Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 094

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.С,

Хэлмэрч П.Б,

Улсын яллагч Х.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Б,

Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-ээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813000000120 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н овгийн М-ын А, 1982 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс казах, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 8 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,  регистрийн дугаар БЖ82120773.

 

Шүүгдэгч М.А-ы холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.А нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын төвд байрлах “Солтан” гэх баарны гадна 2018 оны 06 дугаар сарын 18-аас 09-нд шилжих шөнийн 01 цагийн үед иргэн Х.Б-тэй маргалдаж зууралдаж байхад Х.Б-кийн дүү нь болох Х.Р ирж салгахыг оролдох үеэр гартаа байсан чулуугаар Х.Р-ийн нүүр лүү цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч М.А Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын төвд байрлах “Солтан” гэх баарны гадна 2018 оны 06 дугаар сарын 18-аас 09-нд шилжих  шөнийн 01 цагийн үед иргэн Х.Б-тэй маргалдаж зууралдаж байхад Х.Б-ийн дүү нь болох Х.Р ирж салгахыг оролдох үеэр гартаа байсан чулуугаар Х.Р-ийн нүүр лүү цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-ы 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан №279 дугаартай “...Иргэн Х.Р-ийн биед баруун талын хөмсөг, баруун талын нүдний доод зовхины дотор буланд мэс заслын оёдол тавьсан язарсан шарх, хамрын нурууны хэсэгт бор өнгийн тав тогтсон зулгарсан зулгаралт, 2 талын нүдний дээд, доод зовхинд хөх ягаан өнгийн, баруун талын нүдний алиманд улаан ягаан өнгийн цус хуралт хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Р-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

            Хохирогч Х.Р-ийн эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч М.А учруулсан болох нь:

- Шүүгдэгч М.А-ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр манай багийн иргэн К-ийн хүү С-ын хуримын цайллага болж биднийг урьсан тул хамаатан садангуудын хамт цайллагад ирсэн юм. Цайллага Дэлүүн сумын төвд байдаг “Солтан” гэдэг бааранд болсон бөгөөд цайллага шөнийн 1 цагийн үед тарсан. Би уг цайллаганд сууж байхдаа 3-4 хундага архи уусан байсан ба цайллаганаас гараад явж байгаад Б-т хандаж “Хурдан гараач” гэж хэлснээс болоод Б бид хоёр маргалдаад зууралдаад явж байгаад газар унаад газраас босохдоо гартаа чулуу авч босож ирээд хажууд зогсож байсан Б-ийн дүү болох Р-ийн нүд рүү гартаа барьсан чулуугаар нэг удаа цохисон. Тэгтэл намайг миний дүү болох Т, Н нар чирээд аваад явчихсан. ...Б надтай зууралдаж байхад Р ирчихсэн байсан юм. Би тэр хоёрыг одоо намайг зодох гэж байгаа юм байх гэж бодоод Р-ийн нүд рүү нь чулуугаар цохчихсон юм. ...Би Р ахаас уучлал гуйж, бид хоорондоо сайн дураараа эвлэрсэн. Би Р-г зодож биед нь гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд нь сайн дураараа 2 сая гаруй төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Хохирогч Х.Р-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн цайллага 2018 оны 06 дугаар сарын 18-ны шөнийн 00 цагийн үед тараад би цайллагаас гараад иртэл миний төрсөн ах болох Б-ийг А, Т, Н гурав гурвуулаа гараараа цохиод явж байхаар нь би очоод   салгах зорилгоор Т холдоорой гэж түлхтэл А гартаа байсан чулуугаараа миний баруун талын нүдэнд цохисон. Тэгэнгүүт би нүдээ дараад доошоо тонгойгоод миний нүднээс болон хамраас маш их хэмжээтэй цус гараад би цусаа угаасан юм. Би цусаа угаагаад эмнэлэгт очоод Н гэдэг эмчид очиж үзүүлээд оёдол тавиулж цусаа тогтоосон юм. ...Би эмчилгээ хийлгээгүй. Надад нэхэмжлэх ямар нэгэн хохирол байхгүй юм. Хохирлын талаар ямар ч маргаан байхгүй байгаа. М.А надаас уучлал гуйж би уучилсан байгаа. Би Дэлүүн сумын хөдөө байдаг тул дахин Өлгийд ирэх боломж байхгүй. Шүүх хуралд оролцох боломж байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

- Гэрч М.Т-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би А Р-г зодож байхыг хараагүй. Ахыг аваад гэртээ очоод “Яагаад хэрүүл маргаан уүсгэж байгаа юм бэ?, Та хүн зодсон уу?” гэж асуухад А ах “Би хэнтэй маргалдсанаа санахгүй байна. Би Б-кийг зодоогүй, харин Р-г цохисон” гэж хэлсэн юм. Р-ийн хаана нь юугаар цохисон болохоо тодорхой хэлээгүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

- Гэрч Б.А-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Р өөрөө Б бид хоёртой тааралдаад Ан намайг зодчихлоо гэж хэлэхээр нь эмнэлэгт очиж нүүрэнд нь боолт хийлгэсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дугаар хуудас/,

- Гэрч М.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Цайллагад очоод 01 цаг болж байхад тарж би хүмүүсийн хамгийн сүүлд гарсан бөгөөд гартал үүдэнд Р, А хоёр зогсож байгаад А Р-ийн нүүрний тус газарт цохиход нь “тас” гэх чимээ гараад Р газар суухад би очоод хартал түүний нүүрнээс цус гарч байсан. ... Р-ийн нүүр рүү А нэг л удаа гараараа цохисон. А-ы гарт ямар нэгэн зүйл байсан эсэхийг би харж чадаагүй. Тухайн үед харанхуй байсан юм.” гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 дугаар хуудас/,

- Гэрч Х.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг машин руугаа явж байхад Р гарч ирж байсан ба түүнээс хойш тухайн газарт юу болсныг мэдээгүй. Машинд суугаад гэртээ иртэл Тилейхан ах “Р-г А зодчихлоо” гэж хэлсэн. Би хэрхэн юугаар цохисон эсэх талаар асуухад нүд рүү нь А цохилоо гэж хэлсэн. Тэгж байтал Р ирсэн ба юу болсон талаар асуухад “Тантай зууралдахаар нь салгахаар очтол миний нүд рүү цохчихлоо” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

- Гэрч А.Т-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... А Р-г нуд рүү нь нэг л удаа цохисон. Өөр ямар нэгэн зодоон болоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.А-ы дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.А-ы бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Р-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

            Иймд шүүгдэгч М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Р-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд үүссэн хохирол, хор уршигийг шүүгдэгч М.А төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.А-ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг бүрэн барагдуулсан тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл  тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч М.А урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч М.А-ы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, зэргийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 /дөрвөн зуун тавь/ нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

            Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Шүүгдэгч М.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

ТОГТООХ нь :

  1. Н овгийн М-ын А-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч М.А-ы 01131790 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим иргэний үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
  8.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч М.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ДОРЖБАЛ