Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01712

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01712

 

Б.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2022/02229 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.Г

Хариуцагч: Б.Б

Хариуцагч: Б.С

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 115,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хуурч мэхлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан, хариуцагч Б.С, түүний өмгөөлөгч Б.Болортуяа, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Б.Г нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б.С, Б.Б нартай зээлийн гэрээ байгуулж, 9 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр 50,000,000 төгрөг зээлдүүлсэн. Б.С, Б.Б нар нь 50,000,000 төгрөгийн зээлийг авснаасаа хойш өнөөдрийг хүртэл зээл болон хүүгийн төлбөрийг төлөөгүй.

Иймд Б.С, Б.Б нараас үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 27,000,000 төгрөг, алданги 38,500,000 төгрөг, нийт 115,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Бгийн тайлбар, татгалзлын агуулга: Зээлийн гэрээг 4 дүгээр сард хөрөнгө оруулалтын зориулалтаар хийсэн. Нэхэмжлэгч нь аавдаа зээлийн гэрээг үзүүлж, хөрөнгө оруулалт авах зорилготой гэсэн тул миний бие гэрээнд гарын үсэг зурсан. 50,000,000 төгрөг н.Цын дансанд орсон. Дараа нь н.Аийн дансанд орсон. Уг 50,000,000 төгрөгийг бид аваагүй. 5 жилийн хугацаанд уг мөнгийг биднээс нэхээгүй. Нэхэмжлэгч нь хуурч мэхэлж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч Б.Мийн тайлбар, татгалзлын агуулга: 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр уг гэрээ байгуулагдаагүй. 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан. Гэрээг хуулийн мэдлэггүйгээс болж хуурамч гэрээнд гарын үсэг зурсан. Мөнгийг бэлнээр болон дансаар аваагүй. 50,000,000 төгрөгийг н.Цын дансаар бэлнээр нь аваад н.Ат өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.Г нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Б.Б болон Б.С нартай утсаар яриад хуулийн фирм дээр дагуулж очоод хүнтэй уулзуулсан. Зээлийн гэрээг хүнд үзүүлж хөрөнгө оруулалт авах зорилготой гэж гарын үсэг зуруулсан. Улмаар Б.Б бид хоёр Старт финанс ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хувь эзэмшигчид болж улсын бүртгэлд бүртгэгдсэн. Б.Ц, Б.Г, Б.О нартай ярилцан компанийн хувь эзэмшигч болж, эхний ээлжид тал талаасаа хөрөнгө оруулалт хийхээр тохирсон. Б.Б, Б.Ц, Б.О бид Өмнөговь аймаг, Цогтцэций сум дахь Орон нутгийн таван толгой ХХК-д хөрс хуулалтын ажил эхлүүлэхийг зорьж эхний ээлжид дээрх компанийн 4 дүгээр амны урд байрлах кемпүүдийн дэргэд 19 ширхэг гэр барьж, техникүүд, контейнер, каунти автобус ажилчид зөөх, инженер техникийн ажилчдаа зөөх Ланд-80 маркийн автомашин зэргийг бэлэн болгож байршуулсан.

4.1. н.Аээс техник түрээслэхээр болж Б.Г эхний ээлжид хөрөнгө оруулалтын урьдчилгаа болох 50,000,000 төгрөгийг н.Ат өгөхөөр болж Б.Ц, Б.О, Б.Г нар явсан. Бид хоёр хамт яваагүй. Үлдэгдэл 50,000,000 төгрөгөө өгөхгүй удаасан, Ковид цар тахлын улмаас үйл ажиллагаа эхлээгүй. Улмаар 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ярилцаж тохиролцсоноор хувьцаа эзэмшигчээр Б.Ц, Б.Г, Б.О нар нэмэгдэж, дүрэмд өөрчлөлт орсон боловч Ковид цар тахалтай холбоотойгоор гадны байгууллагатай хийсэн батламж бичиг хэрэгжих боломжгүй болж улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй.

4.2. Хууран мэхэлж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Шүүхэд Б.Гын гаргаж өгсөн зээлийн гэрээний эхний хуудасны ард миний иргэний үнэмлэхийг хуулбарласан байна. Надад өгсөн гэрээний хувь дээр миний үнэмлэхний хуулбар байхгүй байгаа нь дээрх нөхцөл байдлыг батална. 50,000,000 төгрөгийг өгсөн, авсан ямар ч үйлдэл хийгээгүй. Хэрвээ зээлийн гэрээг 9 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлсэн бол энэ хугацаанд нэг ч эргэн төлөлт хийгээгүй явдал нь мөн үгүйсгэж байна. Зээлийн гэрээнд ...харилцан тохиролцож энэхүү нэмэлт гэрээг байгуулав... гэсэн нь н.Ат урьдчилгаа болгож өгсөн Хьюндай 5000 экскаватор машины түрээсийн 50,000,000 төгрөгөөс улбаалан байгуулсан болохыг баталж байна.

4.3. Сидинд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлээс Б.Г өөрийн машиндаа өөрөө биечлэн 50,000,000 төгрөгийг бэлнээр түрээсийн техник болох экскаваторын урьдчилгаа гэж н.Ат өгснөө утсан дээрээ бэхжүүлж аваад Б.Б бид хоёрт үзүүлж, чатаар явуулсныг нь шүүхэд гаргаж өгсөн. Мөн Б.Г нь Б.С надаар А ах руу яриулаад миний дэргэд 50,000,000 төгрөгийн асуудлыг утсан дээрээ бичиж авч байсан нь өөрт нь байгаа Б.Гаас үнэхээр мөнгө аваагүй.

Иймд Б.Г бид хоёртой байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хуурч мэхэлж хийсэн болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 5. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Б.Б, Б.С нар нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, Б.Гаас 9 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, 50,000,000 төгрөг зээлж авсан. Б.Ц, Б.Г, Б.О, Б.Б, Б.С нартай холбоотой Старт финанс ХХК-ийн хувьцаа эзэмшил, хөрөнгө оруулсан гэх асуудал нь дээрх зээлийн гэрээтэй холбоогүй.

5.1. Хариуцагч нар нь зээлийн гэрээг үгүйсгэх зорилгоор янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж, шинжээчийн дүгнэлт хүртэл гаргуулсан боловч гарын үсгээ өөрсдөө зурсан болох нь тогтоогдсон. Мөн сөрөг нэхэмжлэлдээ 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрээнд гарын үсэг зурснаа өөрсдөө баталсан мөртлөө түүнийгээ үгүйсгэсэн буюу гэрч авч ирж 2019 оны 02 дугаар сард биш бүр сүүлд гэрээнд гарын үсэг зурсан гэх мэтээр гэрчлүүлсэн, гэрээнд гарын үсэг зуруулсан гэх мөртлөө биднийг хууран мэхэлж, дарамталж байгаад гарын үсэг зуруулсан гэх мэтээр хэлсэн ярьснаа байнга үгүйсгэсэн, будлиантуулсан зүйл ярьж байна.

Иймд Б.Б, Б.С нарын Б.Гт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д тус тус зааснаар Б.Б, Б.С нараас зээлийн гэрээний үүрэг 115,500,000 төгрөг гаргуулах тухай Б.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Б.Б, Б.С нарын Б.Гд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээ-г хуурч мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 735,450 төгрөг, хариуцагч нарын төлсөн 544,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Гаас 544,950 төгрөг гаргуулан Б.Б, Б.С нарт олгож шийдвэрлэсэн байна.

 7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх гэрчийн мэдүүлэгт үндэслэн дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, алдаатай дүгнэлт. Учир нь, гэрч Б.Б нь нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ Улаанбаатар хотод 2019 оны 02 дугаар сард байгаагүй гэж мэдүүлдэг. Ирснийхээ дараа 25-р эмийн сангийн ард байх хуулийн фирм дээр Б.Б, Б.С нартай хамт очсон гэдгийг түүний ярианаас өөр нотлох ямар ч баримт байхгүй бөгөөд Б.Б, Б.С нар нь өмнө нь Б.Бтэй явж байсан гэж огт дурьдаж байгаагүй ба шүүх хуралдаан болох үед хамт байсан гэх Б.Бийг авчирсан нь маш эргэлзээтэй.

7.1. Анхан шатны шүүхээс Зээлдэгч буюу Б.Б, Б.С нар нь гэрээний зүйл болох 50,000,000 төгрөгийг зээлдүүлэгч Б.Гаас шилжүүлэн аваагүй, талууд тухайн үед зээлийн гэрээ байгуулах зорилгогүй байсан, компанидаа хөрөнгө оруулалт авна гэж ойлгож гэрээнд гарын үсэг зурсан болох нь хариуцагч нарын тайлбар, М ХХК-ийн дүрмээр тус тус тогтоогдож байх тул 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээ-г хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзнэ хэмээн дүгнэсэн.

Шүүх хариуцагч нарын тайлбар, М ХХК-ийн дүрмийг гол баримтаар үнэлсэн. Хариуцагч нар болон Б.Ц, Б.Г, Б.О нартай холбоотой М ХХК-ийн хувьцаа эзэмшдэг болон хөрөнгө оруулалт босгохоор оролдож байсан гэх асуудлууд нь Б.Б, Б.С болон Б.Г нарын хоорондох зээлийн гэрээтэй огт хамааралгүй асуудал. Гэтэл шүүхээс М ХХК-д нэхэмжлэгч ба хариуцагч нар нь хувьцаа эзэмшдэг нь тэдгээрийн хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус, хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх ямар үндэслэл байгаа талаараа огт дурьдаагүй, зүгээр л хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх ямар үндэслэл байгаа талаараа огт дурьдаагүй, зүгээр л хууран мэхэлж хийсэн гэж дүгнэсэн.

Иймд тодорхой нотлох баримтгүйгээр зээлийн гэрээ, зээлүүлсэн мөнгөн хөрөнгийн үгүйсгэж, зээлдүүлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж, хохироож байгаа анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анх М ХХК-ийг байгуулахад Б.Гын хувьд 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулна гэсэн боловч 50,000,000 төгрөгийг н.Ат шилжүүлж өгсөн. Үүний дараа буюу 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулсан гэж ярьж байгаа боловч 2019 оны 04 дүгээр сард гэрээ байгуулсан. Тус гэрээг үлдэгдэл 50,000,000 төгрөгийг манай эцэг авах гээд байгаа учир хурдан зураад өг гэж хэлсний үндсэн дээр гарын үсэг зурж, дүр үзүүлсэн гэрээ байгуулсан. 2019 оны 04 дүгээр сард гэрээ байгуулахдаа 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн огноотой гэрээнд гарын үсэг зуруулсан. Тухайн үед ажлаа явуулах гэж байсан, зураад өгвөл мөнгөтэй болно гэж бодсоны үндсэн дээр гарын үсэг зурсан. Гэрч Б.Б нь тухайн үед хамт явж байсан учир хэрэгт ач холбогдолтой мэдээлэл өгөх боломжтой. Тухайн үед ямар ч бэлэн мөнгийг хүлээн аваагүй. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн гэжээ.

ХЯНАВАЛ

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

2. Нэхэмжлэгч Б.Г зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 27,000,000 төгрөг, алданги 38,500,000 төгрөг, нийт 115,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хуурч мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөг, сарын 6 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласныг хариуцагч нар эс зөвшөөрч ...бодитойгоор зээл аваагүй, зээлийн гэрээ байгуулаагүй, хамтран ажиллах гэрээний мөнгө байсан, нэхэмжлэгч биднийг хууран мэхэлж гэрээ байгуулсан гэж татгалзсан.

3.1. Хэргийн 5-8 дугаар талд хариуцагч нар 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчээс 50,000,000 төгрөгийг нэг сарын 6 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлэх, үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх тухай зээлийн гэрээ, зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нарт зээлийн мөнгөн хөрөнгө 50,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн мөнгө хүлээлцсэн акт гэх баримтууд авагдсан байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэж заасан. Хариуцагч нар мөнгө хүлээлцсэн актад гарын үсэг зураагүй, зээлийн гэрээ болон мөнгө хүлээлцсэн актыг нөхөж үйлдсэн гэж тайлбарлан шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1729 дугаар шинжээчийн дүгнэлтээр 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ, мөнгө хүлээлцсэн актад зээлдэгч болон мөнгө хүлээн авсан гэсэн хэсэгт зурагдсан гарын үсэг хариуцагч нарын гарын үсгийн загваруудтай тохирч байна гэжээ. /хх107-127/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр Б.Бат-Эрдэнэ, Б.Б нар гэрчээр асуугдсан ба анхан шатны шүүх гэрч Б.Бийн ... Б.Б, Б.С бид гурав 25-р эмийн сангийн хойно байсан хуулийн фирм дээр Б.Гын дуудсаны дагуу очсон. Тухайн үед бид бизнесийн ч мөнгөгүй явж байсан, Б.Б, Б.С хоёр аваагүй мөнгөн дээрээ зээлийн гэрээ байгуулаад гарын үсэг зурчихлаа гэж ярьж байсан ... гэх мэдүүлэгт үндэслэн хариуцагч нарт зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг бодитойгоор шилжүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна. /хх148-150, 194-196/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.

Гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй тохиолдолд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн дээрх зээлийн гэрээ болон мөнгө хүлээлцсэн актыг няцаах баримт болж чадахгүй. Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй.

Иймд нэхэмжлэгчээс хариуцагч нарт 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь зээлийн болон мөнгө хүлээлцсэн актаар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан үндэслэл мөнгө хүлээлцсэн акт гэх баримтаар тогтоогдож байна.

3.2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагч нар нь мөнгийг нэхэмжлэгчид буцаан төлөөгүй тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэр хэсэгт зааснаар үндсэн зээл 50,000,000 төгрөгийг, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хүүгийн төлбөрт 27,000,000 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.

3.3. Түүнчлэн, хариуцагч нарыг мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ.

3.4. Зээлийн гэрээнд алдангийг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх боловч 38,500,000 төгрөгийн алданги нь илт их байна. Иймд хэргийн нөхцөл байдлыг харгалзан мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу уг үнийн дүнгийн 10 хувь болох 3,850,000 төгрөгийн алдангийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

4. Хариуцагчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хуурч мэхлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ...Б.Ц, Б.Г, Б.О бид нар Старт финанс ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар бөгөөд компанидаа хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон, Б.Г эхний ээлжинд хөрөнгө оруулалтын урьдчилгаа 50,000,0000 төгрөгийг н.Ат өгөхөөр болсон, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд хууран мэхэлж гарын үсэг зуруулсан, бодитоор 50,000,000 төгрөг аваагүй, зээлийн гэрээнд харилцан тохиролцож энэхүү нэмэлт гэрээг байгуулав гэсэн нь Б.Г нь н.Ат Хьюндай 5000 экскаватор машины урьдчилгаа болгож өгсөн түрээсийн төлбөр 50,000,000 төгрөгөөс улбаалан зээлийн гэрээг байгуулсан болохыг батална гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Энэ тохиолдолд үүссэн бодит нөхцөл байдлын талаар хуурч мэхлэх тодорхой үйлдэл хийгдсэн, шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардана.

Хэрэгт Старт финанс ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээ, хүнд машин механизм түрээслэх гэрээ, фото зургууд авагдсан. Уг тайлбар болон баримтууд нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хууран мэхлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлийг бий болгохгүй байхад анхан шатны шүүх дээрх баримт болон хариуцагчийн тайлбарыг үнэлж, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2022/02229 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б, Б.С нараас 80,850,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34,650,000 төгрөг гаргуулах хэсгийг, нэхэмжлэгч Б.Гд холбогдох, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хуурч мэхлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Б.Б, Б.С нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын ...56.1 гэснийг ...56.2 гэж, ...Б.Гаас 544,950 төгрөг гаргуулан Б.Б, Б.С нарт олгосугай. гэснийг ...Б.Б, Б.С нараас 562,200 төгрөг гаргуулан Б.Гд олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,280,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

М.БАЯСГАЛАН