Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01725

 

 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/03311 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: “П” ХХК

Хариуцагч: Ё.Б

Нэхэмжлэлийн шаардлага: 3,682,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, хариуцагч Ё.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ё.Б нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19:00 цагийн орчим Баянзүрх дүүрэг, Нарантуул захын уулзварт Хьюндэй портер маркийн, 0000 УББ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа С.Хөхийгийн эзэмшлийн Ниссан патрол маркийн, 0000 УБН улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан.

1.1. Ё.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 2 дугаар хавсралтын 1.4-т заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан болох нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэлийн хуудсаар тогтоогдсон. Ослын улмаас С.Хөхийд 3,682,000 төгрөгийн хохирол учирсан “Ашид билгүүн” ХХК-ийн 3,500,000 төгрөгийн хохирлын үнэлгээ, үнэлгээний хөлс 182,000 төгрөг төлсөн баримтаар тус тус тогтоогдсон.

1.2. С.Хөхий нь “П” ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 180310109754 дугаартай авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан байсан бөгөөд ослын тохиолдол болох үед Ё.Б нь жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй байсан. Тиймээс “П” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3012105566 дугаар тушаалын дагуу С.Хөхийд ослын улмаас учирсан хохиролд 3,682,000 төгрөгийг нөхөн төлбөрт төлсөн.

1.3. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар С.Хөхий болон “П” ХХК-ийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу даатгуулагчийн хохирол шаардах эрх даатгуулагчид олгосон 3,682,000 төгрөгийн нөхөн төлбөрийн хэмжээгээр “Практикдаатгал” ХХК-д  шилжсэн. Иймд хариуцагч Ё.Бгаас 3,682,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ё.Бгийн тайлбар, татгалзлын агуулга: Ё.Б 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нарантуул захын баруун уулзвар дээр баруун эргэх гээд зогсож байтал Ниссан Патрол 0000 УБН машины жолооч талын толь шүргэж унагасан. Уг автомашины толь хойшоо болж зурагдсан байсан. Үүнээс өөрөөр хоёр машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй байсан. Газар дээр замын цагдаа үзлэг шалгалт хийж, хэмжилт зураг авсан.

2.1. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр замын цагдаагийн байцаагчтай уулзахад надаар бичиг баримт дээр гарын үсэг зуруулсан. Тухайн үед би нүдний шилгүй явж байсан учир заасан газарт гарын үсэг зурсан. Мөн даатгалын компани дээр очоод 2 машин хоорондоо толь толиороо шүргэлцсэн байсан гэдгийг хүртэл хэлсэн. Осол болсон өдөр үзлэг хийж, үнэлгээ хийгээгүй атлаа 3 хоногийн дараа үзлэг хийж, үнэлгээ хийсэнд гомдолтой байна. Цагдаагийн байгууллага болон үнэлгээний байгууллагын дүгнэлт, шийдвэрийн талаар зохих байгууллага, албан тушаалтан, шүүхэд гомдол гаргаагүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар хариуцагч Ё.Бгаас 3,682,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “П” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 73,862 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73,862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын талаар талууд бүрэн мэтгэлцээгүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. О.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа дурдсан тайлбар баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талууд зөрүүтэй тайлбарлаж байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн талуудыг мэтгэлцэх боломжоор хангаагүй гэх үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан. Миний тайлбараар хангалттай нотлогдсон байтал шүүх хэт нэг талыг барьж миний гэм буруугүй байдлыг харгалзан үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний хууль бус, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүйг, мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Манайх С.Хөхийтэй байгуулсан гэрээний дагуу нөхөн төлбөр олгосон. Нөхөн төлбөр олгохдоо зөрчил хянан шийдвэрлэсэн цагдаагийн байгууллагаас гаргаж өгсөн баримтууд, хохирлын үнэлгээний дүгнэлтийг тус тус үндэслэж нөхөн төлбөрийг олгосон. Хариуцагчийн зүгээс шалгаж байх явцад ямар нэгэн байдлаар үнэлгээг зөвшөөрөхгүй гэж гомдол гаргаагүй. Тухайн гаргасан шийдвэрт торгуулийн арга хэмжээ авагдан 100,000 төгрөгөөр торгосон. Тухайн шийдвэрийг зөвшөөрөхгүй гэж мөн гомдол гаргаагүй. Даатгалын хуулийн холбогдох заалт болон даатгуулагч С.Хөхийтэй байгуулсан гэрээг үндэслэж нэхэмжлэл гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч Ё.Бд холбогдуулан 3,682,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ “...даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 3,682,000 төгрөгийг барагдуулсан, хуульд заасны дагуу шаардах эрхийг шилжүүлэн авсан...” гэж тайлбарлажээ. /хх 1-2/

3. Дээрх шаардлагыг хариуцагч Ё.Б бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...Осол болсон өдөр үзлэг хийж, үнэлгээ хийгээгүй мөртлөө 3 хоногийн дараа үзлэг хийж, үнэлгээ хийсэн. Даатгалын компани хохирлыг төлсөн нь буруу” гэсэн агуулгаар үгүйсгэн маргажээ. /хх 33/

4. 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19 цаг 00 минутын үед Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарантуул худалдааны төвийн замд Ё.Б нь Портер маркийн, 0000 УББ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 2 дугаар хавсралтын 1.4-д заасныг зөрчсөнөөс С.Хөхийгийн жолоодон явсан 0000 УББ улсын дугаартай, Патрол маркийн автомашиныг мөргөж, бусдын эд хөрөнгөд 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан нь “Ашид билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээ, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл, мөн хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн,12-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, мөн хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэлийн хуудсаар тус тус тогтоогдсон байна. /хх 52, 53, 59-60/ Өөрөөр хэлбэл, хариуцагчийг замын хөдөлгөөний дүрэм зөрчин зам тээврийн осол гаргасан гэм буруутайд тооцож, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 зүйлийн 51 дэх хэсэгт 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан, уг шийтгэлийг хариуцагч нь эс зөвшөөрч гомдол гаргасан талаар баримт хэрэгт авагдаагүй. Иймд тухайн зам тээврийн осолд жолооч Ё.Б гэм буруутай талаар эрх бүхий байгууллагаас тогтоосон гэж үзэх тул хариуцагчийн гэм бурууг тогтоогоогүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

5. Дээрх зам тээврийн ослын улмаас С.Хөхийгийн эзэмшлийн 0000 УББ улсын дугаартай, Патрол маркийн автомашинд 3,500,000 төгрөгийн эвдрэл гэмтэл, үнэлгээний төлбөрт 182,000 төгрөгийн зардал, нийт 3,682,000 төгрөгийн хохирол учирсан нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 848 дугаар хохирлын үнэлгээ, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар тус тус тогтоогдож байхаас гадна хариуцагч үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар үгүйсгэж чадаагүй байна. /хх 62-66/

6. С.Хөхий болон “П” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ээр даатгагч “П” ХХК нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч С.Хөхий нь даатгалын хураамж төлөхөөр харилцан тохиролцсон байна. Гэрээний хугацааг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл байхаар зааснаас үзвэл даатгалын тохиолдол гэрээний хугацаанд бий болсон байна. /хх 39/

6.1. Даатгагч “П” ХХК нь дээрх даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрт нийт 3,682,000 төгрөгийг даатгуулагч С.Хөхийд төлсөн нь “П” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 30I2105566 дугаар тушаал, Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулгаар нотлогдож байна. /хх 4-6/

6.2. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. Иймд даатгагч “П” ХХК нь Ё.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирол 3,682,000 төгрөгийг даатгуулагч С.Хөхийд даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт шилжүүлснээр “П” ХХК-д шаардах эрх шилжих тул анхан шатны шүүх хариуцагчаас 3,682,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

7. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, даатгалын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, үйл баримтуудыг зөв тогтоосон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/03311 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.       

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.ЦЭНД

 

                                             ШҮҮГЧИД                                  С.ЭНХБАЯР

 

                                                   М.БАЯСГАЛАН