Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 382

 

 А.Чгийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын

хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   М.Батсуурь,

                                                   Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр  сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0274 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 448 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Эыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр  сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0274 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Чгийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн б/71 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 448 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 274 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад  “...цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Чгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. А.Ч миний бие нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн б/71 дугаартай тушаалыг хүчингүй болгох, цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0274 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 448 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

4. А.Ч миний бие нь 2019 оны 6 дугаар сарын 27-ний өдөр албан өрөөндөө ажлаа хийгээд сууж байхад хэлтсийн дарга Н.Ариунаа орж ирээд чи согтуу байна гэх зэргээр хэлж, үнэртүүл гээд согтуу байна гэхэд нь би “Салимон” гэдэг дархлаа сэргээх спиртийн 30%-ийн агууламжтай хандмалыг хэрэглэсэн юм гэж хэлсэн. Удахгүй 2 цагдаа ирж багаж гаргаж ирээд үлээ гэсэн, үлээхэд 0.09 % гарч ирсэн бөгөөд, цагдаа нь энэ бол эм тариа ч байж болно гэсэн. Тэгээд намайг ёс зүйн хороогоор оруулна зөрчил гаргасан гэж хэлсэн бөгөөд “Ёс зүйн зөвлөл” хуралдсан гэх боловч “ёс зүйн зөвлөл’’-өөс надад хариу ирүүлээгүй, даргын тушаалаар арга хэмжээ авсан талаар мэдэгдэж, “Ёс зүйн зөвлөл”-ийн тогтоолыг танилцуулахгүй гэсэн бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн б/71 дугаартай тушаалыг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр бичиг хэргээс шаардаж байж авсан. 2019 оны б/71 дугаартай даргын тушаалтай танилцахад ямар ч хууль зүйн үндэслэлгүй гарсан тул тушаалд гомдол гаргасан.

5. Тушаал үндэслэх хэсэгт ... Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалтыг үндэслэл болгох боломжгүй юм. Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь дээрх хуулийн заалтыг баримтлах ямар ч эрх зүйн үндэслэлгүй. Энэ хуулийн заалт нь зөвхөн агентлагийн дарга тушаал гаргахад хэрэглэх заалт.

6. Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрэм”-ийн 6 дугаар зүйлийн 6.7-д зааснаар А.Ч надад “Ёс зүйн зөвлөл”-өөс гарсан “тогтоол”-ыг танилцуулах ёстой, надад танилцуулаагүй. Миний гаргасан гомдлын дагуу Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/208 дугаар албан тоотоор хариу өгөхдөө Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага нь бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, өөрөөр хэлбэл захиргааны шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах ёстой боловч хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй.

7. Сонсох ажиллагааны зорилго нь тухайн захиргааны актыг батлан гаргахын өмнө шийдвэр гаргах ажиллагаанд эрх нь хөндөгдөж байгаа албан хаагчийг оролцуулах, оролцоог хангах замаар албан хаагчид тайлбар, нотлох баримт гаргах боломж олгох, захиргааны байгууллагаас бодит нөхцөл байдлын талаар дахин шалгах зүйл байгаа эсэхийг нягтлах, дутуу судалсан алдааг залруулах зэрэг үр дагаврыг агуулах бөгөөд эцсийн дүнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарахад чиглэгдэх ёстой.

8. Хуулийн заалтыг баримтлаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх дээрх хуулийн заалтад ямар нэгэн тайлбар хийгээгүй нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж ойлгогдохоор байна. Шүүхийн шийдвэрт “... А.Ч нь хэдийгээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч хэлтсийн даргатай маргалдаж, зүй бус авирлан байгууллагын дотоод журам зөрчсөн үйлдэл гаргасан талаар хариуцагчаас нотлох баримт ирүүлсэн нь ... 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн б/71 дүгээр тушаал нь хуульд нийцсэн байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн.

9. Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/208, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 01/91 дугаартай албан бичгүүдээр А.Ч миний гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байдаг бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг баримтлан ажиллана уу гэсэн хариуг Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газрын даргад хариуг явуулсан байдаг.

10. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж миний хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын албан бичгүүдэд 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн б/71 дүгээр тушаалыг гаргахдаа Шинрай төслийн мэргэжилтэн Т.С болон орчуулагч Б.Э, Хүний нөөцийн мэргэжилтэн Ч.Ч нарын гаргасан тайлбарыг үндэслэсэн гэх боловч дээрх нэр бүхий төслийн ажилтан нар нь 2019 оны 10 дугаар сарын 29-нд тайлбар гаргаж өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулна гэснийг зөрчсөн ба тухайн үед тушаал гарах үед байгаагүй тайлбарыг нөхөн хийж шүүхэд гаргаж өгсөн.

11. Миний бие нь тухайн гомдлыг гаргаж байхад Нийслэлийн нийгмийн даатгалын газарт манай хэлтсээс 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 542 албан тоотоор 22 хуудас нотлох баримтыг хүргүүлсэн бөгөөд тус хүргүүлсэн нотлох баримтанд төслийн мэргэжилтэн Т.С болон орчуулагч Б.Э, Г.Г, Ч.Ч нарын тайлбар байхгүй байсан. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “... Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ...” 24.3.Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ...” 24.4.Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно...” гэсэн хуулийн заалтыг зөрчиж тушаал гаргаж хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж байгаа нь давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

12. Учир нь захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлийг баримтлан захиргааны акт гаргах ажиллагааг явуулах ёстой байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн б/71 дүгээр тушаалд дээрх хуулийн заалтад нийцэж гарсан эсэхэд дүгнэлт хийгээгүй нь хуулийг зөв хэрэглээгүй гэж үзэхээр байна.

13. Мөн тушаалд “хөдөлмөрийн дотоод журам”-ыг баримталсан байдаг бөгөөд Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын хэдний өдрийн хэд дугаар тушаалаар баталсан нь тодорхойгүй. “хөдөлмөрийн дотоод журам”-ын “хяналт шалгалт” гэх 10 дугаар хэсгийн 10.3, 10.3.4 заалтыг үндэслэл болгосон боловч “хөдөлмөрийн дотоод журам”-д 10.3 дугаар хэсэг гэж 2 заалт давхардаж бичигдсэн. Алийг нь баримталсан нь тодорхойгүй. “хөдөлмөрийн дотоод журам”-д 10.3.4 дүгээр гэж огт байхгүй заалт үндэслэл болгосон байдаг.

14. Шүүх нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн а/04 дүгээр тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 11.1, 11.1.2, 5.2.12, 5.4.7, 10.3.4 заалтыг баримталсан гэх утгатай зүйлийг үндэслэх хэсэгтээ бичсэн боловч 2019 -07-16-ны өдрийн 6/71 дүгээр тушаалд “хөдөлмөрийн дотоод журам"-ын 3.1, 5.2.6, 10.3, 10.3.4 зүйлүүдийг баримтласан байна. 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн б/71 дүгээр тушаал нь Байгууллагын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн а/04 дүгээр тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”, 2019 оны 07 дугаар сарын хэдний өдрийн хэд дугаар тушаалаар баталсан нь тодорхойгүй “Хөдөлмөрийн дотоод журам”-ын алийг нь хэрэглэсэн мэдэгдэхгүй, Анхан шатны шүүх дээрх 2 “Хөдөлмөрийн дотоод журам”-ын алийг нь тухайн тушаалд тусгаж шийдвэрлэсэн эсэхийг тогтоогоогүй, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн а/04 дүгээр тушаалаар батлагдсан "Хөдөлмөрийн дотоод журам”-ыг баримталсан гэж энэ талаар Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2019-10-04-ны өдрийн 01/208, 2020-04-13-ны өдрийн 01/91 дугаартай албан бичгүүдээр тодорхой дурдсан байгаа болно. Яагаад шүүх илтэд хууль зүйн үндэслэлгүй, алдаатай гарсан тушаалыг хуульд нийцсэн гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.

15. Иймд анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0274 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 448 дугаартай магадлалыг хүчингүй болгож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

16. Нэхэмжлэгч А.Ч нь “Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

17. Маргаан бүхий, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/71 дүгээр тушаалаар, ...Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2, ...хэлтсийн Ёс зүйн зөвлөлийн 1 дүгээр тогтоол, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.1, 5.2.6, 10.3, 10.3.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн, Хяналт шалгалтын байцаагч А.Ч нь  “ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэн танхайрч, бусдыг хэл амаар доромжилж зүй бусаар авирласан” гэсэн үндэслэлээр 3 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулжээ.

18. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч А.Чгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна. 

19. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг тодорхойлсон бөгөөд 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэгтэй гэж, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна; ...48.1.2.албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж хуульчилжээ.

20. Мөн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.2-т “Ажилтан дараах үүрэг хүлээнэ; 5.2.1-д ...төрийн албанд тавигдах зарчим, шаардлага, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, нийгмийн даатгалын ажилтнуудын ёс зүйн дүрмийг чанд сахина”, ...11.1-д “Ажилтан холбогдох хууль тогтоомж, өргөсөн тангараг, энэхүү журмын ...5.2-т заасан үүргээ биелүүлээгүй бол тухайн зөрчлийн шинж байдал, ...зэргийг харгалзан ажилтанд дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна; ...11.1.2 үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж тус тус заасан.

21. Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ёс зүйн зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, тайлбар болон бусад нотлох баримтуудаар нэхэмжлэгч А.Ч нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ажлын байранд хэлтсийн дарга Н.А, нарийн бичгийн дарга Г.Г нартай хэрүүл маргаан үүсгэн зүй бусаар авирлаж, байгууллагын дотоод журам зөрчсөн нь тогтоогдсон, иймд нэхэмжлэгчид сахилгын шийтгэлийг ногдуулсан Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/71 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.2-т заасантай нийцсэн, энэ талаар 2 шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ. Харин маргаан бүхий захиргааны актын үндэслэлд А.Чг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн гэж буруутгасан байх боловч анхан шатны шүүхээс, нэхэмжлэгчийг согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэхгүй талаар /Цагдаагийн байгууллагын тогтоосон үзлэгээр 0.09 хувийн согтолттой гэж тогтоосон/ хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.   

22. Нэхэмжлэгч А.Ч нь Н.Агаас түүнд холбогдуулан гаргасан гомдлыг хэлэлцсэн тус хэлтсийн Ёс зүйн зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуралд биечлэн оролцож тайлбар, мэдүүлгээ гаргасан зэргээс үзэхэд хариуцагч захиргааны байгууллага түүнийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, захиргааны актыг танилцуулаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй гэж үзэх үндэслэлгүй талаар шүүхүүд мөн зөв дүгнэжээ. Иймд нэхэмжлэгчийн “...надад “Ёс зүйн зөвлөл”-өөс гарсан “тогтоол”-ыг танилцуулаагүй. ...захиргааны байгууллага нь бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй. ...шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн...” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

23. Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 448 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Ч.ТУНГАЛАГ

                                     ШҮҮГЧ                                                              Б.МӨНХТУЯА