Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01614

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б УТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 13-ны өдрийн 182/ШШ2022/01819 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б УТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч И ХХК-д холбогдох, ... тоот хаягт байрлах Б УТҮГ-ын эзэмшлийн 4,712 м.кв талбай бүхий газраас хариуцагч И ХХК-ийн хууль бусаар эзэмшиж буй 311.2 м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э , хариуцагчийн өмгөөлөгч С.Ү , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 01 сарын 12-ны өдрийн 00 дүгээр тогтоолоор анх Ү ТӨААТҮГ-ыг байгуулснаар маргаан бүхий ... тоот хаягт байрлах Л н барилгын маргаан үүсч Чингэлтэй дүүргийн 2013 оны 06 сарын 12-ны өдрийн 869 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 08 сарын 09-ний өдрийн 645 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 11 сарын 21-ний өдрийн 689 дүгээр тогтоолоор дээрх хаягт байрлах В.И.Л н барилгыг төрийн өмч мөн болохыг эцэслэн тогтоосны дагуу Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэс нь МАН-ын 000000000 дугаар бүхий гэрчилгээг хүчингүй болгож, Ү ТӨААТҮГ-ын өмчлөлд бүртгэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/000 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг МАН-аас Ү ТӨААТҮГ-т шилжүүлснээр маргаан бүхий 4,712 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн хугацааг 2014 оны А/000 дугаар, 2017 оны 05 сарын 26-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/000 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, Ү ТӨААТҮГ-т 4,712 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр баталгаажуулсан. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 сарын 03-ны өдрийн Музей нэгтгэн зохион байгуулах тухай 000 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 000 дугаар тогтоолоор Ү ТӨААТҮГ-ыг татан буулгаж, эргэлтийн болон үндсэн хөрөнгийг Б УТҮГ-т балансаас балансад шилжүүлэн өгсөн байдаг. Гэтэл И ХХК нь 311.2 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэхийг даалгах шаардлагыг гаргаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0033 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 сарын 17-ны өдрийн 183 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 05 сарын 20-ны өдрийн 187 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт ...өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт ...газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт ...газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно гэж тус тус заасан. Иймд ... тоот хаягт байрлах, Б УТҮГ-ын хууль ёсны эзэмшлийн 4,712 м.кв талбай бүхий газраас хариуцагч И ХХК-ийн хууль бусаар эзэмшиж буй 311.2 м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

2.   Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Манай байгууллага 2005 онд тухайн үеийн барилгын хууль ёсны өмчлөгч болох МАХН буюу одоогийн МАН-тай харилцан тохиролцож, газрыг хязгаартайгаар эзэмших ашиглах гэрээ байгуулж өөрийн хөрөнгөөр 364.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьж ашиглалтад оруулан ажиллаж байсан. 2010 онд Монгол Улсын Засгийн газраас тус барилгыг төрийн өмчид буцаан шилжүүлэх тухай шийдвэр гарч тухайн барилгыг төр өмчлөлдөө авсан. 2015 онд Төрийн өмчийн хороонд хүсэлт гаргаж гэрээг төрийн өмчийн хороотой үргэлжлүүлэн байгуулах тухай хүсэлтийг тавьсны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгө буюу Ленины музейн барилгатай холбоотой шүүхийн маргаан явж эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байх тул зохих гэрээг байгуулан үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж өгөхийг тухайн үеийн Ү ТӨААТҮГ-ын удирдлагуудад даалгасан шийдвэр гарсан. Манай байгууллага нь газрын түрээсийн төлбөрийг сар бүр төлж үйл ажиллагаа явуулж байсан. Нийслэлийн засаг даргад холбогдуулан газар олгож өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргасан боловч бусдын газартай давхцуулж газар олгохгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Бидний хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдэж дуусмагц газрыг хязгаартайгаар эзэмших ашиглах гэрээ байгуулж цаашид ажиллах боломжоор хангаж өгнө гэж ойлгосон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан И ХХК-д холбогдох ... тоот хаягт байрлах Б УТҮГ-ын хууль ёсны эзэмшлийн 4,712 м.кв талбай бүхий газраас Б УТҮГ-ын барилгын баруун урд өнцөгт байрлах И ХХК-ийн хууль бусаар эзэмшиж буй 311.2 м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлөхийг хариуцагч И ХХК-д даалгах тухай нэхэмжлэгч Б УТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, газрыг албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч И ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгож шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Манай байгууллага 2004 онд тухайн үеийн өмчлөгч олох МАХН буюу одоогийн МАН-тай харилцан тохиролцож байгуулсан гэрээний үндсэн дээр 00000000000000 нэгж талбарын дугаартай газраас 612 м.кв талбай бүхий газарт өргөтгөл барьж ашиглах эрхийг олж авсан. 2010 оноос тухайн газар болон Л н барилгатай холбоотой маргаан үүсэж явсаар 2012 онд эцэслэн шийдвэрлэгдэж төрийн өмчид шилжсэн. Манай байгууллага 2015 онд тухайн үеийн Төрийн өмчийн хорооноос бичгээр ирүүлсэн зөвшөөрлийн дагуу Ү ТӨААТҮГ-тай газар түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2018 оноос МАН-тай байгуулсан гэрээний эрх хүлээн авагчийн хувьд Эзэмшил газрыг хязгаартай ашиглах гэрээ-г байгуулж ажиллаж байсан. 2020 онд Засгийн газрын тогтоолоор Ү ТӨААТҮГ-ыг Б УТҮГ-тай нэгтгэх болсон ба мөн гэрээний дагуу гэрээний төлбөрийг төлсөөр ирсэн. Монгол Улсын Иргэний хуульд заасны дагуу хуулийн этгээдийн үйл ажиллагааг нэгтгэж нийлүүлсэн тохиолдолд шаардах эрх болон бусдын өмнө хүлээсэн үүрэг нь хүлээн авч буй хуулийн этгээдэд шилждэг тул Ү ТӨААТҮГ-тай байгуулсан энэхүү гэрээний үүрэг мөн адил Б УТҮГ-т шилжих ёстой гэж үзэж байна. Манай байгууллагын зүгээс гэрээний үүргээ биелүүлж гэрээний төлбөрийг төлж байсан бөгөөд Б УТҮГ нь гэрээний үүргээ биелүүлж гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчээс хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба манай зүгээс тухайн эзэмшил нь хууль бус буюу гэрээний үндсэн дээр эзэмшиж ашиглаж буй гэдгээ нотолж сөрөг нэхэмжлэл гаргахад хүлээж авалгүй шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх ашгийг тэгш хангаагүй, мэтгэлцэх тэгш боломж олгоогүй гэж үзэж байх тул анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Л н барилгын асуудалтай маргааныг шүүхэд эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаагаар маргаан бүхий газрыг хязгаартайгаар ашиглах гэрээг Ү ТӨААТҮГ-т олгосны дагуу 2018 оны 04 сарын 02-ны өдөр 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Мөн 2 музей нэгтгэн байгуулагдсанаас хойш Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Б УТҮГ-т хариуцагч И ХХК-тай тухайн маргаан бүхий газрыг хязгаартайгаар ашиглуулах гэрээг үргэлжлүүлэх үүрэг өгөөгүй. Хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбараас үзвэл зөвхөн Ү ТӨААТҮГ өөрийн санал санаачилгаар дангаар дур мэдэж И ХХК-тай тухайн маргаан бүхий газрыг хязгаартайгаар ашиглах гэрээг байгуулаагүй. Харин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зөвшөөрөл олгосны үндсэн дээр тухайн гэрээг байгуулсан. Мөн манай компани маргаан бүхий газар үйл ажиллагаа эхлүүлсэн цагаас эхлэн хариуцагч талд газрыг чөлөөлөхийг сануулсан албан тоотыг хүргүүлсэн. Иймд тухайн гэрээний үүргийг манай байгууллага хүлээх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэл тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2.   Нэхэмжлэгч Б УТҮГ нь хариуцагч И ХХК-д холбогдуулан ... тоот хаягт байрлах Б УТҮГ-ын эзэмшлийн 4,712 м.кв талбай бүхий газраас хариуцагч И ХХК-ийн хууль бусаар эзэмшиж буй 311.2 м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч ...тухайн үеийн хууль ёсны өмчлөгч болох МАХН /одоогийн МАН/-тай газрыг хязгаартайгаар эзэмшиж, ашиглах гэрээ байгуулж, өөрийн хөрөнгөөр 364.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьж ашиглалтад оруулан ажиллаж байсан, бидний хувьд хязгаартайгаар эзэмших ашиглах гэрээ байгуулж цаашид ажиллах боломжоор хангаж өгнө гэж ойлгосон... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Хэрэгт авагдсан Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх 60/, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх 61-62/, кадастрын зураг /хх 63/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар ... нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 0000000000 дугаар бүхий 4,709 м.кв талбайтай газрын эзэмших эрх нь нэхэмжлэгч Б УТҮГ-ын нэр дээр бүртгэлтэй болох нь нотлогдож байна.

 

Хариуцагч И ХХК нь дээр дурдсан Б УТҮГ-ын эзэмшил бүхий 4,709 м.кв газраас 311 м.кв газрыг тухайн үеийн МАХН /одоогийн МАН/-тай байгуулсан гэрээний үндсэн дээр 2006 оноос хойш хязгаартайгаар эзэмшиж, ашиглаж ирсэн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

4.   Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б УТҮГ нь газраа хариуцагч И ХХК-ийн эзэмшлээс шаардах эрхтэй боловч уг шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь хариуцагчийн эзэмшил хууль бус байх болно.

 

Нэхэмжлэгчийн хууль ёсоор эзэмшиж буй газар дээр хариуцагч объект барьж үйл ажиллагаа явуулж байгаа үйл баримтын талаар зохигчид маргадаггүй, харин хариуцагчийн эзэмшил хууль ёсны эсэх буюу гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

5.   Хариуцагч И ХХК нь нэхэмжлэгч Б УТҮГ-ын газарт холбогдуулан 2018 оны 02 сарын 23-ны өдрийн Эзэмшил газрыг хязгаартай ашиглах гэрээ-г эрх хүлээн авагчийн хувьд УБЕГ-т бүртгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй, бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. /хх 108, 109-111/ Учир нь:

 

5.а. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь түүний татгалзалтай холбоотой буюу 2018 оны 02 сарын 23-ны өдрийн Эзэмшил газрыг хязгаартай ашиглах гэрээ-г эрх хүлээн авагчийн хувьд үргэлжлүүлэх, байгуулахыг даалгах агуулгатай байна.

 

5.б. Хэргийн 108-р талд авагдсан сөрөг нэхэмжлэлд Эзэмших эрхтэй газрыг хязгаартайгаар ашиглах гэрээ-ний хуулбарыг хавсаргасан гэх боловч уг гэрээ хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх энэ талаар тодруулаагүй байна.

 

6. Эдгээр нөхцөл байдлыг тодруулснаар өмнөх газар эзэмшигчтэй байгуулсан гэрээний эрх, үүрэг шинэ газар эзэмшигчид шилжсэн эсэх нөхцөх байдлын талаар дүгнэлт өгөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасан үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжтой болох юм.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 13-ны өдрийн 182/ШШ2022/01819 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 07 сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Д.НЯМБАЗАР