Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01665

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01665

 

Ш ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/03095 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ш ББСБ ХХК

Хариуцагч: С.Ц,

Хариуцагч Ж.У,

Хариуцагч Б.С нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 518,953,984 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч С.Цийн өмгөөлөгч С.Чинзориг, хариуцагч Ж.Ундармаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, түүний өмгөөлөгч Т.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.а. Ш ББСБ ХХК нь С.Цтой 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ0100170012 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулсан. Зээлийн гэрээний дагуу 205,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн барьцаанд зээлдэгч С.Ц нь улсын эрхийн бүртгэлийн Ү-2206053551 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Цэцээ гүн Зайсангийн тойруу гудамж, 41/4 дүгээр байр, 302 тоот хаягт байрлах, 177 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.

1.б. Мөн Ш ББСБ ХХК нь зээлдэгч С.Цтой 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ0100180004 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 45,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй зээлүүлсэн.

1.в. С.Ц нь дээрх зээлийн гэрээнүүдийн хугацаанд хүсэлт гарган 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ0100170012-1 дугаартай Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ-г байгуулж, гэрээний хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ0100170012-2 дугаартай Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ-ээр гэрээний хугацааг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ0100170012-3 дугаартай Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ-ээр гэрээний хугацааг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл тус тус сунгасан.

1.г. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ0100180004-2 дугаартай Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ-г байгуулж, гэрээний хугацааг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ЗГ0100180004-3 дугаартай Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ-ээр гэрээний хугацааг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл тус тус сунгасан.

1.д. Зээлдэгч С.Ц нь зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул компанийн зүгээс зээл, зээлийн хүүг төлөхийг шаарддаг боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.

1.е. Иймд хариуцагч С.Ц, Б.С, Ж.У нараас ЗГ0100170012 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 205,000,000 төгрөг, зээлийн хүү 208,484,984 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,124,000 төгрөг, нийт 436,608,984 төгрөг, ЗГ0100180004 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 45,000,000 төгрөг, зээлийн хүү 33,137,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,207,500 төгрөг, нийт 82,345,000 төгрөг, бүгд 518,953,984 төгрөгийг гаргуулж, төлбөрийг сайн дураар төлөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч С.Цийн тайлбар, татгалзлын агуулга:

2.а. 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ0100170012 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулан 205,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн.

2.б. Зээлийн барьцаанд улсын эрхийн бүртгэлийн Ү-2206053551 дугаарт бүртэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Цэцээ гүн Зайсангийн тойруу гудамж, 41/4 дүгээр байр, 302 тоот хаягт байрлах 177 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан.

2.в. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ0100180004 дугаартай зээлийн гэрээг байгуулан 45,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн. 45,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу барьцааны гэрээ байгуулаагүй.

2.г. Бизнесийн үйл ажиллагаа доголдсоны улмаас зээлийн төлбөрөө хугацаандаа төлж чадаагүй. Би зээлийн төлбөрт нийт 53,000,000 орчим төгрөг төлсөн. Би 365,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх хүсэлтэй байгаа ба нэхэмжлэгч тал эвлэрэхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч Ж.У, Б.С нарын тайлбар, татгалзлын агуулга:

3.а. С.Ц нь Ш ББСБ ХХК-аас 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 205,000,000 төгрөгийн, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 45,000,000 төгрөгийн зээлийг тус тус зээлсэн.

3.б. Бидний зүгээс 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр С.Цид өөрсдийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206053551 дугаарт бүртгэдтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Цэцээ гүн Зайсангийн тойруу гудамж, 41/4 дугаар байр, 302 тоот хаягт байрлах 177 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэлийг 6 сарын хугацаагаар олгосон. Энэхүү итгэмжлэлийн дагуу С.Ц нь бидний орон сууцыг барьцаанд тавьж, зээл авсан. Анх байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа буюу С.Цийн зүгээс ...дахин зээл нэмж авах шаардлагатай байгаа тул дахин итгэмжлэл хийж өгөөч гэж хүсэлт тавьсны үндсэн дээр бидний зүгээс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 6 сарын хугацаатайгаар дахин шинээр итгэмжлэл өгсний дагуу С.Ц нь бидний орон сууцыг дахин барьцаалж, 45,000,000 төгрөгийн зээлийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл дахин зээлж авсан.

3.в. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3, 63.4 дэх хэсэгт заасны дагуу бидний хувьд С.Цийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн төлөө өөрсдийн өмчлөлийн орон сууцаараа үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй. Учир нь, бидний анх олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан байхад С.Ц нь Ш ББСБ ХХК-д өргөдөл, хүсэлт гаргаж зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл. Олгосон нэг итгэмжлэлээр нэг гэрээ байгуулах учиртай. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, нөхцөл өөрчлөхөөр бол итгэмжлэл олгосон этгээдүүд болох Б.С, Ж.У нарт мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой. Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.5-д бүрэн эрхийг хэрэгжүүлсэн бол төлөөлөл дуусгавар болохоор заасан. Бидний хүсэл зориг анхнаасаа итгэмжлэлийг олгохдоо зөвхөн барьцаанд тавих нөхцөлтэйгөөр гэж ойлгож байсан. Бидний байрыг үүргийн гүйцэтгэлийг хангуулахад биш, зээлээ хугацаанд нь төлөөд байрыг буцаагаад чөлөөлнө гэсэн итгэлээр итгэмжлэлийг богино хугацаагаар хийж өгсөн.

3.г Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн барьцаа хөрөнгийн хувьд гуравдагч этгээд нарын итгэмжлэлээр зөвшөөрсөн хэмжээнд буюу 250,000,000 төгрөгийн хэмжээнд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрч байгаа ба үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С.Цоос 444,715,145 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 74,238,839 төгрөг болон зээлийн гэрээний үүргийг хариуцагч Б.С, Ж.У нараас гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Ц нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Б.С, Ж.У нарын өмчлөлийн Ү-2206053551 улсын дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Цэцээ гүн хотхон, 104 тоотод оршин байрлах, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, 380,341,595 төгрөгийн хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,822,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Цоос улсын тэмдэгтийн хураамжид 2,451,726 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.а. 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдаанд өмгөөлөгч Т.Баясгалан хэргийн материалтай танилцах, хариуцагч С.Ц нь өвчтэй байгаа тул хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, мөн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл тус тус хойшлуулсан. 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч С.Ц хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргаснаар 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хойшлуулсан.

5.б. Харин 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр товлогдсон шүүх хуралдааныг өмгөөлөгч Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг цахимаар www.supremecourt.mn хаягаас хурлын зарыг хавсаргаж явуулсан ч анхан шатны шүүхээс хүсэлтэд хавсаргасан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, уг баримтаас харахад Улсын дээд шүүхийн хэдэн оны хэдэн сарын хэдний хэдэн цагт болох шүүх хуралдааны тов эсэх нь тодорхойгүй байх тул шүүх хуралдаан давхацсан үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь илтэд бодит байдлыг үгүйсгэсэн, хуульд нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

5.в. Хурлын зар нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж нийтэд ил тод байгаа шүүх хуралдааны зарыг хавсарган явуулж, шүүгчийн туслахаар яриулж нотолсоор байтал хэргийн оролцогчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би Улсын дээд шүүхийн шүүгчийн туслахаас тов мэдэгдэх баримт өгөхийг хүсэхэд мэдэгдэх хуудас өгөхгүй байгаа, хурлын зар гарсан би утсаар анхан шатны шүүхийн шүүгчийн туслах руу хэлнэ гэж хэлсэн.

5.г. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч С.Цийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Байхгүй, өмгөөлөгч Т.Баясгалангийн давж заалдах гомдлыг дэмжиж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ш ББСБ ХХК нь хариуцагч С.Ц, Ж.У, Б.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 518,953,984 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Хариуцагчаас 518,953,984 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг дараах үндэслэлээр зөв гэж үзлээ.

3.а. Ш ББСБ ХХК болон С.Ц нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ0100170012 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр зээлдүүлэгч Ш ББСБ ХХК нь 205,000,000 төгрөгийг зээлдэгч С.Цид 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хүртэл, нэг сарын 3 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлүүлэхээр тохиролцсон. /хх 12-14/

3.б. Улмаар талууд 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ0100170012-1 дугаар, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ0100170012-2 дугаар, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ0100170012-3 дугаар гэрээгээр гэрээний хугацааг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл тус тус сунгасан. /хх 12-14, 20-23/

3.в. Түүнчлэн, Ш ББСБ ХХК болон С.Ц нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ0100180004 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр зээлдүүлэгч Ш ББСБ ХХК нь 45,000,000 төгрөгийг зээлдэгч С.Цид 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хүртэл, нэг сарын 2.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлүүлэхээр тохиролцсон. /хх 34-36/

3.г. Улмаар талууд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ0100180004-2 дугаар, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ010018004-3 дугаар гэрээгээр гэрээний хугацааг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл тус тус сунгасан. /хх 37-38/

Дээрх 2 гэрээний дагуу нэхэмжлэгч 205,000,000 төгрөг, 45,000,000 төгрөгийг хариуцагч С.Цид тус тус шилжүүлсэн үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ш ББСБ ХХК болон хариуцагч С.Ц нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

3.д. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

3.е. Иймд хариуцагч нь дээрх 2 гэрээний үүрэгт нийт 45,380,016 төгрөг төлснийг анхан шатны шүүх ЗГ0100170012 дугаар гэрээний үүрэгт 38,130,016 төгрөг, ЗГ010018004 дугаар гэрээний үүрэгт 7,250,000 төгрөг тус тус төлсөн гэж үзэн, уг төлбөрийг үндсэн зээлийн төлбөрөөс тус тус хасаж тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч С.Цийг ЗГ0100170012 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 166,869,984 төгрөг, хүүгийн төлбөрт 18,233,750 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 18,233,750 төгрөг, нийт 380,341,595 төгрөг, ЗГ010018004 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 32,750,000 төгрөг, хүүгийн төлбөрт 28,656,250 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,967,300 төгрөг, нийт 64,373,550 төгрөг, бүгд 444,715,145 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж анхан шатны шүүх үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна.

4. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг анхан шатны шүүх хангасныг дараах үндэслэлээр зөв гэж үзэв.

4.а. Хариуцагч Ж.У, Б.С нар нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тус тус итгэмжлэлийг хариуцагч С.Цид олгосон. /хх 26-28/ Уг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн итгэмжлэлээр хариуцагч Ж.У, Б.С нар нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206053551 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Цэцээ гүн Зайсангийн тойруу гудамж, 41/4 дугаар байр, 302 тоот хаягт байршилтай 177 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт барьцаалах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг хариуцагч С.Цид 6 сарын хугацаатай, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн итгэмжлэлээр дээрх эрхийг 6 сарын хугацаатай, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн итгэмжлэлээр мөн эрхийг 6 сарын хугацаатай тус тус олгосон байна. /хх 26-28/

4.б. Дээрх 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн итгэмжлэлийн дагуу хариуцагч С.Ц нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ0100170012 дугаартай зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалж, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр БГ0100170012 дугаартай барьцааны гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан. Мөн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, барьцаалбар үйлдсэн байх тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. /хх 15-19, 29/

4.в. Иймд анхан шатны шүүх хариуцагч С.Цийг сайн дураараа төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

4.г. Хариуцагч Ж.У, Б.С нар үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт барьцаалах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг хариуцагч С.Цид итгэмжлэлээр олгосон, хариуцагч С.Ц нь итгэмжлэлийн хүчинтэй хугацаанд барьцааны гэрээг байгуулсан байх тул хариуцагч Ж.У, Б.С нарын үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэх татгалзал үндэслэлгүй.

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

5.а. Хариуцагч Ж.У, Б.С нарын өмгөөлөгч Т.Баясгалангийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09 дугаар хүсэлтийн дагуу 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл, мөн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 31 дугаар хүсэлтийн дагуу 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл тус тус хойшлуулсан. /хх 109-113, 115-122/

5.б. 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч нарын өмгөөлөгч Т.Баясгаланд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. /хх 131/ Улмаар хариуцагч нарын өмгөөлөгч Т.Баясгалан нь мөн өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт /хх 133-135/ ирүүлснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшилсон байх тул анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Иймд хариуцагч нарын өмгөөлөгчийн анхан шатны шүүх хэргийн оролцогчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/03095 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН