Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 158/2020/0004/З |
Дугаар | 388 |
Огноо | 2020-10-26 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 388
Н.Бийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын Засаг
даргад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь,
Х.Батсүрэн,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нэхэмжлэлийн шаардлага“...сумын Засаг даргын мал бүхий иргэдийн малыг тууж, хашиж, мөнгө нэхэж буй үйл ажиллагаа нь илт хууль бус болохыг тогтоолгох”
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 426 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр: Монгол улсын Үндсэн хуулийн 63 дугаар зүйлийн 1, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн а, Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д заасныг тус тус баримтлан иргэн Н.Боос Булган сумын Засаг даргад холбогдуулан гаргасан сумын Засаг даргын мал бүхий иргэдийн малыг тууж хашиж, мөнгө нэхэж буй үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 426 дугаар магадлалаар: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн 63 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн “а”, Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д” гэснийг “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн “а”, 29.1.6-ийн “а”, 36 дугаар зүйлийн 36.1.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.3-д” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгч Н.Б миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 426 дугаар магадлалыг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гардан авч магадлалыг дараахь үндэслэлүүдээр эс зөвшөөрч Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргаж байна.
4. Миний бие Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Булган аймгийн Булган сумын Засаг даргын Булган сумын мал бүхий иргэдийн малыг бэлчээрээс болон хашаанаас тууж авч ирж Булган сумын Тохижилт үйлчилгээний ангийн хашаанд хашиж, мөнгө нэхэж, мөнгө тушаасан дараа малыг төлбөртэйгөөр гаргаж байгаа үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч миний бие өөрийн болон Булган сумын мал бүхий иргэдийн эрх ашгийг Булган сумын засаг дарга нь зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж өөрийн болоод мал бүхий иргэдийн эрх ашгийг хамгаалахыг хүссэн.
5. Учир нь Булган аймгийн Булган сумын төв нь Ачуутын гол, Зүүн түрүүний гол гэх хоёрхон голтой эдгээр голууд нь сумын төв хэсгийн ногоон байгууламж /таримал мод, саад, цэцэг, навч/, инженерийн шугамын гадна байрладаг, харин сумын захын гэр хорооллын дундуур урсдаг ба голоос хүн болоод мал амьтны ус унд, хужрын эх үүсвэр нь болж байгаа учраас мал нь эдгээр газраас л ирж усаа уудаг. Гэтэл Булган сумын Засаг дарга, Тохижилт үйлчилгээний ангийн ажилтан нар ус ууж, хужир, өвс идэж байгаа малыг, өвлийн улиралд ядарч туйлдаж хашаандаа тэжээгдэж буй малыг тууж хашиж байгаа нь хууль бус байна. Эдгээр хүмүүст хүний хувийн өмчид эзэнд нь мэдэгдэлгүй, зөвшөөрөлгүй халдах, ариун цэврийн шаардлага хангаагүй хашаа хороонд ямар ч өвчтэй нь мэдэгдэхгүй олон тооны адуу үхрийг холилдуулан хашдаг, эзнээс нь мөнгө төгрөг нэхэх эрх ямар нэгэн хуулиар зохицуулагдаагүй, ямар хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж буйг тодруулахад тайлбарладаггүй сумын засаг даргын орлогчийн өгсөн үүрэг даалгавар л гэж хэлэхээс өөрөөр тайлбарладаггүй зэрэг нь хууль бус юм.
6. Булган аймгийн Булган сумын засаг даргаас өгсөн үүргийн дагуу түүний орлогч, тамгын газар, Тохижилт үйлчилгээний ангийн дарга ажилтан нарын явуулж буй дээрх уйл ажиллагаа нь иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална, 5.3-т Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно, 5.5-д Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна. 16 дугаар зүйлийн 16.3-т хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө.... гэж заасан эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна...гэсэн.
7. Гэтэл тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 3-т “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” гэсний дагуу өөрийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхдээ бусдын буюу нийтийн эрх ашгийг хүндэтгэж, хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй" ...гэжээ.
8. Нэхэмжлэгч миний бие өөрийн малыг суманд байгаа голоос усалж, өөрийн өмчлөлийн хашаанд ядарсан 2 малаа нэг сар хүрэхгүй хугацаанд тэжээсэн нь үндэсний аюулгүй байдал, бусдын эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулсан гэхэд эргэлзэж гайхаж байна. Малчин иргэд малаа урсгал голоос усалж, бэлчээр лүү гаргах, ядарсан малаа тэжээх нь нийгэмд хортой, буруу үлгэр дуурайлал үзүүлэхээр, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний үйл ажиллагаа гэж бодохгүй байна.
9. Мөн малыг Булган сумын Тохижилт үйлчилгээний ангийн хашаанд тууж авч ирж ямар ч өвс ус байхгүй төмөр хашаанд олон тооны малыг олон өдөр хашаад эзэнд нь мэдэгддэггүй, эзэд нь малаа авахаар ирэхэд заавал төлбөр төл гэдэг ба энэ нь ямар учиртай төлбөр, ямар хуулийн дагуу авч байгааг тайлбарлахыг хүсэхэд уурлаж, хуулийн байгууллагаар яв гээд олон хоногоор өгдөггүй, эсвэл малаа дахин оруулахгүй, дахин оруулсан тохиолдолд бодоор торгуулна, эрсдэл гарвал өөрөө хариуцна гэсэн бичиг хийж өгөхийг шаарддаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1.2.1-д ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх эрхтэй гэсэн заалтыг зөрчдөг ба хариуцагчийн тайлбарт хавсаргаж ирсэн нэхэмжлэгч миний гаргаж өгсөн баталгаанаас харагдаж байдаг. Булган сумын засаг дарга, Тохижилт үйлчилгээний анги нь 2018 оны 7 сараас хойш 2019 оны эхэн хүртэл нэг толгой малаас 10000 төгрөгийг бэлнээр бэлэн мөнгөний баримт бичүүлэн авч малаа хашуулсан иргэдэд баримтын хувь өгдөггүй, 2019 оноос хойш өрхийн малаас 50000 төгрөгийг өөрийн 100041400988 дансанд тушаахыг шаарддаг. Төлбөрийг Зөрчлийн тухай хууль үндэслэн авч байна гэхээс өөрөөр тайлбарладаггүй юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 8.6-д заалтаас харахад Булган сумын Засаг даргын тамгын газар, Тохижилт үйлчилгээний анги зэрэг нь торгох эрх бүхий алба тушаалтан биш байна. Хэрэв торгууль төлөхөд хүрвэл торгуулийг эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлогыг харгалзан торгох шийтгэлийг нэг жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж болно гэсэн байхад заавал бэлнээр торгууль тушаахыг шаарддаг.
10. Нэхэмжлэгч миний бие өөрийн адууг Зүүн түрүүний голоос усалдаг ба Зүүн түрүүний гол дээр байхад тууж авч ирж Тохижилт үйлчилгээний ангийн хашаанд хашиж төлбөрөө нэхдэг. Төлбөрийг миний бие өөрөө байхгүй байсан тул эхнэрээр ажлын өдөр дансанд хийлгэсэн бол амралтын өдөр Тохижилт үйлчилгээний ангийн харуулд бэлнээр 2 удаа өгч байсан гэж нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралд дээр тайлбарлаж байсан.
11. Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн төрийн сангийн дансны хуулгад иргэдээс төлбөр орж ирсэн тухай мэдээлэл, мал хашуулсан бүртгэлд малчдаас мөнгө өгсөн гэх тэмдэглэл, төвөөс мал гаргах ажлын хэсгийн мэдээллүүдэд малаа дахин оруулж ирсэн иргэдэд Зөрчлийн хуулиар арга хэмжээ авлаа гэсэн байдаг. Энэ нь Тохижилт үйлчилгээний анги өөрсдөө бэлнээр авсан мөнгө, төрийн санд иргэд мөнгө тушааж хийсэн төлбөрийг хэлж байгаа болохоос биш эрх бүхий албан тушаалтан шалгаж хуулийн дагуу арга хэмжээ авч төлбөр авахуулсан зүйл биш юм. Үүнийг тайлбарлаж хэлсээр байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуульд заасан үүргээ биелүүлж шалгаж тогтоосонгүй, тогтоохыг ч хүссэнгүйд харамсаж байна. Мөн хариуцагч тал болон Тохижилт үйлчилгээний энгийн алба хаагч нар мал бүхий иргэдээс малаа дахин оруулж ирвэл бодоор торгуулна, эндэгдлээ өөрөө хариуцана гэх баталгаа бичүүлэхийг малчдаас шаарддаг ба нэхэмжлэгч миний гаргаж байсан хариуцагчаас гаргаж өгсөн баталгаа, хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтын төвөөс мал гаргах ажлын хэсгийн мэдээлэлд баталгаа гаргуулан ажиллалаа гэх зэргээс хариуцагч тал иргэдийн малыг хашаад бодоор торгох, эндэгдлийг өөрөө хариуцахыг тулган шаардаж малыг эзэнд нь өгдөг талаар нэхэмжлэл тайлбарт дурьдаж байхад шүүх үнэлсэнгүй.
12. Шүүх гагцхүү нэхэмжлэгчийг буруутан болгох талаас л хандаж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасан “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, уг хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэх үүргээ биелүүлсэнгүй гэж үзэж байна.
13. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус “Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн VII/01 тоот тогтоолд үндэслэж гэж” нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн нь ойлгомжгүй төдийгүй шүүх Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дээрх тогтоолыг “хэм хэмжээ тогтоосон захиргааны акт бус маргаан бүхий захиргааны акт гэж дүгнэсэн, давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр байгаа тул тогтоолын хууль зүйн үндэслэлээр дүгнэлт хийх шаардлагагүй гэсэн хирнээ уг тогтоол нь Булган аймгийн Булган суманд 2018 онд гарсан малын шүлхий өвчинтэй холбоотой түр хугацаагаар бэлчээрийн бүс тогтоож энэ хугацаанд малыг сумын төвөөс гаргах зорилготой буюу 2018 оны 05 дугаар сарын 10-наас 2018 оны 6 дугаар сарын 10-ны хооронд хэрэгжих хугацаатай Захиргааны акт байсан тул тухайн үедээ хэрэгжээд дууссан байхад, уг тогтоолыг хэрэгжүүлэхээр гаргасан гэх сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн а/105, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн а/177дугаартай “аймгийн төвөөс мал бүхий иргэдийг албадан гаргах ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргасан болон өвөлжөө, хаваржааны газар зааж өгсөн /газар эзэмшүүлэх захирамж гараагүй, гэрээ гэрчилгээ олгогдоогүй/, мод бэлтгэх зөвшөөрөл зарим иргэдэд олгосон, засаг дарга захирамж, хурал тогтоол гаргах эрх хэмжээ, сумын төвөөс мал гаргаж байгаа үйл ажиллагаа зэрэг огт маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн.
14. Харин нэхэмжлэлд дурдсан Булган сумын мал бүхий иргэдийн малыг бэлчээрээс болон хашаанаас нь тууж авч ирж Булган сумын тохижилт үйлчилгээний ангийн хашаанд хашиж, мөнгө нэхэж, хэд хоног ч хамаагүй малыг төлбөр төлсөн дараа уг хашаанаас гаргах тухай Булган сумын Засаг даргаас гаргасан захирамж шийдвэр, сумын хурлын тогтоол одоог хүртэл гаргаагүй байхад мал бүхий иргэдийн малыг хашиж, төлбөр авах үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл хийгдсээр байгаа /ногоон бүсэд мал орж ирсэн тохиолдолд малыг хаших, эзэнд нь хариуцлага тооцох журмын төслийг сумын төвийн иргэдээс санал асуулга авахаар өөрийн цахим хуудаснаа байршуулснаас...журмын төслийг хавсаргав/ нэхэмжлэлийн шаардлагад огт дүгнэлт хийгээгүй.
15. Шүүх миний төдийгүй мал бүхий иргэдийн малыг ногоон байгууламжид орсон гэдэг нь нотлогдоогүй, нотлох баримт байхгүй байхад хашиж байна, хашихдаа "нэг удаагийн тохиолдлыг зохицуулаад хэрэгжээд дуусгавар болсон 2018 оны сумын ИТХ-н VII/01 тогтоолыг биелүүлж байна гэж 2019, 2020 онуудад ярьж байгаа зэрэг нь илт хууль бус болохыг тогтоолгох гэхэд шүүх шалгаж тогтоосонгүй, захиргааны шүүх мөрдөн шалгах үүргээ бүрэн хэрэгжүүлсэнгүй, шүүх нэг талыг баримталж шийдвэр гаргасан байна. Уг хариуцагчийн хэлээд байгаа болсон 2018 оны сумын ИТХ-н VII/01 тогтоол, уг тогтоолыг хэрэгжүүлэхээр гаргасан сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн а/105, 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн а/177дугаартай захирамжуудад мал бүхий иргэдийн малыг бэлчээрээс болон хашаанаас тууж хаших, төлбөр авах ямар ч зохицуулалт алга байна.
16. Хариуцагчийн тайлбар, хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудад сумын ИТХ-н 2018 оны VII/01 тогтоолын хэрэгжилт хангалттай гэж дүгнэгдсэн, 2018 оны 04 сарын байдлаар 123 өрхийн 122 нь малаа аймгийн төвөөс гаргасан гэж тайлбарлаж нотлогдож байдаг ба нэхэмжлэгч миний хувьд уг тогтоол заасан хугацаанд малаа аймгийн төвөөс гаргаж, тухайн үед тогтоосон бүсчлэл малаа гаргасан ба 2019, 2020 онуудад аймгийн төвийн ойролцоо малаа байлгаж байхад хариуцагч Булган сумын засаг даргаас тогтоосон бүсэд мал орж ирлээ гээд миний болон мал бүхий олон иргэдийн малыг хашиж байна.
17. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан нь төр буюу хариуцагч тал аливаа үйл ажиллагааг хуулийн дагуу явуулах ёстой байтал хууль заагаагүй үйл ажиллагааг явуулж байгаа ба Монгол улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна, уг зүйлийн 2-д “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно.” гэх заалтуудыг зөрчиж байна. Нэхэмжлэгч миний хувьд хууль дүрэм зөрчөөгүй, хэн нэгний өмчлөх эрхэд халдаагүй, нийтийн сайн сайхны эсрэг үйл ажиллагаа явуулаагүй, ногоон байгууламж цэцэг навчийг идүүлж сүйтгэсэн тохиолдол байхгүй тул Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргаж байна.
18. Нэг удаагийн тохиолдол зохицуулаад дуусгавар болсон захиргааны актыг хариуцагч тал энэ бол хэм хэмжээ тогтоосон Хууль зүйн яаманд бүртгүүлээд ирсэн хүчин төгөлдөр болсон шийдвэр гэж малчдад тайлбарлаж /хавтас хэрэг дэх хуурцагт мөн тайлбарласан байгаа/, үүнийг одоо болтол мөрдөж удирдлага болгож байгаад гайхаж байна. Иймд нэхэмжлэлд дурдаж оруултал анхан шатны шүүх энэ бол захиргааны хэм хэмжээний акт бус маргаан бүхий захиргааны акт гэж тодорхойлсон хирнээ 2019, 2020 онуудад уг шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь зөв гэж үзсэнг ойлгохгүй байна. Хэрэв ингэж болдог бол төрийн байгууллага нь хэм хэмжээний шинж агуулсан шийдвэрийг захиргааны актын хэлбэрээр гаргаад түүнийг хэрэгжүүлж байна гэж дахин дахин захиргааны акт гаргаад Улсын бүртгэлд бүртгүүлэхгүй олон жил хэрэгжиж болохоор харагдаж байна.
19. Анхан шатны шүүхийн шийдвэрт “Сумын төв, ногоон байгууламжруу орсон малыг хашиж, малын эздэд шаардлага тавьж байгаа нь ... сумын засаг дарга болон Засаг даргын тамгын газрын зүгээс хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хийж буй үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь ногоон байгууламжруу мал орсон нь нотлогдоогүй өөрөөр хэлбэр ногоон байгууламжид орж байгаа зураг, учруулсан хохирлыг тогтоосон акт байхгүй, шүүх энийг шалгаж тогтоогоогүй, ямар хууль, журамд иргэдийн малыг Засаг даргын Тамгын газар бэлчээрээс, өмчлөлийн хашаанаас тууж хаших эрх олгосон зэрэг нь тодорхойгүй байхад “хуулийн хүрээнд хийж байгааг буруутгах үндэслэлгүй” гэсэн нь ойлгомжгүй байна.
20. Шийдвэрт нэхэмжлэгчийн эхнэр Дийн Маас адуу хашуулсан төлбөр 50000 төгрөг тушаасан баримт байгааг нэхэмжлэгч зөвшөөрч ... гэрч харуул Даарий /дууддаг нэр нь бүтэн нарыг мэдэхгүй/-г гэрчээр асуулгаж нэхэмжлэгчийн амралтын өдөр мал гаргахаар өгсөн төлбөрийг хэрхэн тушаасан талаар нэмэлт мэдээлэл авмаар байна гэх хүсэлтийг шүүх хангаж гэрчээр асууж мөнгө бэлнээр авсан талаар тайлбарлаж байхад нэхэмжлэгч мөнгө бэлнээр өгч байсан нь нотлогдохгүй байна гэх нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагад мал хашаад мөнгө нэхдэг талаар дурдаж мөнгийг бэлнээр болон Булган сумын дансанд хийдэг талаар дурдсан атал шүүх үнэлэлт дүгнэлт хийсэнгүй. Мөн хариуцагчийн тайлбар, нотлох баримтад, шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн адуу хэд хэдэн удаа ногоон байгууламж, хориглосон бүс руу нэвтэрснийг авчирч, тохижилт үйлчилгээний ангийн хашаанд хашсан байдаг гэж дурдсан атал малыг хэрхэн гаргасан талаар тодруулаагүй, нэхэмжлэгчийн зүгээс адуу хашуулсан төлбөрөө бэлнээр төлсөн төлбөрийг тэмдэглэл хийгээгүй бүртгээгүй байхад шүүх тодруулж шалгасангүй.
21. Мөн хариуцагчаас өчнөөн иргэдийн малыг хашсан, мөнгө төлүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч нотлох баримтууд болох малаа хашуулсан иргэдийн жагсаалт, тохижилт үйлчилгээний ангийн хашаанд байгаа малын зураг, мөнгө тушаасан баримтууд ирүүлсэн, мөнгө төлүүлдэг гэдгээ баримтаар гаргасан, би хүсэлт гаргаж гэрчээр асуулгасан гэрчийн мэдүүлэг, Тохижилт үйлчилгээний ангийн мал хашсан бүртгэл зэрэг баримт байхад “удаа дараа мал хашиж, мөнгө нэхдэг, дарамт шахалт үзүүлсэн” гэж маргасан боловч нотлогдохгүй байна, мөнгө тушааснаа зөвшөөрч байна /мөнгө төлөхгүй бол малыг гаргадаггүй учир арга буюу малаа авахын тулд мөнгө өгдөг/, мөнгө бэлнээр авч байсан хүн нь болон бусад гэрчүүд бэлнээр мөнгө авч байснаа хүлээсээр байхад нотлогдохгүй байна гэх зэргээр дүгнэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлэлт дүгнэлт хийгээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулаагүй, шийдвэртээ сумын ИТХ-н 2018 оны VII/01 дугаар тогтоолд үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй гэснээ зөвхөн тэр л тогтоолын хэрэгжилтийн талаар дүгнэн бичиж нотлогдож байгаа болон нотлогдохгүй байгаа нь ямар нотлох баримтаар хэрхэн тогтоогдож тэр нь ямар хууль журамд нийцэж байгааг дурдаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байх тул Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар шийдвэр, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 426 дугаар магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
ХЯНАВАЛ:
22. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн тул хэвээр үлдээж шийдвэрлэв.
23. Нэхэмжлэгч Н.Боос “сумын Засаг даргын мал бүхий иргэдийн малыг тууж, хашиж, мөнгө нэхэж буй үйл ажиллагаа нь илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гарган, “...Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн VII/01 тоот тогтоолд үндэслэж, сумын Засаг даргаас мал бүхий иргэдийн малыг тууж хашиж, төлбөр нэхэж байгаа нь үндэслэлгүй. ...малчдын эрхэнд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж маргасан бол, хариуцагчаас “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг өгсний дагуу сумын Засаг даргын зүгээс шаардлагатай арга хэмжээнүүдийг шат дараалан авч байгаа, нэхэмжлэгч нь одоог хүртэл сум, орон нутгийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, өөрийн эрх ашгийг бодож байна” гэсэн тайлбар гаргажээ.
24. Хариуцагч Булган аймгийн Булган сумын Засаг даргаас, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн VII/01 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан илт хууль бус үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй талаар шүүхүүдийн хийсэн дүгнэлт зөв байна.
25. Булган аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн VII/01 дугаар тогтоолоор, Булган сумын доторхи ногоон байгууламж, таримал ургамлыг хамгаалах, хүн мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдалд хор хөнөөл учрах, дахин малын гоц халдварт шүлхий өвчин гарч, онц аюултай нөхцөл байдал үүсэхээс сэргийлэн мал, гахайн туслах аж ахуйг сумын төвөөс гаргахаар шийдвэрлэж, уг ажлыг зохион байгуулах үүргийг сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
26. Тус сумын Засаг дарга нь дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/71 дүгээр захирамжаар сумын төвөөс мал гаргах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг, 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн А/177 дугаар захирамжаар аймгийн төвөөс мал бүхий өрхийг гаргах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг тус тус байгуулж ажилласан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, тус ажлын хэсэг нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний байдлаар 24 удаа хуралдаж, мал, гахайг хориглосон бүсээс гаргах, энэ үйл ажиллагаатай холбогдуулан сумын төвөөс гарсан мал бүхий иргэдэд өвөлжөө, хаваржааны газар эзэмшүүлэх, гэрэл цахилгааны асуудлыг шийдвэрлэх, худаг гаргах, өвөлжөө, хаваржааны модыг хөнгөлөлттэй үнээр бэлтгэх зөвшөөрөл олгох, мал, гахай оруулахгүй байх газрын зураглалд хамаарах хориотой бүсэд малаа буцаан оруулж ирсэн 14 айл өрхөд мэдэгдэл өгч, тус Ажлын хэсэг, сумын Тохижилт үйлчилгээний ангийн ажилчидтай хамтран ажлын хуваарь гарган малыг хаших арга хэмжээ авч, сумын цагдаагийн хэлтэс удаа дараа зөрчил гаргасан 30 иргэнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авч ажилласныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
27. Учир нь, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх нийтлэг бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 29.1.3.а/-д төрийн бодлого, хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх үндсэн дээр хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, мал сүргийг өсгөн үржүүлэх, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах, мал эмнэлэг, үржлийн ажлыг зохион байгуулах, байгалийн гэнэтийн аюул, мал, амьтан, ургамлын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн эрхийнхээ хүрээнд авч хэрэгжүүлэх, 29.1.6. а/-д хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах эрхтэй гэж, 36 дугаар зүйлийн 36.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ Хурал, түүний Тэргүүлэгчидтэй дор дурдсан журмаар харилцана: 36.1.1.Хурал, түүний Тэргүүлэгчдээс хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж дүнг тайлагнах” гэж тус тус хуульчилсан.
28. Түүнчлэн, Эрүүл мэндийн тухай хуулийн 11.2-т “Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 11.2.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, дээд шатны Засаг даргаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах; ...11.2.3.эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр нийтийг хамарсан арга хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг татан оролцуулах ажлыг зохион байгуулах” гэж тус тус заасан. Эдгээр хуулийн зохицуулалтуудаас үзэхэд хариуцагч сумын Засаг дарга нь тухайн сумынхаа нутаг дэвсгэрт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд, холбогдох захирамжуудыг гарган, уг тогтоолоор мал, гахай оруулахгүй байх газрын зураглалд хамаарах хориотой бүсэд орж ирсэн малыг хашиж, малаа оруулсан иргэдэд хариуцлага хүлээлгэж ажилласныг хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа гэж үзэхээр байна.
29. Иймд нэхэмжлэгчийн “...2018 оны сумын ИТХ-н VII/01 тогтоол, уг тогтоолыг хэрэгжүүлэхээр гаргасан сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн а/105, 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн а/177 дугаартай захирамжуудад мал бүхий иргэдийн малыг бэлчээрээс болон хашаанаас тууж хаших, төлбөр авах ямар ч зохицуулалт алга байна. ... шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлэлт дүгнэлт хийгээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулаагүй,...” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.
30. Харин, анхан шатны шүүх тухайн маргаанд хэрэглэгдэх хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглээгүй тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 426 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА