Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 107

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нарийн бичгийн дарга К.Е,

Хэлмэрч А.Е,

Улсын яллагч Х.,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б,

Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Т-т холбогдох 1813001420133 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж овогт С-ы Т, 1983 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус аймаг дахь Сум дундын шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилээр тэнсэн хянан харгалзаж байсан, регистрийн дугаар Б383032010

 

            Шүүгдэгч С.Т-ийн холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч С.Тнь иргэн Шовогтой Х-г архидан согтуурсан үедээ хэрэлдэн маргалдаж улмаар түүний ам руу цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1. Шүүгдэгч С.Т нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт иргэн Ш-н Х-тай архидан согтуурсан үедээ маргалдаж улмаар түүний ам руу цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

 

Баян-Өлгийн аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 185 дугаартай “...Иргэн Ш.Х-гийн биед тархины доргилттой, доод уруулд хэгзэрсэн шарх, хавдартай, нэг үүдэн шүд дунд хэсгээр хугарсан, хавдартай, шүдний буйланд хавдартай, цус хуралттай, зүүн хацарт, шуунд хавдартай цус хуралттай зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёр удаагийн давтамжтайгаар үүссэн болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ш.Х-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох тогтоогдсон байна.

 

            Хохирогч Ш.Х-н эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг  шүүгдэгч С.Т учруулсан болох нь:

            - Шүүгдэгч С.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 18 цагийн үед Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах соёлын төвийн билльярд тоглоомын газраас гарч Н гэгч хүний дэлгүүрээс архи авахаар очсон. Бид Н-ийн амбаарт нь ороход Х, Х, С нар урдаа нэг 2.5 литрийн пиво тавьсан уугаад сууж байсан. Тэгээд Х бидэнд ууж байсан пивоноос нэг нэг аяга хийж өгсөн. Дараа нь А 1 шил 0.35 литрийн архи авсан. Тэр архийг А, Р, Х, Х, С бид зургаа хувааж уусан. Архи, пиво дууссаны дараа Х, Х, С нар гадаа гараад явчихсан. Араас нь А, Р бид гурав гарч яваад хэсэг хугацааны дараа дахин Н-ийн амбаарт очиход Х, Х, С нар дахин нэг 2.5 литрийн пиво уугаад сууж байсан. Тэд нар нэлээд халамцуу сууж байсан ба Серикбол бидэнд “Миний аав нэг тэмдэг авсан би та нарт тэрийг угаана” гэж нэг шил 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи авсан. Тэрийг бид зургаа хувааж ууж дуусгасан. Үүнээс хойш би нэлээд согтсон байсан ба яг юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд Ногооннуур сумын Цагдаагийн тасагт очсон байсан юм. Миний бие Ш.Х-аас сайн дураараа уучлалт гуйж, хохирлыг нь бүрэн барагдуулж өгсөн. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Хохирогч Ш.Х-н мөрдөн байцаалтын өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хөндөөнөөс ирж сумын төвд Н гэгч хүний амбаарт нь миний төрсөн өдөр болоод тэнд нэг том пиво Х, С бид 3 ууж байхад гаднаас Т гэгч залуу орж ирсэн. Тухайн үед Н-ийн амбаарт нь Х, Е-ын С гэгч залуу бид 3 сууж байсан. Гаднаас бид гурав сууж байгаа амбаар руу Т, А, Р нар орж ирсэн. Тэд нар орж ирж бидний сууж байсан ширээнд суусан. Би эхлээд Т-т ууж сууж байсан пивоноос 1 аяга пиво хийж өгсөн. Дараа нь А, Р хоёрт нэг нэг аяга пиво хийж өгсөн. Бид нар уугаад сууж байсан пивог 6 уулаа ууж дуусгачхаад сүүлд ороод ирсэн А, Т, Р нарын нэг нь 0.33-ын архийг тэдний нэг нь авч хийсэн. Уг архи, пиво дууссаны дараа Х, С бид гурав гараад бие засаж ороод ирэхэд А, Т, Рк нар тэндээс гараад явчихсан байсан. Бид нар Н-ийн амбаарт нь ороод ирж С дахин нэг 2.5 литрийн пиво аваад тэрийг Х бид гурав уугаад сууж байхад хэсэг хугацааны дараа дахин А, Т, Р нар Н-ийн амбаарт нь ороод ирсэн. Бид 6-лаа С-ын авсан пивог ууж дуусгасны дараагаар С “Миний аав нэг тэмдэг авсан. Би та нарт тэрийг угаана” гэж “Ерөөл” нэртэй 1 шил архи авч тэр архийг Х, Т, А, Р нар хувааж уусан. Тэр архи дууссаны дараа Т надад “Одоо чи нэг шил архи аваад ир” гэж хэлэхэд би Т-т “Надад мөнгө байхгүй” гэж хэлэхэд намайг үгийн зөрүүгүй гэдэс рүү 2 удаа гараараа цохиж авсан. Босож явах гэж байхад мөн гэдэс рүү 1-2 удаа өшиглөж намайг амбаарын гадаа гаргаж авч үүдэнд аман тус газар гараараа 1 удаа цохисон. Тухайн үед миний үүдэн шүдний доод талын шүд маань хугарч унаж, хугарсан шүдний баруун талын 1 шүд суларчихсан. Темирбек намайг зодож байхад миний хажууд байсан Х, С нар Т-ийг салгаж авсан ба Т тэгээд яваад өгсөн. ...С.Т нь надаас уучлалт гуйж, энэ хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Одоо надад өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие С овогтой Т-тэй сайн дураараа эвлэрсэн, хохирлын тал дээр ямар нэгэн маргаангүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-19 дугаар хуудас/,

- Гэрч А.Х-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид нар Н-ийн амбаарт нь орж С дахин нэг 2,5 литрийн пиво аваад тэрийг Х бид гурав уугаад сууж байхад хэсэг хугацааны дараа дахин А, Т, Мк нар Н-ийн амбаарт нь ороод ирсэн. Бид зургуулаа С-ын авсан пивыг ууж дуусгасны дараа С надаас мөнгө зээлж аваад “Миний аав нэг тэмдэг авсан. Би та нарт тэрийг угаана” гэж хэлээд “Ерөөл” нэртэй 0,5 литрийн 1 шил архи авч тэр архийг Т, А, М бид дөрөв хувааж уусан. Тэр архи дууссаны дараа Тк Х-д “Одоо чи нэг шил архи аваад ир” гэж хэлэхэд Х Т-т “Надад мөнгө байхгүй” гэж хэлэхэд Т Х-г гарч явах гэж байхад үүдэнд аман тус газар гараараа 1 удаа цохиж авсан. ...Т Х-г амбаараас гараад явж байхад нь нэг удаа гараараа аман тус газар нь цохиж авсныг харсан. Тэр үед би амбаар дотор сууж байсан ба Т Х-г зодож гадаа гарчихаар нь араас нь би ч гэсэн гарахад Т Х-г өшиглөж зодож байсан газраас нь би очиж салгаж авсан. ... Т Х-г цохиж авахад шүд нь хугарч унасан байсан ба шүдээ Х өөрөө барьж байгаад надад үзүүлэхэд хугарсан тал шүд байсныг харсан. ...Миний бие С овогтой Р-ийг М гэж андуурсан байна. ” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар хуудас/,

          - Гэрч Е.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хөндөөнөөс Х, Хй бид гурав сумын төвд ирж сумын төвд Н гэгч хүний амбаарт нь ирсэн. Тэр өдөр миний төрсөн өдөр гэж Н-ийн амбаарт нь нэг том пиво Х авч түүнийг Х, Х бид 3 ууж сууж байхад гаднаас Т хажууд нь А, Р нарын хамт орж ирсэн. Тэд орж ирж бидний сууж байсан ширээнд суусан. Х бид нарын ууж байсан пивоноос Т, А, Р нарт нэг нэг аяга хийж өгсөн. Тэгээд бид нар уугаад сууж байсан пивоо зургуулаа хувааж ууж дуусгачхаад сүүлд ороод ирсэн А, Т, Р нарын нэг нь 0.33-ын архи авч орж ирсэн байсан. Уг архи, пиво дууссаны дараа Х, Х бид гурав гараад бие засаж ороод ирэхэд А, Т, Р нар тэндээс гараад явчихсан байсан. Бид нар Н-ийн амбаарт нь ороод дахин 2.5 литрийн пиво аваад тэрийг Х, Х бид гурав уугаад сууж байхад хэсэг хугацааны дараа А, Тк, Рк нар дахин Н-гийн амбаарт ороод ирсэн. Бид зургуулаа миний авсан пивог ууж дуусгасны дараагаар би Х-гаас мөнгө зээлж аваад “Миний аав нэг тэмдэг авсан. Би та нарт тэрийг угаана” гэж “Ерөөл” нэртэй 0.5 литрийн 1 шил архи авч тэр архийг Т, А, Рк, Х бид 5 хувааж ууссан. Тэр архи дууссаны дараа бид явах гэж гадаа гарч бие засаж эргэж ирэхэд Х Н-ийн амбаарын үүдэнд “Миний шүд уначихлаа. Намайг Т цохичихлоо” гэж зогсож байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/

            - Гэрч Т.А-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн орой 21 цагийн орчимд Н гэгч хүний амбаарт нь Х, Х, С нар пиво ууж сууж байсан. Миний хажууд Р, Т нар байсан ба бид 1 шил архи уух гэж Н-ийн амбаарт нь орсон. Х, Х, С нар бидэнд уугаад сууж байсан шар айрганаас хийж өгсөн. Тухайн үед Х, Х, Снар нэлээд согтуу байдалтай байсан. Тэд нар уугаад сууж байсан шар айргийг бид бүгд ууж дуусгасан. Дараа нь, Т бид гурав нийлээд 1 шил 0.35 литрийн архийг авч тэрийг бид бүгд хувааж уугаад дуусгасан. Тэр архи дууссаны дараагаар С гэгч залуу “Миний аав нэг тэмдэг авсан тэрийг угаана” гэж 1 шил 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи авч тэрийг мөн бид бүгд хувааж ууж дууссаны дараа бид бүгд тухайн амбаараас гарсан. Тэд нар бүгд гарсны дараа би ганцаараа амбаарт үлдсэн. Хэсэг хугацааны дараа амбаарын үүдэнд Х, С хоёр надад “Х-г Т зодчихлоо Х цагдаа руу явчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

- Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эд мөрийн баримтыг шинжлэн судалсан байдал зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Т-ийн дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Т нь бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Х-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

            Иймд шүүгдэгч С.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Х-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд үүссэн хохирол, хор уршгийг шүүгдэгч С.Т төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

   Шүүгдэгч С.Т-ийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг бүрэн барагдуулсан тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2. Шүүгдэгч С.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл  тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.Т урьд нь ял шийтгүүлж байсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.

            Шүүгдэгч С.Т-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, зэргийг харгалзан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 500 /таван зуу/ нэгж нь 500000 /таван зуун мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

            Шүүгдэгч С.Т-т оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, орлого олох боломж зэрэг байдал зэргийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтов.

            Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хохирогч Ш.Х-н хугарсан шүдийг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Т-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОГТООХ нь :

 

1. Ж овогт С-ы Т-кийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хохирогч Ш.Х-йн хугарсан шүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн устгах комисст даалгасугай.

6. Шүүгдэгч С.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч С.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч С.Т-ийн 001408402 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтэр, гадаад паспорт, цахим үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ДОРЖБАЛ