Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01776

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01776

 

Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/02427 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д ХХК

Хариуцагч: Ц ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт нийт 74,530,635 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Нямсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ц ХХК нь манай компанитай 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 14 нэр төрлийн 49,190,000 төгрөгийн, 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 20 нэр төрлийн 50,497,090 төгрөгийн, нийт 99,687,090 төгрөгийн хүнд машин, механизмын сэлбэг хэрэгслийг зээлээр худалдан авч, төлбөр тооцоог 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс сар бүрийн 25-ны өдөр 20,000,000 төгрөг төлөх график гарган 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үлдсэн 19,687,090 төгрөгийг төлж дуусгах, хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөг, мөн өдрөө 10,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 49,687,090 төгрөгийг төлөөгүй тул алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 24,843,545 төгрөг, нийт 74,530,635 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагаас алданги 24,843,545 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Учир нь, талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ хуульд заасны дагуу бичгээр байгуулагдаагүй. Зарим төлбөрийг бэлэн мөнгөөр нэхэмжлэгчид өгсөн учраас манайд баримт байхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц ХХК-аас 49,687,090 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,843,545 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 406,385 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 755,603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Шийдвэрт хариуцагч 49,190,000 төгрөгийн талаар маргаагүй гэжээ. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэс болж буй хуулбар гар бичмэлийн эх хувийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангахаас илт үндэслэлгүй татгалзсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Шүүх Д ХХК-ийн одоогийн гүйцэтгэх захирал хэн болох талаар нотлох баримтыг Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулах тухай хүсэлтийг хангаж, төлбөр төлөх хуваарь буюу гар бичмэлийг гаргуулах тухай хүсэлтийг хангаагүй. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дахин дээрх хүсэлтийг хариуцагч талаас гаргахад урьд шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн учир хүчин төгөлдөр гэж үзэн хүлээн аваагүй. Талууд төлбөр төлөх хуваарийг хоёр талын нягтлан бодогч нарыг байлцуулан байгуулсан. Тус баримт талуудад тус бүр 1 хувь байгаа. Хэргийн үйл баримтын талаар хариуцагч талаас маргадаггүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгчийн зүгээс ямар асуудалд маргаж байна вэ гэж асуухад үндсэн төлбөр 49,865,000 төгрөгт маргахгүй, алданги болох 24,843,545 төгрөгт маргаж байна гэж хэлдэг. Анхан шатны шүүхээс алдангийг хэрэгсэхгүй болгож, үндсэн төлбөр 49,865,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 49,687,090 төгрөг, алданги 24,843,545 төгрөг, нийт 74,530,635 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх 1-2, 29/

Хариуцагч нь дээрх шаардлагаас алданги 24,843,545 төгрөгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй гэж үгүйсгэн маргажээ. /хх 49, 76-77/

3. Хэрэгт авагдсан 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр талуудын үйлдсэн гар бичмэл /хх 7/, Хаан банк дахь 00000000 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх 24-25/ зэргээс үзвэл Д ХХК нь Ц ХХК-д нийт 99,687,090 төгрөгийн үнэ бүхий машин механизмын сэлбэг хэрэгсэл нийлүүлсэн, үүнээс Ц ХХК нь нийт 50,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв дүгнэжээ.

4. Үлдэгдэл төлбөр 49,190,000 төгрөгийн талаар маргасан байхад анхан шатны шүүх маргаагүй гэж дүгнэсэн гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Учир нь, шүүх хуралдааны явцад ...үндсэн төлбөр 49,687,090 төгрөгийн хувьд маргахгүй, алдангийн талаар маргаж байна... гэсэн агуулга бүхий тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх тул холбогдох гомдол үндэслэлгүй. /хх 76-77/

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөхөөр зохицуулжээ.

Хэргийн 7 дугаар талд авагдсан тооцоо нийлсэн агуулгатай гар бичмэлийн үнэн зөвийг нотариатч гэрчилсэн байх тул шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

6. Анхан шатны шүүх ...талууд хуульд заасны дагуу алдангийн талаар тохиролцсон, мөн гэрээг бичгээр хийсэн гэж үзэх боломжгүй... гэж дүгнэн нэхэмжлэгчийн шаардсан 24,843,545 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/02427 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр урьдчилан төлсөн 406,385 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

М.БАЯСГАЛАН