| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2018/0108/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/112 |
| Огноо | 2018-08-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/112
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн дарга К.Е,
Улсын яллагч Х.Ө,
Шүүгдэгч Х.Е, Б.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Е, Б.А нарт холбогдох 1813000000137 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч Х.Е: Монгол Улсын иргэн, С овогт Х-ын Е, 1975 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЗ**************
2. Шүүгдэгч Б.А: М овогт Б-ы А, 1973 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЭ**************
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А Х.Е нар нь архидан согтуурсан үедээ хоорондоо хэрүүл маргаан үүсгэж улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А Х.Е нар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг Х.Е-ы хашаанд 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр архидан согтуурсан үедээ хоорондоо хэрүүл маргаан үүсгэж улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Шүүгдэгч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Т-д өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Бид хоёрын хооронд хувийн таарамжгүй харилцаа холбоо байхгүй. Бид хоёр сайн найзууд ба найзлаад 20-иод жил болж байна. Надад ямар нэгэн нэхэмжлэх хохирол байхгүй. Би Е-ы биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Дахин хэрүүл маргаан гаргаж гэмт хэрэг үйлдэхгүй. Би Е-ыг уучилсан, хохирлын талаар маргаан байхгүй. Е-аас уучлал гуйсан байгаа.” гэх мэдүүлэг,
- Шүүгдэгч Х.Е-ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 03-ы өдрийн 15 цагийн үед Ах-дам зах дээр явж байгаад найз болох А-ын дэлгүүрт өөрийн охин Т-ийн хамт очиход А машины мотор тааруулаад сууж байсан бөгөөд бид хоёр дахин А-ын дэлгүүрт уулзахаар болоод би машинаа гэртээ аваачиж тавьчхаад дахин 17 цагийн үед түүний дэлгүүрт очсон. Очихдоо би хуушуур авч очсон бөгөөд А бид хоёр 40000 төгрөгөөр 2 шил 0,5 граммын Улаанбаатар нэртэй архийг уучхаад 21 цагийн үед Ардах машинаа хүнээр бариулж гэртээ хүргүүлнэ гэж хэлээд Ш.Б-ийг дуудсан бөгөөд Ш.Б ирсний дараа бид нар А-хын машинд сууж манай гэрт очсон. Манайд очоод А намайг машинаас буугаад унтаж амар гэхээр нь би буухгүй хэсэг суусан ба А дахин намайг буугаад унтаж амар гэхээр нь би машинаас буугаад чи намайг машинаасаа буулгаж унтаж амар гэдэг хэн бэ гэж хэлээд дургүй хүрээд түүний толгой хэсэгт нэг удаа гараараа цохисон. Тэр үед Ардах намайг заамдаж барьж аваад улмаар миний нүүрэн тус газарт мөргөхөөр нь би ч гэсэн Ардахыг барьж аваад түүний толгойн тус газарт мөргөсөн. Тэр үед А газарт унасан ба би түүний дээр нь суугаад газарт хэвтэж байсан төмрөөр 2 удаа цохисон. Тэр үеэр цагдаагийн машин хүрч ирж биднийг салгасан. А-ыг цохисон төмөр Норд машины нум тогтоогч пальс байсан. Манай гэрийн гадна маш олон машины сэлбэг байдаг ба уурласан болохоор гарт дайралдсан зүйлээ авчихсан. Бид хоёрын хооронд хувийн таарамжгүй харилцаа холбоо байхгүй. Бид хоёр сайн найзууд ба найзлаад 20-иод жил болж байна. Би А-ын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Дахин хэрүүл маргаан гаргаж гэмт хэрэг үйлдэхгүй. Би А-ыг уучилсан, хохирлын талаар маргаан байхгүй. А-аас уучлал гуйсан байгаа...” гэх мэдүүлэг,
- Мөрдөн байцаалтын шатанд Б.А-ын хохирогчоор өгсөн: “...Тэгээд Х.Е-д бууж амар гэхэд надтай зууралдаад буухгүй байсан ба хэсэг хугацааны дараа машинаас буугаад улмаар маргалдаж байхад намайг толгой хэсэгт X.Е нэг удаа гараараа цохисон. Тэр үед бид хоёр нэг нэгнээ заамдаж аваад толгойгоороо бие биенээ мөргөсөн. Тухайн үед Ш.Б бид хоёрыг салгаж авах гэж оролдоод хүч хүрээгүй бөгөөд нэг мэдэхэд би газар унасан. Тэр үед Х.Е гартаа бөөрөнхий төмөр барьж аваад тэр төмрөөр миний цээж рүү хэд хэдэн удаа цохиж байхад цагдаагийн машинаар цагдаа нар хүрч ирээд салгаж аваад улмаар нэгдсэн эмнэлэгт ирээд үзүүлээд гэр гэртээ харьсан” гэх мэдүүлэг.
- Мөрдөн байцаалтын шатанд Х.Е-ы хохирогчоор өгсөн: “...Дахиж надад машинаас хурдан буу гэхээр нь уур хүрээд Б.А-ыг нэг удаа толгой хэсэгт нь гараараа цохисон. Тэр үед А намайг заамдаж аваад толгойгоороо нүүрэн хэсэгт мөргөхөөр нь би ч гэсэн заамдаж аваад улмаар бид хоёр бие биенийхээ нүүр, толгой хэсэгт толгойгоороо мөргөлдсөн. Тэр үед Б.А газар унасан ба би дээр нь суугаад миний хажууд байсан машины пальс гэх нэртэй нум тогтоогч бөөрөнхий төмрийг хараад тэр төмрийг барьж аваад цээж рүү нь 2 удаа цохисон.” гэх мэдүүлэг,
- Гэрч Х.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... Иргэн Х.Е-ы хашаанд биднийг очиход цаг нэлээд орой харанхуй болчихсон байсан ба Х.Е нь Б.А-ын дээр нь суучихсан цээжний хэсэг рүү цохиж нэлээд сульдсан байдалтай байсан бөгөөд дэд ахлагч Г.Менги гүйж очоод Х.Ержаныг Б.А-ын дээрээс холдуулсан. Тухайн үед Х.Е-ы гарт юу байсан эсэхийг би анзаарч хараагүй бөгөөд М, С нар Е-ыг цаашаа авч яваад би А-ыг газраас босгосон юм. Би А-ыг газраас босгоход би Е-ыг ална гээд орилж байсан бөгөөд А-ын хоёр нүд нь хавдаж толгойноос нь цус гарч духны хэсгээрээ хагарчихсан байсан юм.” гэх мэдүүлэг,
- Гэрч Г.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.Е Ногооннуур сумын гаралтай болохоор би таньдаг байсан ба биднийг хашаанд орж очиход хашааны голд Ланд 80 маркийн машины хажууд А газарт дээшээ хараад хэвтэж байсан ба түүний дээр нь Х.Е суучихсан гартаа төмөр барьчихсан түүний цээжний тус газарт цохиж байхад нь би гүйж очоод Х.Е-ыг салгаж авахаар татахад хүч өгөхгүй зүтгэсэн бөгөөд тэр үеэр хамт явсан С гүйж ирээд бид хоёр Х.Е-ыг А-аас холдуулаад салгаж авсан. Тухайн үед Х.Е-ы гарт нум тогтоогч пальс төмөр харагдсан бөгөөд түүнийг С гарнаас нь салгаж авсан. О А-ыг газраас босгоход А Е-ыг ална гэж орилж чарлаж байсан юм. А болон Е нар хоёулаа нүүрнээс нь цус гарчихсан, нүүр ам уруул нь хавдчихсан байсан юм. Хоёулаа согтуу нэг нэгнийгээ хэл амаар доромжилж орилолдож хашхирч байсан юм.” гэх мэдүүлэг,
- Насанд хүрээгүй гэрч Е.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Машинаас буугаад аав тэр ахыг нэг удаа цохисон. Чухам хаана нь цохисон эсэхийг хараагүй. Тэгээд тэр хоёр зодолдсон ба машин барьж очсон хүн салгасан. Эхлээд тэр хоёр гараараа бие биенээ цохиж байсан. Би айгаад уйлаад харж чадаагүй юм." гэх мэдүүлэг,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 49 дугаартай “...Иргэн Х.Е-ы биенээс авсан гэх Х.Ержан гэж хаягласан 2 ширхэг хуруу шилтэй цус нь шинжилгээнд бүрэн тэнцэнэ. Иргэн Х.Е-ы цусанд 1,9% промилли этилийн спирт илэрч байна. Иргэн Х.Е нь тухайн үед дунд зэргийн согтолттой байсан байна” гэх дүгнэлт,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 48 дугаартай “.. Иргэн Б.А-ын биенээс авсан гэх Б.Ардах гэж хаягласан 2 ширхэг хуруу шилтэй цус нь шинжилгээнд бүрэн тэнцэнэ. Иргэн Б.Ардахын цусанд 1,7% промилли этилийн спирт илэрч байна. Иргэн Б.А нь тухайн үед дунд зэргийн согтолттой байсан байна” гэх дүгнэлт,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах Дэслэгч Е.Б-ы 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №301 дугаартай “...Иргэн Б.А-ын биед духны зүүн талд мэс заслын оёдол тавьсан шарх, 2 талын нүдний дээд, доод зовхи болон зүүн талын хацрын төвгөр хамрын нурууны хэсгийг хамарсан хөх ягаан өнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Б-ы 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №302 дугаартай “.. Иргэн Х.Е-ы биед 2 нүдний дээд доод зовхинд хөх ягаан өнгийн, нүдний салстад улаан ягаан өнгийн цус хуралт, зүүн талын хацрын төвгөрт бор өнгийн тав тогтсон зулгарсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Х.Е, Б.Анарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Уг гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Е, Б.А нар нь бие биедээ төлөх хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Е, Б.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Х.Е, Б.А нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 500 нэгж нь 500000 /таван зуун мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 500000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Е, Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 16 сантиметрийн урттай 3 сантиметрийн өргөнтэй нум тогтоогч пальс төмөр хураагдаж ирсэн бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц уг төмрийг эзэмшигч Х.Е-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Е, Б.А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ