Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 102

 

 

 

 

 

 

 

 

                  

                                  

                                  

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв

-улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ

-шүүгдэгч Д.Галбадрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаарТөв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Галбадрахад холбогдох эрүүгийн 1834001700090 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 43настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа таксинд явдаг ажилтай,  ам бүл 3 аав ээжийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багын 12-1-3 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Нирун овогийн Давдайн Галбадрах. РД:НЭ74042132;

 

 

 

Үйлдсэн хэргийн талаар/ Яллах дүгнэлтэнд дурьдагдсанаар/ Яллагдагч Д.Галбадрах нь Төв аймгийн Зуунмод сумын төвд байрлах хойд таксины буудлын ойролцоо 2018 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 22 цагийн үед Р.Ганболдтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Галбадрах шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн орой 22 цагийн үед би хойд таксины зогсоол дээр машинтайгаа хүн авах гээд зогсож байсан Ганболд бас хүн авах гээд зогсож байсан Ганболдын машины урд талын 2-3 машин хөдлөөд явсан чинь Ганболд урагш зогсохгүй миний машины урд машинаа тавьчихаад байхаар нь би машинаасаа буугаад Ганболд дээр очсон Ганболд машиныхаан гадаа зогсож байсан би чи хөдлөөч урд талд байгаа машинууд чинь явчихсан байгаа юм биш үү гээд бид хоёр барилцаад авсан тэгээд би Ганболдын нүүр лүү нэг удаа хальт цохисон би өөрөө хойшоо болоод цохиулаагүй Ганболд бид хоёр салаад би машин руугаа очоод суух гэтэл Ганболд араас ирээд машины хаалгыг онгойлгох гээд байсан би онгойлгохгүй таталцаж байгаад Ганболдыг машинхаа хаалганы дээд ирмэгээр цохисон нь үнэн би буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг .

 

Хохирогч Р.Ганболдын мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 11-ний 22 цагийн орчим Зуунмод сумын төвд байрлах хойд таксины буудал дээр зогсож байтал миний машины ард талд Сонота-6 маркийн авто машин ирээд сигналдаад байсан би машинаасаа буугаад машинынхаа ард зогсож байсан чинь Галбадрах нэг юм хэлсэн би  яараад байгаа бол урд ороод зогсчихгүй юу гэсэн чинь намайг нүүрний зүүн талруу гараараа 2-3 удаа цохисон тэгээд бид хоёр салаад Галбадрах машиндаа суусан би араас  нь очоод яагаад уурлах болов гээд асуух гээд машины хаалгыг нь татсан чинь онгойлгохгүй байж байгаад гэнэтхэн  хаалгаа онгойлгоод миний нүүрлүү хатуу юмаар цохисон яг юугаар цохисонг хараагүй миний хөмсөгнөөс цус гарсан эмнэлэгт очиж оёо тавиулсан. Одоо миний шарх эдгэрсэн тул Галбадрахад гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/   

        Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 14 хуудас/,

Шүүх шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 159 тоот:

   -Р.Ганболдын биед зуун хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

   -Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

   -Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 15 хуудас/

Шүүгдэгч Д.Галбадрахын урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 24 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Галбадрах  нь Төв аймгийн Зуунмод сумын төвд байрлах хойд таксины буудал дээр  2018 оны 03 дугаар сарын 11-ны өдөр 22 цагийн үед Р.Ганболдтой   урагшаа машинаа  хөдлөгсөнгүй гэж маргалдан улмаар түүний нүүрлүү гараа цохиж мөн машиныхаа  хаалгыг дотроосоо  хүчтэй түлхэж  түүний  эрүүл мэндэд зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох  нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Галбадрах, хохирогч Р.Ганболд, Шүүх шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 159 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Галбадрахын үйлдэлд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага  хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Галбадрахын анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Д.Галбадрахад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Р.Ганболд шүүгдэгч Д.Галбадрахад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.

 

Шүүгдэгч Д.Галбадрахын ажил эрхлэлт, хөрөнгө олох боломжыг  харгалзан түүнд  оногдуулсан  торгох ялыг 04 сарын хугацаанд  хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Д.Галбадрах нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Шүүгдэгч Нирун овогийн Давдайн Галбадрахыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Галбадрахыг дөрвөн зуун тавин нэгжтэй /450/ тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Галбадрахад оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Галбадрах нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч  Д.Галбадрах нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Галбадрахад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Галбадрахад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.МӨНХТУЯА