| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2018/0103/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/106 |
| Огноо | 2018-07-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/106
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
нарийн бичгийн дарга Б.А,
улсын яллагч М.Ф,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,
шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ф-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Д-д холбогдох 1813000000128 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Ж.Д: Е овогт Ж-ийн Д, Монгол Улсын иргэн, яс үндэс казак, 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Биеийн тамирын багш мэргэжилтэй, Өлгий сумын “Эрдэм цогцолбор” сургуульд цахилгаанчин ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:БЮ************
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, ухрах үйлдэл хийхдээ Х.Д-ийг дайрч, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Д нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Өлгий сумын 4 дүгээр баг, Ховд голын эрэгт “Тойота Королло фиелдер” маркийн 55-85 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож, ухрах үйлдэл хийхдээ Х.Д-ийг дайрч, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
-Шүүгдэгч Ж.Д-ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр орой 20 цагийн орчимд найзууд Ө., Б.Ж, Б.Т, Х.Д, А.Т нарын хамт өөрийн “Тойота Королло фиелдер” маркийн тээврийн хэрэгслээр Ховд голын эрэгт очсон. Тэнд 2.5 литрийн пиво, “Соёрхол” нэртэй 0.75 литрийн архийг хувааж уусан. Тэгээд 21 цагийн үед би гэрт харих болоод машинаа асааж ухрах үед ард нь байсан Х.Д-ийг мөргөсөн байна. Би өөрөө түүнийг хараагүй. Тэгээд бусад нь Х.Д-ийг мөргөчихлөө гэж намайг зогсоосон. Тэгээд Х.Д-ийг шууд машинд хийж аваад эмнэлэгт хүргэсэн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх /шүүх хуралдааны тэмдэглэл болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41 дугаар хуудас/
- Хохирогч Х.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Найз Ж.Д-ы машинаар Ховд голын эрэгт очиж архи, пиво уусан. Тэгээд 1.75 литрийн “Соёрхол” нэртэй архи, 2.5 литрийн пивог 6 залуу хувааж ууцгаасан. Тэгээд би согтоод газар хэвтсэн байсан байна лээ. Тэгээд найз Ж.Д гэрт харих гээд машинаа асааж ухрах үйлдэл хийх үед миний баруун хөлийн шилбэ орчмоор дайраад гарсан байна. Би энэ бүгдийг ёстой санахгүй ухаан ороход эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд босох гэхэд баруун хөл болохгүй байсан ба рентген зураг авхуулахад шилбэний яс хугарсан байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. Д миний сайн найз, эрүүл мэндэд учруулсан хохирлоо Ж.Д төлж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/
- Гэрч Б.Т-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр орой ажлаас тараад Д-ыг дуудаж, түүний машинаар голын эрэг дээр очсон. Бид ярьж хөрж сууж байгаад 2.5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво, 0,5 литрийн “каас” нэртэй пивоноос 1 ширхэг, “Соёрхол” нэртэй 0.75 литрийн архийг хувааж уусан. Манай найз нар Д машинд мөргүүлчихлээ гээд машинд суулгасан ба бид бүгд эмнэлэгт ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10 хуудас/
- Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12 дугаар хуудас/
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэг зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/
- Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/
- Зам тээврийн ослын акт /хх-ийн 12 дугаар хуудас/
- Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-ы 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 266 дугаар шинжээчийн “ ...Иргэн Х.Д-ийн биед тархи доргилт, зүүн талын хацар, баруун талын мөр дээд уруул, нурууны зүүн тал хэвлийн баруун хажуугийн хэсгүүдэд бор өнгийн тов тогтсон зулгарсан зулгаралт, баруун талын хөлийн шаант ясны дунд 3/1-ийн мушгирсан далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй. Архаг хуучин өвчнийг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул үнэн зөв, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Иймд шүүгдэгч Ж.Д-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Прокуророос уг хэрэг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдсэн, хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх шатанд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ж.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдлоо. Иймд шүүгдэгч Ж.Д нь хохирогчид төлөх төлбөргүй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 болон 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Ж.Д-ы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд Эрүүгийн хуульд заасан эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.Д нь дээрх гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хязгаарлалтуудаас “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолно.
Шүүгдэгч Ж.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Д-ны иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, мөн хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Е овогт Жа-ийн Д-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж “Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.Д-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд Эрүүгийн хуульд заасан эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Ж.Д-д шүүхээс тэнссэн хугацаанд “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Ж.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Ж.Д-нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ж.Д-ы цахим үнэмлэх, 00760807 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ