Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/093

 

 

 

 

 

 

 

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч М.Ф,

Хохирогч Х.Е,

Хохирогчийн өмгөөлөгч Х.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С

Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ф-гаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813000090097 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ж овогт М-ын Т, 1962 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар бага сургуульд нягтлан бодогч ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЖ********

 

Шүүгдэгч М.Т-ийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Т нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 30 минутын үед Өлгий сумын 2 дугаар бага сургуулийн албаны өрөөнд Х.Е-тай муудалцаж, улмаар нударгаараа түүний баруун нүүр буюу шанаа орчимд нэг удаа цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1. Шүүгдэгч М.Т-г 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар бага сургуулийн албаны өрөөнд Х.Е-тай “Манай байгууллагын дотоод ажилд оролцдог чи хэн бэ?” хэмээн муудалцаж, улмаар нударгаараа түүний баруун нүүр буюу шанаа орчимд нэг удаа цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

            Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 26 дугаартай: “...Иргэн Х.Е-ы биед доргилт, тархины даралттай, няцралттай, баруун хацарт хавдартай зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үйлчлэлээр үүссэн болно. Дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй болно. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” /хх-ийн 73-р хуудас/ гэх шинжээчийн дүгнэлт,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Э, С.Ч, М.З нарын 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 133 дугаартай: “.....Х.Е-ы биед тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон нэгээс дээш удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр хэрэг болсон гэх  хугацаанд үүссэн байх боломжтой. Довтлогч, хохирогч нарын хоорондын зай, байрлал, цохилтын хүчийг нарийвчлан тогтоох боломжгүй. Тархи доргилт гэмтлийг авсан хүн ухаан алдах, толгой өвдөх, эргэх, дотор муухайрах, огиулах, бөөлжих, гүйлгэх, хүзүү хөших, нүд бүрэлзэх зовиур илрэх ба хүнд гаднах байдлаар царай шаналангуй, зовуурилсан байдалтай юм уу эсвэл хэвийн байж болно. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 123-124-р хуудас/ гэх шинжээчийн дүгнэлт,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Н, Ц.Н, Ц. нарын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 468 дугаартай: “...ШШҮХ-ийн ШЭШГ-н шинжээч эмч Ч.Э, С.Ч, М.З нарын гаргасан №133 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Е-ы биед тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-ийн 131-132-р хуудас/ гэх шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч Х.Е-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогджээ.

            Хохирогч Х.Е-ы эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч М.Т учруулсан болох нь:

- Хохирогч Х.Е-ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Эрдэм цогцолбор сургуулийн захирал А.Б-тай 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр халаалт түгээх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 28-наас эхлэн сургуулийн халаалтыг өгч эхэлсэн. ...Тэгээд 10, 12 дугаар саруудад халаалтын мөнгө дутуу орж ирсэн. Би М.Төлеу нягтлантай гэрээ байгуулаагүй захирал А.Б-тай гэрээ байгуулсан. Тэгээд би төрийн санд очоод “Яагаад дутуу мөнгө орж ирсэн бэ?” гэж асуухад “Бид мэдэхгүй эхлээд аймгийн төрийн сангаас очиж асуу” гэж хэлсэн. Тэгээд аймгийн төрийн санд очиход нягтлан нь бид мөнгийг журмын дагуу шилжүүлсэн гээд М.Т нягтлангийн гарын үсэгтэй бичиг надад үзүүлсэн. Би уг бичгийг гар утсандаа зургийг нь дараад захирал А.Б-ийн өрөөнд орсон. Тэгэхэд захирал А.Б “Нягтлан яагаад дур мэдэн ийм бичиг явуулдаг юм бэ?, Хоёулаа нягтлангийн өрөөнд орьё” гээд бид хоёр М.Т гуайн өрөөнд орсон. Өрөөнд ороод би юу ч дуугараагүй хойно нь байж байсан. Тэгээд А.Б миний утсыг үзүүлээд “Та яагаад миний зөвшөөрөлгүй ийм бичиг төрийн санд өгсөн бэ?” гэж хэлэхэд над руу хүрч ирээд “Манай байгууллагын дотоод ажилд оролцдог чи хэн бэ” гээд намайг чанга цохисон. Тэгэхэд миний толгой эргэж, зүрх муудахаар нь гадагшаа гараад жаахан байж байхад Е “Чи яасан бэ?” гээд зогсож байсан. Би Е-д “Нягтлан М.Т намайг зодчихлоо” гэж хэлсэн. Би өрөөнд ороод М.Т нягтлантай тэр үед юу ч дуугараагүй. Тэгээд би эмчид үзүүлэхэд тархи доргилттой байна гэсэн. Тэр өдөр миний толгой эргэж, дотор муухай оргиод бөөлжсөн.

...Эмчилгээний зардал 75000 /далан таван мянга/ төгрөг, 7 хоног ажилдаа явж чадаагүй тул уг 7 хоногийн цалин 178182 /нэг зуун далан найман мянга нэг зуун наян хоёр/ төгрөг, өмгөөллийн хөлс 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөг нийт 653182 /зургаан зуун тавин гурван мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийн хохирол, хор уршгийн мөнгө нэхэмжилж байна." гэх мэдүүлэг /хх-ийн 68-р хуудас, 69-70-р хуудас, 71-72-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч А.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр үйлдэл болохоос 1 өдрийн өмнө Х.Е над руу залгаад “Та манайд өгөх түлш халаалтын зардлаас 1.000.000 /нэг сая/ төгрөг өөр тийшээ зарцуулсан байна” гэж хэлсэн. Тэгээд би Х.Е-д “Бид тантай нэгэнт гэрээ хийсэн. Ямар нэгэн шаардлага гарвал тантай эхлээд ярилцаж байгаад хоорондоо тохирно. Ямар ч мөнгө төгрөг ийш тийшээ шилжүүлээгүй байгаа” гэсэн хариу өгсөн. Маргааш өглөө нь би ажилдаа ирээд өрөөндөө орох гээд байж байтал Х.Е уурласан байдалтай ирээд надад гар утсаа өгөөд нэг албан тоот үзүүлсэн. Тэр албан тоот нь манай нягтлан М.Т-гээс төрийн сан руу явуулсан “Манай байгууллагын түлш халаалтын зардлаас 1.000.000 /нэг сая/ төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл рүү шилжүүлж өгнө үү” гэсэн утгатай албан бичиг байсан. Тэгээд би “Энэ албан бичгийн талаар мэдэхгүй байна хоёулаа нягтлантай уулзъя” гээд өрөөнд нь орсон.  Өрөөнд ороод нягтландаа үзүүлээд “Та бид хоёрын хооронд ямар ч ийм тохирсон асуудал байгаагүй. Та яагаад дур мэдэн ийм албан бичиг явуулж шилжүүлэг хийж байгаа юм бэ?” гээд утсыг өгөөд үзүүлэхэд нөгөө бичгийг харсны дараа Х.Е руу очоод “Манай байгууллагын дотоод ажил руу ордог чи хэн бэ?” гээд их уурласан. Тэр үед би “Та хоёр тайван бай. Хоорондоо ярилцаад учраа олох хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгтэл М.Т байрнаасаа ухасхийж босож ирээд баруун талын нүд рүү нь цохихыг харсан. Тэгээд Х.Е нүдээ бариад гадагшаа гараад 3-4 минутын дараа дахиад орж ирсэн. Тэр хооронд бид хоёр хоорондоо яриад өрөөнд нь үлдэхдээ би М.Т гуайд “Та одоо буруу юм хийлээ. Одоо хууль чанга болсон үе. Та заавал Х.Е-ыг цохихгүйгээр гурвуулаа асуудлыг тайван байдлаар шийдчих ёстой байлаа.” гэж хэлсэн. Тэгээд Х.Е дахиж орж ирэхдээ М.Т-д “Та намайг зодох ямар эрх байна. Намайг дахиад зодоод өгөөч” гэж хэлсэн. Түүний дараа М.Т гуай тайвшраад “Би чамайг зодохгүй ээ” гээд гэж хэлсэн. Тэгээд Х.Е гараад яваад өгсөн. Би өрөөндөө орж хэдэн минут болоод дахиад нягтлангийн өрөөнд орж ирээд “Та ёстой буруу юм хийчихлээ. Тайван сууж байгаад асуудлыг шийдэх хэрэгтэй байсан юм. Одоо Х.Е-ыг дуудаж ирээд та уучлал гуйчих” гэхэд М.Төлеу “Захирал гуай та зүгээр тайван бай. Санаа зоволтгүй.” гэж хэлээд намайг гаргасан. ...Тэгээд сүүлдээ М.Т надад “Та ерөөсөө намайг тэр Х.Е-ыг зодоогүй, хараагүй гээд хэлээд өгчих” гээд гуйсан. Тэгэхэд нь би “Та уучлаарай. Би харсан зүйлээ хараагүй гэж хэлж чадахгүй нь” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 73-75-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч К.Е-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний өөдөөс шатаар Х.Е гарч ирээд “М.Т-д очиж манай компанид шилжүүлэх ёстой мөнгийг яагаад дутуу шилжүүлснийг асуух гэж очиход намайг нүүр лүү цохилоо” гэж хэлэн нүүрээ гараараа дараад байсан. Тэгж ярьж байгаад захиралтай уулзана гэж хэлсэн үү яваад өгсөн. ...Тухайн үед Х.Е нь ууртай байсан. Нэг талын хацрын яс орчим улайсан байсан. Яг аль талын хацар байсныг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-78-р хуудас/,

- Гэрч Х.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өглөө 10 цаг 30 минутын үед талоноо батлуулахаар нягтлан бодогч Т-ийн өрөө лүү орох гээд очиход түүний өрөөнөөс Е “Чамайг харна, очих газар очно шүү” гээд хашхирч, уурлаад гарч ирээд гадагшаа гараад явсан. ...Дараа нь Е, Т нар нь хоорондоо маргалдаж,  хэрүүл үүсгэсэн гэж сонссон.... ” гэх мэдүүлэг /хх-ийн 79-81-р хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Т-н дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Т-н бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Е-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

            Иймд шүүгдэгч М.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Шүүгдэгч М.Т болон түүний өмгөөлөгч Я.Сьезд нар нь “Шүүгдэгч Х.Төлеу нь хохирогч Х.Е-ыг зодоогүй. Гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ хэлсэн бөгөөд Х.Е, А.Б нар нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж бодож байна. Тиймээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлж байна” гэв.

            Хохирогч Х.Е, гэрч А.Б нар нь ашиг сонирхлын зөрчилтэй эсэх нь шүүгдэгч М.Т хохирогч Х.Е-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт ямар нэгэн шалтгаант холбоогүй юм. Мөн зодоогүй, гар хүрээгүй гэж байгаа нь ямар нэгэн нотлох баримтаар нотлогдохгүй байх бөгөөд энэ нь хохирогч Х.Е, гэрч А.Б, Е.Е, Х.Бнарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Е нь “Эмчилгээний зардал 75000 /далан таван мянга/ төгрөг, 7 хоног ажилдаа явж чадаагүй тул уг 7 хоногийн цалин 178182 /нэг зуун далан найман мянга нэг зуун наян хоёр/ төгрөг, өмгөөллийн хөлс 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөг нийт 653182 /зургаан зуун тавин гурван мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийн хохирол, хор уршгийн мөнгө нэхэмжилж байна.” гэв.

Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эмчилгээний зардал 75000 /далан таван мянга/ төгрөгийг шүүгдэгч М.Т-ээс гаргуулж, 7 хоногийн цалин 178182 /нэг зуун далан найман мянга нэг зуун наян хоёр/ төгрөг, өмгөөллийн хөлс 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөг нийт 578182 /таван зуун далан найман мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь: Шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч Х.Е-ы эрүүл мэндэд учирсан хохирол нь ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй гэж дүгнэжээ. Иймд хохирогч Х.Е нь энэ хугацаанд ажлаа хийх боломжтой байсан ба үүнийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэх боломжгүй байна.

Мөн өмгөөллийн гэрээ нь төлбөрийн чадвартай иргэний хүсэл зоригийн дагуу байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ юм. Энэ нь уг гэмт хэрэгт шууд шалтгаант холбоогүй бөгөөд хохирогчийн өөрийн хүсэл зоригийн дагуу хийгдэж буй гэрээ бөгөөд өөрийн эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотой гарсан зардлыг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 75000 /далан таван мянга/ төгрөгийг шүүгдэгч М.Т-ээс гаргуулж хохирогч Х.Е-д олгох нь зүйтэй гэж үзлээ.    

 

  1. Шүүгдэгч М.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд үзсэн бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч М.Т урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч М.Т-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлээс торгох ялыг сонгож 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

            Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулах торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

           Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөөгүй байх тул түүний эзэмшлийн lG G6 маркийн 800000 /найман зуун мянга/ төгрөгийн үнэтэй нэг ширхэг гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгч М.Т-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Ж овгийн М-ын Т-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч М.Т-ээс эмчилгээний зардал 75000 /далан таван мянга/ төгрөгийг гаруулж хохирогч Х.Е-д олгож, хохирогчийн нэхэмжилж буй 7 хоногийн цалин 178182 /нэг зуун далан найман мянга нэг зуун наян хоёр/ төгрөг, өмгөөллийн хөлс 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөг нийт 578182 /таван зуун далан найман мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  7. Шүүгдэгчийн эзэмшлийн lG G6 маркийн 800000 /найман зуун мянга/ төгрөгийн үнэтэй нэг ширхэг гар утас битүүмжилсэн прокурорын тогтоолыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.  
  8. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч М.Төлеугийн 001152998 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
  9. Шүүгдэгч М.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч М.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ДОРЖБАЛ