| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00669/И |
| Дугаар | 318/ШШ2026/00514 |
| Огноо | 2026-05-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 318/ШШ2026/00514
| 2026 оны 05 сарын 12 өдөр | Дугаар 318/ШШ2026/00514 | Увс аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хб ХК-ийн,
Хариуцагч: Б.М,
Хариуцагч: Ц.О,
Хариуцагч: М.П нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 103,505,970.80 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, Б.У нар цахимаар,
Хариуцагч Б.М, Д.О, М.П,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдаанд гаргаж өгсөн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Хариуцагч нарт холбогдуулан 2023 оны 04 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 1250084852 дугаартай Зээлийн гэрээний төлбөрт 103,505,970.8 (Нэг зуун гурван сая таван зуун таван мянга есөн зуун далан төгрөг наян мөнгө) төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Увс аймгийн шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно.
1.2 Нэхэмжлэгч болон Хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд зээл, үндсэн хүү. нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 103,505,970.8 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх, зээлийн төлбөрийг энэхүү Гэрээнд зааснаар төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг Хариуцагч нар хүлээн зөвшөөрч эвлэрсэн болно.
1.3 1250084852 дугаартай Зээлийн гэрээний 2.3, 2.4 дахь хэсэгт заасны дагуу Хүү: (Үндсэн болон хэтэрсэн хугацааны) Жилийн 365 хоногт тогтмол 21.72 хувь, (сарын 1.81 хувь), нэмэгдүүлсэн хүү: Хариуцагч 2.1 дэх хэсэгт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараагийн өдрөөс эхлэн төлөгдөөгүй үндсэн төлбөрийн дүнгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцож, Гэрээнд заасан зээлийн хүү дээр нэмж банканд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэв.
1.4 Энэхүү Гэрээ нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно. Өөрөөр хэлбэл, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хариуцагч М.П хүлээн зөвшөөрсөн болно.
Хоёр. Зээлийн гэрээний төлбөрийг төлөх хугацаа, хэмжээ
2.1 Хариуцагч Ц.О, Б.М нар 2026 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Зээлийн гэрээний төлбөр 103,505,970.8 төгрөг (Үндсэн зээл: 80,000,000.02 төгрөг, Χγγ:22,184, 153.43 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү: 1,321,817.35 төгрөг)-ийг Нэхэмжлэгчид төлнө.
Гурав. Хариуцлага
3.1 Хариуцагч нар энэхүү Гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан захирамжийг албадан гүйцэтгүүлнэ.
3.2 Хариуцагч нар Гэрээний 2.1-д заасны дагуу Зээлийн гэрээний төлбөрийг төлөөгүй тохиолдолд Барьцаалуулагч М.Пгийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хб ХК-тай байгуулсан ******* дугаартай Ипотекийн гэрээгээр барьцаалуулсан дараах барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Үүнд: 3.2.1 М.Пгийн өмчлөлийн Увс аймаг, ....... сум, ... баг, .....тоот хаягт байрлах Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ************ дугаартай ** м орон сууц
Дөрөв. Бусад
4.1 Энэхүү Гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасан журмаар хүчин төгөлдөр болно.
4.2 Гэрээг 3 /гурав/ эх хувь үйлдэж, талууд тус бүр 1 /нэг/ хувь, хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхэд 1 /нэг/ хувийг хадгалуулна. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т: Эвлэрлийн гэрээний гол асуудлуудад салбарын захирал С.Одончимэг уулзаад, ярилцаад аль болох хамгийн боломжтой нөхцөлөөр эвлэрч байгаа гэж бид нарт танилцуулсан гэв.
Хариуцагч М.П: Б.М, Ц.О 2 маань ажлаа гүйцэтгээд зээлээ төлөөд барагдуулчихна гэж итгэсний үндсэн дээр гэрээг зөвшөөрч байгаа гэв.
Хариуцагч Б.М: Тайлбаргүй гэв.
Хариуцагч Ц.О: Тайлбаргүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.с
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан.
Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ хариуцагч Б.М, Ц.О нар нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 103,505,970.8 төгрөгийг 2026 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч Хб ХК-д төлж барагдуулах, хариуцагч Б.М, Ц.О нар нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд 103,505,970.8 төгрөгийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараа өдрөөс эхлэн төлөгдөөгүй үндсэн төлбөрийн дүнгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан *********** дугаартай ипотекийн гэрээний дагуу барьцаалуулагч М.Пгийн өмчлөлийн Увс аймаг, .............. сум, ... дугаар баг, ........... тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ************ дугаартай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр үйлдэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж заасан бол тус хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт нэхэмжлэгч шаардлагаа багасгах, энэ хуулийн 59.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан.
Иймд нэхэмжлэгчээс 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 675,480 төгрөг, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээнэ.
Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг тухайлан зохицуулаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт Зохигч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ гэж зааснаар шийдвэрлэнэ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээний агуулгаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан, талууд гагцхүү төлбөрийн хуваарийн талаар эвлэрсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 745,680 төгрөгийг хариуцагч Б.М, Ц.О, М.П нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж, нэхэмжлэгч Хб ХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.М, Ц.О нар нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 103,505,970.8 төгрөгийг 2026 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч Хб ХК-д төлж барагдуулах, хариуцагч Б.М, Ц.О нар нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд 103,505,970.8 төгрөгийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараа өдрөөс эхлэн төлөгдөөгүй үндсэн төлбөрийн дүнгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан *********** дугаартай ипотекийн гэрээний дагуу барьцаалуулагч М.Пгийн өмчлөлийн Увс аймаг, ......... сум, ............ тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ************ дугаартай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 745,680 /долоон зуун дөчин таван мянга зургаан зуун ная/ төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56,1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.М, Ц.О, М.П нараас 745,680 /долоон зуун дөчин таван мянга зургаан зуун ная/ төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж, нэхэмжлэгч Хб ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА