгуулагдсан, 5637244 регистрийн дугаартай, аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Ш ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан. Ш ХХК нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/386 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын бүсэд орших Нүхтийн ам гэх газарт 2,2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмших эрхтэй байсан.

Ц.Ж- нь 2015 оны 7 дугаар сард Н.Э-тэй танилцаж Ш ХХК-ийн эзэмшил газар дээр аялал жуулчлалын зориулалтаар хамтран үйл ажиллагаа явуулах саналыг Н.Э- хүлээн аваагүй бөгөөд компанийн эрх шилжүүлэх боломжгүй гэдгийг Ц.Ж-д хэлсэн боловч 2015 оны 8 дугаар сард Н.Э-ийн эцэг О.Н-тай утсаар ярихдаа “Ц.Ж- Бүгд Найрамдах Турк Улсаас хөрөнгө оруулалт хийх ажил бүтчихлээ гэж байна, өөрийн биеэр БНТУ руу явж тухайн ажлаа дуусгах ажил гарсан гэнэ, миний хүү Ш ХХК-ийн тамга болон гэрчилгээ, дүрмийг Ц.Ж-д өгчих, очоод хэрэг болно гээд байна хэдэн ширхэг цаасан дээр гарын үсгээ зураад явуулчих” гэж хэлсэн бөгөөд тухайн өдөр нь Ц.Ж-д өөрийн эзэмшлийн Ш ХХК-ийн тамга, гэрчилгээ, дүрэм болон бусад бичиг баримтыг эх хувиар нь өгсөн бөгөөд БНТУ руу явж хөрөнгө оруулалтын ажлаа дуусгавар болгоод ирнэ гэж хэлсэн боловч 2015 оны 12 дугаар сарын хүртэл ямар ч сураггүй алга болсон. Богдхан уулын тусгай хамгаалалтын газрын захиргаанаас 2015 оны 12 дугаар сард Ш ХХК-ийн эзэмшил газрын гурвалсан гэрээг Н.Э- хүлээн авсан, гэтэл энэхүү гэрээнд Ш ХХК-ийн захирал Н.Э- бус Ц.Д-гэх хүний нэр бичигдэж, гарын үсэг зурагдсан байсан бөгөөд өөрийгөө Г- гэж танилцуулсан хүн би Ш ХХК-ийг Ц.Ж-аас 2015 оны 10 дугаар сард худалдаж авсан гэж хэлсэн. Н.Э- Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаж “Ц.Ж-д залилуулсан” гэх гомдлыг гаргасан, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр яллагдагч Ц.Ж-д холбогдох эрүүгийн 1710002900188 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд 2024/ШЦТ/559 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгчдэгч Ц.Ж- нь хуурамч бичиг баримт үйлдэж Н.Э-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхтэй Ш ХХК-ийг хууль бусаар шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон.

Н.Э- нь Ц.Ж-д хууль бусаар алдсан компанийн хувьцаа эзэмших эрхээ шүүхэд нэхэмжлэл гаргах замаар сэргээлгэх боломжтой ч Ц.Ж- болон Ц.Д-нарын байгуулсан компанийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, хэлцэлүүд нь хүчин төгөлдөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй байгаа нөхцөлд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шүүхийн шийдвэрийн хүрээнд сэргэх боломжгүй юм. Иймд Н.Э- болон хариуцагч Ц.Ж- нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх шилжүүлэх гэрээнүүд, мөн Ц.Ж-, Ц.Д-нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Н.Э-ийг Ш ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ. 

 

2. Хариуцагч Ц.Ж- хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/559 дугаар шийтгэх тогтоол нь хуульд заасан үндэслэлээр нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон тул хариуцагч Ц.Ж- миний зүгээс маргах зүйл байхгүй. ...Ц.Д-гэдэг хүн ямар журмаар ямар аргаар авсан бэ гэдгийг эхлээд тайлбарлая. Хамгийн анх Н.Э-эс газрыг 2015 онд шилжүүлж авчихаад байж байхад хөрөнгө босгох зорилготой байхдаа надтай Турк Улсын цагдаагийн академи төгссөн н.Э-той хотод тараад энэ нөхцөл байдлаа хэлсэн. Манай ахтай уулзаад гээд  Д-ын нөхөр болох н.Г- гэдэг хүнтэй уулзсан бөгөөд 150,000,000 төгрөг ахад нь байгаа гэж ярьсан боловч нөгөөх нь Жи класс болж таарсан. Жи классыг чи унаж яваад машинаа зарж байгаад мөнгөө гараад авчих гэсэн. Ахад нь бол наад газрыг чинь авах шаардлага байхгүй гэсэн. Би барьцаалбар хийх маягаар ярьсан. Ингээд тохирсон чинь манай эхнэр, өмгөөлөгч хүн байгаа гээд Ц.Д-дээр очиж уулзсан. Тэгээд Ц.Д-маргааш өглөө нь намайг Иргэний бүртгэлийн тэнд нотариат дээр дуудсанаа, эгчийн дүү энэ чинь барьцаалбараар бүртгүүлэхээр ажиллагаа ихтэй байна. Чи шууд компанитай шилжүүлээд өгчих, тэгвэл дараа нь чи мөнгөө өгөхдөө шууд шилжүүлээд авчихбал амар юм байна гээд би итгээд тэгье гээд зөвшөөрсөн. Намайг харин Ц.Д-нөхөр н.Г-тэй нийлж хуурсан. Би итгээд хэлснээр нь хийсэн. Мөн н.Г- нь н.Батбаяртай 99,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийх хэрэгтэй гээд тэр гэрээг хийгээд н.Батбаярын нэр дээр машиныг шилжүүлээд өгсөн гэжээ.

 

3. Хариуцагч Ц.Д-хариу тайлбартаа: Нөхөр Н.Г-ийн хамтаар 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ш ХХК-ийн 100 хувийн хувьцааг Ц.Ж-аас худалдан авч, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу тус компанийн 100 хувийн буюу цор ганц хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. Ш ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Богдхан уулын дархан цаазат газар, Ташгайн ам гэх газарт газар ашиглах гэрчилгээтэй байсан тул зах зээлийн үнэ цэнийг талууд харилцан тохиролцож, 150,000,000 төгрөгөөр Ш ХХК-ийн хувьцаа, компанийн эрхийг шилжүүлэн авсан. Компанийг шилжүүлэн авах үед хувьцаа эзэмшигч нь Ц.Ж- байсан ба ямар нэгэн бичиг баримтын буюу эрхийн зөрчилгүй байсан тул компанийн эрхийг шилжүүлэн авч өөрийгөө гүйцэтгэх захирлаар томилж бүртгүүлсэн. Хуулийн этгээдийн хувьцаа, компанийн эрх шилжүүлэх гэрээ нь бичгээр байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Ц.Д-нь хуульд заасан журмын дагуу Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасны дагуу хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хэлцлийг байгуулсан.

Харин Ц.Ж-, Н.Э- нарын хооронд үүссэн маргаантай харилцаа нь Ц.Д-д хамааралгүй, Ц.Д-компанийг шилжүүлж авснаас хойш зөрчлийг арилгаж, хуульд заасан журмын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн, төрийн эрх бүхий байгууллагаас холбогдох зөвшөөрлүүдийг гаргуулан авч, 2015 оноос хойш одоог хүртэл их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, газрыг зориулалтын дагуу ашиглан, тус газарт Dremland нэртэй аялал жуулчлалын цогцолбор төсөл хэрэгжүүлж, 3 давхар аялал жуулчлалын зориулалттай нэг үл хөдлөх хөрөнгө, гэрчилгээ гараагүй нэг дуусаагүй барилга, 900 м.кв талбайтай хүйтэн агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг болон 2,2 га газрыг хамарсан метр урт хашааг барьж, ногоон байгууламж тарьж ургуулсан зэрэг их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Н.Э-, Ц.Ж- нарын хооронд үүссэн асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгаж, Ц.Ж- нь бусдыг залилж хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тогтоосон боловч шүүхийн шийдвэрт ямар нэгэн байдлаар Н.Э-, Ц.Ж- нарын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байна, нотариатч нь хууль зөрчсөн байна гэх дүгнэлт байхгүй. Гэтэл Н.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нотариатчийн үйлдлийг шүүхээс хууль бус гэж тогтоосон мэтээр худал тайлбарыг гаргаж Ц.Д-ын хууль ёсоор олж авсан, их хэмжээний хөрөнгө оруулсан компанийн эрхэд шунаж байна. Хэрэгт авагдсан шийтгэх тогтоолд Н.Э-д учирсан хохирол, хор уршигт тооцуулахаар Ц.Ж-аас 2,755,200,000 төгрөг гаргуулан Н.Э-д олгуулахаар шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад Н.Э- нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхийн оронд дахин иргэний шүүхэд хандаж байгаа нь Ц.Ж-, Н.Э- нар нэг ашиг сонирхолтой этгээдүүд байж болзошгүй юм. Мөн шийтгэх тогтоолоос үзэхэд эрүүгийн хэргийн шатанд шинжээчийн дүгнэлт гаргуулахад тус газрын үнэ 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 193,600,00 төгрөгөөр, үнэлэгдсэн нь Ц.Д-ын Ц.Ж-д төлсөн төлбөр болох 150,000,000 төгрөгтэй дүйцсэн гэж үзэж байна. Учир нь ХХК-ийн газар нь цэгийг хүлээн авч, солбилцлын цэгийг шалгуулаагүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй, нөлөөллийн үнэлгээ хйилгээгүй, төсөл хэрэгжүүлэх ТЭЗҮ байгуулаагүй байсан тул газрын үнэ нь бусад зөрчилгүй газраасаа хямд байсан гэж үзэх үндэслэлтэй. Ц.Д-нь газрын эрхийг хууль журмын дагуу олж авсан бөгөөд Ц.Ж-тай 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байх тул Ц.Д-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Ш  ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот Хувьцаа эзэмшигчийн шийдвэр, мөн өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Эрх шилжүүлэх гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/559 дугаар шийтгэх тогтоол, Улсын бүртгэдийн ерөнхий газрын 2024 оны 7 сарын 2-ны өдрийн 6/8889 тоот, 2024 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 573 тоот хариу, Компанийн эрх шилжүүлэх тухай 2015.10.27-ны өдрийн гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Ш  ХХК-ийн 2015.10.27-ны өдрийн 27 дугаартай хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг өгсөн./1хх 6, 7-8, 9, 11-20, 21-22, 45, 47/,

 

5. Хариуцагчаас Ц.Д-аас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ш ХХК-ийн шинэчилсэн дүрмийн хуулбар, Монгол Улсын байгаль орчин, ногоон хөгжлийн яам улсын тусгай хамгаалалтай нутаг дэвсгэрт газар ашиглах 2014/93 дугаартай гэрчилгээний хуулбар, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг шалгасан тухай 2017.06.29-ны өдрийн актын хуулбар, эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг шалгасан тухай 2016.06.20-ны өдрийн актын хуулбар, Улаанбаатар хотын банкны орлогын мэдүүлэг, Газрын төлбөрийн тооцоо нийлсэн 820160134 дугаартай акт, Хаан банк ХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, Ш ХХК-ний Богдхан уулын ДЦГ-н ташгайн аманд хэрэгжих амралт, аялал жуучлалын бааз байгуулах, төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн хуулбар, Улсын тусгай хамгаалалтай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2016.02.17-ны өдрийн 2016/023 дугаартай гэрээний хуулбар, Архитектур төлөвлөлтийн 2017.08.21-ний өдрийн даалгавар, төлөвлөлтийн талбайн схем зураг, 2019.04.30-ны өдрийн 15/01066/19 дугаартай техникийн нөхцөл, эскиз зураг, Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг өгсөн./1хх 158-174/,

 

6. Шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Өргөдөл хүлээн авсан хуудас, УБ-05 маягт бүхий 2015.10.27-ны өдрийн өргөдөл, Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, Ш  ХХК-ийн 2015.10.27-ны өдрийн 27 дугаартай шийдвэрийн хуулбар, 2015.10.27-ны өдрийн Ш  ХХК-ийн дүрмийн хуулбар, Компанийн эрх шилжүүлэх тухай 2015.10.27-ны өдрийн гэрээний хуулбар, Хувьцаа худалдах, худалдан авах 2015.10.27-ны өдрийн гэрээний хуулбар, Өргөдөл хүлээн авсан хуудас, Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх 2015.08.11-ны өдрийн өргөдөл, Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуултын хуудас, Ш  ХХК-ийн 2015.08.10-ны өдрийн 01 дугаартай шийдвэрийн хуулбар, 2015.08.10-ны өдрийн Ш  ХХК-ийн дүрмийн хуулбар, Эрх шилжүүлэх тухай 2015.08.10-ны өдрийн гэрээний хуулбар, Хувьцаа худалдах, худалдан авах 2015.08.10-ны өдрийн гэрээний хуулбар, Өргөдөл хүлээн авсан Б хуудас, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрлчөлтийг бүртгүүлэх 2015.01.13-ны өдрийн өргөдөл, Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуултын хуудас, Ш  ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2014.12.22-ны өдрийн 12/01 дугаартай шийдвэр, Компанийн эрх шилжүүлэх тухай 2014.12.22-ны өдрийн 1655/13:00 дугаартай гэрээний хуулбар, Үнэт цаас бэлэглэлийн 2014.12.22-ны 1655/13:00 дугаартай гэрээ, Ш  ХХК-ийн 2015.01.16-ны өдрийн дүрэм, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 55-96/, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн Өргөдөл хүлээн авсан хуудас А хэсэг, хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, 2015 оны 10 сарын 27-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, мөн өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Ш ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, компанийн шинэчилсэн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх 99-112/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх 127-128/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /130-131/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/559 дугаартай шийтгэх тогтоолоор Ц.Ж-  нь хуурамч бичиг баримт үйлдэж Н.Э-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхтэй Ш ХХК-ийг хууль бусаар шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон тул Н.Э- болон хариуцагч Ц.Ж- нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх шилжүүлэх гэрээнүүд, мөн Ц.Ж-, Ц.Д-нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Н.Э-ийг Ш ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгоно гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч Ц.Ж- нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, би барьцаалбар хийх маягаар ярьсан, Ц.Д-барьцаалбараар бүртгүүлэхээр ажиллагаа ихтэй байна, чи шууд компаниа шилжүүлээд өгчих, тэгвэл дараа нь чи мөнгөө өгөхдөө шууд шилжүүлээд авчихбал амар юм байна гэхээр нь би итгээд зөвшөөрсөн гэж тайлбарласан.

 

4. Хариуцагч Ц.Д-дараах үндэслэлээр татгалзаж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбарыг гаргасан. Үүнд: Ц.Ж-тай 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тохиролцон Ш ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдан авч, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, 150 000 000 төгрөгөөр хувьцаа, компанийн эрхийг шилжүүлж авсан, тухайн газарт 2015 оноос хойш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, шийтгэх тогтоолоор Н.Э-д учирсан хохирол, хор уршигт тооцуулахаар Ц.Ж-аас 2,755,200,000 төгрөг гаргуулан Н.Э-д олгуулахаар шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

5. Зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  

 

5.1. Ш  ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар Н.Э- 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэгдсэн байна.

Нэхэмжлэгч Н.Э- нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Ц.Ж-тай Хувьцаа худалдах, худалдах авах гэрээ байгуулж, Ш  ХХК-ийн 33 хувийн хувьцааг Ц.Ж-д шилжүүлж, Ц.Ж-тай Эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Ш ХХК-ийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүргийг мөн Компанийн үндсэн хөрөнгө болон хувь нийлүүлсэн хөрөнгийн 100 хувь буюу 1,000,000 төгрөгийн хөрөнгийг Ц.Ж-д шилжүүлсэн байна.

Ш  ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот шийдвэрээр компанийн захирлаас Н.Э-ийг чөлөөлж, компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч захирлаар Ц.Ж-ыг томилж, улмаар хариуцагч Ц.Ж- нь 2015 оны 8 дугаар сарын 11-ны өдөр Ш  ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Хариуцагч Ц.Ж- нь хариуцагч Ц.Д-тай 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хувьцаа худалдах, худалдах авах гэрээ байгуулж, Ш  ХХК-ийн 33 хувийн хувьцааг Ц.Д-д шилжүүлж, Ц.Д-тай Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Ш ХХК-ийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүргийг мөн Компанийн үндсэн хөрөнгө болон хувь нийлүүлсэн хөрөнгийн 100 хувь буюу 1,000,000 төгрөгийн хөрөнгийг Ц.Д-д шилжүүлж, Ш ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр Ц.Ж-ыг компанийн хувьцаа эзэмшигчээс хасч, захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Ц.Д-ыг компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр элсүүлэн, захирлаар томилж, Ц.Д-нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ш  ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

 

5.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж заасан байх ба хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үздэг.

 

Ш  ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот шийдвэр, Ц.Ж-тай 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдах авах гэрээ болон Эрх шилжүүлэх тухай гэрээнд Н.Э- гарын үсэг зурсан болох нь Сонгинохайран дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/559 дугаартай шийтгэх тогтоолд дурдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын бичиг баримтын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 3283 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байх бөгөөд харин Бүртгэлийн дэвтэрт Н.Э- гарын үсэг зураагүй болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын бичиг баримтын шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2831 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна.

 

Нотариатчийн бүртгэлийн дэвтэрт Н.Э- гарын үсэг зураагүй, улсын бүртгэлийн байгууллагад өгсөн баримтуудыг нотариатчаар гэрчлүүлээгүй гэх үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлд хамаарахгүй.

 

Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зааснаар хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл, дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Иргэний хуульд заасан холбогдох гэрээ эсхүл өв залгамжлах эрхийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн бүртгэл хийгдсэн байна.

 

5.3. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан байна.

 

Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Иргэний хуулийн 183.3-т заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд улсын бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад бүртгэлийг буруу, ташаа хийсэн нь тогтоогдвол улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж заасан.

Иргэний хуулийн 183 дугаар 183.2-т “Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно”, 183.3-т “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Н.Э- нь улсын бүртгэлийн байгууллагад хандсан баримтгүй байх бөгөөд улсын бүртгэлийн талаар маргаагүй байна.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/559 дугаартай шийтгэх тогтоолоор Ц.Ж- нь О.Н-тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хөрөнгө оруулалт татна гэж итгэл төрүүлэн хуурч түүний хүү Н.Э-ийн эзэмшлийн компанийг, хувьцаа болон 2,2 га газар ашиглах, эзэмших эрхийн хамт шилжүүлэн авч, бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлийн улмаас Н.Э-д хохирол учруулсан гэж дүгнэж, Ц.Ж-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ж-аас 2,755,200,000 төгрөг гаргуулж хохирогч Н.Э-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Ц.Ж- нь Н.Э-ийн эзэмшлийн компанийг, хувьцаа болон 2,2 га газар ашиглах, эзэмших эрхийн хамт шилжүүлэн авч, бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлийн улмаас Н.Э-д учирсан бодит хохирлыг 2,755,200,000 төгрөгөөр тооцон Ц.Ж-аас гаргуулан шийдвэрлэсэн байгаа нь нэхэмжлэгч Н.Э-, хариуцагч Ц.Ж- нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх шилжүүлэх гэрээнүүдийн үр дагаварыг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Нөгөө талаар Ц.Ж-, Ц.Д-нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хууль зөрчсөн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч Ц.Ж- нь Н.Э-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарлах боловч өөрийхөө Ц.Д-тай байгуулсан дээрх хэлцлийг ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаагаа тодорхой тайлбарлаагүй.

 

6. Иймд  хариуцагч Ц.Ж-, Ц.Д-нарт холбогдуулан гаргасан Н.Э-, Ц.Ж- нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх шилжүүлэх гэрээнүүдийг, Ц.Ж-, Ц.Д-нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Н.Э-ийг Ш ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэгч Н.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Ц.Ж-, Ц.Д-нарт холбогдуулан гаргасан Н.Э-, Ц.Ж- нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх шилжүүлэх гэрээнүүдийг, Ц.Ж-, Ц.Д-нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Н.Э-ийг Ш ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай Н.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Э-эс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 35,250 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.БАЯРСҮРЭН