| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2026/00444/И |
| Дугаар | 318/ШШ2026/00412 |
| Огноо | 2026-04-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 318/ШШ2026/00412
| 2026 оны 04 сарын 20 өдөр | Дугаар 318/ШШ2026/00412 | Увс аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт О-ын Б-ын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Миний бие .... онд төрсөн, ........... настай. .......... онд 8 дугаар анги, 1987 онд хугацаат цэргийн албыг 3 жил хааж ирээд 1987 оны 6 дугаар сараас 1993 оны 6 дугаар сар хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт заслын туслахаар ажилласан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримт бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох анх ажилд орсон тушаал, хөдөлмөрийн дэвтэр аймгийн архиваас олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд миний 1987 оны 6 дугаар сараас 1993 оны 6 дугаар сар хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт туслахаар ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Ж.О, С.О нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд О.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Би эхнэр нь юм. О.Б нь цэргээс ирээд 1986 оны 10 дугаар сараас эхлэн Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын туслах ажилчнаар орсон. Тасралтгүй 1993 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан. 1992 оны сүүлээр Нэгдэл дундын үйлдвэр хувьчлагдаж, Нэгдэлчин ББХК болсон. Архивт байгаа тушаалаас үзэхэд 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нэгдэл дундын үйлдвэрээс чөлөөлж, мөн өдрөө компанид томилсон юм байна лээ. Иймд О.Б-ын Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл барилгын туслах ажилчнаар, Нэгдэлчин ББХК-нд 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл барилгын туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү... гэжээ.
3. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, итгэмжлэл, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагч Э.Л-ийн 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр О.Бд өгсөн зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын хэлтсээс 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 152 дугаартай тодорхойлолт, Батлан хамгаалахын төь архиваас 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гаргасан 1213 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 82 дугаартай Барилгад ажиллах ажилчид томилох тухай тушаал, Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаартай Аварга ажилчид шалгаруулах тухай тогтоол, Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1992 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай Ажилчин албан хаагчид ажлаас чөлөөлөх тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 24 дугаартай НДҮ-ийн хувьчлалын төсөл хэлэлцэх тухай тогтоол, Увс аймгийн Улаангом хотын Нэгдэлчин ББХК-ийн захирлын 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаартай Амралт олгох тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн Нэгдэлчин ББХК-ийн захирлын 1993 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай Ажлаас халах тухай тушаал, уг тушаалын хавсралт, Ж.О-ийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.О-ы иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөн түүний хөдөлмөрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 163 дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 358 дугаартай албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягт, гэрлэснийг бүртгэх анкет, гэрч Ж.О, С.О нараас мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.Бын Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл барилгын туслах ажилчнаар, Нэгдэлчин ББХК-нд 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл барилгын туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч О.Б-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч О.Б нь ажилд томилсон тушаал байгаа боловч, Нэгдэл дундыгн үйлдвэрээс чөлөөлж, компанид томилсон тушаал байхгүй, мөн хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
О.Б нь 1984 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хооронд цэргийн алба хаасан болох нь Батлан хамгаалахын төв архиваас 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаагаар тогтоогдож байна.
Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэр хувьчлагдаж Нэгдэлчин ББХК болж өөрчлөн зохион байгуулагдсан болох нь Увс аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 24 дугаартай НДҮ-ийн хувьчлалын төсөл хэлэлцэх тухай тогтоолоор нотлогджээ.
3. Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 82 дугаартай Барилгад ажиллах ажилчид томилох тухай тушаалаар Оын Быг 10 дугаар сарын 01-ний өдөр барилгын салбарт түр ажилчнаар томилжээ.
БНМАУ-ын регистрийн карт №020-д Оын Б, НДҮ, барилгын бригадад барилгачин, 1987 оноос ажиллаж эхэлсэн гэж бүртгэжээ.
Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаартай Аварга ажилчид шалгаруулах тухай тогтоолоор О-ын Б-ыг залуу аварга барилгачнаар баталжээ.
Гэрлэснийг бүртгэх анкет №26-д О-ын Б, НДҮ-т барилгачин гэж 1989 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бүртгэжээ.
Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1992 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай Ажилчин албан хаагчид ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Монгол улсын аж ахуй нэгж, өмч хувьчлалын хуулийн дагуу /НДҮ/ нь шинээр аж ахуйн нэгжээр зохион байгуулагдан ХК, ББХК болж байгааг үндэслэн ажилчин албан хаагчдыг ажлаас нь 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс чөлөөлж, тус тусын компанид томилжээ.
Увс аймгийн Улаангом хотын Нэгдэлчин ББХК-ийн захирлын 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаартай Амралт олгох тухай тушаалаар барилгачдын ээлжийн амралтыг 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож олгохоор заасан ба хавсралтын 8-рт О.Б, ажилласан жил 7, амралт эдлэх хоног 21, нэмэгдэл хоног 3 гэжээ.
Увс аймгийн Нэгдэлчин ББХК-ийн захирлын 1993 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай Ажлаас халах тухай тушаалаар 1992 онд ажиллавал зохих хоногийн 30%-иас дээш хоногоор ажил тасалсан хавсралтаар нэр бүхийн 18 хүнийг халсан ба 10-рт О.Б-ын нэр бичигджээ.
3.1. Шүүхээс гэрч Ж.О, С.О нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ж.О Миний бие 1979-1998 онуудад Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэр, Нэгдэлчин ББХК, Цагаан хөшөө ХК-д тус тус засалчнаар ажиллаж байсан. О.Б цэргээс халагдаж ирээд 1987 оноос Нэгдэлд дундын үйлдвэрт туслах ажилчнаар ажилд орж байсан. Улмаар 1993 он хүртэл Нэгдэлчин ББХК-д туслах ажилчнаар ажиллаж байгаад цомхотголд орж ажлаас гарч байсан билээ. Тухайн үед О.Б голдуу шавар зуурч зөөх, тоосго тоосго зөөх зэрэг ажил хийж байсан юм гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэр, Нэгдэлчин ББХК-нд тус тус ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч С.О Миний бие 1979-2008 онуудад Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэр, Цагаан дэглий ХК-д тус тус засалчнаар ажиллаж байсан. О.Б 1987-1993 он хүртэл Нэгдэлд дундын үйлдвэр болон Нэгдэлчин ББХК-д заслын туслах ажилчнаар ажиллаж байсан билээ. Тухайн үед Нэгдэл дундын үйлдвэр хувьчлагдаж их олон компани болж байсан юмаа. О.Б голдуу шавар зөөж хийх, тоосго зөөх, мужаан нарт банз зөөж өгөх зэрэг туслах ажил хийж байсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэр, Нэгдэлчин ББХК-нд тус тус ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Нэхэмжлэгч О.Б нь Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл барилгын туслах ажилчнаар, Нэгдэлчин ББХК-нд 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл барилгын туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 82 дугаартай Барилгад ажиллах ажилчид томилох тухай тушаал, О-ын Б, НДҮ, барилгын бригадад барилгачин, 1987 оноос ажиллаж эхэлсэн гэж бүртгэсэн ХААТР-1 маягт, Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаартай Аварга ажилчид шалгаруулах тухай тогтоол, О-ын Б, НДҮ-т барилгачин гэж 1989 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бүртгэсэн гэрлэснийг бүртгэх анкет, Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1992 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай Ажилчин албан хаагчид ажлаас чөлөөлөх тухай тушаал, Увс аймгийн Улаангом хотын Нэгдэлчин ББХК-ийн захирлын 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаартай Амралт олгох тухай тушаал, Увс аймгийн Нэгдэлчин ББХК-ийн захирлын 1993 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай Ажлаас халах тухай тушаал, гэрч Ж.О, С.О нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч О.Б-ын Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл барилгын туслах ажилчнаар, Нэгдэлчин ББХК-нд 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл барилгын туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт О-ын Б-ын Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл барилгын туслах ажилчнаар, Нэгдэлчин ББХК-нд 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл барилгын туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР