Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 207/МА2022/00091

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 207/МА2022/00091

 

 

А.*******ийг нэхэмжлэлтэй,

хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын

Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2022/00810 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч А.*******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.*******ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, хариуцагчийн төлөөлөгч С.Нямцогт, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд цахимаар, нарийн бичгийн дарга Э.Булгантамир оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга:

Миний бие 2018 оны 07 дугаар сарын 01-нд тус сургуульд жижүүрийн ажилд орсон бөгөөд өдий хүртэл ажилдаа сэтгэл гарган ажиллаж ирсэн юм. Гэвч 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр захирал Нямцогт нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гарган намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Ингээд би сургуулийн үйлдвэрчний эвлэлийн хороо болон хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан боловч шүүхэд ханд гэсний дагуу нэхэмжлэл гаргаж байна. Иймд намайг Орхон аймгийн Ерөнхий боловсролын *******д жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү. Би эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Нүдний хараа бууралттай. Үүнээсээ болоод 2013 онд эмч нарын зөвлөгөөнөөр орж группт орсон. Хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувьтай. Эрүүл мэндийн байдлаасаа болж ажил таслах болон ажлаас хойш сууж байсан удаа байхгүй. Үр дүнгээ сайн дүгнүүлэн үр дүнгийн урамшууллыг тогтмол авдаг байсан. 2020 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Жуух бичгээр шагнуулсан. Анх ажилд ороход үндсэн цалин 371.016 төгрөг байсан, одоо цалин нэмэгдсэн байгаа яг хэд болсныг сайн мэдэхгүй байна. Тухайн сарын гараа болон хоногоос хамааран цалин олгогддог. 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр захирал С.Нямцогт нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргаж намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Иймд 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, хэрэг хэлэлцэх хугацаанд буюу ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2022 оны 03 сарын 12-ны өглөө 08 цагт ажлаа хүлээж авсан. 08 цагт ажлаа аваад 11 цагаас өмнөхөн Б.******* ах над руу яриад хоол ирсэн хоол ид гээд дуудахаар нь очиж 5-10 минут саатаж хоол идээд гарахад захирал С.Нямцогт орж ирж байхад нь би мэндлээд өнгөрсөн. Мөн бага сургуулийн Эрдэнэчимэг багш ирж байсан. Би сургууль цоожилсон учраас яарч байсан. Эрдэнэчимэг багштай таараад хоёулаа сургууль руу очиход Эрдэнэчимэг багш 11 цагаас хуралтай гээд орсон. Тэгээд хурал хийж байгаа хүмүүс нь ирээд орсон, би тэр хүмүүсийг оруулж гаргаад үүдэндээ сууж байсан. Дахиж урд сургууль руу ороогүй. Тухайн үед олон хүмүүс орж гарсан. Хурал нь 1 өнгөрөөж тарсан. Дараа нь үргэлжлүүлээд англи хэлний Цэнд-Аюуш багш олон хүүхэд авчирч давтлага хийсэн. Би тэрийг нь зохицуулаад ажлаа хийгээд гарч тойроод явж байсан. Тэгээд 13 цаг 30-40 минутын үед Б.******* ах над руу орж ирээд ахдаа туслаад 2000 төгрөг байвал өгчих гээд 5000 төгрөг барьсан явж байсан. Би мөнгөгүй гэсэн тэгээд 14 цаг 30 минутын үед би хашаагаа тойроод явж байхад Б.******* ах хашааны гадаа ирээд ахдаа 2000 төгрөг өгчих ахад нь хэрэг байна гэхээр нь яах гэж байгаа юм гэхэд 33 авах гэсэн юм гэсэн. Тэгээд би надад мөнгө байхгүй карт байна гэхэд тэгвэл чи явчхаад ир гэсэн, тэгэхээр нь би ойрхон юм чинь гээд та ажил дээр уухгүй шүү гэхэд ажил дээр уухгүй, эхнэр ирчихсэн гэхээр нь авчирч өгсөн. 16 цагт ажил нь бууна тэр үед 14 цаг 30 минут болж байсан. Тэгээд 16 цагаас буух гэж байгаа юм чинь хариад хэрэглэх байх гэж бодсон. Тэгээд намайг уухгүй юм уу гэхээр нь би үгүй гээд ажил руугаа орсон. Сургууль дотор зөндөө хүүхдүүд байсан болохоор би гадуур тойроод гялс орж ирсэн. Тэгээд 16 цагт амьдаа орж ирсэн, амьдаад ажлаа хүлээлгэж өгсөн. Амьдаа урд талын сургуулийг дамжиж орж ирсэн. Угаасаа арын хаалга цоожтой тэгээд урд талын жижүүрээс түлхүүр авч онгойлгож орж ирж ажлаа аваад энэ түлхүүрийг буцаагаад өгчих гэхээр нь би оруулж түлхүүр өгөхөд Б.******* эхнэртэйгээ байсан. Би түлхүүрийг нь өгчхөөд гэр рүүгээ явсан. Тэгээд би орой буугаад маргааш нь орой 16 цагаас гардаг, тэгсэн маргааш нь ирэхэд хүмүүс намайг чи Б.*******той цуг архи уусан юм уу, Б.******* ах цагдаад баригдаад явсан, чамайг ч гэсэн хална гэсэн гэхээр нь гайхаад хүмүүс тоглож байгаа байх гэж бодсон. 03 сарын 14-ний өглөө бууж амраад 16-ны өглөө ирэхэд захирал дуудаж байна гэхээр нь очиход захирал юу болсон яагаад архи уугаад байгаа юм гэсэн. Тэгээд би архи уугаагүй гэхэд хүмүүс чамайг уусан гэж нотлоод байхад биеэ өмөөрлөө гэсэн. Б.******* би чамаар 33 авхуулсан гэдгээ биччихсэн. Захирал үнэнээ бичсэн бол өршөөнө гэхээр нь би бичсэн өршөөж магадгүй, ахыгаа бодоорой, хэлснийг маань дагаарай гэхээр нь би өөрөө архи уугаагүй юм чинь за тиймдээ гэж бодсон. Тэгээд мөнгө нэмж архи авч өгсөн нь үнэн гэдгээ бичсэн. Би 16-ны өглөө захиралд тайлбар өгсөн. Би харахгүй байна гээд тэгж байгаад биччихье гээд бичсэн. Ажлын байранд архи уусан, архи уух нөхцөлийг хангасан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. 2022 оны 03 сарын 17-ны хурлаас гарсан тушаалаар халсан. Тэгээд хурлаар ажлаас халагдана гэж бодоогүй байсан. Одоо ажилдаа эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж авах, нийгмийн даатгалаа төлүүлэх шаардлага гаргаж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Анх А.******* нь ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. 2022 оны 05 сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж сургуулийн захирлын 2022 оны 03 сарын 17-ны өдрийн ******* дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож ажилд эргүүлэн тогтоолгож, 2022 оны 03 сарын 17-ны өдрөөс 2022 оны 06 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулах, мөн энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Сургуулийн захирлын 2022 оны 03 сарын 17-ны өдрийн ******* дугаартай тушаалтай холбоотой тайлбарыг хийе. Тушаалд Монгол улсын Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 11-3б, ажил олгогч албан тушаалтан байгууллага байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь заалтуудыг тус тус барьж А.*******ийг ажлаас чөлөөлсөн. Энэ нь хууль зүйн үндэслэл муу байна гэж хууль зүйн дүгнэлт хийж байна. Учир нь байгууллагын дотоод журам гэж байгаа түүнд түр орлон гүйцэтгэгчийн талаар зохицуулалт байхгүй, зөвхөн 5.4 дэх хэсэгт тушаал, албан бичгийн хэвлэмэл хуудсан дээр захирал тамга дарж хүчин төгөлдөр болно гэсэн байгууллагын дотоод журам дээр заагдсан байгаа. Тэгэхээр уг тушаалыг анхнаасаа захирал гаргах ёстой байсан бөгөөд үүнд захирал гарын үсэг зураагүй түр орлон гүйцэтгэгч гарын үсэг зурж тамга дараад байгаа нь хууль зөрчсөн үйлдэл байна. Мөн тухайн байгууллагын дотоод журам дээр ажилтныг ажлаас халах, чөлөөлөхөд хариуцсан нэгжийн удирдлагын санал дүгнэлтийг харгалзана гэсэн байгаа. Энэ нь ноцтой зөрчил ч бай ямар нэгэн байдлаар хүнийг халж байгаа бол тухайн хариуцсан нэгж удирдлагын санал дүгнэлтийг харгалзаж байж тушаал гаргах зохицуулалтыг байгууллагын дотоод журамд заасан байна. Архи уух нөхцөлийг бүрдүүлсэн гэдэг нь ямар нөхцөлийг ойлгох вэ, архи авчирч өгч байгаа нь тухайн нөхцөлийг бүрдүүлж байгаа юм уу? энэ нь өрөөсгөл ойлголт байна. А.*******ийн ажилдаа согтуу ирсэн, ажлын байранд архи уусан байдал тогтоогддоггүй. Архи уух нөхцөлийг бүрдүүлж өгсөн бол гэдэг ноцтой зөрчлийн талаар яригддаг, архи авч өгсөн учраас архи уух нөхцөлийг чи бүрдүүлж өгч байна, тиймээс энэ хүний байгаа байдлаас болоод ажлаас чөлөөлж байна гэж хариуцагчийн төлөөлөгч хэлж байна, түүнээс биш өмнө нь зөвхөн 11б-3 гэж ажлаас чөлөөлөөд яг аль заалтаар чөлөөлөөд байгаа нь тогтоогдохгүй байсан. Тиймээс 2022 оны 03 сарын 17-ны ******* дугаартай тушаал нь хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа учраас А.*******ийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна. А.******* нь 478,742 төгрөгийн цалинтай 3 жил 11 сар ажилласан гэсэн Өрнөхбаяр нягтлан бодогчийн тодорхойлолтыг авчирсан. 3 сард ажлын 14 хоног, 4 сард ажлын 21 хоног, 5 сард ажлын 22 хоног, 6 сард ажлын 6 хоног нийт 63 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах боломжтой байна. Мөн гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтаар А.*******т авсан арга хэмжээ нотлогдож тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч С.Нямцогт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч А.******* нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 08 цагаас 16 цаг хүртэл Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн хичээлийн 2 дугаар байранд жижүүрийн ажил үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд харин хичээлийн 1 дүгээр байранд мөн хугацаанд М.******* жижүүрийн ажил үүрэг гүйцэтгэж байсан. Миний бие тухайн өдөр ажиллаж байхад жижүүр М.******* ажлын байран дээрээ байхгүй байгаад байсан, ингээд би жижүүрээ хайгаад, сураглаад олохгүй байсан. Тэгтэл биеийн тамирын зааланд чимээ гарахаар нь яваад очтол хүүхэд дагуулсан танихгүй эмэгтэй зааланд шийдэнд бөмбөг шидээд байж байсан. Тэгээд би юун хүн бэ гэж лавлатал би жижүүр М.*******ын эхнэр байна гэсэн. Би жижүүр М.******* хаана байна гэж асуутал жижүүрийн өрөөнд байгаа, би гаднаас нь цоожилсон юм гэсэн. Тэгээд би гайхаад яагаа вэ, юу болоо вэ гээд тухайн эмэгтэйтэй цуг өрөө рүү нь очиход өрөө нь гаднаасаа цоожтой байсан бөгөөд М.*******ын даралт нь ихсээд эм уулгаад өрөөнд нь гаднаас нь цоожилсон юм гэж эхнэр нь тайлбарласан. Ингээд өрөөг нь онгойлгоод ортол архи үнэртэж байсан ба жижүүр М.******* нь архи уучихсан, согтуу байсан тул цагдаа дуудаад согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгуулахад 1,47 /промил процент/ хувьтай согтуу гэж гарсан. Ингээд 2 дугаар байрны жижүүр А.******* нь тухайн өдөр жижүүр М.*******ын өрөөнөөс нүд, нүүр нь улайчихсан гарч явсныг санаад А.******* хаана байна, та 2 хамт уусан уу гэхэд дуугарахгүй байсан бөгөөд би жижүүр А.******* рүү утсаар ярих гэж залгахад утсаа огт авахгүй байсан бөгөөд тухайн үед ажлаасаа буучихсан байсан. Тухайн өдөр жижүүр А.*******ээс жижүүрийн ажил хүлээж авсан Д.*******ээс А.******* ажлаа хүлээлгэн өгөхдөө согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг асуухад намайг ажил авахад А.******* архи уусан, архи үнэртэж байсан гэж хэлсэн. Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр жижүүр А.******* өөрөө архи уусан, мөн жижүүр М.*******од архи авчирч өгч, ажлын байраа орхисон талаараа тайлбар бичиж өгсөн, жижүүр М.******* мөн тайлбар бичиж өгсөн бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ажилчдын хурал дээр жижүүр А.******* нь 2022 оны 03 дугаар сарын 12-нд болсон асуудлын талаар тайлбар хэлсэн байдаг юм. Нэхэмжлэгч А.******* нь хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Иймд Нэхэмжлэгч А.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба өмгөөлөгчийн хувьд хариуцагчийн байр суурийг дэмжиж байна. Сургуулийн жижүүр нь өөрөө тухайн өдөр сургуулийг эзэнгүй байлгахгүй, ямар нэгэн дэг журам зөрчүүлэхгүй байх, эд зүйл хариуцах гэх мэтчилэн сургуулийн орчин учраас гаднаас хэн нэгнийг нэвтрүүлэхгүй байх чухал үүрэг гүйцэтгэхийг хөдөлмөрийн гэрээнд заасан, маш үүрэг хариуцлагатай ажлыг хийдэг юм байна. Гэтэл тухайн өдөр Б.*******, А.******* нар нь өглөөний 08.00 цагаас оройны 16.00 цаг хүртэл ажил үүрэг гүйцэтгэхдээ хэрхэн яаж үүрэг гүйцэтгэж байсан нь хурлын проткол, өнөөдөр хурал дээр өгсөн мэдүүлэг зэргээр нь хангалттай нотлогдож байна. Хоёулаа сургуулийг эзэнгүй орхиод нэг нь архинд явж байдаг, нөгөө нь явуулж байдаг, энэ нь үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх юм уу. Ганцхан минут болсон, ойрхон байдаг гэж ярьж байна тэгэх ёстой юм уу, жижүүр нь хором мөч бүр ажлын байранд байх ёстой хариуцлагатай албан тушаал юм. Ингээд А.******* нь Б.******* жижүүрт ажлын байранд, ажлын цагаар архи уух нөхцөлийг бүрдүүлж, архи авчирч өгсөн, ингэснээрээ хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй, Б.******* жижүүр А.*******ийн авчирч өгсөн согтууруулах ундааны зүйлийг ажлын байранд хэрэглэж согтуурсан. Түүнээсээ болоод ажлаасаа халагдсан. Б.******* 5000 төгрөгтэй архи авч хүрэхгүй байсан байна, гэтэл А.******* мөнгө нэмээд дэлгүүр рүү яваад архи уух нөхцөлийг бүрдүүлж өгөөд хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11-3б, хөдөлмөрийн гэрээний 4.2.2 дах заалтад заасан ажлын байранд архи уух нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан. Иймд Б.*******ын мэдүүлэг нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбар, хурлын протокол зэрэг байдлаар А.******* нь хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2022 оны 03 дугаар сарын 17-ны ******* дугаартай тушаал үндэслэлтэй байна. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн болон үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1., 158 дугаар зүйлийн 158.2.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******ийн хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, захирлын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай тушаалаар Бага, дунд боловсролын тухай хууль-ийн 20 дУгаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хууль-ийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журам-ын 11.36, Хөдөлмөрийн гэрээний 4.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, жижүүрийн ажлаас чөлөөлсөн.2021 оны 09 сарын 22-ны өдрийн А/25 дугаартай Орхон аймаг Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал Л.*******ийн тушаалаар баталсан Сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулж батлах тухай журам байгаа. Энэ журмын 5 дугаар зүйлийн 5.4-т тушаал, албан бичгийг хэвлэмэл хуудсан дээр зөвхөн захирал тамга дарж хүчин төгөлдөр болгохоор тусгажээ. Уг журамд захирлын, түр орлон гүйцэтгэгч ямар эрх хэмжээ эдлэх талаар зохицуулаагүй. Тушаал зөвхөн захирал гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болохоор зохицуулсан байхад түр орлон гүйцэтгэгч тушаал гаргаж ажилтны ажлаас харсан нь буруу болжээ.Мөн журмын 8 дугаар зүйлийн 8.6тд ажилтныг ажлаас халах, чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход, хариуцсан нэгжийн удирдлагын санал дүгнэлтийг харгалзана гэсний дагуу удирдлагын багийг хуралдуулаагүй. Хэргийн материал дотор Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 2022 оны 03 сарын 17-ны өдрийн 01 дугаартай ажилчдын хурлын тэмдэглэл байдаг. Уг хуралдаанд жижүүрүүдийг оролцуулсан. Удирдлагын багт жижүүр байдаггүй. Удирдлагын багийн гишүүдээс нэг ч хүн оролцоогүй. Уг хурал 17:30 минутад эхэлж, 18 цагт дууссан. Намайг архи уугаагүй байхад уусан гэж бич гэж зааварласны дагуу М.******* гуай 2, 3 янзаар өргөдөл бичсэн байгаа. Намайг ажлын алдаа дутагдал гаргахгүй болохоор архиар далимдуулан ажлаас халсанд гомдолтой байна. Эхлээд архи хамт уусан гэж буруутгах байснаа шүүх хуралдааны танхимд архи уух нөхцөл бүрдүүлсэн гэж тушаалаа тайлбарласан. Би их гомдолтой байна. Би өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэж, идэвх зүтгэлтэй ажиллаж ирсэн. Намайг ажлаас халсан тушаалыг 2022 оны 03 сарын 17-ны өдөр хэзээ гаргасан нь тодорхойгүй. Хурлын өмнө гаргасан, хурлын дараа гаргасан гэвэл ажлын бус цагаар гаргасан болж таарч байна. Үүнээс харахаар уг тушаал тухайн өдөр гараагүй. 2022 оны 03 сарын 17-ны өдөр хурал дээр ажлаас халсан тушаал танилцаагүй. Ажлаас халах эсэх асуудлыг ярьсан байгаа. Ингээд бодохоор намайг ямар ч хамаагүй аргаар ажлаас халах гэсэн санаа захирлын түр орлон гүйцэтгэгчид байсан байгаа юм.Архи уух нөхцөлийг бүрдүүлж өгсөн учраас ажлаас халсан тушаал хууль ёсны болсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь учир дутагдалтай юм. Архи авчраад өгөөч гэхэд нь би эхлээд татгалзсан. Дараа нь ажлаас буух болж байсан болохоор авч өгсөн. Архи авч өгөх юм бол архи уух нөхцөлийг бүрдүүлэх юм уу, ажлын байран дээр архи ууж болохгүй гэдгийг бүх жижүүрүүд мэднэ. Ажил дээр ууж болохгүй шүү гэж хэлээд өгсөн. Хэрвээ ажил дээр ууна гэсэн бол архи авч өгөхгүй байсан. Бид хоёрын ажлын цаг дуусах дөхчихсөн байсан болохоор хариад уух гэж байгаа юм байна гэж бодоод өгсөн. Үүнийг илт гуйвуулан над руу халдааж намайг хохироож байгаад маш их гомдолтой байна. Ах шигээ боддог хүнийг гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Тэгээд удаагүй би ажлаа дараагийн жижүүрт хүлээлгэж өгөөд гэртээ харьсан. Миний хариуцсан хэсэгт архи уугаад уулгаад байгаа зүйл байхгүй. Архи уух нөхцөл бүрдүүлсэн гэдгийг юу гэж ойлгох вэ. Архи авч өгсөн болохоор нөхцөл бүрдэх үү. Архи уулгах ширээ санал өгөхийг нөхцөл бүрдүүлсэн гэх үү. Энэ байдлыг гуйвуулан архи авч өгсөн нь буруу гэдэг байдлаар өрөөсгөл дүгнэлт хийсэн байгаа. Ажлын байраа орхиж явсан зүйл байхгүй. Миний ажлын байрны тодорхойлолтод сургуулийн гадна дотор байдлыг харж хамгаалахаар тусгасан. Сургуулийн гадна хашаа, талбайг бид байнга шалгаж ажилладаг. Сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулж батлах тухай-д заасан холбогдох заалтыг баримтлаагүй байгаа нь тушаал хүчингүй болгох үндэслэл байна гэж харж байгаа. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4. Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй гэж заасны дагуу 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай тушаал холбогдох заалтыг зөрчиж гарсан тул хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож тайлбарлах болно гэжээ.

ХЯНАВАЛ :

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

3. Нэхэмжлэгч А.******* нь Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлага, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сургуулийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай болгож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нямцогт нь ...2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр жижүүр А.******* нь жижүүр М.*******ыг ажлын байранд ажлаа хийж байхад нь архи авчирч өгч хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэр үндэслэлтэй гарсан... гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

4. Шүүх нэхэмжлэгч А.*******ийн хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, захирлын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталж, хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заасан байх ёстой.

6. Ажил олгогчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар нэхэмжлэгч А.*******ийг Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5. дахь заалтыг үндэслэжээ.

7. Нэхэмжлэгч А.*******, ажил олгогч нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.2.-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчлүүдийг нэрлэн заасан тухайлбал гэрээний 4.2.2.-д ажилдаа согтуу ирсэн буюу ажлын байранд архи уусан, уух нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэх үйлдлүүдийг сахилгын ноцтой зөрчилд тооцохоор тодорхой заасан байна.

8. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тус сургуулийн жижүүр М.******* нь 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр жижүүрийн үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас 1.47 хувийн согтолттой байсан болох нь тогтоогдсон байна.

9. Нэхэмжлэгч А.******* нь тухайн өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан *******од согтууруулах ундааны зүйл авчирч өгсөн үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2.-д ....архи уух нөхцөлийг бүрдүүлсэн сахилгын ноцтой зөрчилд хамаарах тул ажил олгогчийн гаргасан шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

10. Түүнчлэн нэхэмжлэгч А.******* нь ...намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан, өөрийнх нь гуйлтаар архи авчирч өгсөн, ажил дээрээ М.*******ыг архи ууна гэж бодоогүй... гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлж буй боловч тэрээр хариуцагчийн гаргасан ... хамт жижүүр хийж байсан М.*******од архи авчирч өгсөн, тэр архийг М.******* ажил үүргээ гүйцэтгэж байхдаа уусан тул архи уух нөхцөлийг бүрдүүлсэн гэх тайлбар, татгалзлалыг тэрээр үгүйсгэж няцааж чадаагүй байна.

11. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

12. Нэхэмжлэгч А.*******ийн гаргасан ...2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай тушаал холбогдох заалтыг зөрчиж гарсан тул хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2022/00810 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.*******ийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч А.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ