2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2026/03925

 

        

  

  

   

            2026             04            10

   192/ШШ2026/03925

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:******* байрлах “М ” ХХК /РД:********/,

 

Хариуцагч:*********** тоот хаягт байрлах “И ” ХХК /РД:**********/

 

Нэхэмжлэлийн шаардлага:Зээлийн гэрээний үүрэгт 7,706,508,990.58 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д,

хариуцагчийн өмгөөлөгч Ц.А,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.Ө хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М  ХХК нь хариуцагч И  ХХК-д холбогдуулан 7,706,508,990.58 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

М  нь И  ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ-ИГМ-3 2018-189 дугаартай Зээлийн гэрээг байгуулан 16,000,000,000 төгрөгийг жилийн 10,62 хувийн хүүтэй, зээл олгосон өдрөөс хойш 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаатай, И  ХХК-ийн хэрэгжүүлж буй Баянхонгор аймагт байрлах “Хүүшийн амны алтны шороон ордыг ашиглах төсөл”-ийг санхүүжүүлэх зориулалтаар зээл олгосон.Зээлдэгч И  ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ЗГ-ИГМ-3 2018-189 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр БГ-ИГМ-ИХ 2018-193 дугаартай Ирээдүйд бий болох эд хөрөнгө барьцаалах гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн БГ-ИГМ-ТЗ 2018-192 дугаартай Тусгай зөвшөөрөл барьцаалах гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн БГ-ИГМ-ҮХХ 2018-190 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн БГ-ИГМ-ХХ 2018-191 дугаартай Тоног төхөөрөмж болон бусад хөрөнгө барьцааны гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн БГ-ИГМ-ХХ 2019-28 дугаартай Тоног төхөөрөмж болон бусад хөдлөх хөрөнгө барьцааны гэрээг тус тус байгуулж үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. М  ХХК-иас И  ХХК-д Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг сануулж, зээлийн өр төлбөрийг төлөх нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч мэдэгдэлд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дууссан.2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс энэхүү тодруулгыг гаргах өдөр буюу 2026 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл нийт 112 хоногийн хүү, нэмэгдүүлсэн хүү бодогдож нэхэмжлэлийн шаардлагыг нийт 300,009,522.05 төгрөгөөр нэмэгдүүлэхээр байна. Тус хугацаанд хариуцагч нь нийт 833,463,868.38 төгрөгийг төлсөн бөгөөд төлөлт бүрийг тухайн хугацаанд бодогдсон нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү болон зээлийн үндсэн төлбөрөөс тус тус хорогдуулж ирсэн. Иймд зээлдэгч И  ХХК-иас 2026 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 7,548,378,057.46 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 131,775,777.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26,355,155.51 төгрөг, нийт 7,706,508,990.58 төгрөгийг нэхэмжилж байна. И  ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203006275 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000682696 тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, С.Зоригийн гудамж 8 дугаартай барилгын баруун хэсэгт байршилтай Конторын зориулалттай 562.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, уул уурхайн тоног төхөөрөмж, И  ХХК-ийн эзэмшлийн Баянхонгор аймаг, Галуут сумын Хүүшийн ам нэртэй газарт орших 106.51 гектар талбай бүхий уурхайн ашигт малтмал ашиглалтын MV-015643 дугаартай тусгай зөвшөөрөл болох барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: И  ХХК нь Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хүүшийн ам нэртэй MV-015643 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг. Үндэсний алт хөтөлбөрийн хүрээнд М наас уул уурхайн компаниудыг дэмжих хүрээнд зээл хүсэх өргөдөл болон холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн төслөө хүргүүлж, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ-ИГМ-З 2018-189 тоот 16 тэрбум төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан.Тухайн үед зээлийн гэрээний санхүүжилт болох 16 тэрбум төгрөг нь гэрээ байгуулж гэрээний барьцаа хөрөнгийг баталгаажуулснаас хойш 8 сарын дараа буюу 2019 оны 4 дүгээр сар, 8 дугаар саруудад 2 хуваагдаж олгогдсон. Дээрх зээлийн санхүүжилтийг уурхайн техник шинэчлэлт, ил аргаар олборлох ТЭЗҮ-д тулгуурлаж зээлийн гэрээний зориулалтын дагуу зарцуулсан. 2019-2021 оны хугацаанд дэлхий нийтэд тарсан Ковид-19 цар тахлаас шалтгаалан орон нутгийн зорчих хөдөлгөөнийг хаах, шатах тослох материал, тэсэлгээний бодисын нийлүүлэлтийн хомсдол, мөн эдийн засгийн хүнд нөхцөл байдал үүссэн зэргээс шалтгаалан зээлийн гэрээний нөхцлийг өөрчлөх, хугацаа сунгах хүсэлтийг гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн 02/243 тоот гэрчилгээ, хавсралт материалын хамт удаа дараа хүргүүлж байсан. Манай компани нь цар тахлын хорио цээрийн хугацаанд уурхайн олборлолтын үйл ажиллагааг хэвийн явуулж зээлийн төлбөр, хүү, хүүний алдангид нийт 12,200,803,400 төгрөгийг төлсөн байна. Уул уурхайн компани нь улирлын шинжтэй учраас өвлийн улиралд ажиллах боломжгүй нөхцөл байдал үүсдэг. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргийн дагуу 7,706,508,990.58 төгрөгийг шаардаж байна. Манай зүгээс тооцоолсноор зээлийн үлдэгдэл 7,693,331,732.74 төгрөг байгаа учраас тооцооллыг зөрүүтэй гэж үзэж байна. Компанийн зүгээс 2019 оны 12 сараас 2022 оны 11 сар хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах хүсэлтэй байна.Уг тооцоололыг санхүүгийн тооцооллоор шүүхэд гаргаж өгсөн. Нийт зээл 16,000,000,000 төгрөгөөс төлөгдсөн зээл 9,282,116,848.85 төгрөг, төлсөн хүү 9,364,171,159.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 708,635,093.23 төгрөг болж байна. Манай байгууллага ковидын хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж тооцоо гаргахдаа тухайн ковидын үеийн тооцоолсон нэмэгдүүлсэн хүүг хасаж, тухайн үед төлсөн нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгээс төлснөөр хааж, үлдсэн хэсгийг үндсэн төлбөрөөс хасаж тооцоход зээлийн нийт үлдэгдэл 6,717,883,151.15 байна. Манай байгууллагын хийсэн дээрх тооцооллоор нийт 97,544,858.16 төгрөгийн зөрүү гарч байна. Иймд нэмэгдүүлсэн хүүг хасаж өгөхийг хүсэж байна гэв.

 

4.Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.Үүнд:нэхэмжлэл /1хх 1-4/, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 5/, Зээлийн гэрээ /1хх 8-15/, Ирээдүйд бий болох эд хөрөнгө барьцаалах гэрээ /1хх 16-18/, Барьцааны гэрээ /1хх 19-21/, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /1хх 22-24/, Барьцааны гэрээ (Тоног төхөөрөмж болон бусад хөдлөх хөрөнгө) /1хх 25-27, 28-30/, Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, хавсралт /1хх 31-34/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 35/, Монгол улсын Засгийн газрын Дүрэм шинэчлэн батлах, М ны талаар авах зарим арга хэмжээний тухай /1хх 36-39/, М  2/766 тоот И  ХХК-д Зөрчил арилгах тухай албан бичиг /1хх 40-41/, М  6/1012 тоот И  ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Батмагнай танаа албан бичиг /1хх 42/, М  6/1586 тоот, 6/743 тоот, 6/1087 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /1хх 43, 44, 45/, Харилцагчийн дансны хуулга /1хх 46-49/, Зээлийн дансны хуулга /1хх 50-60/, Зээл, зээлийн хүү тооцоолол /1хх 61-65/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1хх 66-67/, Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай /1хх 116-117/, Зээл, зээлийн хүү тооцоолол /1хх 118-129/, Харилцагчийн дансны хуулга /1хх 136/, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /1хх 139/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 140-142/, Империал Кастел ХХК-ийн 42/23 тоот Хувьцаа эзэмшигчийн шийдвэр /1хх 143/, Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан нэхэмжлэх тухай /1хх 149/, Зээл, зээлийн хүү тооцоолол /1хх 150-154/, Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухай /1хх 203-204/, Зээл, зээлийн хүү тооцоолол /1хх 205-215, 226-236/, Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухай /2хх 62-63/, Зээл, зээлийн хүү тооцоолол /2хх 64-66/, Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухай /2хх 84-85/, Зээл, зээлийн хүү тооцоолол /2хх 86-88/, Харилцагчийн дансны хуулга /2хх 97-101/,

 

5.Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.Үүнд:Тайлбар гаргах тухай /1хх 77-78/, И  ХХК-ийн гэрчилгээ /1хх 80/, Түрээсийн гэрээ /1хх 81-82, 85-86/, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force majeure/-ийн гэрчилгээ /2хх 4/, И  ХХК-ийн Хөгжлийн банкин дахь зээл төлөлт /2хх 5-6/, Дансны хуулга /2хх 7-42/, И  ХХК-ийн 22 тоот М инд зээлийн нөхцөл өөрчлөх тухай албан бичиг /2хх 43-44/, И  ХХК-ийн 07 тоот, 04 тоот, 25 тоот, 29, тоот, 18 тоот, 03 тоот, 07 тоот М инд хүсэлт гаргах тухай албан бичгүүд /2хх 45-46, 47-48, 49-50, 51-52, 53-54, 55, 56-58/, Хөгжлийн банкны зээлийн тооцооны хураангуй /2хх 102/, И  ХХК-ийн Хөгжлийн банкин дахь зээл төлөлт /2хх 103-104/, И  ХХК-ийн зүгээс нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа тооцоо, тайлбар /2хх 105-108/, И  ХХК-ийн 16 тоот, 28 тоот, 30 тоот, 01 тоот, 14 тоот, 19 тоот, 20 тоот, 21 тоот, 22 тоот, 24 тоот, 29 тоот, 33 тоот, 13 тоот, 17 тоот, 18 тоот, 29 тоот, 07 тоот, 08 тоот, 32 тоот, 36 тоот М инд хүсэлт гаргах тухай албан бичгүүд /2хх 109-136/, И  ХХК-ийн 36 тоот, 37 тоот М инд Эвлэрэл хэлэлцэх санал хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт /2хх 137-141/, И  ХХК-ийн 40 тоот М ны төлөөлөн удирдах зөвлөлд хүсэлт гаргах тухай албан бичиг /2хх 142-144/, И  ХХК-ийн 41 тоот М ны гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн танаа хүсэлт гаргах тухай албан бичиг /2хх 145-147/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч М  ХХК нь хариуцагч И  ХХК-д холбогдуулан 7,706,508,990.58 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

2.1.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: М тай байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ-ИГМ-3 2018-189 дугаартай Зээлийн гэрээний төлбөрт нийт 7,706,508,90.58 төгрөг гаргуулах, БГ-ИГМ-ИХ 2018-193 дугаартай Ирээдүйд бий болох эд хөрөнгө барьцаалах гэрээ, БГ-ИГМ-ТЗ 2018-192 дугаартай Тусгай зөвшөөрөл барьцаалах гэрээ, БГ-ИГМ-ҮХХ 2018-190 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, БГ-ИГМ-ХХ 2018-191 дугаартай Тоног төхөөрөмж болон бусад хөрөнгө барьцааны гэрээ, БГ-ИГМ-ХХ 2019-28 дугаартай Тоног төхөөрөмж болон бусад хөдлөх хөрөнгө барьцааны гэрээний барьцаа хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тодорхойлсон.  

 

3.Хариуцагчаас нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Ганцхан биднээс хамаарахгүй хугацаа хэтэрсэн, зээлийн нэмэгдүүлсэн хүүнд И  ХХК-ийн буруутай үйл ажиллагаа байхгүй. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй гэсэн заалтыг хэрэглэж өгөхийг шүүхээс хүсэж байна. Шүүх зээлдэгчийн хүүгээс хасах эрх байдаг. Мөн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг баримтлан И  ХХК-ийн тооцоолсон тооцооллоос үндсэн хүүгээс хасаж 6,717,883,151 төгрөг болгож өгөхийг хүсэж байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар үндсэн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүүг хасаж өгнө үү гэж тайлбарласан.

 

4.Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч М  ХХК нь И  ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ-ИГМ-3 2018-189 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 16,000,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, зээлийн хүү жилийн 10,62 хувь, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байхаар тохиролцож зээл олгосноор талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.

 

Зохигч талууд зээлийн гэрээгээр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т заасан “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно”, 453 дугаар зүйлийн  453.1-т заасан ”Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэх үндэслэлд нийцэж байна.

 

И  ХХК нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөө дугаар БГ-ИГМ-ИХ 2018-193 дугаартай Ирээдүйд бий болох эд хөрөнгө барьцаалах гэрээ байгуулж, газар доорх ачааны машин, далд уурхайн ачааны машин, далд уурхайн өрмийн машинуудыг, БГ-ИГМ-ҮХХ 2018-190 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, С.Зоригийн гудамж 8 дугаартай барилгын баруун хэсэгт байршилтай Конторын зориулалттай 562.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг, БГ-ИГМ-ТЗ 2018-192 дугаартай Тусгай зөвшөөрөл барьцаалах гэрээ байгуулж, И  ХХК-ийн эзэмшдэг, Баянхонгор аймаг, Галуут сумын Хүүшийн ам нэртэй газарт орших 106.51 гектар талбай бүхий уурхайн ашигт малтмал ашиглалтын MV-015643 дугаартай тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичгийн хамт, БГ-ИГМ-ХХ 2018-191 дугаартай Тоног төхөөрөмж болон бусад хөдлөх хөрөнгө барьцааны гэрээ байгуулж, 20 төрлийн уул уурхайн тоног төхөөрөмж болон бусад хөдлөх хөрөнгө, БГ-ИГМ-ХХ 2019-28 дугаартай Тоног төхөөрөмж болон бусад хөдлөх хөрөнгө барьцааны гэрээ байгуулж, 8 төрлийн уул уурхайн зориулалттай ачигч, машиныг тус тус барьцаалсан байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай бөгөөд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх ёстой байхад хариуцагч И  ХХК нь зээлийн гэрээний үүргээ тохиролцсон хугацаандаа зохих ёсоор биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч банк нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. 

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн  452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй гэж, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.12-д Эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд зөрчил үүссэн дүнгээс үндсэн хүүгийн хувийн 20%-иар төлбөрийн зөрчлийг арилгах хүртэл хугацаанд тооцож, нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлбөрийг төлөх гэж зааснаар нэхэмжлэгч М  ХХК нь нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч И  ХХК нь зээлийн гэрээний үүргийг 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр биелүүлэх үүрэгтэй байсан ба Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол түүнийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үздэг.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх бусад нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлоогүй байна.

 

4.2. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т үүрэг гүйцэтгэх дарааллыг тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгчийн тодорхойлсон зээлийн хүүгийн тооцооллыг буруу буюу алдаатай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн дүнгээс хасах боломжгүй байна.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан ...үндсэн үүрэг... гэдэгт үндсэн зээлээс гадна зээлийн хүү мөн хамаарах бөгөөд зээлийн гэрээний хугацаанд төлөгдөөгүй хуримтлагдсан зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүгийн төлбөрийг төлүүлж, энэ нь төлөгдсөн тохиолдолд үндсэн зээлийг төлүүлэх зарчмаар тооцох нь гэрээний 3.1.12-т заасан нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлбөрийг төлөх зарчим баримтална. Гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулалгүй, хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүү төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ гэж заасан болон Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус нийцнэ.

 

4.3. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан.

 

Дээр дурдсанчлан талууд барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөс хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.  

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 38,690,495 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч И  ХХК-иас нийт 7,706,508,990.58 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М  ХХК-д олгосугай. 

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И  ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох И  ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203006275 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000682696 тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, С.Зоригийн гудамж 8 дугаартай барилгын баруун хэсэгт байршилтай Конторын зориулалттай 562.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, И  ХХК-ийн эзэмшлийн Баянхонгор аймаг, Галуут сумын Хүүшийн ам нэртэй газарт орших 106.51 гектар талбай бүхий уурхайн ашигт малтмал ашиглалтын MV-015643 дугаартай тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичгийн хамт, Газар доорх ачааны машин XWD-LHD XYWJ-2 Underground Loader 4 ton capacity, Далд уурхайн ачааны машин XWD-XYUK-12 Underground mining truck, loading capacity 12 ton, Далд уурхайн өрмийн машин SANYEBZ230H Roadheader, Cutting power 230 kw, Liebherr R914 гинжит WLHZ0960CZD013463 сериалтай экскаватор, Бутлагч төхөөрөмж (PF-10101, PF-10102),  Далдын ковш XG95511, Далдын ачигч F6L912W, Өөрөө бутлагч 3 дугуйт AJK-15, Далдын самосвал, өөрөө буулгагч IMGM201802, Өрмийн машин, өөрөө явагч УБШ-201А-94, Далдын ковш-газар индүүдэгч IMGM201802, Далдын ковш-урдаа шанагатай MMC02056, XZ657-11 маркийн авто ачигч, урдаа шанагатай ковш CNFC630137020011, EBZ75 маркийн бутлагч өөрөө явагч гинжит машин 08PP00050098, Өөрөө буулгагч 3-н дугуйт /цахилгаан жижиг/ AJK-15, Өөрөө буулгагч /том дизель/ LBZF46EAA030032, Өөрөө буулгагч /том дизель/ IMGM201801, 45-14 УН улсын дугаартай LUCONG-918 маркийн жижиг оврын урдаа шанагтай ковш, Өөрөө бутлагч 3-н дугуйт /цахилгаан жижиг/ AJK-15, Өөрөө бутлагч, явагч гинжит машин MABO50009, Liebherr R914 гинжит WLHZ0960CZD017455 сериалтай экскаватор, Жижиг ковш /Bobcat/ 5004А0239JAM, Хүүшийн амны алтны шороон ордод ажиллаж байгаа далд уурхайн дугуйт ачигч XWD2018WJ0007, XWD2018WJ0008, Хүүшийн амны алтны шороон ордод ажиллаж байгаа далд уурхайн ачааны машин XWD2018UK0003, XWD2018UK0004, XWD2018UK0005, XWD2018UK0006, Хүүшийн амны алтны шороон ордод ажиллаж байгаа далд уурхайн өрөмдөгч машин JMB140013, JMB140014 эд хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.16-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч И  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 38,690,495 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.   

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.БАЯРСҮРЭН