Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/109

 

 

 

 

 

 

 

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нарийн бичгийн дарга К.Е,

Хэлмэрч А.Е,

Улсын яллагч Х.Ө,

Шүүгдэгч М.М-ийн өмгөөлөгч Т.К,

Шүүгдэгч Т.Р-ы өмгөөлөгч Я.С-д,

Шүүгдэгч М.М, Т.Р нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М, Т.Р нарт холбогдох 1813002030135  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1. Шүүгдэгч Т.Р: Монгол Улсын иргэн, Т овгийн Т-ий Р, яс үндэс казах, 1987 оны оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүх, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЮ************

          2. Шүүгдэгч М.М: Монгол улсын иргэн, Е овогт М-ийн М, яс үндэс казах, 1991 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЗ*************

            Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М, Т.Р нар нь 2018 оны 06 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдож Т.Р нь М.М-ийн зүүн гарын долоовор хурууг хугалж биед нь хүндэвтэр хохирол, шүүгдэгч М.М нь Т.Р-ыг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.М, Т.Р нар нь 2018 оны 06 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд хоорондоо ахуйн хүрээний асуудлаар хэрэлдэн маргалдаж улмаар харилцан бие биенээ хэл амаар доромжлон зодолдож Т.Р нь М.М-ийн зүүн гарын долоовор хурууг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах, шүүгдэгч М.М нь Т.Р-ыг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

 

                - Шүүгдэгч Т.Р-ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн үед би ээжийн гэрийн 3 саалийн ямааг ямаа хариулдаг хүнээс очиж аваад гэрт авчирчхаад бэр болох М-д “Ямааг саагаарай” гэж хэлтэл М “Чи ядуу шүү дээ. Эцгийн чинь толгой” гэх мэтээр хэл амаар доромжлохоор нь би түүний баруун талын хацарт нь нэг удаа алгадтал намайг сэгсэрч баруун, зүүн хоёр талын гарын гадна булчин талд нь гараараа цохиж гарнаас минь барьж аваад сэгсрэхэд нь би “М чи болиод өгөөч” гэж хэлсэн боловч болихгүй байсан. Тэр хооронд Борж ирээд “Та хоёр болиоч” гэж хэлээд болиулаад намайг “Та гэртээ харь” гэж хэлээд явуулсан. Тухайн өдөр манай аав, ээж хоёр хөдөө Алтай сум руу хүний ажил явдалд оролцохоор явчихсан байсан ба 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр аав, ээж хоёр ирэхэд нь би ээжид “М намайг зодоод гарыг минь хөхрүүлчихлээ” гээд гарын хөхөрч байсан хэсэг газрыг үзүүлсэн. Тухайн үед орой 18 цагийн үе болж байсан ба М-д ээж очоод “Бид нар байхгүй байх үеэр та нар яагаад хэрэлдэж зодолдоод байгаа юм бэ? ичихгүй юм уу” гэж хэлсэн байсан. Түүнийг нь сонссон М “Чи муу мануухай, ядуу амьтан, чамайг би өөрийн гараар алах болно” гэж манай гэрт орж ирэхэд нь ээж чи боль гэж хэлэхэд хүч өгөлгүй миний өмсөж байсан хар өнгийн цамцны захнаас заамдаж барьж аваад миний цамцны заханд өөрийнхөө гарыг ороогоод барьчихсан намайг боомилж тавихгүй байхаар нь би түүний гарыг нь тавиулахаар түлхтэл “Миний гар” гэж хэлээд уйлаад манай гэрээс гарахгүй сууж байхад нь Б орж ирээд түүнийг гаргаад явуулсан.  ...Тэгээд хоёр гараараа миний хоёр талын гарын бугалганаас барьж аваад сэгсэрч маш ихээр өвтгөсөн. Тэгэхэд нь манай ээж болиоч гэж болиулсан ба намайг тавингуут нь би газарт унасан юм. Тэр үеэр миний хоёр талын гарын бугалга хөхөрчихсөн юм. ...Гарын хүчтэй татаж байж салгасан ба тэр үед гарын хуруу нь гэмтсэн. ...Би харин М-д хохирлын мөнгө гэж 150000 төгрөг өгч байгаа. Бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрч нэг нэгийгээ уучилсан. Дахин хоорондоо маргаан хэрүүл гаргахгүй. Бид хоёр хохирлын талаар ч гэсэн маргаангүй байгаа юм. Би М-тэй маргалдаж хэрэлдэх явцдаа түүний хурууг хугалснаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 32, 62-64 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

                - Шүүгдэгч М.М-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн үед гэртээ байтал хадам эгч Р манай гэрт орж ирээд “Ямаагаа саахгүй юм уу” гэхэд би “Саана шүү дээ” гэж хэлэхэд минь “Чи яах гээд байгаа юм бэ” гээд миний хацар руу нэг удаа алгадаад “Чи миний гэрээс зайл” гэх мэтээр хэл амаар доромжилж над руу дайраад бид хоёр хэрэлдэж байтал Б орж ирээд “Та хоёр больцгоо. Эгч гэр рүүгээ яваарай” гээд миний амыг дараад бид хоёрыг болиулсан юм. Тухайн өдөр манай хадам аав, ээж хоёр Алтай сум руу явчихсан байсан бөгөөд маргааш нь буюу 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хадам аав, ээж хоёр Алтай сумаас ирэхэд нь Раушан эгч ээжийг утсаар залгаж дуудаад гэртээ дуудсан. Тухайн үед цаг хэд болж байсныг би мэдэхгүй ба би гурил хэрчиж байтал хадам ээж орж ирээд “Чи яахаараа миний охиныг зоддог юм бэ” гэхэд би хадам ээжид “Би зүгээр байхад хадам эгч өөрөө эхэлж намайг хэл амаар доромжилж хэрүүл хийсэн” гэж хэлсэн. Тэгээд би хадам ээжтэйгээ хэрэлдээд бид хоёрын дуу чанга чанга гарч байх үеэр Р дахин манай гэрт орж ирсэн. Тэр үеэр Р дахин манай гэрт орж ирээд “Чи яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд дахин миний зүүн талын хацар руу гараараа нэг удаа алгадсан. Тэгэхэд нь би өөрийгөө барьж чадалгүй зүрх өвдөөд Раушаны араас түүний гэрт очоод “Чи яагаад хадам ээж бид хоёрын хооронд хов зөөж хэрүүл хийгээд байгаа авгай вэ” гэж хэлсэн. Би тухайн үед маш их ууртай байсан ба Р надад хандаж “Чи одоо болоо юм биш үү. Одоо гэртээ харь” гэж хэлэхэд нь би өөрийгөө барьж чадалгүй “Та нар намайг албал алчхаарай. Та нар намайг холдуулж чадахгүй байгаа юм биш үү” гэж хэлсэн. Тэгтэл Р “Чи муу авгай яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд миний захнаас заамдаж барьж аваад үснээс минь зулгаахад нь би Р-д хандаж “Бид хоёрын нэг нь үхье” гэж хэлээд харилцан заамдалцаж аваад зууралдаад явж байхад хадам ээж миний гэдэснээс татаад болиулах гэж байсан юм. Тэр үеэр миний Раушаныг заамдаж барьж авч байсан гарнаас минь бариад чи яах гээд байна гараараа миний хуруунуудыг мушигахад нь миний зүүн талын гарын долоовор хуруу маш их өвдөж би “Хурууг минь хугалчихлаа” гэж орилоод уйлаад суучихсан юм. ... Би Раушаны гарыг нь өөрөөсөө салгахын тулд би түүний цээжнээс нь хойшоо түлхсэн юм. Мөн мөрний тус газарт нь гараараа цохисон. Харин 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зүүн болон баруун талын гарын булчингийн газарт 2 удаа цохисон. Маргааш нь бид хоёр харилцан заамдалцаж аваад явж байхад би түүнийг сэгсрэх үед гарын бугалгаас нь барьсан юм. ...Би хохирол гэж 150000 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг Раушан төлж өгсөн байгаа. Өөр нэхэмжлэх зүйлгүй. Би Р-ы биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 66-67 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Мөрдөн байцаалтын шатанд Т.Р-ы хохирогчоор өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн үед би ээжийн гэрийн 3 саалийн ямааг ямаа хариулдаг хүнээс очиж аваад гэрт авчраад бэр болох М-д “Ямааг саагаарай” гэж хэлтэл М “Чи ядуу шүү дээ. Эцгийн чинь толгой” гэх мэтээр хэл амаар доромжлохоор нь би түүний баруун талын хацарт нь нэг удаа алгадтал намайг сэгсэрч баруун, зүүн хоёр талын гарын гадна булчин талд нь гараараа цохиж гарнаас минь барьж аваад сэгсрэхэд нь би М “Чи болиод өгөөч” гэж хэлсэн боловч болихгүй байсан. Тэр хооронд Б орж ирээд “Та хоёр болиоч” гэж хэлээд болиулаад намайг “Та гэртээ харь” гэж хэлээд явуулсан. Тухайн өдөр манай аав, ээж хоёр хөдөө Алтай сум руу хүний ажил явдалд оролцохоор явсан байсан ба 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр аав, ээж хоёр ирэхэд нь би ээжид М намайг зодоод гарыг минь хөхрүүлчихлээ гээд гарын хөхөрч байсан хэсэг газрыг үзүүлсэн. Тухайн үед орой 18 цагийн үе болж байсан ба М-д ээж очоод “Бид нар байхгүй байх үеэр та нар яагаад хэрэлдэж зодолдоод байгаа юм бэ, ичихгүй юм уу” гэж хэлсэн байсан. Түүнийг нь сонссон М “Чи муу мануухай, ядуу амьтан, чамайг би өөрийн гараар алах болно” гэж манай гэрт орж ирэхэд нь ээж “Чи боль” гэж хэлэхэд хүч өгөлгүй миний өмсөж байсан хар өнгийн цамцны захнаас заамдаж барьж аваад, миний цамцны заханд өөрийнхөө гарыг ороогоод барьчихсан намайг боомилж тавихгүй байхаар нь би түүний гарыг нь тавиулахаар түлхтэл түүний миний гар гэж хэлээд уйлаад манай гэрээс гарахгүй сууж байхад нь Б орж ирээд түүнийг гаргаад явуулсан. Тухайн үед манай ээж гэрт байсан юм. Сүүлд Б орж ирсэн юм. Би түүний гарыг нь түлхээд өөрөө газарт уначихсан юм. Түүний дараагаар миний толгой өвдөж, зүрх савлаж гэртээ орон дээрээ хэвтээд юу болсныг мэдээгүй. ...Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Би М-ийг уучилсан. Намайг манай гэрийнхэн Балдырган гэж хоч нэрээр дууддаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

                - Мөрдөн байцаалтын шатанд М.М-ийн хохирогчоор өгсөн: “...Тэгтэл Раушан “Чи муу авгай яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд миний захнаас заамдаж барьж аваад үснээс минь зулгаахад нь би Р-д хандаж бид хоёрын нэг нь үхье гэж хэлээд харилцан заамдалцаж аваад зууралдаад явж байхад хадам ээж миний гэдэснээс татаад болиулах гэж байсан юм. Тэр үеэр миний Р-ыг заамдаж барьж авч байсан гарнаас минь бариад чи яах гээд байна гэж гараараа миний хуруунуудыг мушгихад нь миний зүүн талын гарын долоовор хуруу маш их өвдөж би хурууг минь хугалчихлаа гэж орилоод уйлаад суусан юм. ...Р одоо 6 сартай жирэмсэн юм. Т.Р 5 сартай жирэмсэн байхдаа жирэмсний мөнгө авч эхэлнэ гэж хадам ээж М-д хэлж байхад нь би сонссон. Би Ра-ыг жирэмсэн гэдгийг Т.Р бид хоёр зодолдохоос өмнө мэдсэн байсан. Бид хоёр маргалдаад явж байхад Т.Р-ы гэдэс нь нэлээд том болчихсон байсан. ...Би хоёр сайн дураараа эвлэрсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй. Р надад 150000 төгрөгийн хохирол төлж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

                - Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би нөхөртэй хамт Алтай сум руу яваад 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ирсэн ба хөндөөнөөс ирсэн чинь охин болох Б гэртээ дуудахаар нь очсон чинь Б-ы баруун талын гарын булчин нь хөхөрсөн байгааг үзүүлж бэр М хоёрын хооронд болсон асуудлын талаар надад хэлсэн ба би гэртээ ирээд М-ээс учрыг асуусан чинь “Тэр авгайг дахиад зодно яадгийн” гээд ерөөсөө надад үг хэлүүлэхгүй байхаар нь би сүүлдээ чиний зөв гээд аргадсан ба тэгээд байж байхад М Балдырганы гэрт очиж хэрүүл маргаан гаргаж Б-ыг заамдаж барьж авсан ба би тэр хоёрыг болиулах гээд дийлээгүй. М Б-ыг заамдаж барьж аваад гараа тавихгүй болохоор нь Балдырган М-ийн гарыг хүчтэй татаж байж гарын тавиулсан чинь М гар гар гээд байсан. Тэгээд би нөхрийг нь дуудаж байж Б-ы гэрээс гарсан ба гадаа гарчхаад Балдырганы гэр рүү чулуу шидэж гэрт орохгүй болохоор нь М-ийг нөхөр нь гэр рүү арай гэж чирч оруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

                - Гэрч Х.Ш-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гэртээ оруулаад М-ээс юу болсон талаар асуухад “Раушан ямаа саа гэхэд нь би хүүхдийнхээ өмдийг сольж байна, саана шүү дээ” гэж хэлсэн тэгтэл Раушан намайг алгадаад гараад явчихсан гэж хэлсэн. Тэгтэл 06 дугаар сарын 03-ны өдөр М хадам ээж нь ирээд “Та нар     яагаад           хэрэлдээд байдаг юм бэ” гэж хэлснээс болоод дахин маргалдаад М Р-ай дахин хэрэлдэж Р-ы гэрт тэр хоёр зууралдаж байгаад Р М-ийн гарыг нь мушгиснаас болоод хуруу минь хугарчихлаа гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

         -  Гэрч Т.Т-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд би сэрж ирээд бэрдээ очоод “Яагаад та нар ийм их дуу гаргаад байгаа юм бэ” гэж асуухад танай охин миний хурууг хугалчихлаа гэж нэг хуруугаа барьчихсан уг хуруу нь хавдчихсан байсан. М-д би юм хэлсэн боловч тоолгүй “Би охиныг чинь ална” гэх мэтээр хэлж байсан юм. Тухайн үед би өөрөө байхгүй байсан бөгөөд хараагүй. Гэхдээ Р-аас асуухад “Намайг боомилж заамдаж авахад нь би гарыг нь болиулахаар өөрөөсөө түлхэхэд минь түүний гар нь миний цамцанд ороогдоод хугарсан” гэж хэлсэн юм. Р-г М 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зодоод дахин 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр бас зодсон гэж хэлсэн. М Р-ыг ална гэж гүйхдээ хутга авах гэхэд нь эхнэр болиулсан гэж хэлсэн. М манай гэрт 3 жил амьдарч байгаа ба Р-тай хэрэлдэж байгаагүй. Хоорондоо харилцаа холбоо сайтай байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

           - Шинжээч эмч Е.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Т.Р-ы биеийг үзэхэд хоёр талын бугалганы хэсэгт баруун талын бугалганы хэсэгт 11см*7см, зүүн талын бугалганы хэсэгт Зсм*2см, 7см*5см-ийн хэмжээтэй хөх ягаан өнгийн цус хуралттай байсан. Энэ нь хүний биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүү цус хуралт, зөөлөн эдийн няцрал байсан учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулсан. Хүний биеийн нийт гадаргууг 9-тийн системээр хүний алганы хэмжээг 1 хувьтай тэнцүүлж үзнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/

                - Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-ы 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гаргасан №260 дугаартай: “...Иргэн Т.Р-ы биед баруун болон зүүн талын бугалганы хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт гэмтэл тогтгогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл. Иргэн Т.Р-ы биед учирсан гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-ы 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гаргасан №259 дугаартай: “...Иргэн М.М-ийн биед зүүн талын гарын 2 хурууны /долоовор/ хэсгээр хөхөрч хавдсан, зүүн талын гарын 2 дугаар хурууны 3-р шивнүүр ясны хугарал, зүүн талын хөлийн шилбэний гадна хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл. Иргэн М.М-ийн биед учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 47 дугаар хуудас/ гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Т.Р-ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч М.М нь хохирогч Т.Раушаныг жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгдэгч М.М-ийн өөрийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Иймд шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Дээрх гэмт хэргийн улмаас Т.Р, М.М нар нь хоорондоо ямар нэгэн хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Мөн Т.Р, М.М нарт холбогдох хэргийг хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

 

  1. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Р, М.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Иймд шүүгдэгч Т. М.М нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Ра-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч М.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

            Шүүх шүүгдэгч нарын эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т., М. нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй байна.

Шүүгдэгч Т.Р, М.М нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, мөн хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

  1. Шүүгдэгч Т овгийн Т-ий Р-ныг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”,

                  Шүүгдэгч Е овогт М-ийн М-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

  1. Шүүгдэгч Т.Ра-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр,

                    Шүүгдэгч М.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Р, М.М нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Р, М.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  3. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Р, М.М нар нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол хүчин хуулийн төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Р-ы эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим үнэмлэх, шүүгдэгч М.Ма-ийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх зэргийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
  5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл шүүгдэгч Т.Р, М.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  
  6.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОРЖБАЛ