Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01656

 

 

 

 

 

 

2022 09 05 210/МА2022/01656

 

 

О.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2022/02052 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Б-гийн хариуцагч А-ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанчантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: О.Б- 2014 оны 02 дугаар сард А-ХХК-д зээлийн эдийн засагчаар ажилд орж, 2016 оноос Тусгай активын багийн ажилтан, 2019 оны 12 дугаар сараас Хороолол салбарт захирлаар томилогдон ажиллаж байсан. А-ХХК нь хувьцаа эзэмшигчдийн маргаанаас үүдэн 2019 оны 06 дугаар сараас эхлэн банкны үндсэн үйл ажиллагаанууд бүгд хязгаарлалтад орж зээл олгохгүй, хадгаламж татахгүй, батлан даалт, барьцаа зэргийг гаргахгүй байсан. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс Монгол банкны ерөнхийлөгчийн тушаал гарснаар тухайн банкинд бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон. Бүрэн эрхт төлөөлөгч нь бүтэн нэг жилийн хугацаанд ажиллаад 2022 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр хүртэл бүрэн эрхт төлөөлөгч томилогдож бүх үйл ажиллагаа хязгаарлагдсан. Монгол банкнаас тодорхой хязгаарлалтад зээл олгохоор зөвлөмж ирсний үндсэнд салбаруудаар дамжуулж нийтэд зээл олгох үйл ажиллагааг сэргээсэн. Салбаруудад тодорхой хязгаартайгаар зээл олгож байсан. А-ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 272 тоот тушаалааар 30,000,000 төгрөгийн зээл олгох эрхийг Хороолол салбарын тооцооны төвд олгосон. Улмаар 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 366 тоот тушаал гарч, банкны зээл олгох үйл ажиллагааг эрчимжүүлэх төлөвлөгөө гаргасан нь бодит байдалд биелэгдэх боломжгүй байсан. Хороолол салбарын тооцооны төв 2 эдийн засагчтай үйл ажиллагаа явуулж байсан боловч 2021 оны 11 дүгээр сард нэг эдийн засагч ажлаасаа гарсан тул шинээр орсон эдийн засагчийг 3 сарын хугацаатай дадлагажуулахаар болсон. Тус төв удирдлагаас батлагдсан чанаргүй зээл, эх үүсвэрийн төлөвлөгөөг ханган ажиллаж байсан. О.Б- ажиллаж байх хугацаандаа банкнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, тайлан мэдээг цаг тухайд нь гарган өгч ажилладаг байсан. Гэтэл О.Б-д урьдчилан мэдэгдэлгүй, сануулга шаардлага тавилгүй, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.А 505 тоот тушаал гаргаж, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй байна. Ажлаас халах тушаалын үндэслэл болсон 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 272 дугаар, 2021 оны 09 дугаар сарын 08-ны өдрийн 303 дугаар, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 366 дугаартай тушаалуудад А-ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.А бус түр орлон гүйцэтгэгч, дэд захирал О.Х гарын үсэг зурсан. Иймд тус тушаалыг хууль бус болохыг тогтоож, О.Б-г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: О.Б-г Хороолол тооцооны төвийн захирлаар ажиллаж байх үед 2021 оны 11 дугаар сарын 11-ний өдөр 391 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэлтэй байх хугацаанд Гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн 366 тоот тушаалыг биелүүлэхэд зээлийн бүтээгдэхүүнийг сайжруулах, зээлийн хүүгийн урамшуулал зарлах байдлаар дэмжлэг үзүүлсэн байхад зээл олгох төлөвлөгөөг 91 хувь, чанаргүй зээлийн үлдэгдлийг 39 хувь, хүүгийн орлогын төлөвлөгөөг 71 хувь, хүүгийн бус орлогын төлөвлөгөөг 81,5 хувиар тус тус биелүүлээгүй болох нь Дотоод хяналтын газраас Гүйцэтгэх захирлын 366 тоот тушаалын биелэлтийг шалгасан хяналт шалгалтаар тогтоогдсон. Иймд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дугаар зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Б-г А-ХХК-ийн Хороолол тооцооны салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт хариуцагч А-ХХК-иас 12,819,795 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч А-ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагчаас 220,067 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэл, түүний агуулга: Шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэсэн. Анхан шатны шүүх А-ХХК-ийн гүйцэтгэх захирлын 366 тоот тушаалын биелэлт шалгасан тайлан болон 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн удирдлагын хорооны шийдвэрийг нотлох баримтаар үнэлээгүй. Гүйцэтгэх захирлын 366 тоот тушаалын биелэлт шалгасан тайлангаар О.Б-г зээл олгох төлөвлөгөөг 9 хувь, чанаргүй зээлийн үлдэгдлийн биелэлтийг 61 хувь, хүүгийн орлогын төлөвлөгөөг сарын дунджаар 29 хувь, хүүгийн бус орлогын төлөвлөгөөг 18.5 хувьтай муу биелүүлсэн нь тогтоогдсон. Хөдөлмөрийн гэрээний 5.5.10.5, 3.2.2-д үүрэг даалгавар биелүүлээгүй байх гэдгийг тодорхой заасан байхад зээлийн төлөвлөгөө биелүүлэх тушаал нь үүрэг, даалгавар биш мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч 366 дугаар тушаалаар өгөгдсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах тухай заасан боловч О.Б- нь урьдчилж биелэгдэх боломжгүй шалтгаан, нөхцөл байгаа талаар ажил олгогчид санал, шаардлага гаргаж байгаагүй, биелэх боломжгүй байсан талаараа нотлох үүрэгтэй байтал өгсөн үүрэг даалгавар биелэгдээгүй шалтгааныг ажил олгогч заавал тайлбар тодруулга авах мэтээр нэг талыг барьж дүгнэсэн. Түүнчлэн шүүх нэхэмжлэгч О.Б-г ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргах үед О.Х нь эрх хэмжээтэй байсан эсэх талаар дүгнэлт хийгээгүй. О.Х 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирлыг орлох эрхийг олгосон нь төлөвлөгөөний биелэлтийг шалгах, үүний үндсэн дээр арга хэмжээг авах эрх олгогдсон гэж үзэхээр байтал талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд тушаалд гарын үсэг зурсан Ариунжаргалын гарын үсэгт шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхисон. Уг хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч талаас шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй тул шүүх хуралдааныг орхин гарсан. Шүүх талуудын мэтгэлцэх эрхийг хангаагүй, хариуцагч талаас ажлаас чөлөөлөх тушаал гаргах үед О.Х нь тушаал гаргах эрх хэмжээтэй байсан талаар бармт гаргаж өгөх боломжтой байтал шүүгч хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан. А-ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 272 тоот тушаалааар 30,000,000 төгрөгийн зээл олгох эрхийг Хороолол салбарын тооцооны төвд олгосон. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн маргаан бүхий 366 тоот тушаал гарч 2 сарын хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч банкны дотоод хяналтын газраас үүрэг даалгавар биелэгдээгүй талаар шалгалтын тайлан гаргахдаа 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд буюу 4 сарын хугацаанд зээл олгогдоогүй талаарх тайлан гарсан. Нийтдээ 9 салбар үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн үнэлэлт, дүгнэлт авсан бөгөөд тухайн үүрэг даалгавар биелэгдэх боломжгүй байсан. Түүнчлэн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 366 тоот тушаалд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч н.А гэж бичээд О.Х гарын үсэг зурсан. Хууль зүйн үндэслэлгүй тушаалыг биелэлтийг биелэгдсэн эсэх талаар тайлан гаргасан. Тухайн тайланг үндэслээд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Гэтэл дотоод хяналтын тайлан нь тухайн ажилтныг халах саналыг гаргадаг эрхтэй мэтээр тайлан гаргасан боловч дотоод хяналтын газраас санал өгөх боломжгүй бөгөөд эрх үүрэгт нь хамааралгүй. Иймд ажлаас халсан тушаал нь төлөвлөгөөний биелэлтээр шалтаглаж тухайн ажилтны эрхийг зөрчсөн. Сахилгын зөрчил давтан гаргасан талаарх баримтыг үнэлсэнгүй гэх үндэслэлээр гомдол гаргасан. Анхан шатны шүүх Улсын Дээд шүүхийн 2012 оны зөвлөмжийг үндэслэн сахилгын давтан зөрчлийг зөв дүгнэсэн. О.Б-гийн хувьд тухайн үүрэг даалгавар биелүүлээгүй, биелэлт хангалтгүй байсан талаар тайлбар өгөх гэсэн боловч тухайн үед тайлбар хүлээж аваагүй. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 30-ны өдөр хүртэл хугацаанд үнэлгээ, дүгнэлт гаргаад маргааш нь 12 О.Б-г ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн. Иймд анхан шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч О.Б- нь хариуцагч А-ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч О.Б-г хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс А-ХХК-ийн Хороолол тооцооны төвийн захирлын албан тушаалд ажиллуулж байгаад 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 505 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, А-ХХК-ийн дүрмийн 10.3, 10.4, 10.5, тус банкны Хөдөлмөрийн дотоод журмын 10.1, Удирдлагын хорооны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хурлын шийдвэр, хөдөлмөрийн гэрээний 5.5.7, 5.5.10.5, 6.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй нь сахилгын зөрчил давтан гаргасан гэж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

4. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, түүний дотор сахилгын шийтгэл ногдуулж чөлөөлөх тохиолдолд тушаалд зааж буй сахилгын ноцтой эсхүл давтан зөрчил тогтоогдсон, тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон журмыг баримтлан гаргасан байх учиртай.

4.а. Тус банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 391 тоот тушаалаар О.Б-д 2 сарын хугацаагаар үндсэн цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

4.б. А-ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 366 тоот тушаалаар зээлийн төлөвлөгөөний биелэлтийг хавсралтад заасны дагуу хангаж ажиллахыг салбар, тооцооны төвүүдийн захирлуудад даалгасан бөгөөд уг үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болжээ.

Уг тушаалд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хүрэлбаатар гарын үсэг зурсан байх бөгөөд ийнхүү тушаалд гарын үсэг зурах эрхийг А-ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Т/41 тоот тогтоолоор гүйцэтгэх захирал Б.Ариунжаргалыг чөлөөтэй байх хугацаанд түүнийг орлон ажиллах ажилтнаар дэд захирал О.Хүрэлбаатарыг томилсон байх тул эрхгүй этгээд гарын үсэг зурсан гэж дүгнэхгүй. Түүнчлэн О.Хүрэлбаатар нь тушаал гаргах эрхтэй эсэх нь шийдвэрийн үндэслэл болоогүй учраас энэ талаар анхан шатны шүүх дүгнээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

4.в. Улмаар 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс мөн сарын 31-ний өдрийн хооронд тус банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 366 тоот тушаалын биелэлтийг шалгахад О.Б- нь зээл олгох төлөвлөгөөг 91 хувь, чанаргүй зээлийн үэлдэгдлийг 39 хувь, хүүгийн орлогын төлөвлөгөөг 71 хувь, хүүгийн бус орлогын төлөвлөгөөг 81.5 хувь биелүүлээгүй болох нь тайланд тусгагджээ.

4.г. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.5.7-д хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах-аар, 3.3.2-т Шууд удирдлага болон банкны гүйцэтгэх удирдлагаас даалгасан үүрэг даалгавар, шаардсан тайлан мэдээг өөрийн ажлын чиг үүргийн хүрээнд шаардсан хугацаанд гаргаж өгөх гэж ажилтны үүргийг тодорхойлсон, 5.5.10.5-д Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, энэхүү гэрээний 3.2.2-д заасан үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх, үл ойшоох, шаардсан тайлан мэдээг гаргаж өгөхгүй эс үйлдэхгүй гаргасан гэх зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар харилцан тохиролцсон байна.

4.д. О.Б- зээлийн төлөвлөгөөний биелэлтийг хангаагүй байгаа нь хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх хөдөлмөрийн дотоод журмын 5.5.10.5-д заасан үндэслэлд хамаарахгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэгч О.Б-г А-ХХК-ийн Хороолол тооцооны салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнхцэх олговорт 12,819,795 төгрөгийг олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2022/02052 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220,067 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ