| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/01380/И |
| Дугаар | 318/ШШ2026/00210 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 318/ШШ2026/00210
| 2026 оны 03 сарын 03 өдөр | Дугаар 318/ШШ2026/00210 | Увс аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Л овогт С.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш овогт Я.Б холбогдох,
Хамтран ажиллах гэрээний үүрэгт 17,140,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: С.Б,
Хариуцагч: Я.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Я.Б холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 17,140,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Я.Б 2021 оны сүүлээр над руу мал, махны наймаа хийе гэж ярьсан. Тэгэхээр нь би 22 тонн махны мөнгө шилжүүлсэн юм. Надад 17 тонн мах өгөөд үлдэгдэл 11,000,000 төгрөгийг надад өгөх ёстой. Миний бие Я.Б 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд буцаан төлөхөөр тохиролцон 11,000,000 төгрөг өгсөн. 11,000,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 31-ний өдөр өгөхөөр тохиролцож бичиг хийж өгсөн. Гэтэл өдий хүртэл шалтаг тоочоод өгөхгүй 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ....... тоот данснаас 1,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Я.Б нь үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул хариуцагч Я.Б үндсэн 10,000,000 төгрөг, хүү 7,140,000 төгрөг, нийт 17,140,000 төгрөг гаргуулж өгнө...гэжээ.
2. Хариуцагч Я.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2022 оны намар 9 сард бид нар хонь авахаар тохиролцсон. Хотоос санхүүжилт хийнэ, хоёулаа ашгаа хуваая гэж ярьсан. Малчин, Хяргас, Зүүнговь сумуудаар мал цуглуулахаар тохирсон. Би 914 ширхэг мал авсан. Надад 11,000,000 төгрөг танд шилжүүлээгүй. Уг нь 140,000,000 төгрөг авъя гэж тохирсон юм. Үүнээс өөрөө хариу буцааж аваад нийт 123,225,000 төгрөгийн хонь цуглуулсан. Тэр малаа би Зүүнговь суманд нядалсан. Бензин, маллагааны хөлс, нэг мал дунджаар нядлахад 3,500 төгрөгийн ханштай, 900 гаруй мал бараг 4,000,000 төгрөг болж байгаа. Дахиад 3 сумаас цуглуулаад, туслах хүмүүсийн мөнгө, дор хаяж мянган малын баасыг зөөгөөд асгахад 1 машин 50,000 төгрөг, хөлсний машин аваад хогийн цэг дээр асгах хүртэл 3, 4 км гэх мэт урсгал зардлууд зөндөө байгаа. Энэ мөнгө нь надад өр болж үүсээд байгаа 11,000,000 төгрөг. Нядалгаа болж дуусаад махаа Зүүнговь сумаас хот руу ачуулах гэхэд н.З гэх С.Б хамаатных нь хүн ирж ачсан. Би хиллэж өгөөд явуулсан. 17 тонн мах жолоочид хэлээд явуулсан. С.Б Улаангомд байсан, өөрөө огт оролцоогүй. Би 17,140,000 төгрөг зээлээгүй. 11,000,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 31-нд өгнө гэж бичиг хийж өгсөн нь үнэн. Гэхдээ дараа нь тооцоо нийлээд ашгаа хуваана гэсэн тул тэгж бичсэн түүнээс зээлж авсан зүйл байхгүй. Хөзөр тоглож байна гээд намайг 1,000,000 төгрөг шилжүүлээч гэсэн тул 1,000,000 төгрөг шилуүүлсэн. Би нэхэмжлэгчийн 17,140,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавын баримт, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, С.Б Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 1 сарын 31-нд С.Б 11 сая төгрөг Ч.Б би авав. 2022 оны 6 сарын 31-нд өгөхөөр тохиролцов гэх баримтын хуулбар, 1 ш флаш диск, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, бор өнгийн тэмдэглэлийн дэвтрийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.Б хариуцагч Я.Б холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээний үүрэгт 17,140,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Хамтран ажиллаж тооцоо нийлээд Ч.Б нь 11,000,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 31-ний өдөр өгөхөөр тохиролцож бичиг хийж өгсөн. Үүнээс 1,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгнө. Одоо хариуцагч Я.Б үндсэн 10,000,000 төгрөг, хүү 7,140,000 төгрөг, нийт 17,140,000 төгрөг гаргуулж өгнө......гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Хамтарч ажилласан нь үнэн гэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хамтран 2021 оноос хойш арьс, мал авч зарж борлуулан хамтран ажиллаж байжээ.
5.1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заажээ.
Хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болохоор заасан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т хэргийн оролцогч Шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй гэж заасан.
5.2. 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр С.Б 11,000,000 төгрөг Я.Б би авав. 2022 оны 6 дугаар сарын 31-нд өгөхөөр тохиролцов гэх бичиж хариуцагч Я.Б гарын үсэг зурсан ба тухайн баримтад гарын үсэг зурсан нь үнэн. Миний гарын үсэг мөн гэж тайлбарлажээ.
Мөн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч С.Б ХААН бакны дансруу 1,000,000 төгрөгийг улаанаад гэх утгаар шилжүүлсэн ба уг мөнгийг шилжүүлсэн нь үнэн гэж тайлбарласан.
Дээрх шилжүүлгийн баримтуудын гүйлгээний утга болон зохигчийн тайлбараас үзэхэд хариуцагч нь тухайн мөнгийг талуудын хооронд хамтран ажиллах гэрээтэй холбоотой харилцаа үүссэн байх бөгөөд талууд уг харилцааг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа цаг хугацаанд шилжүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан ба татгалзах үндэслэл, түүнийг нотлох баримтыг гаргаж өгөөгүй болохыг дурдав.
6. Иймд нэхэмжлэгчийн хамтран ажиллах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 17,140,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг хариуцагч Я.Б гаргуулж нэхэмжлэгч С.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,140,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 10,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг хариуцагч Я.Б гаргуулж нэхэмжлэгч С.Б олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар хариуцагч Я.Б 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,140,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 10,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг хариуцагч Я.Б гаргуулж нэхэмжлэгч С.Б олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР