| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2018/0107/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/110 |
| Огноо | 2018-07-30 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн дарга К.Е,
Хэлмэрч А.Е,
Улсын яллагч Х.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,
Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813001470127 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1996 оны 05 дугаар сарын 19-нд Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс казах, тус аймгийн Бугат сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, У овгийн Х-ийн Б, регистрийн дугаар БГ***********.
Шүүгдэгч Х.Б-лын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд 1 ширхэг босоо ургаа мод бэлтгэж байгаль экологид 86688 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
- Шүүгдэгч Х.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2018 оны 02 дугаар сарын дундуур 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Улаанхус” гэх газраас гоожин зөвшөөрөл авалгүйгээр ургаж байгаа 1 ширхэг хус модыг сүхээр тайрч унагааж, модыг түлээнд ашигласан юм. Би зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш ихээр гэмшиж байна. Гарсан бүх хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Дахин ийм асуудал гаргахгүй. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсье.” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч З.Х-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02-р сарын дундуур хэдэн гэдгийг сайн мэдэхгүй байна. Гэрт байж байсан чинь мод хэрчиж байгаа сүхний дуу гарахаар нь гэрээс гарсан чинь гэрийн хажуу талын ойд манай багийн иргэн Х-ийн Б босоо ургаа модыг сүхээр хэрчиж унагаах гээд байсан. Дараа нь шуудайнд хийж гэр лүүгээ зөөгөөд явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
- Гэрч А.Ш-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02-р сарын дундуур аймаг руу ажлаар явах хойгуур манай хүү Х.Б гэрт түлээгүй болсон гэхээр нь очиж ойгоос босоо хус мод унагаасан байна. Байгаль орчинд учруулсан хохирлыг бүрэн төлж өгнө. Бага хүүхэд юм мэдэлгүй тийм асуудалд оржээ. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна. Дахин тийм асуудал гаргуулахгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч М.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын дундуур Бугат сумын 4 дүгээр багийн иргэн Х-ийн Б Бугат сумын Буга багийн “Улаанхус” гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн 1 ширхэг босоо ургаа мод бэлдсэний улмаас байгаль орчинд хохирол учирсан байгаа. Би манай байгууллага болон Бугат сумыг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа. Шинжээчийн дүгнэлтээр бодит хохирол нь ойролцоогоор 0,172 метр.куб мод буюу 28896 хохирол учирсан гэх дүгнэлт гарсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр төлүүлнэ гэсэн заалттай учир би учирсан хохирлыг хуулийн дагуу 3 дахин нэмэгдүүлэн 86688 төгрөгийг нэхэмжилнэ. ...Би байгаль орчинд учруулсан хохирол 86688 төгрөгийг Х.Б-оор 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлүүлэн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 100020013001 дугаартай дансанд тушаалгасан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 32 дугаар хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9-р хуудас/ зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Б-ын дээрх хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид 28896 /хорин найман мянга найман зуун ерэн зургаа/ төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь Сум дундын ойн ангийн мэргэжилтэн М.Н, сум дундын ойн дарга С.Е нарын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “...Иймд тус газрын 1 ширхэг ургаа хус модны эзлэхүүн нь ойролцоогоор 0.172м.куб гарна. Тухайн газрын 1 ширхэг ургаа хус модны экологи эдийн засгийн үнэлгээ нь ойролцоогоор 0.172м.кубх120000х1.4=28896 /хорин найман мянга найман зуун ерэн зургаа/ төгрөгийн хохирол учруулсан байна гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Мөн тус ой нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй болох нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “...Бугат сумын Буга багийн нутаг дэвсгэр Улаанхус гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ
Иймд шүүгдэгч Х.Б-ыг прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Х.Б нь Улаанхус гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүй 0.172 м.куб мод бэлтгэж, ойн санд 28896 /хорин найман мянга найман зуун ерэн зургаа/ төгрөгийн бодит хохирол учруулсан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “Ойн санд учирсан хохирлын ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан. Иймд шүүгдэгч Х.Б-ын ойн санд учруулсан бодит хохирол 28896 /хорин найман мянга найман зуун ерэн зургаа/ төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэхэд нөхөн төлөх хохирол нь 86688 /наян зургаан мянга зургаан зуун наян найм/ төгрөг байна.
Шүүгдэгч Х.Б нь уг 86688 /наян зургаан мянга зургаан зуун наян найм/ төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт болон иргэний нэхэмжлэгч М.М-ийн “Х.Б нь шинжээчийн гаргасан 86688 /наян зургаан мянга зургаан зуун наян найм/ төгрөг бүхий нөхөн төлбөрийг төрийн сангийн 100161113001 тоот дансанд бүрэн хийж хохирлоо барагдуулж өгсөн. Манай байгууллагын зүгээс өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Х.Б-ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Х.Б-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй байна.
Хэрэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх төмөр иштэй сүх хураагдаж ирсэн бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц уг төмөр иштэй сүхийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн төмөр иштэй сүх 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шүүгдэгч Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Х.Б-ын 00536854 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ