Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01626

 

 

 

 

 

 

 

 

 

 

З.Ө н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/02031 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З.Ө н нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Б д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 11,255,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Ө , түүний өмгөөлөгч Ө.С , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: 2011 онд хариуцагч надаас Кришнагийн сүмд явдаг тул 3 ламыг Энэтхэгээс авч ирэх гэсэн юм гээд 7,500,000 төгрөг зээлүүлэхийг хүссэн. Би түүнд итгээд зээлдүүлсэн. Учир нь тэрээр миний байрыг түрээсэлж байсан. Хариуцагчаас олон удаа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг гуйж, шаардаж байсан. Хариуцагч сүүлд 220,000 төгрөгийг төлсөн. Л.Б надаас хүүтэй зээлье гэсэн тул би 3 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн. 1 сарын хүү нь 225,000 төгрөг болж байгаа. Гэрээний 3-т зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн хүүтэйгээр тохиролцсон бөгөөд энэ нь 3,750,000 төгрөг болж байгаа. Алдангийг 2011 оны 02 сарын 27-ны өдрөөс 2022 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэл тооцсон. Хариуцагчид би мөнгөний бололцоогүй болчихлоо гэж хэлэхэд надад 20,000 төгрөг шилжүүлсэн, дараа нь би түүнд би чамд 7,500,000 төгрөг шилжүүлсний улмаас чи ажлаа бүтээж лам нараа авч ирсэн тул юм бодно байгаа гэж хэлэхэд тэрээр 200,000 төгрөг шилжүүлсэн. Иймд хариуцагчаас Зээлийн гэрээ-ний үүрэгт нийт 11,255,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан. 2011 оны зээлийн гэрээ нь нэхэмжлэлийн үндэслэл болдог. Гэтэл 11 жилийн дараа нэхэмжлэл гаргадаг. 20,000 төгрөг, 200,000 төгрөгийн асуудал нь өөр учиртай мөнгө. Үүнтэй холбоотой зарим тайлбарыг нэхэмжлэгч үнэн хэлж байна. Эхлээд эмний мөнгө хэрэгтэй байна гээд 20,000 төгрөг авсан, дараа нь Архангайд явж байхад машин эвдэрчихлээ гээд 150,000 төгрөг гуйхад нь хариуцагч 200,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Зээлийг хариуцагч 11 жилийн хугацаанд төлөөгүй байх боломжгүй. Интернет, мобайл банк тухайн үед хязгаарлагдмал байсан тул мөнгө бэлнээр өгч, авдаг байсан. Нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь тэдний хувийн харилцаа буюу цагдаагийн байгууллагаар шалгагдсан 100 хувийн бүрэн тавилгатай орон сууцны түрээсийн гэрээнээс болсон. Зарим өглөг, авлагаа хариуцагч тус орон сууцанд тооцоод нэхэмжлэгчээс мөнгө аваагүй үлдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Б ээс 9,380,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Ө д олгож, нэхэмжлэлээс 1,875,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,030 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Б ээс 165,030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Ө д олгож шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна.

4.а. Л.Б анх З.Ө гийн эзэмшлийн ... тоот хаягт байрлах 2 өрөө байрыг 2008 оноос 2013 он хүртэл түрээслэн цагаан хоолны газар ажиллуулж танилцсан. Түүний байрыг 5 жилийн хугацаанд түрээсэлж байгаад 2013 онд тус байрыг хүлээлгэн өгч байрнаас гарахдаа өөрийн мөнгө хөрөнгөөр засаж тохижуулсан эд хогшлын хамт хүлээлгэн өгсөн. З.Ө нь байрны түрээс өгөөгүй гэж 2014 онд маргаан үүсгэж Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст Л.Б намайг залилан мэхэлсэн гэж шалгуулсан. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг хийж гэмт хэргийн шинжгүй гэж түүний өргөдөл гомдлыг хаасан байдаг. Үүнээс хойш чимээгүй байж байгаад 7 жилийн дараа буюу 2021 онд над руу залгаж найздаа туслаач эмний мөнгө хэрэгтэй гэхэд 20,000 төгрөг өгсөн. Тэр жилдээ З.Ө мөн найздаа туслаач хөдөө явж байгаад машин эвдэрчихлээ 150,000 төгрөг зээлээч чамаас өөр хандах хүн алга гэхэд 200,000 төгрөг өөрийн нөхөртөө хэлж шилжүүлж өгсөн.

4.б. 2011 оны 01 сарын 27-ний өдөр Л.Б миний бие З.Ө гөөс 7,500,000 төгрөг зээлж буцааж бэлнээр өгсөн байдаг. 2011 оны 01 сарын 27-ний өдрийн зээлийн гэрээтэй холбогдуулан 2021 онд шилжүүлсэн 20,000 төгрөг мөн онд шилжүүлсэн 200,000 төгрөгний нотлох баримтыг үнэлэхдээ шаардах эрх нь 10 жилийн дараа буюу 2021 онд 220,000 төгрөг өгснөөр шаардах эрх нь тасалдсан байна гэж хууль зөрчин нотлох баримт үнэлсэн. З.Ө гийн Хаан банкны 0000000000 дугаартай 2021 оны депозит дансны дэлгэрэнгүй хуулганы 20,000 төгрөг, 200,000 төгрөгний баримтыг үндэслэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа 2011 онд үүссэн байна гэж тус тус нотлох баримтыг хууль зөрчин үнэлсэн.

4.г. 2011 оны 01 сарын 27-ний өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. З.Ө д 2021 онд өгсөн 20,000 төгрөг, 200,000 төгрөг нийт 220,000 төгрөг өгсөн үйл баримтыг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана мөн хуулийн 79.7 дахь хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасан.

4.д. Л.Б ээс 2021 оны 08 сарын 10-23-ны өдрүүдэд 20,000 төгрөг, 200,000 төгрөгийг З.Ө г гуйсны дагуу өгсөн мөнгийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2011 оны 01 сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ-ний үүргийн дагуу төлсөн гэж хуулийг буруу тайлбарлан хэт нэг талыг баримтлан хууль зөрчин дүгнэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож давж заалдах гомдлыг хангаж өгнө үү.

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Л.Б д 7,500,000 төгрөгийг зээлдүүлж тухайн мөнгийг өгөхгүй хугацаа удаасан учраас удаа дараа утсаар ярьж мөнгөө авъя гэхэд өгнө гэж хэлдэг байсан. Л.Б нь би буддын шашинтай худлаа ярьдаггүй гэж надад итгүүлсэн учраас зээлсэн мөнгөө өгнө гэж итгэж байсан. Хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсхүл 7,500,000 төгрөгийг төлсөн гэх мэтээр зөрүүтэй тайлбар өгсөн. Тухайн мөнгийг төлсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тоолох ямар ч шаардлагагүй. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан. Тус заалтын дагуу хугацаа сэргэсэн учраас нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь зээлийг 100 хувь төлсөн гэж тайлбарласан боловч зээлийг төлсөн талаар баримт байхгүй. Мөн тухайн маргааныг эрүүгийн журмаар шалгагдаж байсан талаар ярьдаг боловч нотлох баримт байхгүй. Иймд нэхэмжлэгчийг 11 жилийн хугацаанд хохироож зээлээ төлөхгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч З.Ө нь хариуцагч Л.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,500,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 5,000 төгрөг, алданги 3,750,000 төгрөг, нийт 11,255,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Талуудын хооронд 2011 оны 01 сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр З.Ө нь 7,500,000 төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр нэг сарын хугацаатай зээлдүүлэх, Л.Б нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон алданги төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 6/

Хариуцагч дээрх зээлийн гэрээний дагуу 7,500,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргадаггүй. Харин ...зээлж авсан мөнгөө төлөөд дуусчихсан, зээл төлсөн талаар баримт үйлдээгүй, гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... гэх агуулгаар татгалзлаа тайлбарладаг.

 

4.   Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Алдангийн талаарх талуудын тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн.

 

5.   Нэхэмжлэгч талаас 2012 оны 08 сарын 07-ны өдөр үйлдсэн гар бичмэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг баримтад ...2012 оны 08 сарын 17-ны өдөр 5 сая төгрөгийг Ө д (таван сая төгрөгийг) өгөхөөр тохиролцов. Л.Б ... гэж бичиж, гарын үсэг зуржээ. /хх 40/

Дээрхээс үзвэл гэрээний талууд Л.Б ийн хүлээх төлбөрийн үүргийг 5,000,000 төгрөг гэж тодорхойлсон байна гэж дүгнэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт ...үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд ... баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, 79.2 дахь хэсэгт Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж тус тус зохицуулжээ.

Иймд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, уг тасалдал нь үргэлжилж байгаа гэж үзэх тул ...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацааны талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулах боломжтой.

 

6.   Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн хүлээх үүргийг тодорхойлоход үндсэн үүрэг 5,000,000 төгрөг, гэрээний дагуу алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг болж байна. Үүнээс хариуцагчийн 2021 оны 08 сард төлсөн гэх 220,000 төгрөгийг хасч, үлдэх 7,280,000 төгрөгийг хариуцагч Л.Б ээс гаргуулан нэхэмжлэгч З.Ө д олгох нь зүйтэй.

Хариуцагч Л.Б нь ...зээлийг төлөөд дуусгасан... гэх тайлбараа баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан татгалзлаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй болно.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/02031 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...232.8-д... гэснийг ...232.6 дахь хэсэгт... гэж, ...9,380,000 төгрөг... гэснийг ...7,280,000 төгрөг... гэж, ...1,875,000 төгрөгийн... гэснийг ...3,975,000 төгрөгийн... гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...165,030 төгрөг... гэснийг ...131,430 төгрөг... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 06 сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 195,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Д.НЯМБАЗАР