Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/00406

 

Г.Болд-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,            

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06301 дүгээр шийдвэр,            

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн            

2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 238 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Г.Болд-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Баянмөнхөд холбогдох,

1 587 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэчимэгийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 04 дүгээр сард Г.Болд-Эрдэнэд Н.Тэрбишээс 3085 ОРА улсын дугаартай Спортаж маркийн автомашиныг амаар тохиролцож, зээлээр худалдан авч өгсөн. Уг автомашиныг авсны дараа будганд оруулж, мотор, амартизатор, пүрш, түлк резинүүд, наклад, аккумлятор, урд барбаныг нь комоор нь сольж, 2 ширхэг дугай тавьсан. 2014 оны 11 дүгээр сард Д.Баянмөнх нь Г.Болд-Эрдэнээс уг автомашиныг 3 000 000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар болж түүний найз Т.Батмөнх авч явсан. Автомашины үнийг 2015 оны 3, 4 дүгээр сараас өгнө гэж тохиролцсон боловч хугацаандаа өгөөгүй. Миний Хаан банкны 5096143848 тоот данс руу 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 500 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Д.Баянмөнх нь надад шилжүүлсэн 1 500 000 төгрөгөө зээлүүлсэн гэж Орхон аймгийн сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгосон. Иймд Д.Баянмөнхөөс худалдан авсан автомашины үлдэгдэл төлбөр 1 500 000 төгрөг, түүний өмнөөс 2015, 2016 оны авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт төлсөн 80 000 төгрөг, агаарын бохирдлын төлбөрт төлсөн 7 000 төгрөг, нийт 1 587 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Болд-Эрдэнэ нь 3058 ОРА улсын дугаартай Спортаж маркийн автомашиныг надад худалдсан мэтээр огт үндэслэлгүй гүтгэж, удаа дараа нэхэмжлэл гаргаж, чирэгдэл учруулж байна. Г.Болд-Эрдэнэ надад автомашин худалдаагүй бөгөөд надад огт хамаагүй. Харин Г.Болд-Эрдэнийн ээж надаас мөнгө зээлээч гэхээр нь түүнд 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 210 000 төгрөг, 12 дугаар сарын 26-ны өдөр 390 000 төгрөг, 12 дугаар сарын 31-ний өдөр 1 170 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 130 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 500 000 төгрөг, нийт 3 700 000 төгрөг зээлсэн. Ж.Эрдэнэчимэг нь миний төрсөн дүү Д.Эрэгдэндагвийн эхнэр байсан учир тус болох зорилгоор зээлсэн. Автомашины наймаа нь Д.Батмөнх, Д.Эрэгдэндагва нарын хооронд хийгдсэн бөгөөд уг автомашиныг 2 000 000 төгрөгөөр зээлээр худалдаж авахаар ярилцсан. Мөн уг автомашины бичиг баримтыг бүрдүүлж, урд салхины шил, 4 хаалганы түгжээг сольж, онгойдог болгоод мөнгөө өгч, авалцахаар тохиролцсон, Д.Эрэгдэндагва хэлсэндээ хүрээгүй учраас автомашины наймаа буцсан гэж Д.Батмөнх хэлж байсан. Уг автомашиныг 2014 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Рашаант сум руу авч явсан бөгөөд тэнд манай ах Д.Бат-Оргилын хашаанд байгаа. Уг автомашины асуудал надад хамаагүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06301 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Баянмөнхөөс 1 587 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Болд-Эрдэнэд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Болд-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баянмөнхөөс 40 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Болд-Эрдэнэд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 238 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06301 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэгч Г.Болд-Эрдэнийн 1 587 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06301 дүгээр шийдвэртэй хэргийг хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар Ж.Баянмөнх нь Г.Болд-Эрдэнийн автомашиныг худалдан авсан эсэх болон автомашины үнийг бүрэн төлсөн эсэх талаар шүүхээс эрх зүйн үнэлэлт, дүгнэлт хийгээгүй бөгөөд гуравдагч этгээдээс гаргасан шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ/2016//00758 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт хэн нэгэнд холбогдуулж шаардлага гаргах эрх нь хүн бүрт нээлттэй байдаг бөгөөд гуравдагч этгээд нь нэхэмжлэгчид холбогдуулан шаардлагаа бие даасан нэхэмжлэлээр биш харин үндсэн нэхэмжлэлд хамааруулан гаргаж буй нь түүний эрх юм. Харин бие даасан шаардлагыг үндэслэлгүй бол түүнийг хэрэгсэхгүй болгосноос үүсэх үр дагаврыг гуравдагч этгээд өөрөө хариуцна. Иймд нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн шаардлагыг дээрх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж шийдвэрийн үндэслэлээ тодорхойлсон.

Гэтэл давж заалдах шатны шүүх 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ/2016//00758 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийг үндэслэн БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06301 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь анхан шатны шүүхийн шийдвэрийн хоёр үзүүртэй зүү шиг, ойлгомжгүй байдлаас болж байна. Ж.Эрдэнэчимэг би Д.Баянмөнхөөс 2 088 500 төгрөг зээлсэн нь үнэн л юм бол яагаад машины үлдэгдэл төлбөр болох 1 500 000 төгрөгийг өөрөөс нь нэхэмжилж шүүхэд 2015 оны 11 сард нэхэмжлэл гаргасны дараа надад 2015 оны намар 2 000 000 төгрөг зээлдүүлсэн гэж намайг шүүхэд өгөв. Надаас 2 000 000 төгрөг авах ёстой нь үнэн юм бол яагаад 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ/2016//00758 дугаартай шийдвэрт давж заалдаагүй чимээгүй алга болсон юм. Хууль, шүүхийн өмнө бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүпдэггүй, арга зальтай нэг нь зүгээр өнгөрч харин мөрөөрөө амьдарч байгаа хэн нэгэн хохирч үлдэх учиргүй гэж бодож байна. УДШ-ийн шийдвэр эцсийн шийдвэр байдаг учраас 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 238 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06301 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх гэрээ байгуулсан талуудыг үндэслэлтэй тогтоож, дүгнэж чадаагүй, давж заалдах шатны шүүх Г.Болд-Эрдэнийн нэхэмжлэлийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан гэх үндэслэлээр маргаанд хамааралгүй шүүхийн шийдвэрийг үндэслэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь  тус тус буруу болжээ.

Хэрэгт авагдсан Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2016/00758 дугаар шийдвэр /хх 31-35/-ээр Д.Баянмөнхийн нэхэмжлэлтэй, Ж.Эрдэнэчимэгт холбогдох хэрэгт Г.Болд-Эрдэнэ нь машины үнэ, татвар нийт 1 587 000 төгрөг гаргуулахыг хүссэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон боловч шүүх “гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, өөр гэрээтэй холбоотой тул хамтатган шийдвэрлэх боломжгүй” гэж Г.Болд-Эрдэнийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байх ба агуулгын хувьд Г.Болд-Эрдэнийн шаардлагыг шүүх шийдвэрлээгүй байв.  

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасан “шүүхээр нэгэнт шийдвэрлэсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргасан” үндэслэл бий болоогүй бөгөөд  хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байжээ. 

Нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид нь тайлбар, нотлох баримт гаргах, гэрч асуулгах хүсэлт гаргах, хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах зэргээр мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадсан байна.

Нэхэмжлэгч Г.Болд-Эрдэнэ нь 2014 оны 11 дүгээр сард байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн спортаж маркийн автомашины үнийн үлдэгдэл 1 500 000 төгрөг, автомашины татварт төлсөн 87 000 төгрөг, нийт 1 587 000 төгрөгийг  хариуцагч Д.Баянмөнхөөс гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, гэрээний дагуу автомашиныг хүлээж аваагүй, Г.Болд-Эрдэнийн ээж Ж.Эрдэнэчимэг надаас мөнгө зээлсэн бөгөөд зээлд шилжүүлсэн 1 500 000 төгрөгийг автомашины үнийн урьдчилгаа гэж гүтгэж байна” гэж маргажээ. 

Зохигчдын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй ба нэхэмжлэгч Г.Болд-Эрдэнэ, хариуцагч Д.Баянмөнх нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэх байдал хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулахыг заагаагүй тул уг гэрээг амаар байгуулж болно. Харин гэрээг байгуулсан эсэх талаар маргасан тохиолдолд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3-т заасан зохицуулалтын дагуу хэлцэл байгуулсан эсэхийг дүгнэх шаардлагатай байна.

Гэрээний зүйл болох 30-85 ОРА дугаартай спортаж маркийн автомашиныг хариуцагч бус Т.Батмөнх гэгч хүлээж авсан болохыг зохигчид маргаагүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс автомашиныг худалдан авагч Д.Баянмөнхийн заасан этгээд буюу Т.Батмөнхөд өгсөн гэсэн бол хариуцагч нь “Т.Батмөнх автомашиныг худалдаж авахаар тохирсон этгээд” гэжээ. 

Т.Батмөнх нь өөр маргаан буюу Д.Баянмөнхийн нэхэмжлэлтэй, Ж.Эрдэнэчимэгт холбогдох зээлийн үүрэг шаардсан хэргийг хянан шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан дээр “...спортаж маркийн автомашиныг би Д.Рэгдэндагваас 2 000 000 төгрөгөөр авсан...” /хх-34 дүгээр хуудасны ар тал/ гэж, энэ хэрэгт хариуцагчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...2014 оны 11 дүгээр сарын сүүлээр спортаж маркийн автомашиныг би Д.Рэгдэндагваас 2 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Автомашины бичиг баримт байхгүй байсан, салхины шил, 4 хаалга, түгжээг засч өгсөний дараа, хавар ажил эхлэхээр мөнгийг өгөхөөр тохирсон, гэвч дараа нь машиныг буцаахаар болсон ба Д.Рэгдэндагва нь автомашиныг дүүгийнхээ хашаанд тавь гэхээр нь 2015 оны 07 дугаар сард түүний дүү н.Баяржаргалын хашаанд оруулж тавьсан...” гэснээс үзэхэд хариуцагч Д.Баянмөнхтэй гэрээ байгуулсан гэх нэхэмжлэгч Г.Болд-Эрдэнийн нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдсэн байна.

Хариуцагч Д.Баянмөнх маргааны зүйл болох автомашиныг шилжүүлж аваагүйгээс гадна нэхэмжлэгчтэй хэлцэл байгуулсан, үүрэг үүссэн нь нотлогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний үүрэг үүссэн үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 101/ШШ2016/06301 дүгээр шийдвэр,  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 238 дугаар  магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Д.Баянмөнхөөс 1 587 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Болд-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 40 350  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЦАГААНЦООЖ

  ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА