Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01750

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01750

 

Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/01671 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ө ХХК

Хариуцагч: Ш ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, тус гэрээг дуусгавар болгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бүрэнжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа, гуравдагч этгээд Д.Р, түүний өмгөөлөгч Б.Намсрайжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Ө ХХК нь Ш ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй А-2 барилгын 6 дугаар блок, 1 дүгээр орцны 6, 9, 10 дугаар давхруудын айл болон нийтийн эзэмшлийн заслын ажлыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Гэрээний нийт дүнг гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, гүйцэтгэлээр тооцохоор, ажлын хөлсийг 100 хувь бартераар төлөх, бартерын орон сууцны үнийг 1 м.кв нь 1,600,000 төгрөгөөр тооцож, 55.04 м.кв орон сууц өгөхөөр тохиролцсон. Нийт 88,064,000 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг гүйцэтгэгч талаас захиалагч талд актаар хүлээлгэж өгснөөр ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч үүргээ биелүүлсэнд тооцогдоно.

1.2. Ажил гүйцэтгэгч Ш ХХК нь гэрээгээр тохирсон хугацаандаа ажлыг хийж гүйцэтгэн, хүлээлгэж өгөөгүй. 2021 оны 3 дугаар сарын орчим буюу гэрээний хугацаа өнгөрсний дараа хийсэн ажлын талаар захиалагчийн зүгээс очиж шалгахад 64,603,000 төгрөг гэх тооцоолол гарсан ба уг ажлыг актаар хүлээлгэж өгөөгүй. Ө ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн ажлаа хийж гүйцэтгэхийг удаа дараа шаардаж, ажлаа хийж гүйцэтгэх хугацаа тогтоосон боловч уг хугацаанд гэрээгээр хүлээсэн ажлаа хийж гүйцэтгээгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрч, цаашид ч биелүүлэх хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн. Иймд нэхэмжлэгч 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж байх тул ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Ш ХХК болон Ө ХХК-ийн хооронд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээний дагуу барилгын ажил гүйцэтгэсэн бөгөөд өмнө хийсэн гүйцэтгэгч нарын ажлын алдаа дутагдлыг засах ажлыг тусад нь хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

2.2. Гэрээнд 1 сарын хугацаа заасан боловч 2020 оны 9 дүгээр сард цар тахлын улмаас хөл хорио тогтоосны улмаас ажлыг хийж гүйцэтгэж чадаагүй. Ш ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн 64,603,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэн Ө ХХК-д хүлээлгэн өгч, харилцан баталсан. Бодитоор 64,603,000 төгрөгөөс илүү ажил хийж гүйцэтгэсэн. Бусад ажил нь ямар нэгэн байдлаар доголдолтой гэдэг байдлаар хүлээж аваагүй ажил байгаа. 64,603,000 төгрөгийн ажлаас өөр цаашид хийж гүйцэтгэх ажлыг Ө ХХК нь манай компанид өгөөгүй тул бид санаачилгаараа ажил гүйцэтгээгүй. Өөрөөр хэлбэл, бартераар өгсөн орон сууцны үнэд хүртэл захиалагч компани ажил гүйцэтгүүлэх ёстой байсан боловч ажил даалгаж өгөөгүй тул бид хийгээгүй.

2.3. Нэхэмжлэгч нь гэрээг цуцлахаар шүүхэд хандахаас өмнө манай компанид мэдэгдэл хүргүүлэх, хуульд заасны дагуу хугацаагаа тохирох, энэ хугацаанд гэрээ цуцалснаас үүсэх үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцээгүй. Бидэнд мэдэгдэлгүй, урьдчилсан шийдвэрлээгүй байж шууд шүүхэд хандаж байгаа нь учир дутагдалтай. Нэгэнт гэрээ дуусгавар болоогүй учраас ажлын зөрүү гэж байгаа ажлаа хийгээд өгөхөд татгалзах зүйлгүй. Шинээр ажил өгөх юм бол тухайн ажлыг хийж гүйцэтгээд энэ асуудлаа шийдчихэд татгалзах зүйлгүй гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Ргийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1. 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Г ХХК болон Д.Антай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний эрхийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Д.Анаас шилжүүлэн авсан. Уг орон сууц нь бусдад худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, өмчлөлийн ямар нэг маргаангүй гэсэн. Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр орон сууцанд нүүж орсон. 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Ө ХХК-ийн захирал бидний орон сууцыг суллаж өгөх шаардлага тавьсан.

3.2. 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Анд холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Д.Ан нь Ө ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Ө ХХК нь ажлын хөлсөнд манай орон сууцыг бартераар шилжүүлсэн, нэг өдөр 2 өөр агуулгатай гэрээ байгуулсан гэх үндэслэлээр хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй байна. Түлхүүр олгосон байгууллага нь Й ХХК байсан ба 2 дугаар блокийг барих захиалагч нь байсан. Й ХХК-аас лавлагаа авахаар очиход 2 дугаар байрны 55 тоот нь Д.Р миний нэр дээр бүртгэлтэй, төлбөр тооцооны үлдэгдэлгүй, Г ХХК-тай байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр гэх албан бичгийг надад өгсөн.

3.3. Түүнчлэн, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу Й ХХК нь өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх захиалагч байгууллага мөн гэдгээ тодорхойлсон. Й ХХК нь 2 дугаар байрны захиалагч байгууллага бөгөөд Г ХХК нь бартераар байрыг Д.Анд өгсөн ба Д.Ан нь тус байрыг надад худалдсан, хууль ёсны гэрээний үндсэн дээр байр худалдан авсан ба миний өмчлөл, эзэмшилд шилжсэн байр. Д.Ан нь дээрх ажил гүйцэтгэх гэрээнийхээ дагуу ажлын 73.4 хувийг хийж гүйцэтгэсэн бөгөөд уг байр нь миний өмчлөл, эзэмшилд нэгэнт шилжсэн тул миний эрхээр уг байр хязгаарлагдаж байгаа.

3.4. Д.Аны гүйцэтгэвэл зохих ажлын 73.4 хувийн гүйцэтгэлийг хүлээж аваад айлууд нь ороод амьдарч байгаа тул Ш ХХК-ийн Д.Аны хийсэн паркет, шохой, эмульсийн хуулж авах боломжгүй. Үүргийн шинж чанараас хамааран захиалагч, гүйцэтгэгч хэн алины гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар буцаах боломжгүй. Иймд Ө ХХК нь Ш ХХК-ийн дутуу гүйцэтгэсэн ажлын хөлс болон өөрт учирсан хохирлоо мөнгөөр нөхөн төлүүлэх бүрэн боломжтой тул миний өмчлөл, эзэмшилд шилжсэн байрыг буцааж авах үндэслэлгүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.4, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш ХХК-д холбогдуулан гаргасан 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, тус гэрээг дуусгавар болгуулах тухай нэхэмжлэгч Ө ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 598,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний заалтад үндэслэлгүй дүгнэлт хийж, гэрээний үүргээ зөрчсөн гүйцэтгэгчийг зөвтгөсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-т А-2 барилгын 6 дугаар блок, 1 дүгээр орцны 6, 9, 10 дугаар давхаруудын айл болон нийтийн эзэмшлийн заслын ажил, Гэрээний нийт дүн нь нийт гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, гүйцэтгэлээр тооцно гэж, гэрээний 2-т Гэрээний гол нөхцөл хэсгийн төгсгөл хэсэг гэрээний 2 дугаар нүүрний дээд хэсэгт гүйцэтгэгчээс хийгдэх ажил, хэмжих нэгж, үнэлгээ зэргийг, гэрээний 2.3-т нийт ажлын хэмжээ нь бартерийн байрны үнэлгээгээр буюу 1 м.кв нь 1,600,000 төгрөгөөр тооцож, 55.04 м.кв буюу 88,064,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэх-ээр тус тус тодорхой зааж тохиролцсон атал ямар ажил гүйцэтгэх талаар талууд гэрээгээр тохиролцоогүй гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн. Гэрээнд дээрх байдлаар хийх ажлыг тодорхой заасан тул гүйцэтгэгч Ш ХХК нь 88,064,000 төгрөгийн ажлыг хийсэн тохиолдолд гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд энэхүү үүргээ гүйцэтгэгч биелүүлээгүй тул захиалагч нь төлбөр өгөх үүрэг хүлээхгүй, гэрээнээс татгалзах бүрэн эрхтэй.

5.2. Захиалагчийн зүгээс гүйцэтгэгчид 88,064,000 төгрөгт дүйцэх гүйцэтгэх ажлын даалгаврыг өгсөн. Гүйцэтгэгч уг ажлыг бүрэн хийж дуусгаагүй үйл баримт тогтоогдсон байхад захиалагчаас ажлын даалгавар огт өгөөгүй мэтээр, гүйцэтгэгчийн дутуу хийж гүйцэтгэсэн хэмжээний буюу 64,603,000 төгрөгийн л даалгавар өгсөн, 88,064,000 төгрөгийн ажлын даалгавар өгөөгүй мэтээр дүгнэж, баримтанд бус хариуцагчийн тайлбарыг үндэслэн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Гэрээнд хийн ажил тодорхой байсан, захиалагчаас гүйцэтгэгчид хийх ажлыг бүрэн даалгасан, гүйцэтгэгч өөрийгөө нийт дүн болох 88,064,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэгч хүлээлгэж өгөөд төлбөрөө авах байсан ийм л харилцаа бидний дунд хийгдсэн.

5.3. Гүйцэтгэгч нь гэрээний үүргээс 30 орчим хувийг биелүүлээгүй болох тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн атлаа үүргийн ялимгүй зөрчил гаргасан гэж үзсэнд гомдолтой байна. Гэрээний үүргээс 30 орчим хувийг биелүүлээгүй байхад энэ байдлаар дүгнээд байх юм бол талуудын хооронд гэрээ байгуулахыг ач холбогдол, уг гэрээнд үүрэг, хариуцлагын талаар заалт оруулахын ач холбогдол огтхон шаардлагагүй. Давж заалдах шатны шүүхээс хүсэхэд үүргийг ялимгүй зөрчил гэдгийг энэ байдлаар ойлгох юмуу гэдэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

7. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж үүргийн биелэлтийг буцаах тухай нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Үүнд тухайн орон сууц нь гуравдагч этгээдэд худалдагдсан. Гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн. Д.Р нь тухайн орон сууцыг 2 жилийн өмнө худалдаж авсан. Засвар үйлчилгээ хийж мөнгө зарцуулан амьдарч байна. Энэ тохиолдолд гэрээнээс татгалзах хэлбэрээр асуудлыг зохицуулахад ажил гүйцэтгэгч компани ажлын хөлсөнд авсан гэх орон сууцыг гуравдагч этгээдэд худалдаж олсон мөнгөөрөө барилгын засварын ажлыг хийсэн. Өөрөөр хэлбэл, буцааж өгөх боломжгүй болсон. Энэ талаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлд тодорхой заасан. Шүүх ялимгүй зөрчил гэж үзсэн нь үндэслэлтэй. Тухайлбал, ажил гүйцэтгэгч компани нь гэрээт ажлын дийлэнх хэсгийг биелүүлсэн. Үлдсэн 20 хувийн ажлын гүйцэтгэлийг биелүүлээгүйн хувьд барилгыг буцааж шаардсан нь үндэслэлгүй. Ажил гүйцэтгэх гэрээг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 1 сар байсан. Гэтэл гэрээний хугацаа дууссанаас хойш 1 жилийн дараа гэрээнээс татгалзсан нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Иргэний хуулийн 200 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг зөрчсөн бөгөөд гэрээнээс татгалзах тухайгаа нөгөө талдаа мэдэгдсэн байх ёстой. Хөлсөнд өгсөн орон сууцыг гэрээ байгуулсан өдөр н.Аны нэр дээр шилжүүлсэн. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 3.2-д захиалагч н.Ан орон сууцны төлбөр болох 80,864,000 төгрөгийг бүрэн төлсөн гэж заасан. Гэвч ажил гүйцэтгэх гэрээнд захиалгат ажлын хөлсийг гүйцэтгэлээр төлнө гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ө ХХК нь Ш ХХК-д холбогдуулан 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, тус гэрээг дуусгавар болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Ө ХХК болон Ш ХХК-ийн хооронд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээгээр гүйцэтгэгч буюу Ш ХХК нь А-2 барилгын 6 дугаар блок, 1 дүгээр орцны 6, 9, 10 давхруудын айл болон нийтийн эзэмшлийн заслын ажлыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, гэрээний үнийн дүнг нийт гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, гүйцэтгэлээр тооцох, захиалагч нь ажлын хөлсөнд Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, А-2 хотхон, 2 дугаар блок, 9 давхрын Е тоот, 55.04 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 1,600,000 төгрөг буюу нийт 88,064,000 төгрөгт тооцож бартераар төлөх үүргийг тус тус хүлээсэн үйл баримт тогтоогдсон. /хх 9-10/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

4. Гүйцэтгэгч Ш ХХК гэрээний дагуу А-2 барилгын 6 дугаар блок, 1 дүгээр орцонд 64,603,000 төгрөгийн үнэ бүхий ажлыг гүйцэтгэсэн нь Гүйцэтгэсэн ажлын талбай гэх баримтаар /хх.11/ тогтоогдож байхаас гадна талууд хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээний талаар маргаагүй.

5. Хариуцагч нь гэрээнд заасан нийт 88,064,000 төгрөгийн ажлаас 64,603,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дууссан, гэрээний дагуу нэхэмжлэгч нь ажлын хөлсийг хариуцагчид төлсөн, хариуцагч нь тодорхой хэмжээний ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

5.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ. Учир нь, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь урт хугацаанд хэрэгжсэн, гэрээний дагуу тодорхой хэмжээний ажлыг хариуцагч хийж гүйцэтгэсэн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний үүрэг 64,603,000 төгрөгийн хэмжээнд хэрэгжсэн тохиолдолд талууд гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд харин гэрээг цуцлах эрх хэрэгжинэ. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч тогтоох хэсэгтээ мөн зүйлд байхгүй 225.1.4-т заасныг баримталсан нь техникийн шинжтэй алдаа байх бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/01671 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...225 дугаар зүйлийн 225.1.4 гэснийг ...205 дугаар зүйлийн 205.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 598,270 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

М.БАЯСГАЛАН