| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0469/э |
| Дугаар | 488 |
| Огноо | 2018-10-12 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., 11.7.2.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 488
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтлөн,
улсын яллагч Б.Гүнсэл,
шүүгдэгч П.Ц-, түүний өмгөөлөгч Ц.Г-,
хохирогч Д.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт П-ын Ц-ид холбогдох 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 09 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19** оны 0* дугаар сарын 0*-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэлжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, О овогт П-ын Ц- /РД:**00000000/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч П.Ц- нь эхнэр Д.О- болон хүү Ц.Т-, охин Ц.Н- нарыг согтуурсан болон эрүүл үедээ байнга зүй бус бүдүүлэг харьцаж, байнга зодож, бие махбодийн болон сэтгэл санааны хүнд дарамтанд байлгаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч П.Ц-оос: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв. .
Хохирогч Д.О-ээс: “...Би тухайн үед шүүх хурлаар орно гэж бодоогүй. Би нөхрөө хашрааж баривчлуулах гэж Цагдаагийн байгууллагад хандсан. 2018 оны 4 дүгээр сараас нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа. Одоо гомдол санал байхгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Д.О-ийн: “...би нөхөр Ц-той 2003 онд гэр бүл болж одоо хүртэл хамт амьдарч байна. бид хоёр дундаасаа нэг охин, нэг хүүтэй. Ц надтай хурим хийснээсээ хойш хааяа архи уухаараа тодорхой шалтгаангүйгээр гар хүрдэг байсан. Сүүлийн хэдэн жил архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэж байгаа ба уух болгондоо гэрт ирж хэрүүл маргаан хийдэг. Ц- архи уусан үедээ унтдаггүй юм, тэгээд зүгээр бай гэж хэлэхээр чанга дуугаар орилж хэрүүл маргаан хийж эхэлдэг. Хоёр хүүхэд маань байнга айдастай амьдардаг ба согтуу үед нь гэртээ байж чадахгүй шөнө орой гадуур хонох үе олон гарч байсан. 2017 оны 05 дугаар сарын сүүлээр өдрийг нь тодорхой санахгүй байна гэрт согтуу ирээд шөнө унтаж байхдаа сэрээд хажууд байсан цагаан өнгийн цэнэглэгчээр хоолой боосон. Тухайн үед миний хоолой хөхөрч улайсан байсан. Манай ажлынхан харчихаад юу болсон талаар надаас асууж байсан. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн орчим Ц- хүү Т-ийг хичээлээ хийхгүй байна гэх шалтгаанаар гуяны дотор талаас нь чимхээд базаад байсан. Тэгэхээр нь би түүнд боль гэж хэлсэн чинь намайг хүүхдээ өмөөрлөө гэж уурлаад ална шүү гэж хэлээд гараараа баруун мөр рүү 2-3 удаа цохьсон. 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 22 цагийн орчим би гаднаас хоёр хүүхдээ дагуулаад гэртээ ирэхэд Ц- халамцуу унтаж байсан. Тэгээд Ц- сэрээд хоол идчихээд бид нар унтахаар хэвтсэн. Тэгсэн чинь Ц- намайг оролдоод байсан тэгэхээр нь би хүүхдүүд унтаагүй байна боль гэж хэлсэн. Тэгсэн чинь Ц- босоод охин Н-ыг гараараа унтаач гэж уурлан хоёр удаа мөр рүү цохьсон, мөн нэг удаа толгой руу нь цохиод ус буцалгагч аван охин руугаа шидсэн. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хамаатны охин П- над руу залгаад Ц- ах согтуу Т-ийг зодоод байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/
“...харин 2 дугаар сард цагаан сарын өмнө орой 17-18 цагийн үед гэртээ согтуу ганцаараа орж ирээд янхан, гичий минь гэж намайг хараагаад, миний нуруу руу гараараа 2-3 удаа хүчтэй цохиод хөхрүүлсэн. Дараа нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр орой найзууд нь ирж баяр тэмдэглээд архи ууцгаагаад явсан юм, тэгтэл маргааш нь буюу 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр согтуу байхдаа намайг янхан, гичий, пизда, жингэр гэж хараагаад миний хөл рүү түлээний мод авч шидсэн, мөн галын хайч авч шидсэн боловч оноогүй. Дараа нь 2018 оны 05 дугаар сарын эхээр ганцаараа архи ууж гаднаас орж ирээд унтсан юм. Тэгтэл шөнө 01 цагийн үед намайг унтаж байхад татаж байгаад миний баруун тал руу гараараа 10-аад удаа цохиод хөхрүүлсэн, тэр шөнөө гал тогооны шүүгээн дээрээс хутга аваад та нарыг ална гээд над руу дайрах үед охин гар утас аваад би таныг цагдаад дуудаж өгнө гэж хэлсэн. Охин хүү хоёр луугаа хутгатайгаа дайраад ална гэсэн энэ үед манай гэрт унтаж байсан Хонгороо Ц-оос хутгыг нь авч болиулаад бид 3 тэр шөнөө гэрээсээ зугтаагаад тэр өдрөөс хойш гэртээ очилгүй одоо нөхрөөсөө нууцаар байшин түрээслэж хаа сайгүй амьдарч байна. Одоо Ц- хааяа яриад утсаар янхан минь, гичий минь та нар хаана амьдарч байгаагаа хэл гэж айлгадаг. Би болон манай 2 хүүхэд сэтгэл санааны хувьд байнгын айдас түгшүүртэй хэцүү байна. Аль болох хурдан хэргийг шийдэж өгч хуулийн хариуцлага оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-67 дугаар хуудас/
Насанд хүрээгүй хохирогч Ц.Н-ын: “...манай аав архи уухаараа олон хоног дараалж уудаг. Аав маань архи уух болгондоо гэрт ээжтэй хэрүүл маргаан хийж дүү бид хоёрыг шалтгаангүй загнаад байдаг. Аавыг архи уусан үед ээж маань дүү бид хоёрыг аваад зугтааж айлд хонодог. Аав эрүүлдээ ч гэсэн гэрт байхад уурлаад загнаад байдаг. Архи уусан үедээ ээжийг намайг пизда, янхан, гичий зэрэг муухай үгээр хараадаг. Аавыг гэрт байхад ээж, дүү бид гурав маш их дарамтанд айдастай байдаг. 2017 оны 12 дугаар сард гэртээ утас үзээд сууж байхад аав намайг утсаар тоглолоо гээд толгой руу гараараа 2-3 удаа цохьсон. Тэгсэн чинь ээж намайг өмөөрөөд аавыг болиулсан чинь газраас ус буцалгагч аваад над руу шидсэн. 2016 оны 03 дугаар сарын 26-нд намайг дүүтэйгээ унтаж байхад аав ээжийг зодох гээд хөөгөөд байсан чинь ээж гараад зугтаачихсан. Тэгсэн чинь аав дүү бид хоёр дээр ирээд гараараа нүүр толгой бие рүү олон удаа цохьсон. Маргааш нь миний уруул хавдаж хөхөрсөн байсан. 2018 оны 01 дүгээр сарын 01 хавьцаа байх би гэртээ үсээ самнах гээд сам олдохгүй байсан юмаа. Тэгээд аав надаас самаа яасан гэж асуухаар нь би иш нь хугараад хаячихсан гэсэн чинь сам хаялаа гэж уурлаад нуруу руу гараараа 2-3 удаа цохьсон. Дүү Т-ийг хичээл хийсэнгүй, үймүүллээ гээд зоддог. Аавтай байхад үргэлж айдастай хэцүү байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/
“...аав архи уусан үедээ дандаа ээжийг зоддог байсан. Сүүлдээ намайг 8 настай байхад дүүг 2 настай байхаас эхлүүлээд аав бид хоёрыг загнаж гараараа зодох болсон. 2018 оны 05 дугаар сард аав согтуу хутга бариад ээжийг ална гэж дайрсан бас дүү бид хоёр луу хутгатай дайраад тэр үед ээжийн эгчийнх нь хүүхдийнх нь нөхөр Хонгороо ах байсан болохоор аавыг болиулаад бид нар гарч зугтаагаад тэрнээс хойш аавтай амьдрахаа болиод бид 3 одоо ааваас нууцаар айлын хашаа байшин түрээслэж амьдарч байгаа. Аав засагдана гэж дандаа худлаа яриад байдаг, одоо хамт амьдармааргүй байна, ээж дүү хоёртойгоо хамт амьдармаар байна. одоо ээжтэй утсаар ярихдаа хараал хэлээд 2 хүүхэдтэйгээ уулзмаар байна гээд уурлаад байдаг, амьдарч байгаа газраа бид нар хэлэхгүй байгаа хэлвэл ирээд зодох байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-73 дугаар хуудас/
Насанд хүрээгүй хохирогч Ц.Т-ийн: “...манай аав архи их уудаг, архи уухаараа ээжийн нуруу руу нь гараараа цохиод зодоод байдаг, намайг бас гараараа толгой руу 2 удаа цохьсон. Би ааваасаа айдаг, намайг зодож цохиод байхаар нь би айдаг. Мөн манай эгч Н-ыг аав загнадаг. Загнах үедээ гичий, жингэр гэж хэлдэг. Би аавдаа гомдож байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/
“...архи уусан үедээ хааяа ээж, анай бид гурвыг зоддог. Одоо аав байхгүй ээж, анай бид гурав хамт амьдарч байгаа. Удахгүй манайх байгаа газраасаа нүүх гэж байгаа. Аавд бид нарын байгаа газрыг мэдчих байх гээд ойрхон нүүдэг. Аав миний толгой руу гараараа зоддог. Анайг аав зодохдоо нүдийг сохлох гээд гараараа чанга дараад байсан. Аав хамгийн сүүлд хутга бариад ээж, анай бид гурвыг ална гээд дайрсан. Ээжийг анайг зодохдоо гараараа зоддог. Бас ээжийн хоолойг утас цэнэглэгчээр боож байсан. Би ааваасаа дандаа айдаг, аавтай одоо уулзмааргүй байна, ээжийг яагаад цагдаад хэлсэн гээд урд нь олон сарын өмнө зодож байсан. Аав архи ууж гэртээ ирсэн үед би гэрээсээ гараад ТҮЦ болон дэлгүүр лүү ороод суудаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/
Гэрч Н.П-ын: “...намайг очих үед хүү Т- ганцаараа байсан. Тэгээд байж байтал удалгүй Ц- ах гаднаас согтуу орж ирсэн ба Т-ийг дуудсан чинь Т- айгаад миний араар орж зогссон юмаа. Тэгсэн чинь Ц- ах гэрт байсан жижиг модон сандалыг аваад газар чиглүүлж хүчтэй шидсэн. Тэгсэнээ Ц- ах хүрч ирээд хүүхдийнхээ хувцаснаас барьж авахад Т- гарын нь түлхэж тавиулаад гэрээ тойроод уйлаад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
-Дуудлагын лавлагаа /хх-ийн 120-122 дугаар хуудас/
-Хан-Уул дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс Ц.Н-, Ц.Т- нарын сэтгэл зүйн дүгнэлт /хх-ийн 104-105 дугаар хуудас/
-Аюулгүй зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 8, 106-109, 110-113 дугаар хуудас/
-Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 55-59, 98-100, 101-103 дугаар хуудас/
-2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 21б/2466 дугаартай Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн албан бичиг, хавсралтын хамт /хх-ийн 119-120 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч П.Ц-оос мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүү Т- нь хичээлээ хийхгүй байсан учраас би хүүгээ хичээлээ хий гэж уурлаад гуянаас нь чимхэж базсан, энэ үед эхнэр О- яаж байгаан боль гэж надад хэлэхэд нь би эхнэрийнхээ мөр лүү гараараа 2 удаа цохисон. Дараа нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр охин Н-ыг гар утсаараа байнга тоглолоо гэж загнаад утсаа тоглохоо боль гээд мөр лүү нь цохисон, мөн ус буцалгагч авч шидсэн боловч оноогүй. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрт манай эхнэрийн хамаатан П-ыг байхад хүү Т- хичээлээ хийхгүй байхаар нь би сандал аваад уурандаа хичээлээ хийгээчээ гэж хэлээд сандлаа газарт чанга цохиж эвдсэн. Хүүхдээ айлгаж хичээлийг нь хийлгэх гэж тэгсэн юм. 2018 оны 01 дүгээр сард байх сар өдрөө сайн санахгүй байна охин Н- үсээ самнах гэсэн самаа олохгүй байхаар нь миний охин чи самаа байнга цүнхэндээ хийгээд явж бай гэж хэлэхэд охин алга болчихоод байгаа юм чинь яах юм бэ гээд өөдөөс уурлахаар нь би чи өөдөөс яагаад хэрэлдээд байгаа юм бэ гэж хэлээд нуруу руу нь гараараа зөөлхөн цохисон. Өөрөөр цохиж зодсон асуудал байхгүй. 2018 оны 05 дугаар сарын эхээр манай эхнэр О- хүүхдүүд авч явна гээд байхаар нь би хутга аваад үүдэн дээр хааж зогсоод та нарыг гаргахгүй гарвал ална шүү гэж айлгасан. Тэгснээс бол ямар нэгэн байдлаар хутгална гэсэн зорилгоор хутгыг аваагүй, зүгээр айлгах гэсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-94 дүгээр хуудас/,
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 116 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114 дүгээр хуудас/,
-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж П.Ц-ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч П.Ц- нь эхнэр Д.О- болон хүү Ц.Т-, охин Ц.Н- нарыг согтуурсан болон эрүүл үедээ 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сар хүртэл зүй бус бүдүүлэг харьцаж, байнга зодож, бие махбодийн болон сэтгэл санааны хүнд дарамтанд байлгаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.О-ийн мэдүүлэг /хх-ийн 17-18, 65-67 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч Ц.Н-ын мэдүүлэг /хх-ийн 22-23, 71-73 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч Ц.Т-ийн мэдүүлэг /хх-ийн 26, 77-78 дугаар хуудас/, гэрч Н.П-ын мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, дуудлагын лавлагаа /хх-ийн 120-122 дугаар хуудас/, Хан-Уул дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс Ц.Н-, Ц.Т- нарын сэтгэл зүйн дүгнэлт /хх-ийн 104-105 дугаар хуудас/, аюулгүй зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 8, 106-109, 110-113 дугаар хуудас/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 55-59, 98-100, 101-103 дугаар хуудас/, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 21б/2466 дугаартай Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн албан бичиг, хавсралтын хамт /хх-ийн 119-120 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1-т зааснаар: “...сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан байдаг бөгөөд байнга үйлдэх гэдэг нь тодорхой этгээдийн эсрэг тогтвортойгоор удаа дараа буюу гурав болон түүнээс дээш удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр халдсан байхыг ойлгодог. Шүүгдэгч П.Ц- нь өөрийн гэр бүлийн хамааралтай хүмүүс болох эхнэр Д.О-, охин Ц.Н-, хүү Ц.Т- нарын эсрэг удаа дараа, тогтвортой шинжтэйгээр бие махбодийн болон аливаа цээртэй үгээр гутаан доромжилж, зодож, сэтгэл санааны хүчирхийлэл буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар хавтаст хэрэг авагдсан нотлох баримтыг үнэлэн Хан-Уул дүүргийн прокурорын газраас П.Ц-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тусад нь яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ .
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн хүндрүүлэх бүрэлдхүүнд хамаарч байна гэж үзэв.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч П.Ц-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр хүүхдээ байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын төрөл, хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч П.Ц-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал:
Хохирогч Д.О-, охин Ц.Н-, хүү Ц.Т- нараас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч П.Ц-ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй П.Ц- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.