Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 115/2018/0009/З |
Дугаар | 221/МА2018/0577 |
Огноо | 2018-11-06 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2018/0577
2018 оны 11 сарын 06 өдөр | Дугаарh221/МА2018/0577 | Улаанбаатар хот |
Ч.А нарын 55 иргэний нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, түүний өмгөөлөгч З.А, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Э.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 115/ШШ2018/0020 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.А нарын 55 иргэний нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Э.Эт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 115/ШШ2018/0020 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4, 28.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 3 дугаар зүйлийн 3.1.4, 51 дүгээр зүйлийн 51.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч нар болох нэр бүхий 55 багшийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Илүү олгосон цалингийн нэмэгдлийг төлүүлэх тухай” № 24/07-186 дугаар акт дахь Дорноговь аймгийн сайншанд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн нэр бүхий 55 багшид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Э.Э давж заалдах гомдолдоо: “...“...Монгол Улсын Төсвийн тухай хууль нь төсвийн байгууллага, түүний албан тушаалтан, Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээдэг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хамаарах төдийгүй төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад төсвийн тогтвортой байдал, иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, хариуцлагатай байх зарчмуудыг баримтлах байдлаар хэрэгждэг.
Дээрх зарчмын үндсэн дээр Засгийн газрын 2015 оны 483 тоот тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, Сангийн сайдын 2016 оны 107 тоот тушаалаар батлагдсан “Санхүүгийн хяналт шалгалтын стандарт”, Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 2017 оны 20 тоот удирдамжийн дагуу Сайншанд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2015, 2016 онуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг гүйцэтгэсэн ба шалгалтаар 2015-2016 оны хичээлийн жилд сурагчдын амралттай байх хугацаанд багш нарт Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан нэмэгдэлд 3505,2 мянган төгрөгийг илүү тооцож олгосон зөрчил илрүүлж Орон нутгийн төсвийн орлогод төлүүлэхээр улсын байцаагчийн 24/07-186 тоот төлбөрийн акт тогтоосон. Актын үндэслэлийг тодруулбал:
1. Монгол Улсын Засгийн газрын 2001 оны “Төрийн үйлчилгээний зарим албан хаагчдын цалингийн нэмэгдлийн тухай” 90 дүгээр тогтоолын хавсралтад дурьдагдсан Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудад олгох цалингийн нэмэгдлийн хэмжээг баталсан байх боловч Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 307/91/237 дугаар тушаалын 25-д “Сурагчийн улирлын амралт болон онцгойлон хүндэтгэх шалтгаанаар хичээллээгүй байсан хугацаанд багшид албан тушаалын цалин олгоно”, 16-д “Сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтны цалин хөлс нь албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллаас тус тус бүрдэнэ”, 18-д “Багшийн албан тушаалын үндсэн цалингаас тооцон Засгийн газрын тогтоолоор баталсан хувь хэмжээний дагуу ерөнхий боловсролын багшид нэмэгдэл хөлс олгоно” гэж Засгийн газрын тогтоолоор батлагдсан нэмэгдлийг салбарын яамнаас хэрхэн олгох зохицуулалт хийсэн журмыг боловсруулан Монгол Улсын боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилтнуудын цалинг тооцоход дагаж мөрдөхөөр зохицуулсан байна.
Улсын байцаагчийн тогтоосон актын үндэслэл болох Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 307/91/237 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 25 дахь заалтыг 2017/12/15-ны өдрийн А/376/217/3 66 тоот “Журамд өөрчлөлт оруулах тухай” тушаалаар өөрчлөлт оруулж, тушаалын 1-д Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 307/91/237 дугаар тушаалын 25 дахь заалтыг “Сурагчийн улирлын амралт болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон боловч багш үндсэн ажлаа гүйцэтгэж байгаа тохиолдолд багшид албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшил олгоно” гэж өөрчлөн найруулж, уг тушаалын хэрэгжилтийг 2018 оны батлагдсан төсөвт багтаан хэрэгжүүлэх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт үүрэг болгосон байгаа нь улсын байцаагчийн тогтоосон актын үндэслэл дэх журмын холбогдох заалт нь хүчин төгөлдөр хэрэгжих үндэслэлтэй юм.
2. Шалгагдагч Сайншанд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль нь Үйлдвэрчний эвлэлийн холбоотой нэгдэн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 8.1.2-т “Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад хууль тогтоомжид нийцсэн байх зарчмыг баримтална” гэсэн заалтыг санаатайгаар зөрчин гуйвуулж, өөрсдөдөө ашигтай байдлаар хэлэлцэн тохиролцож, хамтын гэрээ хэлэлцээрт тусгуулан төсвийн хөрөнгийг зүй зохисгүй зарцуулсан байдал нь хяналт шалгалтаар тогтоогдож байгаа юм.
3. Улсын байцаагч нь Засгийн газрын 2015 оны 483 тоот тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 2.1-д “Дотоод аудитын үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн үйл ажиллагаанд хяналт тавих төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино”, 3.1-д “Дотоод аудитын үйл ажиллагаа нь ил тод, бие даасан, хараат бус байж, хяналт шалгалт, аудитын дүнг бодитой, үнэн зөв, шударгаар тайлагнах, багаар ажиллах зарчим баримтална”, 5.1.1-д “Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, гэрээг мөрдөж байгаа байдал, хэрэгжилтийн хяналтын хүрээнд хийнэ”, 5.2.1-д “Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй дотоод аудитор буюу санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нь төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон тэдгээрийг үндэслэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар, стандарт, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэсэн эрх, үүргийн дагуу хяналт шалгалтыг гүйцэтгэсэн бөгөөд Монгол улсын Төсвийн тухай хууль, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 307/91/237 дугаар тушаалаар батлагдсан журмын хүрээнд тогтоогдсон улсын байцаагчийн 24/07-186 тоот төлбөрийн акт нь хуулийн үндэслэлтэй бөгөөд аливаа нэг этгээдийн хууль ёсны эрхийг хөндөөгүй, гэж үзэж байгаа тул төлбөрийн актыг хэвээр үлдээж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018/07/25-ны өдрийн 115/ШШ2018/0020 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 2017 оны 20 тоот удирдамжийн дагуу Сайншанд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2015, 2016 онуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтаар “Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 307/91/237 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 25 дугаар зүйлд заасныг зөрчиж 2015-2016 оны хичээлийн жилд сурагчдын амралттай байх хугацаанд багш нарт Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан нэмэгдэлд 3505,2 мянган төгрөгийг илүү тооцож олгосон нь зөрчил” гаргасан гэж үзэж, хавсралтад нэр дурдагдсан багш нараар “Илүү олгосон цалингийн нэмэгдлийг төлүүлэх тухай” 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 24/07-186 дугаартай улсын байцаагчийн акт тогтоожээ.
Нэхэмжлэгч нараас уг актыг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээ “Дорноговь аймгийн Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн 2015-2016 оны хамтын хэлэлцээр болон тус аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны сургуулийн захиргаатай байгуулсан хамтын гэрээний холбогдох заалтуудаар Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолоор олгодог цалингийн нэмэгдлийг сар бүр ямар нэгэн ялгаваргүйгээр болон багш нарт сурагчдын улирлын амралтаар хасахгүй бүрэн олгохоор тогтоож, нэмэгдэл олгосон нь хууль, тогтоомж зөрчөөгүй” гэж тайлбарлан маргажээ.
Орон нутгийн боловсролын салбарын хүний нөөцийн бодлогыг дэмжих зорилгоор батлагдсан Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар зөвхөн аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн багш нарт цалингийн нэмэгдэл олгохоор тогтоожээ.
Харин маргаан бүхий улсын байцаагчийн актын үндэслэл болсон дээр дурдсан сайд нарын хамтарсан 2007 оны 307/91/237 дугаар тушаалаар батлагдсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам”-ын 25-д заасан “Сурагчийн улирлын амралт болон онцгойлон хүндэтгэх шалтгаанаар хичээллээгүй байсан хугацаанд багшид албан тушаалын үндсэн цалин олгоно. Энэ хугацаанд багш өөрөө хүсвэл ээлжийн амралтаа урьдчилан эдэлж болно” гэх зохицуулалт нь Монгол Улсын нийт багш нарт сурагчийн амралттай байх хугацаанд албан тушаалын үндсэн цалин олгох нэмэгдэл баталгааг олгосон буюу эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгож, ашигтай нөхцөл байдлыг бий болгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.
Иймд журмын дээрх зохицуулалтаар Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолоор аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн багш нарт олгогддог цалингийн нэмэгдлийг сурагчийн амралттай байх хугацаанд олгохыг хориглосон, эсхүл ийнхүү нэмэгдэл олгосон нь уг зохицуулалтыг зөрчсөн гэж тайлбарлах боломжгүй юм.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн нэр бүхий 55 багшид уг цалингийн нэмэгдлийг холбогдох хамтын гэрээ, хэлэлцээрийн үндсэн дээр сурагчийн амралттай байх хугацаанд олгосныг хууль, тогтоомж зөрчсөн гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 115/ШШ2018/0020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН