Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 096

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нарийн бичгийн дарга К.Е,

Хэлмэрч Т.М

Улсын яллагч Х.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

Хохирогч С.А,

Шүүгдэгч А.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-ээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813001900114 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н овгийн А-ы Е, 1991 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр баг, Хөх хадын 34-3 тоотод оршин суудаг, урьд 2009 оны 01 дүгээр сарын 26-нд тус аймаг дахь Сум дундын шүүхийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар ял хойшлуулсан, регистрийн дугаар БЮ91040510

 

Шүүгдэгч А.Е-ын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А-ы Е нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн үед хоорондоо үүссэн таарамжгүй харьцааны улмаас өөрийн эхнэр М.А-ыг 3-4 сартай жирэмсэн болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1. Шүүгдэгч А.Е-л нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн үед хоорондоо үүссэн таарамжгүй харьцааны улмаас өөрийн эхнэр М.А-ыг 3-4 сартай жирэмсэн болохыг мэдсээр байж зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

            Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 251 дугаартай: “1...Иргэн С.А-ы биед ар нурууны баруун   далны   доод   хэсэгт   хөх   ягаан   туяатай   цус   хуралттай,   нурууны   хөдөлгөөн хязгаарлагдсан. Зүүн бугалганд хөх ягаан туяатай цус хуралттай, хүзүүний баруун талд хөх  ягаан  өнгийн туяатай  цус хуралттай.  Хүзүүний  зүүн  талд хөх  ягаан туяатай  цус хуралттай,  баруун  талд аюулхай  орчим  эмзэглэлтэй,  булчингийн  чангаралттай  гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн  үйлчлэлээр үүссэн болно.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Ерөнхий     хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Иргэн С.А-н 3-4 сартай жирэмсэн” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/-ээр хохирогч С.А-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

 

            Хохирогч С.А-ы эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч А.Е учруулсан болох нь:

- Шүүгдэгч А.Е-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр үед миний нүүр лүү цайны идээ цацсан бөгөөд би уг үйлдлээс нь болж уурлаж нэг удаа цээжин хэсэгт түлхэх үед хойшоо нуруугаараа зуухыг мөргөж суусан. Тэр үед толгой руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд цамцны захаас нь татаж босгосон. Тэрнийг хадам аав хараад салгаж авсан ба С.А цагдаа дуудсан. ...Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Хохирогч С.А-ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Нөхөр өглөө ажилдаа яваад орой ирдэг байсан ба 5 дугаар сарын 29-ний өдрийн орой 20 цаг өнгөрөөж гэрт ирсэн. Тэр үед бэр эгч болох А надад “Чи утастай бол хөдөө байдаг хүргэн ах руу залгаад манай нөхөр очсон талаар асуугаад өгөөч. Би нэгжгүй болсон байна.” гэхээр нь би нөхрийн утсыг аваад хөдөө байдаг ахын жи мобайл дугаар луу залгаж ярьсан. Буцаад эгчдээ хариу хэлсэн. Тэгтэл миний нөхөр А.Е “Чи мобиком руу залгасан уу, өөр сүлжээний дугаар луу залгасан уу” гэхээр нь би “Жи мобайлын дугаар луу залгалаа” гэхэд “Наадах чинь дараа төлбөрт дугаар. Чи яах гэж өөр сүлжээний дугаар луу залгасан юм бэ? сарын сүүлээр их мөнгө гарна” гэж хэлснээс болоод бид хоёр маргасан юм. Тэр үед би гараараа чичлээд “Чи ингэж ярихаа боль” гэхэд миний баруун талын гарын буглаг хэсэг рүү гараараа цохисон. Тэр үед миний гарт байсан цайны идээг шүүдэг шүүлтүүр байсан. Тэрээр миний гарыг цохисноос болоод шүүлтүүрт байсан цайны идээ түүний нүүр лүү цацагдсан. Тэрнээс болж “Чи миний нүүр лүү цайны идээг цацлаа” гэж цээжин тус газар түлхэх үед би хойшоо бөгсөөрөө суусан бөгөөд тэр үед хойд талдаа байсан төмөр зуухны буланд нуруу хэсгээрээ мөргөж гэмтсэн. Тэр үед миний толгой руу нэг удаа цохиж намайг заамдаж авах үед миний аав ирээд салгаж авсан. ...Одоо бид хоёр эвлэрсэн. Хоорондоо ямар нэгэн таарамжгүй харьцаа байхгүй. Сайн дурын үндсэн дээр эвлэрсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч Ж.С-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр орой би хашаан дотор явж байгаад гэрт орж ирсэн чинь А.Е, С.А нар утаснаас болж маргаж байсан ба нэг мэдэхэд С.А-ы гаринаас цохичих шиг болсон. Тэгээд С.А-ны гарт нь байсан цайны идээ А.Есенболын нүүр лүү цацагдсан ба тэр үед А.Е түлхэж унагааж улмаар толгой руу нь нэг удаа цохиж, хувцасны захаас барьж авахаар нь би уурлаад очиж салгаж авсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Е-ын дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Е-ын бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.А-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

            Иймд шүүгдэгч А.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.А-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд үүссэн хохирлын талаар маргаан байхгүй, сайн дурын үндсэн дээр эвлэрсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.Е-ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл  тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч А.Е урьд нь 2009 оны 01 дүгээр сарын 26-нд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар ял хойшлуулж байсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч А.Е-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, зэргийг харгалзан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 500 /таван зуу/ нэгж нь 500000 /таван зуун мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

            Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Е нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Шүүгдэгч А.Е-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОГТООХ нь :

  1. Н овгийн А-ы Е-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Е-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Е-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч А.Е-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч А.Е-ын 01192428 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим иргэний үнэмлэх зэргийг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
  8.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч А.Е-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ДОРЖБАЛ