Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 03

 

Хэргийн индекс:127/2016/0029/З

 

            Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэн Г.Энхбаярын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох

            Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/83 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгох, үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулсан нийт 414966 төгрөгийг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ж.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Г.Энхбаяр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан. Аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/83 дугаар захирамжаар  надад “үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнийг би эс зөвшөөрч, Хэнтий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргасан боловч “сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэл нь Санхүүгийн хяналт, аудитын албаны дүгнэлт байна, уг дүгнэлтийг салбар зөвлөлөөс шалгах боломжгүй” гэсэн хариуг Ж.Ганбаатар дарга өгсөн. Иймд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

            Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Ганбаатар 2016 оны 10 дугаар сарын 18-ны орой намайг дуудаж, Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаартай албан бичгийг танилцуулж, гарын үсэг зуруулсан. Ингээд маргааш нь орон нутгийн сонгууль болж, амралтын өдөр байсан. 10 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа ирэхэд надад сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийг өгсөн.

Уг захирамжид “төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан зөрчил гаргасан нь Санхүүгийн хяналт, аудитын албаны 36 дугаар дүгнэлтээр тогтоогдсон” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 36 тоот албан бичиг нь тус байгууллагаас гаргадаг албан ёсны дүгнэлт биш, хариу хүргүүлсэн тухай албан тоот юм.

            Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын тушаалаар баталсан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-д Хэнтий аймаг амжилттай оролцож, 2 дугаар байр эзэлсэн тул 5 сая төгрөгөөр шагнуулсан. Уг шагналын мөнгө нь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төсөвт тусгагдаагүй тул батлагдсан төсөв гэж үзэхгүй.

            Уг шагналын мөнгөөр 2016 оны 01 дүгээр сард байгууллагынхаа албан хаагчдыг Улаан-Үд хот аялуулахаар шийдвэрлэсэн байсан боловч явж чадаагүй. 2016 оны 04 дүгээр сард аймгийн Засаг даргад ажлаа танилцуулахад,  дарга удирдлагууд “дээрх шагнал нь аймгийг шагнасан шагнал тул сумдаа хамруулан, мод тарьж ургуулах ажлыг гардан хийсэн хүмүүсийг  урамшуулах нь зүйтэй” гэсэн чиглэл өгсөн. Үүний дагуу би 40 дүгээр тушаал гаргаж, нэр бүхий 15 хүн Улаан-Үд, Байгал нуурын аялалд явсан. Эдгээр хүмүүсийн зарим нь сумдын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт ороогүй ч гэсэн мод тарьж ургуулах хөдөлгөөнд идэвхтэй сайн оролцсон албан хаагчид байсан.

            Ийм учраас “төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан зөрчил гаргасан” үндэслэлээр надад сахилгын шийтгэл ногдуулсныг хууль бус гэж үзэж байна. Өргөдөл гаргахдаа аймгийн Засаг даргын орлогчид гаргасан зэргээс улс төрийн шалтгаантай гэж бодож байна. Намайг мөн цагдаагаар шалгуулсан. Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөөд байна” гэв.

            Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Энхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Анх аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ажилтнуудаас тус газрын дарга Г.Энхбаярт холбогдуулан өргөдөл ирсний дагуу аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба шалгаж, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр, “Мод тарьж ургуулах хөдөлгөөн”-ний аймаг, сумын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ороогүй албан хаагчдыг Буриад улсын Улаан-Үд, Байгаль нуурын аялалд хамруулахаар шийдвэрлэсэн нь “төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй” гэж үзсэн байсан.

            Санхүүгийн хяналт, аудитын албаны уг дүгнэлтийг Г.Энхбаярт 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр танилцуулж, сонсох ажиллагааг биечлэн уулзах хэлбэрээр зохион байгуулж, сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэхэд санал хүсэлт байхгүй гэсэн болно.

            Иймд Санхүүгийн хяналт, аудитын албаны дүгнэлтийг үндэслэл болгон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/83 дугаар захирамжаар Г.Энхбаярт сахилгын шийтгэл ногдуулсан. Г.Энхбаяр нь үүний өмнө аймгийн Засаг даргын 2016 оны  03 дугаар сарын 03-ны өдрийн Б/14, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 дүгээр захирамжаар тус тус “сануулах” сахилгын шийтгэл хүлээж байсан тул энэ байдлыг харгалзан үзэж, үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах шийтгэл ногдуулсан.

            Г.Энхбаяр 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 40 дүгээр тушаалдаа “аймаг, сумдын ажлын хэсгийн” 15 хүнийг аялалд хамруулна гэж заасан боловч ажлын хэсэгт ороогүй хүмүүсийг аялалд явуулсан байна. Үүнийг нь төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан зөрчил гэж үзсэн” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Г.Энхбаяр нь сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгож, 414966  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангах үндэслэлтэй гэж үзэв.

            Хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/83 дугаар захирамжаар, “Төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан зөрчил гаргасан нь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дүгнэлтээр тогтоогдсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Энхбаярт сахилгын шийтгэл ногдуулжээ.

            Энэ шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Г.Энхбаяр нь Төрийн албаны зөвлөлийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргасан ба уг зөвлөл “Санхүүгийн хяналт, аудитын албаны дүгнэлтийг шалгах боломжгүй” гэсэн үндэслэл дурдаж, гомдлыг  буцаасан нь салбар зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 185 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

            Төрийн албаны зөвлөлийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөлийн дээрх шийдвэр үндэслэл муутай байгаа ч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо ...төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно” гэж заасан тул нэхэмжлэгч Г.Энхбаярын гомдлыг заавал урьдчилан шийдвэрлүүлэхээр Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд буцаах шаардлагагүй, шүүх шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч Г.Энхбаяр, 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 40 дүгээр тушаалаар зарцуулсан хөрөнгө нь “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-д шалгарсны шагналд Байгаль орчин, аялал, жуулчлалын яамнаас шилжүүлсэн мөнгө тул “төсвийн хөрөнгө” гэж үзэхгүй гэж тайлбарлаж байгааг шүүх үндэслэлгүй гэж үзэж байна.

            “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг амжилттай зохион байгуулсан шилдэг 3 аймаг, 1 дүүрэг, 4 сумдын шагналд зарцуулагдах хөрөнгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны “Нэмэлт санхүүжилтын зардал”-аас гаргаж, уг хөдөлгөөнд Хэнтий аймаг 2 дугаар байранд орсны шагналын мөнгө нь Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын “Нэмэлт дансанд” байршиж байжээ.

            Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлд “Нэмэлт төсөв”-ийн талаар заасан бөгөөд 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна” гэж заасан. Иймээс “шагналын мөнгийг төсвийн хөрөнгө гэж үзэхгүй” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм.

            Харин аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны албан тоот бичгийг хариуцагч нь “Дүгнэлт” хэмээн, маргаан бүхий захиргааны актад тусгаж, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон нь хууль бус гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзэв.

            Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэгт “Улсын байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан... албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ” гэж заасан ба Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 38 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн дүгнэлт, акт, албан шаардлага, торгуулийн хэвлэмэл хуудасны загварыг тус тус баталсан байна.

             Хэнтий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас хуулийн дээрх шаардлагад нийцсэн баримт бичиг гараагүй байхад хариуцагч нь тус байгууллагын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 36 тоот албан бичгийг “Санхүүгийн хяналт, аудитын албаны дүгнэлт” хэмээн, гаргасан шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй.

            Хариуцагч нь нэхэмжлэгч Г.Энхбаярыг төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэж буруутгаж байгаа үндэслэлээ тайлбарлахдаа: “нэхэмжлэгч нь хөрөнгө зарцуулах тухай 40 тоот тушаалдаа, Мод тарьж ургуулах хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд зохион байгуулсан аймаг, сумдын ажлын хэсгийн 15 хүнийг Улаан-Үд, Байгаль нуурын аялалд хамруулна гэсэн атлаа уг ажлын хэсэгт ороогүй хүмүүсийг аялуулсан” гэж тайлбарлаж байгаа бол нэхэмжлэгч нь “Аялалд хамруулсан 15 хүний зарим нь аймаг, сумын ажлын хэсэгт ороогүй боловч мод тарих ажилд идэвх санаачилгатай оролцсон, орон нутагт ажилладаг манай байгууллагын албан хаагчид” гэж маргаж байна.

             Мод тарих ажлыг зохион байгуулах аймаг, сумдын ажлын хэсэгт ороогүй хүмүүс хэн хэн болохыг хариуцагч нэрлэн заагаагүй ба Хэнтий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 36 тоот албан бичигт “...ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ороогүй иргэний нийгмийн төлөөлөл Ч.Тулга, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Батсайхан, Дадал сумын байгаль хамгаалагч Ган-Од, Өмнөдэлгэр сумын Ойн ангийн дарга Оюун-Эрдэнэ, Батширээт сумын Ойн ангийн дарга Энхтүвшин нар” гэжээ.

             Хариуцагч нь, “аймаг, сумын ажлын хэсэгт ороогүй хүмүүсийг аялалд хамруулсан”  гэх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Энхбаярыг төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэж үзэж, сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус байна.

            Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр А/146 дугаар тушаал[1] гаргаж, 2015 оны мод тарих өдрийг “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлэх хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэж, уг хөдөлгөөнийг улсын хэмжээнд зохион байгуулах ажлын хэсэг байгуулж, удирдамж баталсан байна.

            Орон нутагтаа уг хөдөлгөөнийг зохион байгуулах дэд ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасны дагуу Хэнтий аймгийн Засаг дарга 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/189 дүгээр захирамж[2] гаргаж, мөн ажлын хэсэг байгуулан, удирдамж батлан, уг ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

            Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр А/146 дугаар тушаалд[3] “өөрийн хүчээр мод тарьж ургуулах, услах, арчлах боломжгүй иргэн бүрээс 1, аж ахуйн нэгж байгууллага бүрээс 5-аас доошгүй модны зардлыг Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу тусгай дансанд төвлөрүүлэн, орон нутгийн ойн анги болон мэргэжлийн байгууллагаар тухайн ажлыг гүйцэтгүүлэх”-ийг аймаг, нийслэлийн Засаг даргад даалгасан.

            Мөн “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий удирдамжид[4] “их дээд сургуулийн оюутан залуусыг татан оролцуулах, иргэний нийгмийн хөдөлгөөнүүд, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хүчийг өргөнөөр татан оролцуулах”, “Орон нутагт мод тарих ажлыг Ажлын дэд хэсгийн удирдлага дор Ойн ангийн мэргэжил аргазүйн тусламжтайгаар ...зохион байгуулах”-аар тус тус заасан байна.

            Иймд, уг хөдөлгөөнд Хэнтий аймаг 2 дугаар байранд шалгарсны шагналын мөнгөөр Улаан-Үд, Байгаль нуурт аялсан аяллын бүрэлдэхүүнд /ажлын хэсэгт ороогүй/ Сум дундын ойн ангийн дарга 2 хүн /Л.Энхтүвшин, Ц.Оюун-Эрдэнэ нар/, иргэний нийгмийн төлөөлөл 1 хүн /Ч.Тулга/-ыг хамруулснийг буруутгах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

            Иймээс нэхэмжлэгч Н.Энхбаярт сахилгын шийтгэл ногдуулах тухай хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/83 дугаар захирамжийг  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж шүүх үзэв. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан үндэслэл байгаагүй байна.  

            Түүнчлэн хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд заасан, захиргааны шийдвэр гаргах журмыг баримтлаагүй байгааг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч Г.Энхбаярт 2016 оны 10 дугаар сарын 18-ны орой аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 36 тоот албан бичгийг танилцуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон “Сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр танилцуулсан тухай тэмдэглэл”[5] гэх баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч үүнийг “Сонсох ажиллагаа” явуулсан гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хариуцагч нь “оролцогчийг сонсох ажиллагаа”-г Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу явуулаагүй, сонсох ажиллагааны талаар урьдчилан мэдэгдэл хүргүүлж,  оролцогчийг тайлбар, санал  гаргах боломжоор хангаагүй болох нь нэхэмжлэгчид Санхүүгийн хяналт, аудитын албаны 36 тоот албан бичгийг танилцуулсан мөн өдрөө “сахилгын шийтгэл ногдуулах тухай” шийдвэр гаргасан байдлаас харагдаж байна.   

            Мөн хариуцагч нь 2016 оны Б/83 дугаар захирамждаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дэх заалтын “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэсэн шаардлагыг бүрэн хангаагүй, 40 дүгээр зүйлийн 40.2.4, 40.2.5 дахь заалтуудад заасан шаардлагыг тусгаагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

            Хариуцагч нь, нэхэмжлэгч Г.Энхбаярыг санхүүгийн зөрчлийг нэг жилийн дотор удаа дараа гаргаж, сануулах шийтгэл хүлээж байсан гэж тайлбарлаж, энэ тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн  боловч уг нөхцөл байдлын талаар хариуцагч Б/83 дугаар захирамждаа тусгаагүй тул энэ асуудалд шүүхээс үнэлэлт, дүгнэлт хийх боломжгүй юм. 

            Ийнхүү, нэхэмжлэгч Г.Энхбаярт сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актыг шүүх илт хууль бус гэж үзсэн тул уг актын дагуу нэхэмжлэгчийн үндсэн цалинг гурван сарын хугацаанд 20 хувиар бууруулсны нийт 414966 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Хариуцагч нь хохирлын хэмжээний талаар маргаагүй болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.3.12, 106.3.1, 106.3.2, 106.3.7 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Г.Энхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/83 дугаар захирамж нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

            2. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын ажлын алба-аймгийн Засаг даргын Тамгын газраас 414966 /дөрвөн зуун арван дөрвөн мянга есөн зуун жаран зургаан/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Энхбаярт олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Энхбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын ажлын алба-Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Г.Энхбаярт олгосугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            5. Шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

             Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.БАЛЖМАА

 


[1] Хавтаст хэргийн 22 дугаар хуудас,

[2] Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас,

[3] Хавтаст хэргийн 22 дугаар хуудас,

[4] Хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас,

[5] Хавтаст хэргийн 84 дүгээр хуудас,