Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01691

 

 

 

 

 

 

 

2022 09 09 210/МА2022/01691

 

Г.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/01887 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Н-ийн хариуцагч Т.О-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 58,273,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-, хариуцагчийн өмгөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Г.Н- 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Т.О-тэй 70,000 ам.доллар буюу 186,760,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй байхаар тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд талууд гэрээний хугацааг сунгаж, нэмэлт, өөрчлөлт хийгээгүй. Т.О- нь зээлийн гэрээний үүргээ 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 670-1750 ам.доллар хүртэлх хэмжээгээр нийт 12,320 ам.долларыг шилжүүлсэн нь Монгол банкны 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн валютын ханшаар 2849.5 төгрөгт тооцоолоход 35,106,209 төгрөгийн зээлийг бүрэн төлж дуусгасан боловч хугацаа хэтрүүлсэн хоногийн алдангийг нэхэмжлэгчид төлөөгүй. Зээлийн гэрээний 1.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 155 хоногт 933,800 /0.5 хувь/ төгрөгийн алданги тооцоход нийт 144,739,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 186,760,000 төгрөгийн 50 хувийн алданги 93,380,000 төгрөг болж байна. Дээрх алдангийн хэмжээнээс хариуцагчийн төлж байсан 35,106,209 төгрөгийг хасахад 58,273,791 төгрөг болох тул Т.О-ээс зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй алданги 58,273,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Зээлийн гэрээний үндсэн дээр 70,000 ам.долларыг сарын 2.5 хувийн хүүтэй зээлж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, нарны зам 1-13 дугаар байрны 1 давхрын үйлчилгээний зориулалттай 140 м.кв талбай бүхий объектыг барьцаалсан. Улмаар 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 20,000 ам.долларыг үндсэн зээлийн төлөлт хийснээр 50,000 ам.долларын үлдэгдэлтэй болж сар бүр 1,250 ам.долларыг төлж эхэлсэн бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 10,000 ам.долларыг үндсэн зээлд төлснөөр 40,000 ам.долларын үндсэн зээлийг бүрэн төлж дуусгасан. Нийт зээлийн хүүд 23,820 ам.доллар /2849.53/ буюу нийт 67,875,804.6 төгрөгийг төлсөн байх ба 2020 оны 5 дугаар сард нэхэмжлэгч нь нэг удаа л та нарыг харж үзье гээд сарын 2 хувиар зээлийн хүүг тооцож төл гэж хэлсний дагуу тухайн сард нь 1,400 ам.доллар төлсөн. 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Г.Н- нь Т.О-тэй ярилцаж тохироод 1 сарын зээлийн хүүд тооцуулж 2,568,100 төгрөгийн архи, виски, виног 13 дугаар хороололд байрлах Good wine нэрийн дэлгүүрийн худалдагч З.Ц-, нягтлан бодогч З.Г нараас түүний нөхөр, хүргэн, охины хамт ирж авсан. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тухай хариуцагчид мэдэгдээгүй, зээлийн гэрээний хувийг өгөөгүй тул зээлийн гэрээний хугацаа болон нэхэмжлэгчээс зээлийн гэрээг дуусгавар болгосон эсэх талаар мэдээгүй. Нэхэмжлэгч нэг сарын зээлийн хүүг хөнгөлж байсан, зээлийн хүүд тооцож хариуцагчаас бараа бүтээгдэхүүн авч байсан зэрэг нь зээлийн гэрээний хугацааг зээлийн хүү төлөлттэй хамааралтайгаар тухай бүр сунгаж байсан гэж үзэж болох тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.О-ээс зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс тооцсон алданги 55,704,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдүүлэгч хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Хариуцагч гэрээний үүргээ 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр биелүүлэхээр тохиролцсон боловч үндсэн зээлийн төлбөрөө төлөөгүй. Нэхэмжлэгч зээлийн төлбөрөө төлөхийг утсаар шаардаж байсан боловч Т.О- зээлийн хүү гэсэн утгаар мөнгө шилжүүлж байсан. Шүүхээс талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан гэрээг зохих ёсоор үнэлэлгүй, утсаар гэрээнийхээ үндсэн төлбөрийг төлөхийг шаардсан нь нотлогдохгүй харин хүү авч байсан тул үйлдлээрээ хэлцлийг хүлээн зөвшөөрсөн, зээлийн гэрээ хугацаагүйгээр сунгагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч хариуцагчийн хүү гэж шилжүүлсэн төлбөрийг татгалзалгүй авч байсан тул зээлийн гэрээ хугацаагүй сунгагдсан гэж үзсэн. Хэрэв зээлийн хүүгийн мөнгийг буцаан шилжүүлсэн эсвэл авахгүй, зээлээ төл гэдгийг заавал бичгээр шаардсан бол зээлийн гэрээ сунгагдахгүй, алданги нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарлаж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Алдангийг удаа дараа шаардсан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагчийн зүгээс удаа дараа холбоо барих гэж үзсэн боловч нэхэмжлэгч талаас холбогдоогүй. Хэзээнээс үүргийн гүйцэтгэлийг хангагдаагүй гэж үзэж алданги тооцож байгаа нь ойлгомжгүй. Анхан шатны шүүх хэлцэл хийсэн гэж үндэслэлтэй дүгнэсэн. Зээл байгуулсан өдрөөс 8 сарын дараа 1,400 ам.доллар төлсөн, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр вино авч бодитой үйлдэл гаргасан гэдгийг шүүх зөв дүгнэсэн. Талууд тус үйлдэл болон зээлийн гэрээг бичгээр байгуулсан талаар маргаагүй. 186,000,000 төгрөгийн зээл авч нийт 67,000,000 төгрөгийг төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Г.Н- нь хариуцагч Т.О-д холбогдуулан зээлийн гэрээний алдангид 58,273,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр хариуцагч Т.О- 70,000 ам.долларыг 6 сарын хугацаатай, 1 сарын 2.5 хувийн хүүтэй нэхэмжлэгч Г.Н-ээс зээлдэн авсан байна. Талуудын хооронд гэрээг бичгээр байгуулж, хүү тохиролцсон байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.а. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн боловч хүү тогтоосон гэрээг бичгээр байгуулахтай холбоотой Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2, 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасныг буруу хэрэглэсэн байна. Талуудын хооронд хүү тогтоосон гэрээг бичгээр хийж, хугацааг тодорхой заасан байх бөгөөд хариуцагчийн зүгээс гэрээг сунгах санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч, уг гэрээнд өөрчлөлт оруулсан гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд гэрээний хугацаа сунгагдаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

 

Дээрх гэрээний үүрэгт хариуцагч нь үндсэн зээл 70,000 ам.доллар, зээлийн хүүд 10,500 /70,000 ам.доллар2.5%6 сар/ ам.доллар, нийт 80,500 ам.долларыг нэхэмжлэгчид төлөх үндсэн үүрэгтэй байна. Үүнээс гэрээнд заасан эхний 6 сарын хүүг нэхэмжлэгч нь хариуцагчаас хүлээн авсан талаар зохигчид маргаагүй байна.

 

5.а. Нэхэмжлэгч Г.Н- 70,000 ам.долларыг хариуцагч Т.О-д шилжүүлсэн, зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүүд нийт 10,500 ам.доллар төлсөн байна. Уг төлбөрийг хүүд суутган тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.

 

5.б. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтэрсэн өр төлбөрийг төлөхөд аль хүнд нөхцөлтэй үүрэгт буюу зээлийн үндсэн төлбөрт тооцох ёстой. Учир нь гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчид алданги төлөх нэмэлт үүрэг үүсэх бөгөөд төлөгдөөгүй зээлээс тооцогдох үр дагавартай.

 

5.в. Хариуцагч нь гэрээ байгуулагдсанаас хойш нийт 93,820 ам.долларыг нэхэмжлэгчид буцаан төлсөн үйл баримт Жи ти ди эм ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан тооцоолол, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. /хх 66/ Уг үйл баримтын хувьд зохигчид маргаагүй.

 

6.а. Гэрээний 1.1 дэх хэсэгт зээлдэгч нь заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

6.б. Хариуцагчийн хугацаа хэтрүүлсэн үндсэн зээлийн үүрэг болох 70,000 ам.доллараас хоногийн 0.5 хувиар алданги тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул алдангид 35,000 ам.долларыг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

 

6.в. Иймд хариуцагчийн төлсөн 93,820 ам.доллараас гэрээний үндсэн төлбөр, хүүд төлөгдөх 80,500 ам.долларыг хасч тооцоход 13,320 ам.долларыг нэхэмжлэгч алдангид тооцож авсан гэж үзнэ. Нийт төлбөл зохих алданги 35,000 ам.доллараас төлөгдсөн 13,320 ам.долларыг хасахад 21,680 ам.долларын алданги төлөгдөөгүй байна.

 

7.а. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан.

 

7.б. Гэвч 1) талууд зээлийн гэрээг ам.доллараар байгуулсан, 2) зээлдэгч сар бүр тогтмол ам.доллараар зээлийн хүү гэх агуулгаар мөнгө шилжүүлж байсан, 3) нэхэмжлэгч уг мөнгийг суутгахдаа хуульд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг баримтлаагүй, 4) нийтийг хамарсан цар тахал зэрэг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэхэд нөлөөлсөн нөхцөл байдал хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

 

7.в. Мөн талууд алдангийг 0.5 хувиар тооцохоор тохиролцсон нь Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт ... алдангийн хэмжээг өдрийн 0,2 хувиас хэтрүүлэхгүй тооцно гэж заасантай харьцуулахад алдангийн хэмжээг хэт өндөр гэж үзэх үндэслэлтэй.

 

7.г. Иймд төлөгдөөгүй алдангийг 80 хувиар бууруулан тооцоход 4,336 ам.доллар буюу 12,353,264 төгрөгийн алдангийг хариуцагч Т.О-ээс гаргуулж нэхэмжлэгч Г.Н-т олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/01887 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.О-ээс алдангид 12,353,264 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,919,736 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын ...үлдээсүгэй гэснийг ...үлдээж, хариуцагч Т.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 212,602 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Н-т олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 436,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ