| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2018/0084/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/105 |
| Огноо | 2018-07-09 |
| Зүйл хэсэг | 24.6.2.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/105
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Е,
Орчуулагч, хэлмэрч Ж.А,
Улсын яллагч Т.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А,
Шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Б-ээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813001780131 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 05 дугаар сарын 17-нд Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс казах, тус аймгийн Баяннуур сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн Х-ын М. /Регистрийн дугаар БВ***********/
Шүүгдэгч Х.М-ы холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.М нь зохих зөвшөөрөлгүй ойгоос 65 ширхэг буюу 0,4273 шоометр бургас модыг бэлтгэж байгаль экологит 69222 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
- Шүүгдэгч Х.М-ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Миний бие 2017 оны 12 дугаар сард “Харгант арал” гэх газраас гэрийн унь хийх зорилгоор 65 ширхэг бургас мод бэлтгэсэн. Миний бие Баяннуур сумын нэн ядуу иргэдийн нэг юм. Эсгий гэртэй болох санаагаар бэлдсэн. Уг модыг ойгоос огтлоход ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Би өөрөө ойн нөхөрлөлийн гишүүн ба өөрөө уг Харгант аралыг хамгаалдаг болохоор авсан юм. Уг модыг би өөрөө ганцаараа хэд хэдэн удаа явж байгаад огтолсон. Өдөртөө 10-15 мод бэлтгэсээр байгаад 65 ширхэг мод бэлтгэсэн. Нийт 65 ширхэг гэрийн унь бэлдсэн. Хийсэн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч К.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр X.М нь 2017 оны 12 дугаар сард манай өвөлжөө “Харгант арал” гэх газраас мод бэлтгэж хашаанд буулгаж 4 дүгээр сард эсгий гэрийн унь бэлдсэн. Манайд эсгий гэр байхгүй учраас гэрийн унь бэлдсэн. Зөвшөөрөл аваагүй ганцаараа бэлтгэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Ж.Е-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжилж байна. Учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-р хуудас/ зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.М-ны дээрх хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид 69222 төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь Байгал орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Х-ын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “...Баяннуур сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Харгант арал” гэх газарт байгаа ой мод нь Улсын тусгай хамгаалалттай газарт хамаарагдахгүй. Бэлдсэн мод нь бургас мод байна. Бургас модыг хатаж гэрийн мод болгосон тул хэзээ огтолсныг тогтоох боломжгүй байна. Нийт 65 ширхэг бөөрөнхий мод 0.4273 шоометр байна. Мужийн бургас мод нь 90000 төг х0.4273 шоометр х1.8 хэрэглээний бөөрөнхий модны итгэлцүүр = 69222 төгрөг экологи-эдийн засагт бодит үнэлгээ.” гэх /хх-ийн 19-20 дугаар хуудас/ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Иймд шүүгдэгч Х.М-ыг прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Х.М нь Баяннуур сумын “Харгант арал” гэдэг арлын ойгоос 65 ширхэг буюу 0,4273 шоометр бургас модыг зохих зөвшөөрөлгүй бэлдэж байгаль экологит 69222 төгрөгийн бодит хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Х.М нь уг 69222 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг болон хохирол төлсөн баримт зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Х.М-ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.М-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Х.М-ы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, зэргийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 /дөрвөн зуун тавь/ нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун жар/ нэгжийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.
Шүүгдэгч Х.М-ы гэмт хэрэг үйлдэж олсон 65 ширхэг буюу 0,4273 шоометр бургас модыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, мөн хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ