Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01625

 

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01625

 

 

 

 

М -ТӨХК нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/01486 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч "М" ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Т д холбогдох, 65,286,123 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 25,813,853 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г , хариуцагч Т.Т , түүний өмгөөлөгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:
 


1. Нэхэмжлэгч “М" ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Т нь анх 2013 оны 03 сарын 15-ны өдөр "М" ТӨХК-ийн Тасалбар түгээврийн төвийн суудал захиалагч билет бичигчийн ажилд туршилтын хугацаагаар ажиллаж байгаад 2013 оны 05 сарын 07-ны өдөр "М" ТӨХК-тай №А/00 дугаар хөдөлмөрийн гэрээ, 2013 оны 05 сарын 01-ний өдөр №00/00 дугаар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан. Гүйцэтгэх захирлын 2021 оны 04 сарын 07-ны өдрийн №А/00 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Гүйцэтгэх захирлын 2017 оны 11 сарын 16-ны өдрийн хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай А/000 тоот тушаалын дагуу холбогдох албан тушаалтнууд ... улсын ... хот дахь Төлөөлөгчийн газрын билет борлуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Энэ шалгалтаар суудал захиалагч билет бичигч Т.Т нь өөрийн хариуцлагад байгаа 00 дугаартай кодоор билет бичиж, 2017 оны 07, 08, 09 саруудад нийт 100,081,989.70 төгрөгийн билетийн орлогыг компанийн дансанд оруулаагүй зөрчил гаргасныг тогтоож 2018 оны 01 сарын 29-ний өдөр №00 тоот Санхүүгийн дотоод хяналтын аудиторын зөвлөмж гаргаж гүйцэтгэх захиралд хүргүүлсэн. "М" ТӨХК-ийн Аюулгүй ажиллагаа, чанар, нислэгийн аюулгүй байдлын албаны дотоод аудитаас /цаашид ААЧНАБА гэх/ ... хот дахь төлөөлөгчийн газарт 2018 оны 10 срын 01-05-ны хооронд хийгдсэн хяналт шалгалтаар Т.Т нь 2016 оны тайлант жилд зуны нислэгийн ачааллын үе 2016 оны 07-09 сард ... улсын ... хот дахь төлөөлөгчийн газарт ажиллаж байх хугацаандаа өөрийн хариуцсан 00 кодоор 389 ширхэг буюу 28,143,150 иений билет бичсэнээс 19 ширхэг буюу 1,757,950 иений дүн бүхий билетийн орлогыг компанийн дансанд төвлөрүүлэлгүй компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй, компанийн хөрөнгийг дур мэдэн үрэн таран хийж, хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсан болохыг тогтоож Аудитын дүгнэлт гарсан. Тухайн үед "М" ТӨХК-ийн Тасалбар түгээврийн төвийн суудал захиалагч билет бичигич нар нь нислэгийн тийзийг Габриел систем ашиглан борлуулдаг байсан. Билет бичигч нь Габриел систем рүү зөвхөн тухайн системийн терминалыг суулгасан компьютерээс өөрийн нэвтрэх кодыг ашиглан нэвтэрч билет бичих боломжтой байдаг. үүнийг зөвхөн компанийн Мэдээлэл, технологийн хөгжүүлэлтийн хэлтсийн хариуцсан инженер суулгадаг бөгөөд хөндлөнгийн хэн нэгэн этгээд тухайн билет бичигчийн эрхээр нэвтрэн орж билет бичих боломжгүй. ААЧНАБА-ны аудитын дүгнэлтийн дагуу хариуцагч Т.Т нь компанид учруулсын хохирлоо 2017 оны 10 сарын 31-ний өдрөөс эхлэн 2020 оны 03 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд доорх байдлаар цалингаасаа суутгуулан төлж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар 75,198,454 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно. Т.Т нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний хавсралт болох ажлын байрны тодорхойлолтын үндсэн үүргийн хүрээнд ажлын байранд хийгдэх ажлууд буюу гол үйл ажиллагааны хүрээнд 1.7-д зааснаар өдөр бүр борлуулсан билетний тооцоог үнэн зөв гаргах үүрэг хүлээдгээс гадна Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 2.1, 2.3-т заасан үүргийг тус тус хүлээсэн. Дээрх үндэслэлээр Т.Т аас 75,198,454 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Одоо 65,286,123 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

2. Хариуцагч Т.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Т нь 2013 оы 10 сарын 26-ны өдөр ... улсын ... хот дахь Төлөөлөгчийн газарт билет бичигч, суудал захиалагчаар томилогдон 2015 оны 10 сарыг хүртэл ажиллаад буцаад Мэдээлэл лавлагааны тасагт билет бичигч, суудал захиалагчаар ажилласан. Гэтэл зуны нислэгийн ачаалал ихэссэнтэй холбогдуулан 2016 болон 2017 оны зунаас эхлэн ... д зуны саруудад томилон ажиллуулж байсан болно. ... улсын ... дахь Төлөөлөгчийн газарт менежер Д.А гийн шууд удирдлага дор суудал захиалагч, билет бичигчээр 2016 оны 2017 оны 12 сарыг дуустал зуны нэмэлтээр ажиллаж байсан. Шалгалт ирэх үед ... д Аэрпорт менежер Д.А , ...  дахь оффис менежер Э.Б ажиллаж байсан. Энэхүү шалгалтаас гаргасан зөвлөмжөөр Т.Т миний нэр дээр 2017 оны 06, 07, 08, 09 сарын билет захиалгын орлого 33,049,200 төгрөгийн төлбөр тогтоож, 100,081,989.70 төгрөгийн төлбөрийг 2018 оны 04 сараас эхлэн миний цалингаас суутган авах болсон тул би энэхүү төлбөр болон цалингийн суутгалыг хүлээн зөвшөөрөхгүй гэж компанийн удирдлага болон Дотоод хяналтын аудиторт хандан удаа дараа хэлж, өргөдөл гомдол гаргаж байсан боловч авч хэрэгсээгүй. Санхүүгийн дотоод хяналтын аудиторын 2018 оны 01 сарын 29-ний өдрийн 00 тоот зөвлөмжийн дагуу надаар төлүүлэхээр заасан 1,652,460 JРҮ төлбөр нь бүхэлдээ менежер Д.А гийн өгсөн үүргийн дагуу зээлээр бичсэн билетийн мөнгө. Д.А бусдын өмнөөс төлсөн ачааны мөнгө, түүний касс дээр байсан бэлэн мөнгийг авсан болно. Үүнээс гадна нягтлан бодогч Н.А ажлын бус цагаар, зээлээр билет бичүүлж байсан. ... дахь оффист “М” ТӨХК-ийн захирлуудын хувийн ачаа байнга ирдэг байсан бөгөөд тухайн ачааны мөнгийг менежер Д.А гийн өгсөн үүргийн дагуу миний бие бичиж, хураасан билет захиалгын бэлэн орлогоос төлдөг, заримдаа менежер Д.А нь өөрийнхөө нэрийг бичүүлээд билет захиалгын орлогоос бэлэн мөнгө зээлж авдаг, төлөхийг шаардахад “...санаа зоволтгүй, би аваад өгчихнө, удахгүй төлнө...” гэж хэлдэг байсан. Миний бие энэ тухайгаа “М” ТӨХК-ийн холбогдох газар, албан тушаалтнуудад хандан мэдэгдэж, удаа дараа өргөдөл гомдол гаргасан боловч миний гомдлыг хүлээн авч шийдвэрлэхгүй, тэдгээр төлбөрийг надаар төлүүлж, миний цалин хөлснөөс суутган авч, намайг хохироож байна. Тухайн үед өөрийн удирдлагын өмнөөс эсэргүүцэж чадахгүй, түүний хэлсний дагуу зээлээр билет бичиж, бусдын ачааны мөнгийг төлж, өөрт нь мөнгө зээлж байгаад эцэс сүүлд нь өөрөө их хэмжээний төлбөрт орсондоо маш их харамсаж гомдолтой байна. Менежер Д.А нь “...билетийн кассын бэлэн мөнгийг төлбөрийг дансандаа хийлгүй байж байгаарай...” гэдэг байсан. АТМ орж боломжоороо конвертнээс зээлээд авчихаар билетийн төлбөрийг хийхээр хүрдэггүй учир хүрэх хүртэл нь дансандаа хийдэггүй байсан. Бэлэн төлбөр дундаас нь авчихаар хүрэхгүй болохоор эхнээс нь нөхөөд мөнгө нь хүрэхээр хийдэг байсан. Тухайн конвертийн нүүр хэсэгт хэчнээн мөнгө авсан талаар тэмдэглэдэг байсан. Би эдгээрийг хаялгүй өөртөө хадгалсан. Монгол улс руу 2017 оны 09 сард яваад 7 хоноод ирэхэд цөөхөн хэдэн конверт үлдсэн байсан. Гэхдээ дутуу цөөхөн конверт авч үлдэж чадсан. Бэлнээр орж ирдэг байсан төлбөртэй зарим конвертийг намайг дахиж ... д очихоос өмнө устгасан байж магадгүй. Эсвэл билет бичигч Д.Э эгч бид хоёрыг байхад сэм сэмхэн дундаас нь аваад устгасан байж магадгүй. Учир нь бэлнээр ирж авсан хүмүүсийн төлбөр дансанд ороогүй. Аудитын шалгалт ирэхээс өмнө менежер Д.А надад бэлэн мөнгө орж ирэхээр бичиж авдаг байсан конвертуудыг устгаарай гэж хэлж байсан. Нягтлан бодогч Н.А тай өмнө билетийн тулгалт хийхэд 1,032,070 иений авлага гарсан. Гэтэл ахлах нягтлан бодогч Д.Г нь 1,652,460 иений төлбөр гарсан гээд уг төлбөрийг цалингаас суутгаж байна. Миний бодлоор 1,032,070 иенээс хасаж тооцох ёстой байтал анх авлага үүссэнээр тооцон хасаж байгааг ойлгохгүй энэ талаар удаа дараа тайлбар хүссэн боловч хүлээж аваагүй. Аудитын зөвлөмжийн дагуу надад наад захын амжиргааны төлбөр ч үлдээлгүйгээр бүх цалинг минь хассан. Тэр ч бүү хэл өвчтэй байсан үед нийгмийн даатгалаас орж ирдэг мөнгийг хүртэл өгөлгүй авсан. н.А гэж хүн УБ-... -УБ чиглэлд байнга “М” ТӨХК-ийн нислэгээр ирж, очдог ба билетээ ихэвчлэн манай Төлөөлөгчийн газар өөрөө ирж захиалан мөнгөө ихэвчлэн бэлнээр төлдөг. Гэтэл 8 сарын 1-нд н.А нэрээр билет захиалж бэлнээр төлбөрөө төлснийг сайн санаж байна. Гэвч энэ төлбөр нь ороогүй байна гэж аудит дүгнэсэн. Дээр дурдсан 27 билетийн төлбөр орж ирээгүй гэж аудитын шалгалтаар тогтоогдсон. Ихэнх РОС буюу /аirport tах/ төлсөн билет болон өдөр солилт /date change/-ын билетүүдийг менежер Д.А , нягтлан бодогч Н.А нар зээлээр бичүүлдэг байсан. Учир нь надад РОС билет бичиж өгөх эрх байхгүй. /Жишээ нь: 4000, 14330, 6620, 5580, 6310 Улаанбаатар Наритагийн ТАХ төлдөг билет, өдөр солилт/ Менежер Д.А Airport дээр солиулж бичүүлсэн билетүүдийн өдөр солилтын төлбөрийг бараг өгч байгаагүй. Мөн конвертийг хаячих гэхээр нь хаяж болохгүй санагдаад цөөн хэдэн конвертийг авч өөртөө нуун хадгалсан. Компаниас билетүүдийн нэрсийг авах гэж удаа дараа Санхүүгийн хэлтсийн ахлах н.Г аас гуйсан боловч гаргаж өгөөгүй. н.Г ээс гаргуулж авсан нэрс дутуу, мөн регистрийн дугаар байхгүй учир зорчигчтой холбогдох боломж, эрэл хайгуул хийхэд хүндрэлтэй байсан. Дээрх аудитын зөвлөмжид тусгагдсан тийзийг худалдан авсан хүмүүсийг тогтооход хэн хэнд давуу байдал олгосон болох нь тогтоогдох болно. Дээр дурдсанаар Дотоод хяналтын аудитор нь хяналт шалгалтыг бодитой үнэн зөв хийж чадаагүй. Менежер Д.А гийн хувьдаа ашигласан эсхүл төлбөрийг нь төлөхгүйгээр дараа нь төлнө, төлчихсөн гэж надаар урьдчилан төлбөргүйгээр бичүүлсэн билетийн захиалгын мөнгө болон Төлөөлөгчийн газрын мөнгөний шүүгээнээс авсан мөнгийг надаар төлүүлэхээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

3. Сөрөг нэхэмжлэлийн агуулга: "М" ТӨХК нь захиалагч, билет бичигч албан тушаалд ажиллаж байсан Т.Т миний цалингаас үндэслэлгүйгээр 2017 оны 10 сарын 31-ний өдрөөс 2020 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 25,813,853 төгрөгийг суутган авсан байна. Иймд Т.Т миний цалингаас үндэслэлгүйгээр, ямар ч тушаал, шийдвэргүйгээр суутган авсан 25,813,853 төгрөгийг гаргуулж өгнө үү.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга: Т.Т нь билет бичигчээр ажиллаж байхдаа 100,081,989 төгрөгийн өр дутагдал үүсгэж компанид хохирол учруулсан байсан тул цалингаас суутгаж авсан 25,813,853 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2, 136 дугаар зүйлийн 136.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Т аас 59,084,490 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М ” ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,201,633 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Т.Т ын “М ” ТӨХК-д холбогдуулан гаргасан 25,813,853 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Т.Т аас 9,912,331 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч “М ” ТӨХК-ийн 510,357 төгрөг, хариуцагч Т.Т ын 287,020 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Т аас улсын тэмдэгтийн хураамжид 453,373 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М ” ТӨХК-д олгож шийдвэрлэсэн.

6. Хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. 

6.а. Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2 дахь хэсэгт “эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг ашиглан шамшигдуулсан, санаатайгаар усгасан, гэмтээсэн үед хохирлын хэмжээг тухайн үеийн зах зээлийн ханшаар тодорхойлно” гэж заажээ. 2017 оны 06 сард 1 иений ханш 21.67 төгрөг байсан тул 2,726,557 иенийг 21.67 төгрөгөөр тооцвол 59,084,490 төгрөгийг хариуцагч Т.Т аас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40, 40.3 дахь хэсэгт заасныг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Шүүх хуралдааны явцад шүүгч тооцооллыг хийж асуулт асуух явцдаа нэхэмжлэгчийг хөтөлсөн, заасан, зөвлөсөн, тулгасан байдлаар явагдсан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 12 сарын 08-ны өдөр тодруулсан. Мөн нэхэмжлэгч “М ” ТӨХК нь Т.Т аас 9,912,331 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан үйл явдал огт болоогүй бөгөөд шүүх өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахын тулд ингэж дүгнэж шүүхийн шийдвэрт тусгаж байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн үйл явдал гэж үзэж байна.

6.б. Мөн шүүх үндэслэх хэсэгтээ “...нийт 5,782,340 иен буюу 126,691,069.40 төгрөгийн орлогыг тус тус оруулаагүй нь холбогдох баримтуудаар тогтоогдсон ба шалгалтын явцад дутагдсан нийт төлбөрөөс 26,609,079 төгрөгийн авлагыг холбогдох ажилтнууд барагдуулж 100,081,989 төгрөгийн үлдэгдэлтэй, уг билетийн орлогыг компанийн дансанд оруулаагүй зөрчил гаргасан байна....” гэж дүгнэсэн атлаа 2017 оны 06 сард 1 иений ханш 21.67 төгрөг байсан тул 2,726,557 иенийг 21.67 төгрөгөөр тооцвол 59,084,490 төгрөг гэсэн тооцоолол хаанаас хэрхэн ямар нотлох баримтад үндэслэн гаргасан нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Энд дурдагдсан нийт 5,782,340 иен буюу 126,691,069,40 төгрөгийн орлогын зөрчил гээд байгаа нь 2018 оны 01 сарын 29-ний өдрийн №00 тоот “Санхүүгийн дотоод аудиторын зөвлөмж”-ийн 7-д “...Суудал захиалагч билет бичигч Т.Т нь өөрийн хариуцлагад байгаа 00 кодоор билет бичиж 2017 оны 06, 07, 08, 09 саруудад нийт 1,652,460 иений дутагдлыг тус тус гаргаж, компанид орох ёстой нийт 5,782,340 иен буюу 126,691,069,40 төгрөгийн орлогыг тус тус оруулаагуй нь холбогдох баримтуудаар тогтоогдсон ба шалгалтын явцад дутагдсан нийт төлбөрөөс 26,609,079,7 төгрөгийн авлагыг холбогдох ажилтнууд барагдуулж, 100,081,989,70 төгрөгийн үлдэгдэлтэй байна...” гэж дүгнэсэн байхад Т.Т аар ганцаарангаар нь төлүүлэхээр цалингаас нь суутган авч, үлдсэн төлбөрийг нэхэмжилсэн нь хууль бус гэж үзэж байна. Бусад ажилтнууд нь дээрх төлбөрийг хариуцах ёстой гэж үзэж байна. 

6.в. Мөн 2018 оны 01 сарын 29 №00 тоот “Санхүүгийн дотоод аудиторын зөвлөмж”, 2019 оны 05 сарын 15-ны өдрийн “Аудит тайлан №00” зэрэг нь санхүүгийн баримтад үндэслэн нотлох баримттайгаар гарсан байх ёстой атал ямар баримтад үндэслэн гаргасан нь тогтоогдоогүй, үндэслэлгүй байх ба билет бичигч Т.Т 00 эсхүл 00 кодоор бичсэн гэх боловч аль код нь Т.Т ынх гэж тогтоосон зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хууль зүйн үүднээс нотлох баримттайгаар нотолж чадаагүй болно.

6.г. Сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ болон шүүхэд гаргаж өгсөн баримтдаа хариуцагчийн цалингаас 2017 оны 10 сарын 31-ний өдрөөс эхлэн 2020 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэлх 38 сарын хугацаанд нийтдээ 1,128,266.09 иен буюу 25,813,853.10 төгрөгийг суутган авч байснаа дурдсан бөгөөд энэ талаарх баримтаа гаргаж өгсөн, хариуцагч өөрийнх нь цалингаас суутган авч байсан талаарх баримтаа шүүхэд өгсөн атал шүүх энэ талаар дүгнэлгүйгээр “Түүний цалингаас 2018 оны 03 сарын 31-ний өдрөөс 2020 оны 03 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 16,777,717 төгрөг буюу 683,853 иений суутгал хийгдсэн байгааг хасч тооцох нь зүйтэй” гэж ямар нотлох баримтыг үндэслэн ийнхүү дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.4 дэх хэсэгт заасныг ноцтойгоор зөрчиж цалингаас нь суутгасан байна.

6.д. Т.Т нь “М ” ТӨХК-ийн захирлын 2017 оны 04 сарын 07-ны өдрийн №А/00 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн болно. 2018 оны 01 сарын 29-ний өдрийн №00 тоот “Санхүүгийн дотоод аудиторын зөвлөмж”, 2019 оны 05 сарын 15-ны өдрийн №00 тоот “Аудит тайлан”, санхүүгийн баримт зэргээр зөрчил, дутагдалтай гарсан гэж үзсэн бол ажлаас чөлөөлөх, иргэний болон эрүүгийн журмаар хохирлоо нэхэмжлэх эрх нээлттэй байсан ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.


7. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Т.Т нь нэхэмжлэлийн шаардлагын дагуу эд хөрөнгийн хариуцлага хүлээсэн. Энэ талаар хууль ёсны дүгнэлтийг анхан шатны шүүхээс гаргасан. Хавтаст хэрэгт эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, хөдөлмөрийн гэрээ зэргийг нотлох баримтаар хавсаргасан. 2013 оноос хойш Т.Т “М” ТӨХК-ийн билет бичигчээр ажилласан. Билет бичигчийн хувьд ажил үүргийн хуваарьт заасны дагуу суудал захиалгын системд нэвтрэх кодыг олгодог. Хариуцагч тал гомдолдоо 00 болон 00 код аль нь Т.Т ынх болох нь тогтоогдоогүй гэж дурдсан. 2016 онд Т.Т нь 00 кодоор билет бичиж байсан. Тухайн кодоор зөвхөн Т.Т системд нэвтрэх бөгөөд тухайн код нь өөрийнх нь хариуцлагын код юм. Мөн “М” ТӨХК нь цалингаас үндэслэлгүйгээр мөнгө суутгасан гэж тайлбарласан. Үүнд 2018 оноос хойш хариуцагч өөрөө зөвшөөрсний үндсэнд цалингаасаа суутган төлж байсан. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Дотоод аудит болон Үндэсний аудитын газраас тухайн зөрчилд шалгалт хийсэн. Т.Т нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, билет бичиж мөнгийг авсан энэ талаар өөрөө тайлбарлахдаа дээд албан тушаалтнууд буюу дарга нар намайг шахаж шаардсан гэж ярьсан нь үндэслэлгүй, түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хөтөлсөн, заасан, зөвлөсөн байдлаар асуулт, хариулт явуулсан гэж хариуцагч тал тайлбарладаг. “М” ТӨХК-аас 9,000,000 төгрөгийн ханшийн зөрүүг хүлээн зөвшөөрсөн. Энэ талаарх тайлбарыг шүүх хуралдаанд өгсний дагуу шүүх тухайн үеийн ханшаар тооцож хохирлыг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ НЬ:

  1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

  1. Нэхэмжлэгч “М” ТӨХК хариуцагч Т.Т д холбогдуулан хохирол 75,198,454 төгрөг гаргуулах тухай шаардлага анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 9,912,331 төгрөгөөс татгалзаж, 65,286,123 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-3, 56-58, 139-140, 2хх 14/ Иймд “...нэхэмжлэгч 9,912,331 төгрөгийн шаардлагаас татгалзсан үйл явдал болоогүй, шүүх өөрийн санаачилгаар ингэж дүгнэж шийдвэрт тусгасан...” гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ. Хариуцагч Т.Т нь нэхэмжлэгч “М ” ТӨХК-д холбогдуулан цалингаас үндэслэлгүй суутгасан 25,813,853 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 160-161, 2хх 12-13/

 

  1. Т.Т нь “М ” ТӨХК-тай 2013 оны 05 сарын 07-ны өдөр А/00 тоот хөдөлмөрийн гэрээ, 2017 оны 09 сарын 20-ны өдөр 00/00 тоот хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулж, тус компанийн ... хот дахь төлөөлөгчийн газарт суудал захиалагч-билет бичигчээр ажилласан, улмаар Маркетингийн хэлтсийн харьяа Мэдээлэл, лавлагааны тасагт ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь хэргийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /1хх 8-11, 12-15, 33/Мөн талууд 2013 оны 05 сарын 01-ний өдөр 00/00 тоот эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, 2017 оны 09 сарын 20-ны өдөр 00/00 тоот эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тус тус байгуулж, ажилтан захиргаанаас үл хамаарах шалтгаанаар хохирол учруулбал учруулсан хохирлоо бүрэн хэмжээгээр төлж байгууллагыг хохиролгүй болгох нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /1хх 21, 210/

 

4. “М” ТӨХК-аас ... хот дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд хийсэн аудитын шалгалтаар ажилтан Т.Т нь 2016 оны 07, 08, 09 саруудад өөрийн хариуцлагад байгаа 00 кодоор бичсэн тийзнээс нийт 19 ширхэг тийзний үнэ болох 1,757,950 иенийг компанийн орлогод төвлөрүүлээгүй, мөн 2017 оны 06, 07, 08, 09 саруудад өөрийн хариуцлагад байгаа 00 кодоор бичсэн тийзнээс нийт 40 ширхэг тийзний үнэ болох 1,652,460 иенийг компанийн орлогод төвлөрүүлээгүй зөрчил гаргасан болох нь тус тус хэргийн баримтаар тогтоогдсон. /1хх 22-28, 117-118, 122-125, 180-181, 215/

Хариуцагч Т.Т нь хөдөлмөрийн гэрээний 6.1.2-т заасан “ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргүүдийг идэвхи, санаачилга гарган гүйцэтгэж, хариуцсан ажлын талаар ямар нэгэн дутагдал гаргахгүй байх”, ажлын байрны тодорхойлолтын 1.7-д заасан “өдөр бүр борлуулсан билетний тайлан тооцоог үнэн зөв гаргах”, 4.1-д заасан “үйлчилгээ, үнэ тарифтай холбоотой тушаал шийдвэрийг ажилдаа мөрдлөг болгож ажиллах” гэснийг тус тус зөрчсөн байх тул “...Т.Т нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй, компанийн хөрөнгийг дур мэдэн үрэн таран хийх ажиллагааг дэмжсэн, хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаагүй...” гэж дүгнэсэн аудитын дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 

Хариуцагч Т.Т нь тийзний орлого дутсан шалтгаан нөхцөлийг ... хот дахь төлөөлөгчийн газрын менежер Д.А , оффис менежер Э.Б , нягтлан бодогч Н.А , билет бичигч Д.Э нарын үйлдэлтэй холбон тайлбарлаж байх боловч уг тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан татгалзлаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй.

Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан “билет бичигч нар тийзийг “Габриел” систем ашиглан борлуулдаг, уг систем рүү зөвхөн тухайн системийн терминалыг суулгасан компьютерээс өөрийн нэвтрэх кодыг ашиглан нэвтэрч билет бичих боломжтой байдаг, хөндлөнгийн хэн нэгэн этгээд тухайн билет бичигчийн эрхээр нэвтрэн орж билет бичих боломжгүй” гэсэн тайлбарыг баримтаар няцааж чадаагүй болно. Иймд “...ганцхан надаар төлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй...” гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй. / 1хх 2, 2хх 33/

 

5. Иймд нэхэмжлэгч “М” ТӨХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2-т тус тус зааснаар байгууллагад учирсан хохирлыг хариуцагч Т.Т аас шаардах эрхтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. 

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 136 дугаар зүйлийн 136.2 дахь хэсэгт “...хохирлын хэмжээг тухайн үеийн зах зээлийн үеийн ханшаар тодорхойлно” гэж зохицуулсан тул Т.Т ын байгууллагад учруулсан хохирол болох 1,757,950 иенийг тухайн үеийн ханш 21.37 төгрөгөөр тооцоход 37,567,391.5 төгрөг, 1,652,460 иенийг тухайн үеийн ханш 22.07 төгрөгөөр тооцоход 36,469,792.2 төгрөг, нийт 74,037,183.7 төгрөг болж байна.

Үүнээс 9,036,136.1 төгрөг аудитын шалгалтын явцад төлөгдсөн, 16,777,717 төгрөгийг ажилтны цалингаас суутган авч төлүүлсэн байх тул үлдэх 48,223,330.6 төгрөгийг хариуцагч Т.Т аас гаргуулан нэхэмжлэгч “М ” ТӨХК-д олгох нь зүйтэй. /1хх 183/

 

6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

Түүнчлэн, ажилтан Т.Т нь түүний цалингаас 2018 оны 04 сарын 30-ны өдрөөс 2020 оны 03 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажил олгогч “М” ТӨХК нийт 16,777,717 төгрөгийг хохиролд суутган авч байсан талаарх гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гурван сарын хугацаанд шүүхэд гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/01486 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...59.084.490 /тавин есөн сая наян дөрвөн мянга дөрвөн зуун ерэн/ төгрөгийг...” гэснийг “...48,223,330.6 төгрөгийг...” гэж, “...6.201.633 төгрөгт...” гэснийг  “...17,062,792.4 төгрөгт...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...453.373 төгрөгийг...” гэснийг “...399,067 төгрөг...” гэж өөрчилж, 

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 06 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 287,020 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

                              

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ш.ОЮУНХАНД

                ШҮҮГЧИД                          М.БАЯСГАЛАН

                                                        Д.НЯМБАЗАР