Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 099

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч Х.Ө,

Шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Н-д холбогдох 1813001430115 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Т.Н: Монгол Улсын иргэн, Ши хурман овгийн Т-ий Н-, 1973 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой,  малчин, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар БВ73011414

 

Шүүгдэгч Б.Н-ын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т овогтой Н 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр эхнэр X.С-тэй "алаг үхэр алга болсныг мэдээгүй, малыг зөв хариулсангүй” гэх асуудлаар маргалдан гэр бүлийн гишүүдийн эсрэг хэрүүл маргаан үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Х.С-ийн биед хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Т.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр эхнэр X.С-тэй "алаг үхэр алга болсныг мэдээгүй, малыг зөв хариулсангүй” гэх асуудлаар маргалдан гэр бүлийн гишүүдийн эсрэг хэрүүл маргаан үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Х.С-лийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- Шүүгдэгч Т.Н-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 04-р сарын 02-ны өдөр өглөө хөрш айлын хүн Өркений мотоциклд сундлаад хөдөө нууранд адуунд очоод 16 цагийн үед гэрт ирсэн. Би хөдөөнөөс ирээд хашаанд очоод буцаад гэрт ирэхэд алаг үхэр алга болсоныг мэдээгүй юм. Алаг үхэр шаварт унасан байна гээд хөрш айлын хүнд С гэдэг хүн залгаж хэлсэн байна. Тэгээд би хүүхдүүдээс үхэрэнд өвс өгөхөд алаг үхэрийг харсан уу гэхэд тэд анзаараагүй, мэдэхгүй гэж хэлэхээр нь би хүүхдүүдэд уурлаж та нар яагаад малаа харахгүй байна гэхэд эхнэр С чи хүүхдүүд рүү уурлаж байна гэж бид хоёр маргалдсан. Тэгээд эхнэр бид хоёр маргаад бие бие рүүгээ салаавч гаргасан юм. Мөн эхнэр надад өвдөж байгаа хүүхэд тэр чи яах гээд байнаа гэхээр нь би тахир дутуу хүүхдийг яах ёстой гэхэд С надад чи тахир дутуу гэж хэллээ гээд гарт байсан аягтай цайг миний нүүр лүү цацсан. Тэр үед би Сайрагүлийн зүүн нүүр лүү нь гараар нэг алгадсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Хохирогч Х.С-ийн мөрдөн байцаалтын шатанд  өгсөн: " ...2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нөхөр Т.Нөглөө эрт адуугаа хариулаад ирнэ гээд мотоциклээр явсан. Тэр өдөр хүүхдүүд 16 цагийн үед малыг хашаанд оруулсан Дараа нь үхэрүүдэд өвс хаясан. Тэр үед алаг үхэр алга болсныг хүүхдүүд мэдээгүй байна. Т.Н өөрөө 16 цагийн үед гэрт ирсэн байсан. Өөрөө хашаанд орж гараад явж байсан ба алаг үхэр алга болсныг өөрөө ч хараагүй байна. Тэгээд нөхөр маань алаг үхэр шаварт унасаныг нэг хүнээс сонссон байна. Хүүхдүүдэд та нар яагаад үхэрийг харахгүй байгаа юм бэ гээд хэрүүл гаргаад хүүхдүүдийг хэл амаар доромжилон хараалын үг хэлсэн. Тэр үед би нөхөртөө чи өөрөө ч гэсэн малын хашаанд очсон биз дээ. Өөрөө яагаад хараагүй юм бэ гэхэд Т.Н надад салаавч гарган алаг үхэр үхвэл та нар юугаа идэх юм бэ гэж хэрүүл гаргасан. Манай бага хүү тахир дутуу өвчтэй ба та нар эхнээсээ тахир дутуу болж байгаа. Та нар ингэж тахир дутуу болцгоо гэхээр нь өөдөөс нь би одоо боль алаг бярууны хойноос үхэх гэж байна уу, чи одоо өвчтэй хүүхэд болох А-г доромжилдог болоо юу гэхээр надад дахин салаавч гаргаад, гараа миний ам руу оруулах гэхээр ууж байсан аяганд байсан цайг нөхөр Т.Н-ын нүүр лүү цацахад миний зүүн талын нүүр, хацар луу нэг цохиод дараа нь миний баруун нүр лүү нэг цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 13-17 дугаар хуудас/,

- Гэрч Н.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 эны 04 дүгээр сарын 02-ны өдөр 19 цагийн үед байх гэрт байхад аав гаднаас орж ирээл малыг яагаад харахгүй байгаа юм бэ алаг үхэр шаварт унасан байна гэж бидэнд уурлаж та нарын малыг харахгүй байна гэж хэлсэн. Бид бүгд гэртээ цай ууж байсан. Тэгээл аавд ээж чи өөрөө малын хажууд очсон биз дээ өөрөө яагаад малаа хараагүй юм бэ? гэж хэлсэн. Тэр үед аав ээжтэй маргаж хэрүүл маргаан гаргаж эхэлсэн. Аав надад чи юу хийж байгаа юм бэ, малыг яагаад харахгүй байгаа юм бэ гэж хэлсэн ба манай бага дүү тахир дутуу хүүхэд байсан,  ээж гал тогооны өрөөнд авч ирж сандалд суулгаж байхад та нар эхнээсээ эхлээд тахир дутуу болж байна гэж хэлэхэд ээж тэр үгэнд нь уурлаж аяганд байсан цайг аавын нүүр лүү цацсан. Тэр үед аав сандалаас босч ирж ээжийн толгой руу цохисон. Мөн замдаж аваад нүүр лүү нь алгадсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 180 дугаартай: “...Иргэн Х.С-ийн биед тархины няцралттай, доргилттой, зулайны баруун тапд хавдартай, зулайн дунд гол хэсэгт хавдартай, цус хуралттай, зулайн зүүн хэсэгт хавдартай, хүзүүний арын хэсэгт хавдартай, цус хуралттай хүзүүний хөдөлгөөн хязгаарлагдсан зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу нохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр саринуулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Гэмтэл нь шинэ гэмтэл ба 1-10 хоногт үүссэн гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно  гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

            Шүүгдэгч Т.Н-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.С-ийн биед тархины няцралттай, доргилттой, зулайны баруун тапд хавдартай, зулайн дунд гол хэсэгт хавдартай, цус хуралттай, зулайн зүүн хэсэгт хавдартай, хүзүүний арын хэсэгт хавдартай, цус хуралттай хүзүүний хөдөлгөөн хязгаарлагдсан зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтлүүд учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын   2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 180 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл  тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Т.Н-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Н-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Н-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Өлгий сумын Засаг даргын тамгын газрын Хот тохижуулах албанд/ хийж гүйцэтгэхийг даалгах нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүгдэгч Т.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Ш хурман овгийн Т-ий Н-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Т.Н-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Өлгий сумын Засаг даргын тамгын газрын Хот тохижуулах албанд/ хийж гүйцэтгэхийг даалгасугай.

 6. Шүүгдэгч Т.Н нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Т.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Т.Н-ын 001415016 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК