Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 798

 

                                                           

 

 

 

 

Б.Жалбаажамц, Б.Бат-Эрдэнэ, О.Төмөрчөдөр, Э.Пүрэв-Очир

 нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор Д.Ширэндэв,                                        

            Ялтан Б.Жалбаажамц,

            Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Жалбаажамцын гаргасан давж заалдах гомдлоор Б.Жалбаажамц, Б.Бат-Эрдэнэ, О.Төмөрчөдөр, Э.Пүрэв-Очир нарт холбогдох эрүүгийн 201525011058 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 5ы өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Халзан дамба овогтой Бат-Өлзийгийн Жалбаажамц, 1992 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, “Дако” ХХК-д сантехникчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 8 гудамжны, 167б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:АН92050316/,

2. Жонгоор овогтой Бумсангийн Бат-Эрдэнэ, 1995 оны 8 дугаар сарын 18-ны өдөр  Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Цэцэрлэг сум, 1 дүгээр баг, Чулуутад оршин суух, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согтоотын 84 гудамжны, 1226 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:АН95081819/,

3. Бүрээч овогтой Олзвойн Төмөрчөдөр, 1997 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн, Цагаан-Уул сум, 2 дугаар баг, Өвгөдөд орших суух, ял шийтгэлгүй, /РД:РП97042613/,

4. Лаалаа овогтой Эрдэнэбатын Пүрэв-Очир, 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автоинженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум, 5 дугаар баг, Шаргад оршин суух, ял шийтгэлгүй, /РД:РП97122518/,

Б.Жалбаажамц, Б.Бат-Эрдэнэ, Э.Пүрэв-Очир, О.Төмөрчөдөр нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм хэрэглэн 2016 оны 3 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вишн Девелопмент” ХХК-ийн барилгын агуулахад нэвтэрч “ф16 PVC” загварын цэвэр усны хоолой 1000 метр, “Порто” фирмийн угаалтуур 5 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, 2.139.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Жалбаажамц, Б.Бат-Эрдэнэ, Э.Пүрэв-Очир, О.Төмөрчөдөр нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Жалбаажамц, Б.Бат-Эрдэнэ, Э.Пүрэв-Очир, О.Төмөрчөдөр нарыг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Жалбаажамц, Б.Бат-Эрдэнэ, Э.Пүрэв-Очир, О.Төмөрчөдөр нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Жалбаажамц, Б.Бат-Эрдэнэ, Э.Пүрэв-Очир, О.Төмөрчөдөр нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Жалбаажамцын эзэмшилд байгаа “Honda Civic” загварын, 78-03 УБҮ улсын дугаартай /арлын дугаар ES901001869/ тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Жалбаажамц, Б.Бат-Эрдэнэ, Э.Пүрэв-Очир, О.Төмөрчөдөр нар нь 8 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Жалбаажамц, Б.Бат-Эрдэнэ, Э.Пүрэв-Очир, О.Төмөрчөдөр нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засал хүмүүжилд нь хяналт тавихыг харъяалах дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Жалбаажамц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Тухайн өдөр унаж явсан тээврийн хэрэгсэл нь “Бичил глобус” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан бөгөөд миний эзэмшлийн машин биш байхад улсын орлого болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хэрэгт “Бичил глобус” банк бус санхүүгийн байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр татаагүй нь буруу гэж үзэж байна. Анхан шатны шүүх “Автотээврийн үндэсний төв” гэсэн 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн албан бичиг болон шүүгдэгч нарын мэдүүлгээр уг тээврийн хэрэгсэл нь Б.Жалбаажамцын эзэмшлийнх болох нь нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр банк бус санхүүгийн байгууллагын нэр байгаа нь нотлогддог. Гэтэл шүүх миний эзэмшлийнх гэж үзэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр байгаа өмчлөгчийн асуудлыг шийдэх ёстой атал “Автотээврийн үндэсний төв” гэсэн бичиг болон шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул 78-03 УБҮ улсын дугаартай “Honda Civic” загварын, тээврийн хэрэгслийг чөлөөлж өгнө үү...” гэв.

 

Прокурор Д.Ширэндэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Автомашиныг “Бичил глобус” банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж зээл авсан болохоос Б.Жалбаажамц хэрэглэж, эзэмшиж байсан нь тогтоогдсон. Хэрэг гарсанаас хойш “Бичил глобус” банк бус санхүүгийн байгууллагаас “Автотээврийн үндэсний төв”-д манай байгууллагад хамааралгүй гэсэн албан бичиг хүргүүлсэн байдаг. 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хэрэг гараад 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Б.Жалбаажамцын эзэмшлийн автомашин учраас түүний эзэмшилд шилжүүлж өгнө үү гэсэн бичгийг хүргүүлсэн. Энэ нөхцөл байдлуудаас харахад тухайн автомашин нь Б.Жалбаажамцын автомашин бөгөөд уг тээврийн хэрэгслийг унаж гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгслийг хураахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоол үндэслэлтэй.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Жалбаажамцын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв.

                                        

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Б.Жалбаажамц, Б.Бат-Эрдэнэ, Э.Пүрэв-Очир, О.Төмөрчөдөр нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм хэрэглэн 2016 оны 3 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вишн Девелопмент” ХХК-ийн барилгын агуулахад нэвтэрч “ф16 PVC” загварын цэвэр усны хоолой 1000 метр, “Порто” фирмийн угаалтуур 5 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, 2.139.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Ялтан Б.Жалбаажамц мөрдөн байцаалтын шатанд: “...Төмөрчөдөр, Пүрэв-Очир хоёроос “та хоёр мөнгөний ажил хийх үү” гэсэн чинь “юу юм” гэж надаас Төмөрчөдөр асуухаар нь би инээсэн чинь “хулгай юм уу” гэж асуухаар нь “бараг л тийм” гэж хэлсэн. Төмөрчөдөр, Пүрэв-Очир хоёр “тэгье, тэгье” гэсэн. Тэгээд бид хулгай хийхээр ярилцаж, тохиролцоод 01 цаг өнгөрч байсан байх Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд баригдаж байгаа барилга дээр очсон. Би уг барилгыг өмнө нь таксинд явж байхдаа харж байсан. Барилгын гадаа очоод би эхлээд ороход Төмөрчөдөр бид хоёр том цоожтой хаалганы цоожийг эвдэж орсон. Бат-Эрдэнэ, Пүрэв-Очир нарыг машиндаа суулгаад үлдээсэн. Дотогшоо орвол гэрлээр дохино гэж хэлсэн байсан. Тэгээд цонхыг нь гадагш нь онгойлгоод машин дотор байгаа Бат-Эрдэнэ, Пүрэв-Очир нарыг гэрлээр дохиход Пүрэв-Очир хүрч ирээд дотроос нь угаалтуур 5 ширхэг, 5 боодол ПВС хоолой авсан. Тэгээд бид нар Бат-Эрдэнийг гэрт нь хүргэж өгөөд Төмөрчөдөр, Пүрэв-Очир бид 3 машиндаа хоносон. Маргааш өдөр бид гурав хамтдаа 100 айл орсон. Бат-Эрдэнэ гэрээсээ 100 айл дээр ирээд бид 4 уулзаад эхлээд 5 ширхэг угаалтуураа 80.000 төгрөгөөр зарсан. Би угаалтуур зарсан 80.000 төгрөгөө Төмөрчөдөр, Пүрэв-Очир нарт өгөөд “болох уу” гэсэн “болно” гээд аваад явсан. Бат-Эрдэнэ залгаад би нэг хүнд зарахаар болчихлоо гээд миний машиныг аваад явсан. Удалгүй “зарчихлаа” гээд ирсэн. Надад бэлэн 600.000 төгрөг өгөөд 180.000 төгрөгийг данс руу хийсэн байгаа 20.000 төгрөг орой шилжүүлнэ гэж хэлсэн. Бат-Эрдэнэд би бэлэн 60.000 төгрөг өгсөн. Тэгээд бид хоёр салсан. 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Төмөрчөдөр, Пүрэв-Очир хоёртой уулзаад барилга дээр ирээд Пүрэв-Очир машинаас буугаад хүн харах гэж яваад хамгаалагчид нь баригдсан, Төмөрчөдөр бид хоёр холоос машин дотроосоо харж сууж байгаад явсан. Маргааш нь цагдаад баригдсан...” /1-р хх-ийн 116-119, 127-131/,

 

ялтан Б.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд: “...Б.Жалбаажамц ах “та хоёр мөнгөний ажил хийх үү” гэхээр нь “хулгай юу” гэж асуугаад Төмөрчөдөр, Пүрэв-Очир нар инээгээд байсан. Тэгсэн Жалбаажамц ах “бараг л тийм” гэсэн. Тэгээд Улаанхуаран руу явж барилгын ар талд очиж зогссон. Пүрэв-Очир машины гадаа хүн хараад зогсож байсан Жалбаажамц, Төмөрчөдөр нар хашааг нь даваад орсон. 20-30 минут болоод зүүн тийшээ харсан цонхыг онгойлгосон байсан, Пүрэв-Очир цонхны доороос авч өгсөн зүйлийг нь аваад машины багаж руу зөөгөөд, намайг “урдаас нь татаадах” гэсэн ба би татаж өгсөн. Гурван боодол цагаан өнгийн целлодон хоолой байсан. Тэгээд бид нар тэндээсээ хөдлөөд манай хашаанд оруулж 5 боодол хоолойг тавьсан. Маргааш нь 12 цагийн орчим Жалбаажамц яриад “хоолойгоо 100 айл дээр аваад ир” гэхээр нь аваачиж өгөхөд Жалбаажамц, Төмөрчөдөр, Пүрэв-Очир нар хамт байсан. Би 100 айлын лангуугаар явж байгаад Ононбаяр гэх хүнд хоолойгоо 800.000 төгрөгөөр зарсан. 240.000 төгрөг бэлнээр үлдсэн 560.000 төгрөгийг миний 5150090406 дугаартай данс руу шилжүүлсэн...” /1-р хх-ийн 112-115, 132-136/,

 

ялтан Э.Пүрэв-Очир мөрдөн байцаалтын шатанд: “...Жалбаажамц, Төмөрчөдөр хоёр хашааг нь давж орсон, намайг гадаа манаачийн путикний гэрэл харж бай гээд үлдээсэн. Бат-Эрдэнэ бид хоёр хамт байсан, 10-20 минутын дараа зүүн тийшээ харсан цонхыг онгойлгосон байсан. Бат-Эрдэнэ дуудаад байна гээд цонхны доор очсон, нэг цаасан хайрцагтай зүйл Жалбаажамц дээрээс өгөөд машиндаа хий гэсэн. Би уг зүйлийг машиндаа хийсэн чинь Бат-Эрдэнэ чи байж бай гээд тэр гаргаж өгсөн зүйлийг зөөгөөд байсан. Жалбаажамц, Төмөрчөдөр нар дотороос хайрцагтай эд зүйл гаргаж өгч байсан. Маргааш нь 100 айл дээр очиж угаалтуураа зарчихаад бид хоёрт 80.000 төгрөг өгөхөөр нь бид хоёр хувааж авсан...” /1-р хх-ийн 120-122, 142-145/,

 

ялтан О.Төмөрчөдөрийн мөрдөн байцаалтын шатанд: “...Жалбаажамц авах юм тодорхой гээд хайрцагтай угаалтуур, 5 ширхэг, целлодон хоолой зэрэг эд зүйл авсан. Жалбаажамц дотроос эд зүйлээ гаргаж өгөөд би цонхны доороос аваад Пүрэв-Очирт дамжуулаад Пүрэв-Очир, Бат-Эрдэнэд өгч машиндаа ачиж байсан. Тэгээд бид нар хөдөлж Жалбаажамцын эгчийн гэр болох нийтийн байранд угаалтуураа тавьсан. Маргааш нь 100 айл дээр очоод бид хоёрыг машины хажууд байж бай гэж хэлээд яваад ирэхдээ угаалтуураа зарчаад бид хоёрт 80.000 төгрөг өгсөнийг нь хувааж авсан...” /1-р хх-ийн 123-126, 137-141/,

 

хохирогч Ж.Чимэд мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 3 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах манай байгууллагын барилгын агуулахаас эд зүйл алдагдсан. “Порто” фирмийн угаалтуур 5 ширхэг, нэг ширхэг нь 95.000 төгрөг, сантехникийн 16-гийн хуванцар хоолой 5 хайрцаг /нэг хайрцагтаа 200 метр байдаг/ нэг метр нь 1.555 төгрөг гэдэг. Уг барьж байгаа барилгад угсрах гээд агуулахад хадгалж байсан...” /1-р хх-ийн 29-32/,

гэрч Г.Батнягт мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Вишн Девелопмент” ХХК-ийн баригдаж байгаа барилга дээр хамгаалагчийн үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнийн 00 цагийн орчим грашаас нэг банди гарч ирсэн. Би очоод юу хийж яваа талаар асуухад өөдөөс учир нь ойлгогдохгүй юм яриад байхаар нь саатуулан шалгаж тасгийн даргад хүлээлгэн өгсөн. Бас манай хашааны зүүн талын буланд нэг үл таних этгээд зогсож байхаар нь би очиж шалгах гэхэд зугтаасан, араас нь хөөж байгаад алдсан. Тухайн өдөр бол эд зүйл алдагдаагүй харин 3 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө манай барилга дээр хулгай гарсан...” /1-р хх-ийн 37-38/,

 

гэрч П.Бат-Оргил мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 3 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө манай хамгаалагч нар станцаар бие биенээ дуудаад байхаар нь би Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах барилга руу шуурхай бүлэгтэй хамт очсон. Манай хамгаалагч нар 20 орчим насны эрэгтэй хүнийг барьсан байсан, хоёулаа байсан гэсэн нэг нь зугтаасан байсан. 2016 оны 3 дугаар сарын 21-нээс 22-ны хооронд агуулахад нь хулгай орж эд зүйл алдагдсан...” /1-р хх-ийн 39-40/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын зургийн үзүүлэлт дээрх “зураг №6, 7, 11 гэсэн дугаартай гутлын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин дээрх зургийн үзүүлэлтийн “зураг №12” гэсэн гутлын мөр шинжилгээнд тэнцэхгүй байна. Шинжилгээнд тэнцэж буй хэргийн газрын зургийн үзүүлэлт дээрх “зураг №6” гэсэн зүүн гутлын мөр шинжилгээнд харьцуулах загвар болгон ирүүлсэн хар өнгийн элгэн хос гутлын зүүн улаар дарагдаж гарсан…” болохыг тогтоосон шинжээчийн 2432 тоот дүгнэлт /1-р хх-ийн 50-58/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 3/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 14, 2-р хх-ийн 44-54/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ. 

 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Б.Жалбаажамц, Б.Бат-Эрдэнэ, Э.Пүрэв-Очир, О.Төмөрчөдөр нарын гэм буруу, тэдний хувийн байдалд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхэд ялтан Б.Жалбаажамцын гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

 

Ялтан Б.Жалбаажамцын “…Тухайн өдөр унаж явсан тээврийн хэрэгсэл нь “Бичил глобус” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан бөгөөд миний эзэмшлийн машин биш байхад улсын орлого болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. …иймд 78-03 УБҮ улсын дугаартай, “Honda Civic” загварын тээврийн хэрэгслийг чөлөөлж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

 

Учир нь “Бичил глобус групп” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 000804 дугаартай “…”Автотээврийн үндэсний төв”-д 9011240077 улсын бүртгэлийн дугаартай 5388961 регистрийн дугаар бүхий “Бичил глобус групп” ХХК-ийн нэр дээр байгаа 78-03 УБҮ улсын дугаартай “Honda Civic” загварын автомашиныг Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 8 дугаар гудамжны 167Б хаягт оршин суух, АН92050316 регистрийн дугаар бүхий Бат-Өлзий овогтой Жалбаажамцын нэр дээр шилжүүлж өгнө үү…” гэсэн албан бичиг /1-р хх-ийн 23/, давж заалдах шатны гаргасан ялтан Б.Жалбаажамцын “…“Бичил глобус групп” ХХК-иас авсан зээл төлөгдөж дуусч байгаа…, би өөрөө машинаа унаж, эзэмшиж байсан…” гэсэн тайлбараас үзэхэд 78-03 УБҮ улсын дугаартай “Honda Civic” загварын автомашин “Бичил глобус групп” ХХК-ийн нэр бүртгэлтэй хэдий ч Б.Жалбаажамцын өмчлөлийн автомашин болох нь нотлогдож байна.  

 

Түүнчлэн Б.Бат-Эрдэнийн “…Хулгайлсан эд зүйлээ Жалбаажамцын 78-03 УБҮ улсын дугаартай автомашинаар зөөвөрлөж худалдсан…” /1-р хх-ийн 115, 135/, Б.Жалбаажамцын “…хулгайлсан эд зүйлээ миний 78-03 УБҮ улсын дугаартай автомашинаараа зөөвөрлөж худалдсан…” /1-р хх-ийн 119, 131/, Э.Пүрэв-Очирын “…Хулгайлсан эд зүйлээ Жалбаажамцын 78-03 УБҮ улсын дугаартай автомашинаар зөөвөрлөж худалдсан…” /1-р хх-ийн 122/, О.Төмөрчөдрийн “…Хулгайлсан эд зүйлээ Жалбаажамцын 78-03 УБҮ улсын дугаартай автомашинаар зөөвөрлөж худалдсан…” /1-р хх-ийн 125/ гэсэн мэдүүлгүүдээс дүгнэхэд ялтан нар хулгайн гэмт үйлдлээ түргэсгэх, хулгайн эд зүйлийг зөөж, тээвэрлэх зорилгоор уг тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзнэ. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана.” гэж заажээ.

 

Анхан шатны шүүх дээрх байдлын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх бөгөөд 78-03 УБҮ улсын дугаартай, “Honda Civic” загварын /арлын дугаар ES91001869/ тээврийн хэрэгслийг улсын орлого болгосон нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Үүнээс гадна анхан шатны шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Б.Жалбаажамц, Б.Бат-Эрдэнэ, Э.Пүрэв-Очир, О.Төмөрчөдөр нарт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, түүнчлэн тэдний хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болон хэргийн нөхцөл байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг оногдуулж, тэднийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Жалбаажамц, Б.Бат-Эрдэнэ, Э.Пүрэв-Очир, О.Төмөрчөдөр нарт оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт авагдсан Б.Бат-Эрдэнийн “…Жалбаажамц ах та 2 мөнгөний ажил хийх үү гэсэн Төмөрчөдөр, Пүрэв-Очир нар инээгээд хэсэг дуугүй байж байгаад Төмөрчөдөр “хулгай юу” гэж асуусан чинь Жалбаажамц “тийм” гэсэн чинь Төмөрчөдөр, Пүрэв-Очир нар “чадна шүү дээ, өмнө авто засварт ажиллаж байхдаа юм хулгайлж байсан, бас бид хоёр дээрэм хийж байсан” гэж ярьж байсан…” /1-р хх-ийн 114-115/, Б.Жалбаажамцын “…Төмөрчөдөр, Пүрэв-Очир хоёроос “мөнгөний ажил хийх үү” гэхэд “хийе, ямар ажил хийх юм” гэсэн чинь “сангийн ажил” гэж хэлсэн чинь “бид хоёр машин засдаг, чадахгүй” гэхээр нь “барилгаас юм гаргаж чадах уу” гэсэн чинь Пүрэв-Очир “хулгай юм уу” гэхээр нь би “тийм” гэхэд Төмөрчөдөр, Пүрэв-Очир нар хоёулаа “чадна Эрдэнэт хотод грашаас хулгай хийдэг байсан” гэсэн…” /1-р хх-ийн 118/, Э.Пүрэв-Очирын “…Жалбаажамц гээд жолооч анх санааг нь гаргасан. Уг барилгын камер хаана байдаг хэдэн хамгаалагч байдаг талаар сайн мэднэ санаа зоволтгүй гэсэн…” /1-р хх-ийн 122/, О.Төмөрчөдөрийн “…Жалбаажамц гээд жолооч залуу анх санааг нь гаргасан. Уг барилгын камер хаана байдаг хэдэн хамгаалагч байдаг талаар сайн мэднэ санаа зоволтгүй гэсэн…” /1-р хх-ийн 125/ гэх мэт мэдүүлгүүдээс дүгнэхэд Б.Жалбаажамц, Б.Бат-Эрдэнэ, О.Төмөрчөдөр, Э.Пүрэв-Очир нар хулгайн гэмт хэрэг үйлдэхээс өмнө хамтарч үйлдэхээр тохиролцсон байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг хамтран оролцох хэлбэрийн хувьд тэднийг гэмт хэрэг хамтран үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

 

Энэ хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон, анхан шатны шүүх ялтан Б.Жалбаажамц, Б.Бат-Эрдэнэ, Э.Пүрэв-Очир, О.Төмөрчөдөр нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ ялтнуудын мэдүүлгүүдээс гадна дээр дурдсан хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэгтэй нийцэж байгаа мэдүүлгийг үнэлж, бусад нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол үндэслэлтэй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Жалбаажамцын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Б.Жалбаажамц, Б.Бат-Эрдэнэ, Э.Пүрэв-Очир, О.Төмөрчөдөр нарт холбогдох хэргийг прокурорын яллах дүгнэлтэд дурдсан 2.139.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолын удиртгал, тодорхойлох хэсэгт “…1.675.000…” гэж бичсэн нь ноцтой алдаа биш боловч цаашид анхаарвал зохино.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: