Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/122

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.С,

Хэлмэрч Ж.А,

Улсын яллагч М.О,

Хохирогч Х.Б,

Гэрч Д.Г,

Хохирогчийн өмгөөлөгч Я.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З,

Шүүгдэгч Б.Д, Б.Е нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д, Б.Е нарт холбогдох 1813001940139  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч Б.Д: Монгол Улсын иргэн, Б овогт Б-н Д,  1973 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Голомт банкинд жолооч ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЭ***********

 

2. Шүүгдэгч Б.Е: Монгол Улсын иргэн, Ш овогт Б-н Е, 1965 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Музейд нярав ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЮ65090116.

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д, Б.Е  нар нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бахлаг” гэх газарт хохирогч Х.Б-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэл:

Шүүгдэгч Б.Д, Б.Е нар нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бахлаг” гэх газарт хохирогч Х.Б-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

  • Хохирогч Х.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр би 16 цагийн үед малын хашаан дотор явж байхад хашааны гадаа нэг саарал өнгийн жийп машин ирж зогссон. Машин дотроос 2 хүн буугаад ирж малын хашаа дотор ирж “Б гээд чи юм уу..." гэж Д гэгч над руу шууд дайраад ирж намайг заамдаж авч гарыг маань мушгиж барьж авсан. Тэр үед Е гэгч хүрч ирээд миний аман тус газар нэг удаа гараараа цохиж авахад миний хамраас цус гарсан. Б.Д, Б.Е нар малын хашаан дотор намайг газар унагааж авч дэвсэж, өшиглөж, куртикнээс барьж чирч, Д  “Энэ муу новшийн гэрээс нь хүн гарч ирээгүй байна. Энийг машинд хийж аваад хавцал дотор алаад хаямаар байна” гэж хэлж байхад гэрээс манай хүүхэд гараад ирж намайг тэд нар зодож байсныг харж ээждээ хэлсэн байна. Б.Е, Б.Д нар намайг зодсоноос болоод толгой маань байнга өвддөг болсон, үүдэн шүд унасан, хамар цус хуралттай зэрэг бэртэл гэмтлүүд байна. ...Эхлээд Д гэгч надад хүрч ирээд “...Б гэж чи мөн үү...” гээд намайг мэндийн зөрүүгүй хоолойгоор боосон. Энэ үед араас түүний ах Б.Е ирээд намайг гараараа 2-3 удаа нүүр рүү цохиод авахад хамраас цус гараад газарт ойчсон. Энэ үед хоёулаа нийлээд хөлөөрөө өшиглөсөн. Хэд хэдэн удаа өшиглөсөн ба яг хэн нь миний биеийн аль хэсэгт өшиглөөд байгааг мэдээгүй. Толгой, хэвлий, нурууны хэсгээр хоёулаа нийлээд дэвсээд байсан. Энэ үед гэрээс эхнэр Г, хүү Ж нар хүрч ирээд биднийг салгах гэтэл Д эхнэрийн цээж рүү түлхсэн. Тэгээд эхнэр “Цагдаа дуудлаа” гээд гэр рүү чиглээд явахад тэр хоёр машиндаа суугаад зугтаад явсан. Болсон асуудал энэ. Гомдолтой байна. Гарсан бодит хохирол 900000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнд өмгөөллийн хөлс 300000 төгрөг, эмнэлэгт хэвтсэн үнэ 312000 төгрөг, КТГ-ын үнэ 95000 төгрөг, эм худалдан авахад болон өөрийн хувийн машинаар явахад гарсан бензин шатахууны зардал 193000 төгрөг гарсан болно.”  гэх мэдүүлэг /хх- ийн 23-27 дугаар хуудас/,
  • Хохирогч Х.Б-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:  “...Шүүгдэгч нар манайд 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр саарал өнгийн машинаар ирсэн. Би хашаанд байхад Д машинаас түрүүлж  бууж ирээд над руу дайрсан. Би тэдэнтэй мэндэлсэн ч хариу мэндлээгүй ба “Надтай мэндлэх болоогүй. Чи ахын газарт мал хариулаад байна” гээд намайг заамдсан. Е намайг аман тус газар зодсон.  Шүүгдэгч нарын ах нь Б юм. Би 2015 оны 04 дүгээр сарын үед хашаа хорооны гэрчилгээ авсан. Бекболат 2016 оны 06 дугаар сард гэрчилгээ авсан. Би шүүгдэгч нарын ахыг хэл амаар доромжлоогүй, мууг нь үзсэн асуудал байхгүй. Надад тэгэх эрх байхгүй. Шүүгдэгч нар худал мэдүүлэг өгч байна.  Бид бүгд казах үндэстэн. Хүүхэд маань болсон үйл явдлыг харсан. Шүүгдэгч нар миний ахын газарт хонь дандаа хариулдаг гэж хэлсэн. Шүүгдэгч нарыг хохиролд гарсан зардлыг бүгдийг нь төлж өгөхийг хүсэж байна. Надад 900,000 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч нарт хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
  • Гэрч Д.Г-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчимд би гэртээ байж байхад малын хашааны гадна талд ирж 1 цагаан саарал өнгийн 76-02 улсын дугаартай машин ирж зогссон. Тухайн үед би нүүр гараа угаагаад байж байсан ба гэрт байсан манай хүү болох Жоламан гадаа гараад буцаж гүйж орж ирж “Ээж аавыг малын хашааны дотор 2 хүн зодож байна” гэхэд би гэрээс гүйж гарахад малын хашаан дотор манай нөхөр болох Х.Б-ийг газар унагаж аваад өшиглөж байсан тул би гүйж очоод “Та нар хэн бэ. Яагаад Болатбекийг зодож байгаа юм бэ” гэж хэлэхэд “Бид нар Бекболатын ах дүү нар байна. Б дээр Б-ын газарт мал хариулсан байна тэгээд тэр асуудлаар ирлээ” гэж хэлсэн. Малын хашаанд орж ирэхэд Болатбек газарт хэвтэж байсан ба тэр 2 хүн Болатбекийг зодож байсан. Тэр хоёр хүний залуу царайтай нь Болатбекийг газар унагааж аваад хөлөөрөө өшиглөж байсан. Хөгшин царайтай хүн бас 1-2 удаа өшиглөж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-33 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
  • Насанд хүрээгүй гэрч Б.Ж-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гэрээс гарч харахад манай аав болох Болатбек малын хашаанд явж байсан ба 2 хүн ирж манай аавыг зодож байсныг хараад гэртээ гүйж ирж ээж болох Г-т аавыг малын хашаан дотор зодож байгаа талаар хэлээд ээжийнхээ хамт малын хашаан дотор орж ирж ээж Г тэр 2 хүнд “...Та нар юу хийгээд явж байгаа хүмүүс вэ” гэж хэлэхэд тэр хоёр хүн ээж болох Г-т “Чамд ямар хамаатай юм бэ. Чиний нөхөр Б-ийг чулуунд даруулаад хаячихна” гэсэн. Ямар ч байсан хоёулаа аавыг газар унагааж аваад өшиглөж байсныг хараад ээждээ хэлсэн. ...Малын хашаанд очиход манай аавыг танихгүй 2 хүн \нэг нь настай, нөгөө нь залуу\ өшиглөөд зодож байсан, аав газарт толгойгоо дараад хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/,
  • Гэрч Н.М-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэн Х.Б гэгч бусдад зодуулсан гэж 23 цагийн үед надад үзүүлсэн ба биеийн байдал нь дунд зэрэг байсан. Би Б-ийг компьютер томографын шинжилгээ хийгээд үзэхэд зүүн талын дагз хэсэгт цууралттай, тархины доргилттой, цээжний зөөлөн эдийн гэмтэлтэй гэж гарсан тул аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
  • Гэрч М.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр би аймагт өөрийн гэрт байхад хөдөөнөөс хүү Б, бэр Г нар ирсэн. Ирээд хүү Б намайг Б-н 2 хүүхэд зодсон. Е, Б нар бүлэглээд зодлоо гэсэн. Улмаар эмнэлэгт очоод үзүүлэхэд хэвт гээд эмнэлэгт хэвтүүлээд 10 хоног болгоод гаргасан. Б-ийн амнаас цус гарсан байдалтай, шүд нь сулраад ирсэн. Ач Ж-аас асуухад манай аавыг 2 хүн нийлээд зодсон гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг / хх-ийн 44-45 дугаар хуудас/,
  • Гэрч Х.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр би хонь хариулахаар явсан ба гэрийн ойролцоо хонио хариулж явахад манай өвөлжөөнд цагаан өнгийн жийп машин ирээд зогссон. Малын хашаан дотор ах Б үхрийн баас цэвэрлээд явж байгаа харагдсан. Машинаас 2 хүн буугаад шууд ах руу очсон. Очоод тэр 2 хүн шууд ахтай зууралдаад ноцолдож байгаа мэт харагдсан. Би холоос дурандаж харсан тэдгээр хүмүүс ахыг ноцолдож, хоорондоо зодолдож байгаа мэт харагдсан. Би хонио цаашаа чиглүүлчхээд явганаар гэр рүү алхаж явахад нөгөө цагаан машинтай хүмүүс яваад өгсөн. Араас нь ах Б өөрийн машинаар аймаг руу яваад өгсөн байсан. Гэрт ирэхэд Жоламан байсан өөр хүн байгаагүй. Юу болсон талаар Жоламанаас асуухад “...Аавыг 2 хүн ирээд малын хашаан дотор өшиглөөд зодсон, нийлээд зодсон, аавын амнаас цус гараад, шүд нь сулраад хөл нь хөхөрчихсөн, аймаг руу цагдаа руу явчихсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
  • Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 102 дугаартай: “...Иргэн Х.Б-ийн биед тархины доргилттой, толгойн дагз ясны цууралттай нүүрний зөөлөн эдийн бэртэл гэмтэлтэй, дээд уруулд хэгзэрсэн шарх, нэг үүдэн шүд 2 зэргийн суларсан, хавдартай, зүүн хоолойд багалзуур орчим тархмал олон тооны цус хуралттай, цээжний зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

              Шүүгдэгч Б.Д, Б.Е нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Бид иргэн Х.Б-ийг зодоогүй. Хэл ам гаргаж хэрэлдэж байгаад явсан. Түүнд огт гар хүрээгүй” гэж байгаа хэдий ч үүнийг нотлох ямар нэгэн баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Мөн шүүгдэгч Б.Д нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Х.Б-тэй уулзахаар очиход 02 дугаар сарын 05-ны өдөр танай ах намайг зодоод миний энэ шүдийг унагаасан гэж шүдээ үзүүлж байсан. Иймд Х.Б-т 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 102 дугаартай шинжээчийн дүгнэлтээр үүссэн гэмтэл нь 02 дугаар сарын 17-ны өдөр биш 02 дугаар сарын 05-ны өдөр манай ахтай зодолдох үед үүссэн гэмтэл байх гэж бодож байна. Иймд энэ талаар шалгаж өгнө үү.” гэв. Энэ нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Үүнд: Хохирогч Х.Б нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүгдэгч Б.Д, Б.Е нарын ах Б.Бекболатад мөн зодуулсан талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж зөрчлийн хэргээр хянан шийдвэрлүүлж холбогдогч Б.Б-д “Бусдын биед хохирол учруулахгүйгээр зодсон” зөрчил үйлдсэн хэмээн торгуулийн шийтгэл оногдуулсан байна. Уг зөрчлийн хэрэгт авагдсан 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 88 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Иргэн Х.Б-ийн биед гадны хүчин зүйлийн үйлчлэлээр гэмтэл учирсан байна. Иргэн Х.Б-ийн биед баруун талын нүдний дээд зовхинд бүдэг хөх өнгийн цус хуралт, зүүн талын чихний дэлбэнгийн дотор тал бор өнгийн тогтсон зулгарсан зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэжээ. Өөрөөр хэлбэл хохирогч Х.Б-ийн эрүүл мэндэд учирсан “...Тархины доргилттой, толгойн дагз ясны цууралттай нүүрний зөөлөн эдийн бэртэл гэмтэлтэй, дээд уруулд хэгзэрсэн шарх, нэг үүдэн шүд 2 зэргийн суларсан, хавдартай, зүүн хоолойд багалзуур орчим тархмал олон тооны цус хуралттай, цээжний зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо.” гэх хохирол нь Х.Б-д зодуулахад учраагүй болох нь уг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөн хохирогч Х.Б нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүгдэгч Б.Д, Б.Е нарт зодуулснаар эмнэлэгт хэвтсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Амбулаториор эмчлүүлэгсдийн картанд 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүдний эмчийн үзлэгээр “...Үзлэгт: Хоншоорын зүүн талын соёо шүд хөдөлгөөнтэй. Эмчилгээ: Хоншоорын зүүн талын соёо шүд хөдөлгөөнтэй учир тухайн шүдийг авсан болно.” гэжээ. Үүгээр шүүгдэгч Б.Д-ы мэдүүлж буй “...Х.Б-тэй уулзахаар очиход 02 дугаар сарын 05-ны өдөр танай ах намайг зодоод миний энэ шүдийг унагаасан гэж шүдээ үзүүлж байсан.” гэх мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Х.Б-ийн хоншоорын зүүн талын соёо шүд нь байсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хөдөлсөн учраас авхуулсан байна. Иймд Б.Е, Б.Д нарын гэм буруугүй байдал тогтоогдохгүй байх тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Е, Б.Д нарын дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Е, Б.Д нарын бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

            Иймд шүүгдэгч Б.Е, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

            Хохирогч Х.Б болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд “Эмнэлэгт хэвтсэний ор хоногийн төлбөр 312500 /гурван зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөг, тархины зураг авхуулсны төлбөр 95000 /ерэн таван мянга/ төгрөг, хөдөөнөөс аймгийн төвд ирж, буцах шатахууны зардал 192500 /нэг зуун ерэн хоёр мянга таван зуу/ төгрөг нийт 600000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж өгнө үү.” гэв. Шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагаас эмнэлэгт хэвтсэний ор хоногийн төлбөр 312500 /гурван зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөг, тархины зураг авхуулсны төлбөр 95000 /ерэн таван мянга/ төгрөг нийт 407500 /дөрвөн зуун долоон мянга таван зуу/ төгрөгийг шүүгдэгч Б.Е, Б.Д нараас тэнцүү хуваан төлүүлж, хөдөөнөөс аймгийн төвд ирж, буцах шатахууны зардал 192500 /нэг зуун ерэн хоёр мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийн талаар холбогдох нотлох баримт байхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

                

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Е Б.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Иймд шүүгдэгч Б.Е, Б.Д нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял шийтгэлээс торгох ялыг сонгон, тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 500 нэгж нь 500000 /таван зуун мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

            Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 500000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

            Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

            Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Е, Б.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй байна.   

            Шүүгдэгч Б.Е, Б.Д нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй тул хэрэгт шүүгдэгч Б.Даулетханы Өлгий сумын 2 дугаар багт байршилтай 700 м.кв газрыг, Б.Е-ын галакси-3 маркийн утсыг битүүмжилсэн тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээх зүйтэй байна.

            Шүүгдэгч Б.Е, Б.Д нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоолын хамт шилжүүлэх нь зүйтэй байна. 

            Мөн хэрэгт хавсаргаж ирүүлсэн хохирогч Х.Б-ийн толгойн рентген зураг 1 ширхэг, соёо шүд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Д, Ш овогт Б-ийн Д нарыг “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е, Б.Д нарыг тус бүр 500 “таван зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е, Б.Д нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е, Б.Да нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Е, Б.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Б.Е аас 203750 /хоёр зуун гурван мянга долоон зуун тавь/ төгрөг, шүүгдэгч Б.Д аас 203750 /хоёр зуун гурван мянга долоон зуун тавь/ төгрөг тус тус гаргуулж хохирогч Х.Бо-т олгуулж, 192500 /нэг зуун ерэн хоёр мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Д-ны Өлгий сумын 2 дугаар багт байршилтай 700 м.кв газрыг, Б.Е-ын галакси-3 маркийн утсыг тус тус  битүүмжилсэн тогтоолыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.
  8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл шүүгдэгч Б.Е, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Хэрэгт хавсарган ирүүлсэн хохирогч Х.Бийн толгойн рентген зураг 1 ширхэг, соёо шүд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
  10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Е, Б.Д нарын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  12.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.ДОРЖБАЛ