Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 53

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Л.Батбаатар, шүүгч С.Төмөрбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “4 дүгээр” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н ХХК.

Хариуцагч: Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарт.

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Татварын улсын байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 360004010 дугаар Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Б.У нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н ХХК-д 2012 онд татварын албанаас иж бүрэн хяналт шалгалт хийж, 20 сая төгрөгний төлбөр тавьсанг бид бүрэн төлж барагдуулсан юм. Гэтэл тухайн шалгалт хийсэн онуудын хамруулан татварын тайланд дахин шалгалт орж, Татварын улсын байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 360004010 дугаар Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актыг тавьсан байна. 

Энэхүү актыг Н ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус актанд “С” ХХК-ийн 2011 оны 11 дүгээр сард бичиж өгсөн 163.363.637.00 төгрөгийн дүн бүхий 0009688391 тоот падаан, 90.909.091.00 төгрөгийн дүн бүхий 0009688392 тоот падаан, А ХХК-ийн 2012 оны 12 дугаар сард бичиж өгсөн 

1.360.000.000.0 төгрөгийн дүн бүхий 0012671824 тоот падаан, нийт 1.587.272.728.00 төгрөгийн дүн бүхий 3 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар бичиж өгсөнийг авч төсөвт төлөх татвараа тогтоогдсон байна гэж дурджээ.

Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэж хуульчилсан. Манай компань нь хуульд заасан татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан гэж үзэхгүй байна. Бид Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс тамга тэмдэгийг нь даруулж баталгаажуулан авсан баримтаар худалдан авалт хийсэн, С ХХК, А ХХК-иудыг хуурамч падаан бичиж өгсөнг нь мэдээгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын баримтуудыг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй байсан, бидэнд орлого нуух санаа зорилго сэдэлт байгаагүй, энэ компаниудыг хуулийн байгууллагаар шалгагдан тогтоогдсон гэсэн байхад бид хэрхэн мэдэх билээ. Хөндлөнгийн 2 компаний үйлдлээс болж Н ХХК нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасан Татварын хууль тогтоомж зөрчигдсөн хүлээлгэх хариуцлагыг хүлээх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 

Мөн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 100 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт “...Мөн 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр захирал Г.Ч татварын улсын байцаагчийн 360004010 тоот акттай танилцаж актаар илэрсэн зөрчил, түүнд ногдуулсан төлбөрийг зөвшөөрч гарын үсэг, тамга дарсан нөгөөтэйгүүр тус компаниас Татварын ерөнхий газарт ирүүлсэн 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2014/048 дугаарын албан бичигтээ С ХХК, А ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь зөрчилтэй байсны улмаас хүчингүй болсон байна. Иймд дээрх падаануудын нийт дүн болох 1.764.454.5 мянган төгрөгийг бид доорх хүснэгтийн дагуу төлөх саналтай байна гэсэн санал хүргүүлж байсан нь хий бичилттэй падаанаар хасалт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулан тайлагнасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэхээр байна. Иймд татварын улсын байцаагчийн дээрх зөрчилд ногдуулсан төлбөр үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь хууль бус дүгнэлт болсон. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-д заасан НХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий удирдлага нь Г.Ч биш юм. Нөгөөтэйгүүр дээрх тогтоолд тусгагдсан албан бичгээр Н ХХК нь хий бичилттэй падаанаар хасалт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулан тайлагнасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм огтоос биш бөгөөд харин хуурамч падаан гэдэг нь тогтоогдсон бол татварт төлөгдөөгүй төгрөгийг төлөхөөр саналыг хүргүүлж байсан билээ. Тиймээс НХХК-ийг улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна. 

Иймд Татварын улсын байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 360004010 дугаар Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актыг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай тайлбартаа: Н ХХК-ийн нэхэмжлэлтэй Татварын улсын байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 360004010 дугаар Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Энэхүү захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Татварын улсын байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 360004010 дугаар Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухаи акт болоя зарим баримт нотлох баримтын шаардлага хангаагүй байсан бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/12091 тоот албан бичгээр зарим баримтыг гаргуулахаар Татварын ерөнхий газарт хандсан байна.

Татварын ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 07/850 тоот албан бичигт “ТЕГ-ын даргын 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр баталсан Хяналт шалгалтын ажлын удирдамжийн 2.5-д заасанаар ХШАЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Д нь 2014 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 0017 дугаартай "Татварын хяналт шалгалт хийх томилолт ”-ыг баталсан байна.

Б.Дгийн албан тушаал эрхлэж байсан талаар тодорхойлолт, Хяналт шалгалт хийх ажлын удирдамж, Татварын хяналт шалгалт хийх 0017 дугаар томилолт, томилолтын дагуу татварын улсын байцаагчийн "Н" ХХК-ийн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 360004010 тоот "Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай акт”-ыг хуулбарлан нотолох баримтын шаардлага ханган хавсралтаар хүргүүлэв. Хавралт 12 хуудастай. ” гэж дурдсан байна.

Татварын байцаагчдын хувьд татварын томилолтыг Н ХХК-д шалтгалт  эхлэх, дуусахад танилцуулаагүй бөгөөд тус компани Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Танай байгууллагын дээрх нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлсэн материалтай танилцан татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөнийг мэдэж дараах гомдлыг гаргаж байна.

1 .Татварын ерөнхий газрын даргын 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 192 дугаар тушаалаар батлагдсан “Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм”-ийн 4.1 -д “Татварын улсын байцаагч татвар төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн хяналт шалгалтын дүнгээр акт, ...уйлдэхдээ “Татварын улсын байцаагчийн акт” гэсэн нэгдсэн бүртгэл, дугаартай, тус бүр 3 хувь хэвлэмэл хуудсыг хэрэглэнэ” гэж, мөн Татварын ерөнхий бүртгэл, дугаартай, тус бүр 3 хувь хэвлэмэл хуудсыг хэрэглэнэ” гэж, мөн Татварын ерөнхий газрын даргын 2014 оны А/101 дүгээр тушаалын 7.3-т “акт нь хавсралтуудын хамт хүчинтэй байх” гэж тус тус журамласан байна.

Гэтэл Татварын улсын байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 360004010 дугаар Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актын нэг хувь дээр  “Хавсралт: тэмдэглэх, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдсэн 13 хуудастай." гэж, мөн өөр нэг хувь дээр “Хавсралт: тэмдэглэх, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдсэн 7 хуудастай гэж тус тус зөрүүтэй байдлыг бий болгосон нь дүрэм болон тушаалын шаардлагыг хангаагүй илт хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд 3 хувь үйлдэгдсэн актыг эцэслэн ёсчлогдохдоо хууль тогтоомжид заасан шаардлагыг бүрэн хангаагүй болох нь илэрхий байна.

2.Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д “татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх” гэж заасаныг зөрчсөн байна.

Татварын ерөнхий газрын даргын 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 192 дугаар тушаалаар батлагдсан “Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм” болон Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 дугаар тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-д заасаны дагуу татварын шалгалтыг “Татварын хяналт шалтгалт хийх томилолт”-ын хугацаанд шуурхай гүйцэтгэхээр журамласан.

Н ХХК-д хэсэгчилсэн татварын шалтгалтыг 2014 оны 3 дугаар сарын 19-ны өдрөөс 45 хоногийн хугацаатай хийж гүйцэтгэхээр томилолт баталгаажсан байхад Татварын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 

360004010 тоот “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай акт”-ыг гаргасан байна. Гэтэл шалгалтын хугацааг сунгалтгүйгээр 51 хоног акт үйлдсэн нь Татварын хянапт шалгалтыг томилолтгүйгээр явуулсан, илт хууль бус болохыг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад буюу 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдсэн болно.

Мөн татварын хяналт шалгалт хийх томилолт /0017/-Д хавсралтаар нэр бүхий тусган шалгалт хийсэн нь энэхүү шалтгалт анхнаас томилолтгүйгээр хийсэн гэх хардлагыг төрүүлж байгаа болно.

Иймд татварын улсын байцаагчийн “Н” ХХК-ийн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 360004010 тоот “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай акт”-ыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/37 тоот тушаалаар байгуулагдсан “Шалгалтын ажлын хэсэг”-т Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч Ц.Б, Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагч Б.Э нар нэг баг болж ажилласан. Барилга угсралт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, 248,600.000 төгрөгийн дүрмийн сантай, 5001757 тоот регистртэй. улсын бүртгэлийн 2005 оны 06 дугаар сарын 13 -ны өдрийн 9011003036 тоот гэрчилгээтэй Н ХХК-ийн 2011, 2012 онуудад С ХХК, АХХК-уудаас хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичүүлэн авч төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан эсэх талаар «Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж», «Татварын хяналт шалгалт хийх томилолт»-ын дагуу хэсэгчилсэн шалгалтыг 2014 оны 03 сарын 19-өөс 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хийж гүйцэтгэсэн. НХХК-ийн 2007 оноос 2011 оныг дуусталх хугацааны татвар ногдуулалт төлөлтийн байдалд Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч И.Хорлоо, З.Цээсүрэн нар шалгалт хийж, 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн татварын улсын байцаагчийн 263474 тоот актаар 10,663.400 төгрөгийн төлбөр ногдуулсан байна. Энэ акт нь С XXК. А ХХК-уудын бичиж өгсөн падаануудтай холбогдолгүй байсан. Н ХХК-ийн дээрх 2 компаниас нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичүүлэн авсан гэх мэдээлэл Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 14/04 тоот Хяналт шалгалт хийх ажлын удирдамжийн хавсралтаар өгөгдсөн. Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс АХХК /201301000261 тоот/, С ХХК-уудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж гэм 'уруутай гэж үзэн Татварын ерөнхий газарт ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан арын падаан хий бичиж тараасан 274 аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалтад дээрх паниудыг багтаасан байна.

Мөн НХХК-ийн захирал Г.Этой хийсэн ярилцлагад “Бид тухайн компанийн удирдлагуудтай биечлэн уулзаж байгаагүй таньдаг хүнээр дамжуулан харилцаж байсан.” гэсэн ба 2012 онд АХХК-аас худалдан авсан 1,360.0 сая төгрөгний бараа нь тухайн жилд нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан барааны 54.8 хувийг эзэлж байна. Мөн Б ХХК, Н у ХХК зэрэг компаниудын хуурамч бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой асуудлаар 'Татварын Ерөнхий Газрын Дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөлийн тогтоолуудад С ХХК нь хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан тараасан гэж үзсэн байна. Шалгалтын үед дээрх компанийг 40 орчим хоногийн хугацаанд асуудлыг шийдвэрлэсэн ба компанийн удирдлагууд энэ хугацаанд асуудлыг сайтар судласан /эсвэл мэдэж байсан/ гэж үзэж байна. Ингээд компанийн зүгээс тухайн зөрчлийг хүлээн зөвшөөрсөн учраас Монгол Улсын засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 71 дүгээр тэмдэглэлд:

Төсвийн орлогыг бүрдүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан нэмэгдсэн өртгийн албан татварын өр төлбөртэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдсэн болон энэ чиглэлээр хэрэг бүртгэх байгууллагад шалгагдаж байгаа хэрэг, зөрчлийг татварын өр төлбөрөө бүрэн барагдуулсан тохиолдолд хульд заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах. хэргийг хэрэгсэхгүй болгох арга хэмжээ авч авах чиглэлийг хууль хяналтын болон татварын байгууллагад өгч ажиллахыг Хууль зүйн сайд Х.Т, Сангийн сайд Ч.У нарт даалгав гэсэнд үндэслэн гарсан Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын удирдлага, арга зүйн газрын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 7/3171 тоот албан бичгийн дагуу Татварын улсын байцаагчийн 360004010 дугаарын актаар 244,929,872.00 төгрөгийн төлбөр ногдуулсан” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн захирал Г.Э Татварын ерөнхий газрын Татварын улсын байцаагч Ц.Б, Б.Э нарийн 2014 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн 360004010 дугаар татвар ногдуулалт төлөлтийг шалгасан тухай актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр маргаан бүхий уг актыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. Маргаан бүхий Татварын улсын байцаагч нарын 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 360004010 дугаар актаар “С” ХХК-ийн 2011 оны 11 дүгээр сард бичиж өгсөн 136.363.637.00 төгрөгийн дүн бүхий 0009688391 дугаар, 90.909.091.00 төгрөгийн дүн бүхий 0009688392 дугаар, “Аврасия” ХХК-ийн 2012 оны 12 дугаар сард бичиж өгсөн 1.360.000.000.00 төгрөгийн дүн бүхий 0012671824 дугаар падаануудаар нийт 1.587.272.728.00 төгрөгийн дүн бүхий 3 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичилт хийж өгснийг авч төсөвт төлөх татвараа бууруулсан зөрчилд 158.727.272.80 төгрөгийн нөхөн татвар, 47.618.181.80 төгрөгийн торгууль, 38.584.418.20 төгрөгийн алданги, нийт 244.929.872.80 төгрөгийн төлбөрийг “Н” ХХК-иар төлүүлэхээр акт тогтоосон байна.

Нэхэмжлэгч Татварын улсын байцаагч нар татвар ногдуулалт, төлөлтийг шалгахдаа  Татварын ерөнхий газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 192 дугаар тушаалаар батлагдсан “Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм”-д заасан шаардлагыг бүрэн хангаагүй, Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д “татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх” гэсэн хориглосон заалтыг зөрчиж илт хууль бус акт гаргасан гэж маргажээ.

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Татварын улсын байцаагч Ц.Б, Б.Э нар Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 14/04 дүгээр  “Хяналт шалгалт хийх ажлын удирдамж”, мөн даргын 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар “Шалгалтын ажлын хэсэг байгуулах тухай” тушаал, 2014 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн “Татварын хяналт шалгалт хийх томилолт”-ын дагуу “Н” ХХК-ийн 2009-2013 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг 2014 оны 03 дугаар сарын 19-өөс 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэжээ.

Хариуцагч Татварын улсын байцаагчид тус компанийн татвар төлөлт, ногдуулалтын байдалд хяналт, шалгалт хийхдээ Татварын хяналт шалгалт хийх томилолтоор олгосон 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх байсан хэдий ч энэ хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлж хяналт шалгалтыг явуулсан нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “....татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно;”, 30.1.1-д “татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх;” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна. Зүй нь хариуцагч татварын улсын байцаагчид 

татварын хяналт, шалгалт хийх томилолтын хугацаа дууссан өдрөөс тухайн томилолтыг олгосон эрх бүхий албан тушаалтнаар уг хяналт, шалгалт хийх хугацааг сунгуулж хууль, дүрэмд заасан процессийн зөрчилгүй явуулах боломжтой байсан гэж үзнэ.

Татварын улсын байцаагч Татварын хяналт шалгалтыг Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 192 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм”-ийн хүрээнд  хийж гүйцэтгэхдээ энэ дүрмын 1.2-т заасанчлан “...Монгол Улсын татварын болон бусад хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх” үүрэгтэй байна.

 Хариуцагч Татварын байгууллага 14/04 дүгээр “Хяналт шалгалт хийх ажлын удирдамж”-ийг 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр баталсан атлаа түүнээс 3 хоногийн дараа буюу 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн газрын даргын А/37 дугаар тушаалын 4-т “....хяналт, шалгалтын ажлын удирдамж батлуулах...”-ыг Эрсдлийн удирдлагын газрын болон Татварын хяналт, шалгалтын удирдлага, арга зүйн газрын  даргад тус тус даалгасан нь ойлгомжгүй  байна.

Түүнчлэн Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 192 дугаар тушаалын 2 дугаар  хавсралтаар Татварын хяналт шалгалт хийх томилолтын “Маягт ХШ № 01” загвар батлагдсан бөгөөд энэ маягтаар томилолт хавсралттай байхаар батлаагүй байна.

Гэтэл Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын удирдлага, арга зүйн газраас 2014 оны 03 дугаар сарын 19-ны өдөр олгосон 0017 дугаар томилолтын хавсралтаар нэр бүхий 10 компанийг шалгахаар нэг томилолт олгосон нь Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 192 дугаар тушаалын 2 дугаар  хавсралтаар баталсан аж ахуйн нэгж бүрийг тусгай томилолтоор шалгах агуулага бүхий дээрх дүрмийн зохицуулалттай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл 0017 дугаар томилолтын татвар төлөгчийн нэр гэсэн хэсэгт “Хавсралтад дурьдагдсан нэр бүхий татвар төлөгчид” гэсэн байх бөгөөд уг томилолтоор хяналт шалгалт эхлэх, зарцуулах 45 хоногийн хугацаа нь хавсралтад дурдсан нэр бүхий 10 компаний үйл ажиллагааг шалгах, эсхүл зөвхөн нэхэмжлэгч “Н” ХХК-ийг шалгахад зарцуулах  хугацаа байсан эсэх нь тодорхойгүй байна. Ингэж нэр бүхий олон компанийг хавсралтаар жагсааж томилолт олгосноороо Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 192 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан. “Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм”-ийн 2.3-т “Хяналт шалгалтыг дараахь байдлаар хийнэ. 2.3.3-т “...Татварын хяналт шалгалт хийх томилолт (Маягт ХШ № 01)-ыг тухайн үед нь олгоно. Татварын хяналт шалгалт хийх томилолтонд ....хяналт шалгалтанд хамруулах татвар төлөгчийн нэр, хугацаа, хяналт шалгалт эхлэх, дуусах, сунгасан хугацаа...г тусган, томилолт олгосон албан тушаалтан гарын үсэг зурж, Татварын албаны тэмдэг дарна. Хяналт шалгалт хийх хугацааг тухайн Татварын албаны дарга, томилолт олгосон, эсхүл тэдгээрийн ажил үүргийг албан ёсоор орлон гүйцэтгэж буй албан тушаалтан сунгаж болно.” гэсэн зохицуулалттай нийцээгүй гэж дүгнэв. Нөгөө талаар хариуцагч Татварын улсын байцаагчид дээрх дүрмийн 2.3.5 (б)-д “Хяналт шалгалтыг эхлэхдээ татвар төлөгчид нэр албан тушаалаа хэлж, Татварын улсын (ахлах) байцаагчийн үнэмлэх, “Татварын хяналт шалгалт хийх томилолт”, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, тусгай удирдамжаа үзүүлэн хяналт шалгалт хийхээр томилогдсоноо мэдэгдэж, үйл ажиллагааныхаа зорилгыг тайлбарлана.” , дүрмийн 2.3.6 (а)-д “Хяналт шалгалтын удирдамжийг үндэслэн хийх ажлын жагсаалт гаргаж, удирдамж, томилолтод заасан хугацаанд багтаан хянан шалгах дарааллыг тогтооно.” гэсний дагуу  хяналт шалгалтыг удирдан гүйцэтгэх үүргээ үйл ажиллагааны зөрчилгүй хийж гүйцэтгэсэн талаараа хангалттай нотлоогүй байна.

Ингэснээрээ Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “...татварын улсын байцаагч нь....хяналт, шалгалт хийхдээ дараахь журмыг баримтлана;”, 32.1.1-д “татварын хяналт шалгалт хийх томилолт, ажлын ерөнхий болон тусгай удирдамж, татварын улсын байцаагчийн үнэмлэхээ үзүүлж, үйл ажиллагааныхаа зорилгыг тайлбарлах;” гэснийг зөрчиж татварын хяналт шалгалт хийх үйл ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр  нэхэмжлэгч маргаан бүхий 360004010 дугаар “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай акт”-ыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хариуцагч Ц.Б 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр гардан авсан бөгөөд түүнтэй холбоотой хариу тайлбар, нотлох баримтаа  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Хэргийн оролцогч,....хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй.” гэсний дагуу хариу тайлбар ирүүлээгүй, хүсэлт гаргаагүй байна. Ийнхүү хариуцагч Татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч “Н” ХХК-ийн үйл ажиллагаанд татварын хяналт шалгалтыг Татварын ерөнхий хууль, холбогдох дүрэм журамд заасан хугацаанд хийгээгүй, томилолтоор заасан  хугацаа дууссан байхад сунгалтгүйгээр хяналт шалгалтыг үргэлжлүүлж акт тогтоосон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий акт илт хууль бус байх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туххай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.2, 106.3.12-т заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.Б, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Э нарын 2014 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн “Н” ХХК-ийн “татвар ногдуулалт төлөлтийг шалгасан тухай” 360004010 дугаар акт илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг  дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     А.НАСАНДЭЛГЭР

  ШҮҮГЧ                    С.ТӨМӨРБАТ

ШҮҮГЧ                  Л.БАТБААТАР