Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01654

 

 

 

 

 

 

 

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/02694 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Р д холбогдох, 2,772,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г , хариуцагч Ч.Р , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Ч.Р нь А ХХК-ийн Р оффистой өөрийн өмч болох А-0000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг худалдахад зуучлуулахаар харилцан тохиролцож 2022 оны 02 сарын 18-ны өдөр онцгой нөхцөлтэй AA/00/000 дугаартай гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан. Улмаар 2022 оны 03 сарын 18-ны өдөр дахин 1 сарын хугацаагаар гэрээг сунгасан болно. Гэрээний хугацаанд үл хөдлөх хөрөнгө нь худалдагдаж гэрээний нөхцөл биелэгдсэн учир зуучлалын шимтгэл болох 2,310,000 төгрөг, алданги 20 хувь 462,000 төгрөг, нийт 2,772,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Ч.Р миний бие 2022 оны 04 сарын 11-ний өдөр өөрийн өмч болох ... тоот хаягт байрлах 3 өрөө байрыг өөрийн фэйсбүүк хаягаар өгсөн зарын дагуу Д.Б гэх хүнд 100,000,000 төгрөгөөр худалдсан болно. Бид харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээгээ авах, зарах талууд хамт явж хийсэн болно. А ХХК буюу Р бидний хийсэн худалдах, худалдан авах гэрээ байгуулах, нотариатаар баталгаажуулах зэрэгт байлцаагүй, оролцоогүй. 2022 оны 03 сарын 18-ны өдрөөс 2022 оны 04 сарын 18-ний өдрийг хүртэл сунгасан гэх гэрээнд би өөрийн биеэр гарын үсэг зураагүй бөгөөд фэйсбүүк чатаар сунгасан гэх зураг илгээсэн. Сунгасан гэх гэрээний хувь миний гар дээр ирээгүй. Тус компани нь орон сууцыг борлуулаагүй, худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй атлаа үндэслэлгүйгээр 2,772,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 411 дүгээр зүйлийн 411.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Р гээс 1,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,372,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 59,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Р гээс 37,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Ч.Р миний бие А ХХК-ийн оролцоогүйгээр өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан тул Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 411 дүгээр зүйлийн 411.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид 1,400,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй тул давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Тухайн орон сууцыг зуучлагч болон зуучлуулагчийн хэн нь худалдан борлуулснаас үл хамааран нэхэмжлэгч компанид шимтгэл төлөх нөхцөлтэйгөөр онцгой эрхийн гэрээ байгуулсан. Онцгой эрхийн гэрээ гэдэг нь манай зүгээс худалдан авагч олоод тухайн хүнийг байрны эзэмшигчтэй уулзуулахаар явуулдаг бөгөөд өөрсдөө дагуулж очдоггүй. Мөн ... гэх сайтад байршсан 8,000 гаруй үл хөдлөх хөрөнгийн хамгийн эхэнд тухайн үйлчлүүлэгчийн зарыг байршуулдаг бөгөөд ингэхдээ тодорхой хэмжээний зардал гаргаж үл хөдлөхийн сурталчилгаа явуулдаг. Иймд онцгой эрхийн гэрээ байгуулсан учраас А ХХК нь шимтгэл авах ёстой.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Ч.Р д холбогдуулан зуучлалын хөлс, шагналд 2,310,000 төгрөг, алданги 462,000 төгрөг, нийт 2,772,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч ...би өөрийн фэйсбүүк хаягаар зар тавьж, А ХХК-ийн оролцоогүйгээр орон сууцаа бусдад худалдсан учир төлбөр төлөх ёсгүй... гэх агуулгаар тайлбарлан маргажээ.

 

3.   Талууд 2022 оны 02 сарын 18-ны өдөр №AA/00/000 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах онцгой эрхийн гэрээ-г нэг сарын хугацаатайгаар байгуулж, уг гэрээгээр зуучлагч А ХХК нь зуучлуулагч Ч.Р гээс олгосон бүрэн эрхийн дагуу, түүний өмчлөлийн ... тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг худалдан авах этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч Ч.Р нь гэрээнд заасан хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх 7-10/

Улмаар талууд дээрх гэрээний хугацааг 2022 оны 04 сарын 18-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаагаар сунгасан байна. /хх 12/

 

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ мөн хуулийн 411 дүгээр зүйлийн 411.2 дахь хэсгийн зохицуулалтыг тайлбарлаж хэрэглэсэн нь оновчгүй болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзэв.

Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 02 сарын 18-ны өдрийн №AA/00/000 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг зуучлах онцгой эрхийн гэрээ-ний 5.8-д Зуучлуулагч нь зуучлагчийн тусламжгүйгээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан тохиолдолд зуучлагчид үндсэн гэрээний үнийн 5 /тав/ хувиар хөлс, шагнал олгоно гэж тусгасан нь Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.3 дахь хэсэгт Зуучлуулагч нь зуучлагчийн тусламжгүйгээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд зуучлагчид хөлс, шагнал олгохоор тохиролцож болно гэж заасантай нийцэж байна.

 

5.   Хэргийн баримт, зохигчдын тайлбараар Ч.Р , Д.Б нар 2022 оны 04 сарын 11-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/ байгуулж, уг гэрээгээр Ч.Р нь өөрийн өмчлөлийн ... тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг Д.Б д 70,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, улмаар уг гэрээ бодитоор хэрэгжсэн үйл баримт тогтоогдож байна. /хх 23/

Иймд нэхэмжлэгч А ХХК нь Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.3 дахь хэсэгт заасныг үндэслэн, 2022 оны 02 сарын 18-ны өдрийн №AA/00/000 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг зуучлах онцгой эрхийн гэрээ-ний 5.8-д заасан хөлс, шагналыг хариуцагч Ч.Р гээс шаардах эрхтэй. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Орон сууцыг бусдад худалдсан гэрээний үнийн дүн 70,000,000 төгрөгөөс гэрээнд заасан 5 хувийн хөлс, шагналыг тооцоход 3,500,000 төгрөг болж байх боловч анхан шатны шүүх Ч.Р гээс 1,400,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох дүнг хэвээр үлдээх нь талуудын /диспозитив/ зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

6.   Нэхэмжлэгчийн шаардсан 20 хувийн алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцэхгүй байх тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/02694 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...411.2 дахь... гэснийг ...411.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 07 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 37,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.НЯМБАЗАР