Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/100

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

улсын яллагч Х.Ө,

нарийн бичгийн дарга К.Е,

орчуулагч Ж.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б,

шүүгдэгч С.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Жумабайд холбогдох 1813001810130 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Шүүгдэгч С.Ж: Б овогт С-н Ж, Монгол Улсын иргэн, яс үндэс казак, 1980 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд 2013 онд Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлд / 1 янгар буудсан/ зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, РД:БЗ************.

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч С.Ж нь 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 0306БӨА улсын дугаартай “Toёото Хайлукс” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж иргэн С.Алмагийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Ж нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим, онцлог, замын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явах, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэсэн зэрэг Замын хөдөлгеөний дүрмийн заалтуудыг зөрчсний улмаас осол гаргаж хүний амь нас хохироосон гэмт хэрэгт холбогдсон байна.

Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

-Шүүгдэгч С.Ж-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...миний төрсөн охин дүү болох С.А-ийн нөхөр нь болох Д.М 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ганцаараа хөдөө мотоциклтой явж байгаад осол орж унаад хөдөө хээр хэвтэж байхын шөнө олж авсан байсан юм. Тэгээд хүргэн хүү болох Д.М ухаангүй байсан болохоор би өөрийн эзэмшлийн “Toёото Хайлукс” маркийн тээврийн хэрэгсэлээр аймгийн нэгдсэн эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт авч ирж хагалгаанд оруулсан боловч ухаан ороогүй юм. Би тэр шөнө хажууд сахиж хонсон юм. Маргааш нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр сумын төв рүү явахаар болж өөрийн эзэмшилийн “Toёото Хайлукс” маркийн машинаар 15 цаг өнгөрч байхад аймгийн төвөөс гарсан юм. Зам бага зэрэг нойтон цастай халтиргаатай байсан тэгээд шарваж тэрнээс болж осол болсон гэж бодож байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэх /шүүх хуралдааны тэмдэглэл/ болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, /хх-ийн 83-84 дугаар хуудас/

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.Ж-н машинаар эхнэр болон Ерген нар сум руу явж байгаад Мухар зааг гэдэг газарт осолд орж эхнэр маань нас барсан юм. С.Ж-аас юу болсон талаар асуухад жаахан хальтиргаатай байсан шарвах үед нэг тийш мушгисан тэгээд осолд орсон гэж хэлсэн. С.Ж миний эхнэрийн төрсөн дүү болдог. Ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй яагаад гэвэл ямар нэг санаатай хийсэн асуудал биш” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/

 

-гэрч К.Е-ий мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: “...тэгээд нэг хөтөл даваад уруудаж явж байтал машин хальтирч гулгах шиг болсон өндийх зуур хоромхон хугацаанд машин онхолдсон, машин нэг бүтэн эргээд дахин дугуйн дээрээ босох шиг болсон. Жолооч С.Ж та нар амьд уу гээд орилсон ба эгч С.А машин дотор байхгүй байсан, Ж өөрөө суудлын бүсээ авч чадахгүй сандарч байхаар суудлын бүсээ тайлаарай гээд тайлуулахад машинаас буугаад тойрч гүйгээд талийгаачийг хараад орилж зугатах шиг болсон. Би жолооч талын хойд хаалгыг онгойлгож бууж ирэхэд талийгаач машины буруу талын дунд орчим дээшээ харсан хэвтэж байсан амнаас нь цусархаг хөөс гарч байсан, толгойг нь барьж өндийлгөхөд амнаас нь бүр их цус гарсан юм. Тэгээд тэр хүнийг газар орхиод жолоочийг барьж аваад эгч чинь амьд байна гээд дагуулж ирэх гэсэн боловч тэр ойртоогүй. Бид нар осолд орох үед ойролцоогоор 17 цаг байсан байх. Талийгаач хамгаалах бус хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №21 дугаартай:   “...талийгаач С А-ийн баруун талын чамархайн суурь яснуудыг хамарсан  хугарал,  тархины  эдийн няцрал, тархины хатуу хальсны доорх болон суурь хэсэгт цусан хураа зэрэг хавсарсан хүнд гэмтлүүдээс болж амьсгал, зүрх судасны төв дарангуйлагдаж нас барсан гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дугаар хуудас/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 6-13 дугаар хуудас/

-Цогцосонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 14-18 дугаар хуудас/

-Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл. зам тээврийн ослын акт, шинжээчийн зам тээврийн ослын дүгнэлт /хх-ийн 63-66 хуудас/,

-Цагдаагийн Ерөнхий газрын мэдээллийн сангийн лавлагаа /хх-ийн 93-94 дугаар хуудас/ зэргээр болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул үнэн зөв, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Иймд шүүгдэгч С.Ж-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ.

            Иймд шүүгдэгч С.Ж-н үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэснийг баримтлан 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-д оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.Ж-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын хувьд энэ хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглож, уг ялын хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг олгохгүй байх, ялын биелэлтэнд хяналт тавих ёстой.

Шүүгдэгч С.Ж-аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Ж- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Ж-ийн иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, №1222746 дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг эрүүгийн хариуцлагын биелэлтийг хангах зорилгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, №01850539 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрт буцаан олгож, түүний эзэмшлийн “Тоёото Хайлукс” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1,  36.2, 36.3, 36.5, 36.6,  36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                     

 

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Б овогт С-ийн Ж-г “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-д оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлүүлсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.Ж-аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Ж нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  25.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч С.Ж-ийн эзэмшлийн  Тоёото Хайлукс” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7. Шүүгдэгч С.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Ж-д иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, №1222746 дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, №01850539 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрт буцаан олгосугай.

 

9.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             А.ДАУРЕНБЕК