Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 381

 

 “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын

яаманд холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   М.Батсуурь,

                                                   Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/10 дугаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт-ийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар  сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0307 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 457 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Б нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2020 оны 5 дугаар  сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0307 дугаар шийдвэрээр: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/10 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 457 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 307 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 28 дугаар зүйлийн 28.2, Байгаль орчны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 26  дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “У” ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/10 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/10 дугаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг хүчингүй болгосугай.” гэж өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Тус магадлалд “...Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч компанийг “байгаль орчинд хортой нөлөө учруулж буй” гэж буруутгаж байгаа бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах үндэслэл нь түүний хуульд нийцээгүй буруутай үйл ажиллагаа” нь зохих журмын дагуу тогтоогдсон байх эрх зүйн нийтлэг зарчимтай, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “У” ХХК-ийн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа нь зохих журмын дагуу тогтоогдсон тохиолдолд үр дагавар үүсэх бөгөөд маргаан бүхий 2019/10 дугаар “байгаль орчинд хортой нөлөө үзүүлж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах” дүгнэлт нь “байгаль орчинд хортой нөлөө учруулж буй” болохыг тогтоосон захиргааны актын хувьд агуулга болон хэлбэрийн нийтлэг шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлтэй..., маргаан бүхий дүгнэлтийн үндэслэл болох Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д “байгаль орчинд хортой нөлөөлөх гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл/эс үйлдэхүй/ хамаарах”-аар заасан нь нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэл болохгүй...” гэж, түүнчлэн “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26.1, 27.1.10 дахь хэсэгт тус тус заасныг үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч “байгаль орчинд хортой нөлөө үзүүлсэн нь” мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий улсын байцаагчаас зохих журмын дагуу явуулсан хяналт, шалгалтаар тогтоогдсон нь Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д заасан “дүгнэлт” гаргах үндэслэл болохоор байгааг дурдах нь зүйтэй...” гэж тус тус дүгнэжээ.

4. Гэтэл Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан;” үндэслэлээр төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан байна. Хуульд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзаж байж дүгнэлт гаргахаар зохицуулсан болохоос дүгнэлтийг баримтаар тогтоосон байх шаардлага нь хуулиар төрийн захиргааны төв байгууллагад тавигдаагүй байна. Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх хэсэгт Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: “нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн үйл ажиллагаа байгаль орчинд хортой нөлөөлж байгаа эсэх, хэрэв тийм бол уг асуудлыг эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх бүрэн эрхээ Аймаг, нийслэлийн засаг дарга хэрэгжүүлжээ. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо дурдсан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргаас 2020 оны 5 дугаар сарын 08-ний өдрийн 01/290 дүгээр албан бичгийг үндэслэл болгоогүй байхад анхан шатны шүүхийг зөрүүтэй баримтыг үндэслэн маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг дүгнэсэн гэж буруутгах үндэслэлгүй...” гэжээ.

6. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг үзэхэд нэхэмжлэгчийн тухайн талбайд явуулж буй үйл ажиллагаа байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа эсэх тал дээр эсрэг тэсрэг баримтууд байна. Тухайлбал, “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргаас 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 01/290 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн бичигт “байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулаагүй” гэсэн байдаг бол Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгээр хариуцагчид ирүүлсэн саналд “байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа” гэсэн байна. Ийнхүү аймаг болон сумын засаг даргын эсрэг тэсрэг, зөрүүтэй албан бичгүүд хэрэгт авагдсан, мөн хэргийн материалд “нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөө үзүүлээгүй” гэх нэг ч нотлох баримт байхгүй байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлж, анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвтгөсөн байна.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасан үүргээ шүүх хэрэгжүүлээгүй, нотлох баримтыг бодитой бус буруу үнэлсэн нь шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

8. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

9. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

10. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 484 дүгээр шийдвэрээр “Б” ХХК-ийн эзэмшиж байсан МV-020442 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “У” ХХК-д шилжүүлж эзэмшүүлсэн байх бөгөөд тус Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 424 дүгээр шийдвэрээр, “У” ХХК нь ...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан зөрчил гаргасан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ...Ажлын хэсгийн 2019/10 дугаар дүгнэлтээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр тус компанийн ашигт малтмалын ашиглалтын МV-020442 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

11. Нэхэмжлэгч “У” ХХК-иас, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/10 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн  нь үндэслэлтэй байна.

12. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-ийн 6-д ““байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна”, 15 дугаар зүйлийн 1-д “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж тус тус заасан. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулсан.

13. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан байх бөгөөд тус яамны Ажлын хэсгээс, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6, 15 дугаар зүйлийн 15.1 .1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг баримтлан, Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгийг үндэслэн “У” ХХК нь ...MV-020442 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэсэн 2019/10 дугаартай дүгнэлтийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гаргажээ.

14. Дээрх маргаан бүхий, 2019/10 дугаартай дүгнэлтийн үндэслэл болсон Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичигт “...ашигт малтмалын хайгуулын МV-020442 дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшигч “У” ХХК, .../-ийн/ үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа тул ...тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү” гэжээ.

15. Архангай аймгийн Засаг дарга нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд дээрх албан бичгийг ирүүлснээс өөрөөр, нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд байгаль орчинд нөлөөлөх ямар хортой нөлөөлөл үзүүлж байгаа, ямар зөрчил гаргасан талаарх баримтыг ирүүлээгүй байна. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгээс, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий талбай болох Архангай аймгийн Цэнхэр сум, Өлийн гол 1 хэмээх газарт очиж шалгалт хийгээгүй, байгаль орчинд хортой нөлөө учруулж буй бодит байдлыг тогтоолгүй, тодруулбал нэхэмжлэгчийг буруутгаж буй үндэслэл, түүний гаргасан зөрчлийг шалгаж тогтоолгүй, зөвхөн дээрх албан бичигт үндэслэн мөн өдөрт нь дүгнэлт гаргаж хууль зөрчсөн, анхан болон давж заалдах шатны шүүхээс, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/10 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдэл зөв байна.   

16. Харин давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн, хуулийн нэрийг буруу бичсэн  зэрэг алдаа гаргасан тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүх тухайн маргаанд хэрэглэгдэх хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 457 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0307 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5” гэснийг “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-ийн 6, 15 дугаар зүйлийн 1-ийн 1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Ч.ТУНГАЛАГ

                                   ШҮҮГЧ                                                                Б.МӨНХТУЯА