Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 095

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.С,

Улсын яллагч М.О,

Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.О-аас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813001710117 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш овогт С-ийн Г, 1980 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багт оршин суух, урьд нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар ОБ80101112

 

Шүүгдэгч С.Г-ийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Г нь 2018 оны 05 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт байдаг С.К-ийн хашаанд У.Б-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1. Шүүгдэгч С.Г нь 2018 оны 05 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт байдаг С.К-ийн хашаанд У.Б-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож түүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

Баян-Өлгийн аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-ы 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 219 дугаартай “...Иргэн У.Б-ын биед тархи доргилт, зүүн талын нүдний дээд, доод зовхинд хөх ягаан өнгийн цус хуралт, доод эрүүний зүүн талын 1, 2 дугаар шүднүүд үзүүр хэсгээр үйрч хугарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлтээр хохирогч У.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох тогтоогдсон байна.

 

            Хохирогч У.Б-ын эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч С.Г учруулсан болох нь:

 

- Шүүгдэгч С.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 08-аас 09-ний шилжих шөнө би хадам ээж С.К-ийн гэрт унтаж амарч байхад гаднаас миний эхнэрийн төрсөн дүү Бямбаа хажуудаа нэг залуугийн хамт согтуу хүрч ирсэн. Би босолгүй хэвтэж байхад хадам ээж С.К Б-г унтаж амар гэж загнаад Бямбаа ор руу орсон. Тэр үед хажууд нь байсан залуу миний хөнжлийг татаад сэрээхээр нь би өндийж харсан чинь зүс таньдаг Берикбол гэх залуу надад “Г босоод ир” гээд зогсож байсан. Тэгээд би босоод хувцсаа өмсөөд Б-ыг дагуулаад гадагшаа гарах үед надтай зууралдаад явахгүй гээд байхаар нь Б-ын зүүн талын шанаа орчимд 2 удаа цохисон. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Надад хамгийн бага хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү. Би Б-д эмчилгээндээ хэрэглээрэй гэж 300000 /гурван зуун мянга/ төгрөг өгч уучлалт гуйсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч У.Б-ын мөрдөн байцаалтын өгсөн: “...Миний бие хувиараа барилгын ажил хийдэг бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өлгий сумын 11 дүгээр баг “Дастархан” кафены залгаа 1 давхар жижиг байшин барихаар Д гэх хүнтэй тохиролцсон юм. Тэгээд хажуудаа туслах хүн авахаар болж зүс таньдаг Б гэх залууг 05 дугаар сарын 07-ны өдөр хажуудаа ажиллуулахаар авсан юм. 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Б-ийн өмсөж явсан хувцас нь муу байсан тул өөрийн гэрт 20 цагийн үед дагуулж очоод өөрийн хувцаснаас гутал, өмд, ноосон цамц, дотуур цамц зэргийг өгөөд бид хоёр манай гэрт 1 шил “Хараа” нэртэй архийг хувааж уусан. Тэр үед манай гэрт миний эхнэр болох Е байсан. Б надад “00 цаг өнгөрөөгөөд чи намайг гэрт хүргэж өгөөд ээжид намайг ажил хийж байна” гэж хэлээд өгөөрэй гэхээр нь би Б-г дагуулаад гэрээс гарч гүүрийн аманд байдаг таксины зогсоолоос өнгийг нь сайн санахгүй байна “Хонда фит” бил үү тийм загварын жижиг машинд суугаад 0165 дугаар ангийн баруун талд байдаг Б-ийн гэрт очсон. Тухайн таксины жолоочид “Би энэ залууг оруулаад өгөөд гараад ирье” гэж хэлээд Б-г дагуулаад хашаа  руу нь орж улмаар Б-ийн эсгий гэрт очсон. ...Тэдний гэрт тог тасарсан лаа асаалттай байсан. Газар ор засаад нэг хүн хэвтэж байсан ба тэр хүнийг Б надад “Энэ хүнийг Ш /Г/ гэж хүн. Манай хүргэн ах” гэж хэлсэн. Би Г Бөхмөрөн суманд 2018 оны 01 дүгээр сард очиж хадланд ажиллах үед С.Г гэх залуутай танилцсан бөгөөд тухайн залуу намайг тухайн үед зодож байсан залуу гэдгээр нь таньж унтаж байсан Г-ийг хөлөөс нь татаад сэрээсэн. Тэгээд сэрэнгүүт нь би “Г ах би Бөхмөрөн суманд ажиллаж байсан Б гэж залуу байна.” гэж хэлсэн. Тэгээд Г босож өмдөө өмсөөд “Гадаа гараад ярилцъя” гэж хэлсэн. Тэгээд би дагаад гадаа гараад согтуу байсан тул Г-эд “Та 2018 оны 01 дүгээр сард намайг зодож дарамталсан Г мөн биз дээ” гэхэд “Хасгууд надад даврах болоогүй. Дахиад зодоод өгье” гэж миний толгой тус газар 2-3 удаа цохисон. Тэр үед би газар унасан. Тэгэнгүүт би гүйгээд машин руу очсон. ...Би машинд суунгуут “Г гэж залуу намайг зодлоо” гэж хэлэх үед жолооч машины кабины гэрлийг асаагаад харсан. Би хойд талын суудлаас урд талын 2 суудлын завсар орж харуулсан. Тэр үед миний зүүн талын нүд хавдсан, үүдэн 2 шүд үзүүрээрээ хугарсан байсан. Тэгээд би таксины жолоочид “Намайг цагдаад хүргээд өг” гэж хэлээд шууд цагдаад ирсэн. ...Г өнөөдөр надаас өөрөө ирж уучлалт гуйж надад учирсан хохирлыг барагдуулж эмчилгээ хийлгэ гэж бэлнээр 300000 төгрөг өгсөн. Би С.Г-ийн өгсөн мөнгөөр нүдээ, шүдээ эмчлүүлж эмнэлэгт үзүүлэх болно. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр эвлэрсэн тул хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 26-29 дүгээр хуудас/,

Гэрч Х.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 00 цаг 30 минутын үед байх гүүрийн аманд таксины зогсоолд зогсож байхад миний зүс таньдаг нэрийг нь мэдэхгүй нэг залуу хүрч ирээд мэндлээд “Чиний машинд суугаад дулаацаад авъя. Гадаа хүйтэн байна.” гэсэн. Тэгээд бид хоёр машин дотор юм яриад сууж байхад нэг монгол залуу, нэг казах залуу хүрч ирээд машины хойд талд суугаад “Цэргийн ангийн баруун тал руу очно” гэхээр нь би тэдний заасан газарт нь очиж айлын хашааны гадна талд зогссон. Тэгээд казах залуу надад “Чи хүлээж байгаарай. Би энэ залууг оруулаад буцаагаад гараад ирье” гэж орчихсон. ...Удалгүй монгол залуу байхгүй, казах залуу гүйж ирээд машины хойд талын суудалд суугаад “Намайг энэ айлд нэг залуу зодчихлоо” гэхээр нь би машины дотор талын гэрлийг асаахад тухайн зодуулсан гэх залуу нүүрээ харуулаад “Миний нүд хавдаад, хөхөрчихлөө” гэж харуулсан. Бид хоёр харах үед аль тал нь гэдгийг мартсан байна нэг талын нүд нь хөхрөөд хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар хуудас/,

Гэрч Т.Е-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд бид хоёр машинд юм ярьж сууж байхад Б гэх зүс таньдаг залуу нэг монгол залуутай цуг машинд суугаад Цэргийн ангийн хойд талд нэг хашаанд очиж зогсоод Б гэх залуу “Хүлээж байгаад намайг аваад яваарай” гэхээр нь бид хүлээж байсан. ...Б орж ирээд хойд талын суудалд суугаад “Залуусаа намайг хараарай. Тэр залуу намайг зодлоо” жолооч кабины гэрлийг асаасан. Бид эргэж харах үед Б-ийн зүүн талын шанаа буюу нүдний хойд хэсгээр хавдсан юм шиг харагдаж байсан. Тэгээд Б шууд Цагдаа руу очоорой гэхээр нь цагдаад ирээд гомдол гаргаад буцаад гэрт нь хүргэж өгөөд явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Гэрч Х.Е-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд хоол идээд Б гэж залуу миний нөхөр болох У.Б-ын өмд, цамц, гутлыг өмсөөд тэр хоёр 23 цаг өнгөрөөгөөд Б-г хүргэж өгчхөөд ирье гэж явсан. Тэгээд 01 цагийн үед байх У.Б гэрт хүрч ирсэн ба “Намайг Б-ийн хүргэн ах нь зодлоо” гэж ирсэн. Би босоод царайг нь харах үед зүүн талын нүд нь хөхөрч хавдсан, шүдний үзүүр хэсгээр хугарсан байдалтай ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Г-ийн дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Г-ийн бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч У.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

            Иймд шүүгдэгч С.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч У.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд үүссэн хохирол, хор уршигийг шүүгдэгч С.Г төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.Г-ийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг бүрэн барагдуулсан тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Шүүгдэгч С.Г-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Г-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл  тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.Г урьд нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч С.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, зэргийг харгалзан 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 460 /дөрвөн зуун жар/ нэгж нь 460000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

            Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 460 /дөрвөн зуун жар/ нэгжийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүгдэгч С.Г-эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

ТОГТООХ нь :

  1. Ш овогт С-ийн Г-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ийг 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч С.Г-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч С.Г-ийн цахим үнэмлэх, Е2156324 дугаартай гадаад паспорт зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
  8.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч С.Г-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ДОРЖБАЛ