Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 02

 

2017 оны 02 сарын 08 өдөр     Дугаар 127/ШШ2017/0002    Хэнтий аймаг


Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:127/2017/0001/З

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Иргэн О.Дашренчингийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн № 04 тоот тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Дашренчин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхмаа, гуравдагч этгээд Ж.Дашжамц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.      

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч О.Дашренчин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016.12.23-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал болж багийн Засаг даргад миний бие О.Дашренчин болон 4 дүгээр багийн иргэн Ж.Дашжамц /2008-2016 онд 1 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байсан/ нар нэр дэвшиж өрсөлдсөн юм. Нийт 121 сонгогч санал өгснөөс Ж.Дашжамц - 61, миний бие О.Дашренчин - 60 сонгогчийн санал авч багийн иргэдийн Нийтийн Хурлаас Ж.Дашжамцыг багийн Засаг даргад уламжлах тогтоол гарсан. Ж.Дашжамц, эхнэр Ц.Дуламсүх нар нь 4 дүгээр багаас 1 дүгээр багт шилжиж ирээгүй буюу Мөрөн сумын иргэний бүртгэлийн ажилтантай хуйвалдаж дутуу баримт бүрдүүлэн санал өгч сонгуулийг будлиантуулсан гэж үзэж байна. 2016.12.23-ны өдрийн 09 цагийн үед Мөрөн сумын иргэний бүртгэлийн ажилтан Д.Ганцэцэгээс Ж.Дашжамц /со76091119/ Ц.Дуламсүх /со74031000/ нар 4 дүгээр багаас 1 дүгээр багт шилжиж ирсэн үү гэж асуухад шилжсэн гэж хэлсэн.Тэгээд хэдхэн минутын дараа 1 дүгээр баг руу явахдаа Ж.Дашжамц гэнэт би шилжчихлээ гээд нарийн хуудас харуулаад далд хийсэн. Хэн ч уншиж, үзээгүй болно. 2016.12.26-нд Хэнтий аймгийн Иргэний бүртгэлийн газраас Ж.Дашжамц, эхнэр Ц.Дуламсүх нарын хаягийн бүртгэлийн мэдээллийн лавлагааг авахад Мөрөн сумын 4 дүгээр багийн харьяатай гэж гарч ирсэн юм. Иймээс дээрх тогтоол шийдвэрийг яаралтай шалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
        Хариуцагч Мөрөн сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга А.Энхмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Дашренчингийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна. 2016.12.23-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал Зөөлөн багийн төвд хуралдаж, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Багийн Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн. Багийн Засаг даргад Ж.Дашжамц, О.Дашренчин нар өрсөлдөж 1 хүний саналын зөрүүгээр Ж.Дашжамц санал авч багийн Засаг даргаар томилуулах тогтоол гарсан нь үнэн юм. Ж.Дашжамц нь төвийн буюу 4 дүгээр багийн иргэн, гэхдээ 1 дүгээр баг руу шилжсэн баримт, мөн 1 дүгээр багийн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй байсан. Тус хуралдааныг өмнөх иргэдийн Нийтийн Хурлын дарга Я.Даваасүрэн удирдан явуулсан бөгөөд эхний хэлэлцсэн асуудал нь иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох асуудал байсан. Ингээд иргэдийн Нийтийн Хурлын даргаар намайг сонгосон. Би сонгогдсон тул цааш нь хуралдааныг удирдаад багийн Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн. Тухайн үед санал тооллогын комисст Д.Аюуш, Д.Оюунтунгалаг, Л.Мөнхтөр нар байсан. Эдгээр хүмүүс багийн Засаг даргад нэр дэвшигчдийг бүртгэсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 12 сарын 23 ны өдрийн 04 дүгээр тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
    Гуравдагч этгээд Ж.Дашжамц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн иргэн О.Дашренчин тус шүүхэд 2017 оны 01 сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ ...... Ж.Дашжамц, Ц.Дуламсүх нар тус сумын 4 дүгээр багаас шилжиж ирэлгүйгээр иргэний бүртгэлийн ажилтантай хуйвалдан сонгууль будлиантуулсан. Сонгуулийг хууль ёсны явуулаагүй ........ талаар дурдсан байна. Гэвч миний бие эхнэр Ц.Дуламсүхийн хамт 2016 оны 12 сарын 23-ны өдөр оршин суугаа 4 дүгээр багаас шилжилт хийлгэн 1 дүгээр багийн төв дээр очиж сонгуулиа өгсөн. Миний шилжилт хийлгэж 1 дүгээр багт очиж сонгууль өгсөн үйлдэл нь Сонгуулийн тухай хуулиар хориглоогүй, сонгуулийн дүнг хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд хууль ёсны дагуу явагдсан үйлдэл юм. Иргэн О.Дашренчингийн гомдолд дурдсанаар сонгуулийн үйл ажиллагааг будлиантуулаагүй бөгөөд энэ талаар холбогдох хүмүүсийн тайлбар, иргэний бүртгэл мэдээллийн лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдоно гэж үзэж байна. Иргэн О.Дашренчингийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
    Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Мөрөн сумын Зөөлөн багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, дахин багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулна гэсэн нөхцөлтэйгээр эвлэрлийн гэрээг бүх талууд санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг уншиж танилцлаа гэжээ.
        
ҮНДЭСЛЭХ нь:

Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан "Багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн № 04 тоот тогтоолыг хүчингүй болгуулах ” шаардлага бүхий нэхэмжлэлийг иргэн О.Дашренчин шүүхэд гаргажээ. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “ нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй", 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” гэж тус тус заасан бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нар нь харилцан ойлголцож, маргаж буй асуудлаараа эвлэрэн хэлэлцэж, шүүх хуралдаан дээр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 
Хэргийн оролцогч нар нь Мөрөн сумын Зөөлөн багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, дахин багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулна гэж эвлэрсэн нь хуульд харшлаагүйн дээр бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.
Иймд хэргийн оролцогч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 
Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарт тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхээс эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгсөн болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон 
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг баримтлан иргэн О.Дашренчингийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох "Багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн № 04 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийн оролцогч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
    2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар тухайн маргаанаар дахин нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ.