Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2018/0078/З |
Дугаар | 221/МА2018/0625 |
Огноо | 2018-12-06 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2018/0625
|
|
|
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0620 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0620 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан “С” ХХК-ийн ““С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-00000 тоот тусгай зөвшөөрлийн төлбөр, алданги төлсөн баримтыг хүлээн авч бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Манай компани нь Ашигт малтмалын хайгуулын XV-00000 тоот тусгай зөвшөөрөл бүхий Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ... нэртэй газарт орших 3774 гектар талбайг хууль, журамд заасны дагуу 2009 оноос эхлэн эзэмшиж, хуулиар хүлээсэн нөхцөл, шаардлагыг ханган ажиллаж, улсын төсөвт тусгай зөвшөөрлийн төлбөрийг зохих ёсоор төлж, эзэмшлийн талбайдаа ихээхэн хэмжээ хөрөнгө гаргаж хайгуул, судалгааны ажил хийсээр өдийг хүрсэн.
Тусгай зөвшөөрлийн 2017 оны ээлжит төлбөрийг компанийн гүйцэтгэх захирал Х.Б биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж тодорхой хугацаагаар хэтрүүлэн үндсэн төлбөрийн алдангийн хамт төлж, энэ талаар удаа дараа хүсэлт гаргаж, холбогдох нотлох баримтыг хавсаргаж хариуцагчид хүргүүлсээр байтал тэд эс үйлдэхүй гаргаж, хүсэлтийг шийдвэрлэх ажиллагааг тодорхойгүй шалтгаанаар удаашруулж, эцэст нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр: “...Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй...” гэх үндэслэлээр манай компанид олгогдсон тусгай зөвшөөрлийг цуцалсан.
Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хянаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргахдаа хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогчийн тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хариуцагчийн хууль бус үйлдлийг өөгшүүлсэн шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироолоо.
Тодруулбал, шүүх “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн /Х.Б-ыг хүндэтгэх үзэх шалтгаантай буюу өвчтэй байсны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаа хэтрүүлж төлсөн/ гэх тайлбар үндэслэлгүй байна... Түүнчлэн хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “С” ХХК-ийн гомдолтой холбоотой хяналт шинжилгээ хийсэн ажлын хэсгийн дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтэд ... тус компанийн захирал Х.Б-ыг дуудаж тайлбар авахад: Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг мэдэж байсан, хугацааг нь андуурсан байсан, алдангийн хамт төлөхөөр иртэл хугацаа нь өнгөрсөн байсныг мэдсэн” гэх тайлбараас дүгнэхэд Х.Б нь төлбөр төлөх хугацаанд өвчтэй байсан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээргүй байна... “С” ХХК-ийн нягтлан бодогч эсхүл геологич нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх бүрэн боломжтой байсан байна...” гэж дүгнэсэн нь дор дурдсан хэрэгт авагдсан нотлох баримт, үйл баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд: 1. Хавтаст хэргийн 142-146 дугаар талд авагдсан нотлох баримтуудаар гүйцэтгэх захирал Х.Б нь 2017 оны 09 дүгээр сараас эхлэн Уламжлал анагаах ухааны элэг судлалын клиник төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан.
Улмаар 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд гэмтлийн улмаас (Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зүүн хөлний шилбэ, өсгийнд авсан гэмтлээ үзүүлж, мөн өдрөө ЭХО-д харуулж, рентген зураг авахуулж, хөлөө гипсдүүлж, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дахин давтан үзүүлж, хөлний гипсээ авахуулсан) эмчийн магадалгаагаар ажлаас түр чөлөөлөгдсөн мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд элэгний архаг үрэвслээ хэвтэн эмчлүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогддог ба эмнэлгээс гарсан даруйд буюу 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлсөн.
2. Хариуцагч тусгай зөвшөөрөл цуцлахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн гуравдугаар бүлгээр зохицуулагдсан “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа” явуулж, биднээс тайлбар авч, сонсох ажиллагаа хийж, шийдвэр гаргахад ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулж, бодит нөхцөл байдлын тогтоохгүйгээр шийдвэр гаргаж хууль дээдлэх зарчмыг зөрчсөн.
Түүнчлэн хариуцагч манай компанийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Б-д хандан 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан 17/03 тоот албан бичигт дурдсан: “...манай компанийн зүгээс тусгай зөвшөөрлийн төлбөр алдангийг төлж цуцлах үндэслэл бүрдсэн нөхцөл байдлыг арилгасан бөгөөд хугацаа хоцроосон нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бодит нөхцөл байдлыг тогтоох үүднээс шийдвэр гаргах ажиллагааг түдгэлзүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж, нөхцөл байдлыг тогтоож, манай компанийн тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийн баримтыг хүлээн авч, бүртгэхийг Кадастрын хэлтэст үүрэг болгож, гомдлыг хууль, журмын дагуу хянан шийдвэрлэж өгнө үү” гэх гомдлыг шийдвэрлэж, хариу өгөлгүйгээр орхигдуулсан. Хэдийгээр тус газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шалгалт хийж, манай компанийн гүйцэтгэх захирал Х.Б-ыг дуудан уулзаж, тайлбар авч, дүгнэлт гаргасан гэх боловч тухайн хэлтэс нь гомдолд дурдсан асуудлаар шийдвэр гаргах, гомдлыг шалгах эрх хэмжээгүй, гомдол уул хэлтсийн чиг үүрэгт хамаарахгүй байсан гэдэг нь тухайн дүгнэлтийн “...Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс нь дотоод асуудлын хүрээнд хяналт шинжилгээ хийж газрын даргад танилцуулах чиг үүрэгтэй тул дээрх гомдлын хүрээнд байгууллагын албан хаагчдын зүгээс ажлын хариуцлага алдаж, алдаа дутагдал гаргаагүй байна.” гэснээс харагддаг. Мөн уг дүгнэлтээ гүйцэтгэх захирал Х.Б-т ямарваа байдлаар танилцуулж, гарын үсэг зуруулаагүй, түүнчлэн ярьсныг зарим талаар буруу тусгасан байдаг.
Энэ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд: “...Даргалагчаас: Эмнэлэгт хэвтсэн, хэвтээгүй гэсэн асуудалтай маргахгүй байгаа юм байна. Тийм үү? гэхэд Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тийм. Гол нь сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзээд шийдвэрээ гаргаад явсан юм...”, мөн тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хэрхэн хийгдсэн бэ? гэхэд Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...Тухайн үед сонсох ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл үйлдээгүй... Шүүгч: Энэ хугацаанд шийдвэр гаргах процесс явагдаж байсан уу? Эсхүл даргаа хүлээж байсан юм уу? гэхэд Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шийдвэр гаргахын өмнөх ажиллагаа явагдаж байсан. Сонсох ажиллагаа явуулаагүй, Хяналт шинжилгээ, үнэлгээний статистик мэдээллийн хэлтэс сонсох ажиллагаа явуулж шийдвэр гаргах эрх бүхий субьект биш...” гэснээс тодорхой харагддаг.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлага нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Энэ жишгээр манай компанийг ч гүйцэтгэх захирал Х.Б бүрэн төлөөлж, бүхий л санхүү төлбөр тооцооны асуудлыг хариуцдаг ба одоогоор компанид тогтмол хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг ажилчид байхгүй, туслан гүйцэтгэгч компанийн ажилчид гэрээний дагуу зарим чиг үүргийг хэрэгжүүлж байгаа ч тэд манай дотоод асуудалд оролцдоггүй, мэддэггүй учир гүйцэтгэх захирал Х.Б-ыг орлон тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх геологич, нягтлан бодогч байхгүй байсан болно.
Иймд анхан шатны шүүх дээр өгүүлсэн хэргийн үйл баримт, нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0620 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримт, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч “С” ХХК нь ““С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-00000 тоот тусгай зөвшөөрлийн төлбөр, алданги төлсөн баримтыг хүлээн авч бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
1. Нэхэмжлэгчийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэсэн үндэслэлээр “С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-00000 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөхөөр заасан. Мөн 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заажээ. Уг хуулийн зохицуулалтаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг хэтрүүлж төлөх хугацаа 30 хүртэл хоног байх бөгөөд харин уг хугацаа хэтэрсэн тохиолдолд захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлахаар байна.
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгч төлбөр төлөх хугацааг 30 хоногоор хэтрүүлэн, захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд цуцлах шийдвэр гаргаагүй атлаа тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл арилсан байхад “С” ХХК-ийн ХҮ-00000 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуульд нийцээгүй байна.
Нэхэмжлэгчээс хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй үндэслэлээ “компанийн захирал Х.Б нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 10 дахь жилийн төлбөрийг хоцроосон” нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлаж, холбогдох баримтуудыг хавсарган, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хугацаа хэтэрсэн алдангийн хамт төлж, мөн өдрийн 17/12 дугаар албан бичгээр энэ тухай мэдэгдсэн болох нь тогтоогдож байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан. Харин “С” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг “хугацаанд нь” төлөөгүй боловч 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлбөрийг алдангийн хамт төлсөн, хариуцагч энэ талаар мэдсэн буюу зөрчил арилсан байхад төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй.
Тодруулбал, захиргааны байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд “төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй” зөрчил нь тухайн цаг үед бодитой байхыг шаардах тул “С” ХХК-иас тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлсний дараа буюу 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр цуцалсан захиргааны актын хууль зүйн үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй байна.
Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан зөрчил арилсан байхад энэ үндэслэлээр гарсан хариуцагчийн шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул “...эрүүл мэндийн байдлаас шалтгаалж тодорхой хугацаагаар хэтрүүлэн үндсэн төлбөрийн алдангийн хамт төлж, удаа дараа хүсэлт гаргаж, холбогдох нотлох баримтыг хавсаргаж хариуцагчид хүргүүлсээр байтал..., Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр манай компанид олгогдсон тусгай зөвшөөрлийг цуцалсан...” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
2. ““С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-00000 тоот тусгай зөвшөөрлийн төлбөр, алданги төлсөн баримтыг хүлээн авч бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”, 94 дүгээр зүйлийн 94.3-д “Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө” гэж заасан бөгөөд уг хугацаанд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хариуцагч шийдвэрлээгүй, эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.
Учир нь нэхэмжлэгч “С” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан хүсэлтийн хариуг Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 8/7657 дугаар албан бичгээр өгсөн, мөн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 26 дугаар шийдвэрээр цуцалсан тул хариуцагчийн бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь дангаараа захиргааны актын шинжийг агуулаагүй байна.
Иймд нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг түүний субьектив эрхийг хөндсөн захиргааны акт гэж үзэхгүй бөгөөд захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргаан биш тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй үзлээ.
Дээрх үндэслэл, дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0620 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн ““С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-00000 тоот тусгай зөвшөөрлийн төлбөр, алданги төлсөн баримтыг хүлээн авч бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргаж, түүнд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР