Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 207/МА2022/00092

 

 

 

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 207/МА2022/00092

 

 

Б.*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч М.*******д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2022/00847 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.*******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9.750.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Тулга, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Б.******* нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр М.*******гийн хүсэж, гуйсны дагуу түүнд 6.500.000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. М.******* уг мөнгөө хугацаандаа өгөөгүй тул 6.500.000 төгрөгийн алданги хуулийн дагуу төлөөгүй мөнгөний 50 хувь тооцож 3.250.000 төгрөг, нийт 9.750.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

М.*******гийн шүүхэд гаргасан нотлох баримт болон тайлбартаа танилцлаа. М.******* нь 5.000.000 төгрөгөөр 2 удаа Хаан банкны данс руугаа нийт 10.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй хугацаагүй авсан. 10.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байсан учраас үлдэгдэл мөнгийг нь харилцан тохиролцож зээлийн гэрээ хийж баталгаажуулсан. 6.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж өгсөн. Үүний дараа хурдан өгнө гээд Солонгос яваад сураггүй алга болсон. М.******* нь нотлох баримтдаа үс засуулсан, бараа авсан баримт хавсаргасан байна. Үүнийг би зөвшөөрөхгүй, ядаж гарын үсгээ зурж баталгаажуулсан зүйл алга. Би *******, 5270294528 тоот Хаан банкны данс эзэмшдэг. Тиймээс миний данс биш ******* дансыг *******ын данс гэж хассаныг зөвшөөрөхгүй. Энэ хүн олон хүнийг яг энэ аргаар залилан мөнгө авсан. Бас нэр төрийг минь гутаан доромжилж амнаас ам дамжин танихгүй хүнд элдвээр хэлсэн тиймээс сэтгэл санаа эд мөнгөний хохирлоо бүрэн гаргуулж хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн М.******* би Б.*******ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие 2017 оны 07 дугаар сард Б.*******аас 10.000.000 төгрөгийг өөрийн үсчний газарт байгаа бараа материал авах зорилгоор зээлж авсан нь үнэн, харин ямар нэгэн гэрээг бичгээр байгуулаагүй. Ингээд сар бүр 1.000.000 төгрөгийг хүү хэлбэрээр төлж байсан бөгөөд үндсэн 10.000.000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сар гэхэд бүрэн төлж барагдуулсан. Гэвч би Б.*******аас мөнгө зээлэхдээ сайн дураараа хүү төлнө гэж хэлчихсэн байсан болохоор энэ мэтээр сар бүр хүү болон үндсэн төлбөрийг төлж явсаар 2021 оны 04 дүгээр сарыг хүргэсэн. Б.******* 2021 оны 04 дүгээр сард надтай уулзаж үлдэгдэл төлбөр чинь 6.500.000 төгрөг байгаа шүү чи үүнийг бөөнд нь өгөх хэрэгтэй байна гэж хэлээд надаар нэг баримт бичигт гарын үсэг зуруулсан, гэхдээ тэрхүү баримт бичиг нь ганцхан миний бичиг, гарын үсгээс өөр зүйлгүй баримт байсан. Харин сүүлд нь хүү, алданги авахаар тохируулан нөхөж бичээд шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгааг би огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээг заавал бичгээр байгуулсны үндсэн дээр хүү, алданги авах эрхтэй болдог тул миний хувьд Б.*******аас зээлсэн 10.000.000 төгрөгийг буцаан төлөх үүргээ давуулан биелүүлсэн, үлдэгдэл 6.500.000 төгрөг гэсэн ойлголт байхгүй, үндэслэлгүйгээр үлдэгдэл мөнгөө шаардаж байж юу нь тодорхойгүй баримтанд гарын үсэг зуруулчхаад одоо надаас хүү, алданги, төлбөр нэхэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.******* хүүтэй мөнгө гаргадаг гэхээр нь анх 10.000.000 төгрөгийг авсан. Ажлын хүний данс руу нь бас Төгөл дэлгүүрийн худалдагчийн данс руу мөнгөө шилжүүлдэг байсан. 6.500.000 төгрөг үлдсэн гэрээ хийе гээд хоосон баримтанд гарын үсэг зуруулсан. Иргэний үнэмлэхээ өг гэхэд надад байхгүй гэж хэлсэн гэтэл ард нь хаанаас ч олсон юм хуулбарыг хавсаргасан байна. Гэрээний дагуу бэлнээр мөнгө өгч авалцаагүй. Авсан мөнгөө хангалттай төлж барагдуулсан. Хар дэвтэрт бичсэнээр 1.942.000 төгрөг, дансаар 7.238.000 төгрөг нийт 9.180.000 төгрөг төлсөн одоо 820.000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2022/00847 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.4., 232 дугаар зүйлийн 232.3.-д заасныг баримтлан хариуцагч М.*******гээс 6.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 171.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******гээс 118.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ маргааны үндэслэл болсон 10.000.000 төгрөгийг зээлийн гэрээгүй зээлж авсан бодит байдлыг дүгнэхдээ талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсанд тооцсон. Гэтэл ******* бидний хооронд ямар ч зээлийн гэрээ хийгдээгүй ба үлдэгдэл мөнгөн дээрээ гарын үсэг зуруулсан. Энэ нь 2019 онд биш 2017 оны 10 сард үлдэгдэл 6.500.000 төгрөгийг төлж дуусгахаар гарын үсэг зуруулсан баримт юм. Тэр үед миний үлдэгдэл 6.500.000 төгрөг байсан. М.******* би 2017 оны 7 дугаар сард Б.*******аас 10.000.000 төгрөгийг өөрийн үсчний газарт бараа материал авах зорилгоор аман гэрээгээр зээлж авсан юм. Харин бидний хооронд ямар ч зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй. Би үлдэгдэл мөнгө болох 7.200.000 төгрөгийг Б.*******ын найз Төгөл дэлгүүрийн худалдагч Д.*******ийн ХААН банкны ******* тоот дансанд шилжүүлж байсан. Учир нь Б.******* нь би төрийн албан хаагч учраас бусдад мөнгө зээлж болохгүй. Тийм учраас манай найзын дансанд шилжүүлж байгаарай гээд энэ ХААН банкны дансыг өгсөн юм. Би түүний дагуу өөрийн ХААН банкны 5094507694 тоот данснаас нийт 23 удаагийн гүйлгээгээр Д.*******ийн ХААН банкны ******* тоот дансанд 7.200.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Миний хувьд Д.*******ийн хувьд ч тэр ямар ч мөнгө төгрөгийн харилцаа өмнө үүсэж байгаагүй. Зөвхөн Б.*******ын хүсэлтээр л хүүгээ энэ эмэгтэйн дансанд шилжүүлж байсан юм. Би шүүх хуралдаан дээр энэхүү байдлаа хэлсэн. Мөн бидний хооронд байгуулсан гэх зээлийн гэрээг хуурамч миний гарын үсэг биш дуурайлган зурсан болохыг шүүхэд өөрийнхөө хэмжээнд тайлбарлан хэлсэн. Мөн Б.*******д өгсөн өөрийн тооцооны хар дэвтрээ ч гаргаж өгсөн байтал шүүх бидний хооронд 2017 онд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж Б.*******ыг шаардах эрхтэй гэж дүгнэсэн атлаа 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан гэх зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн 6.500.000 /зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Хэрэгт хамааралтай уг нотлох баримтыг үнэлээгүй. Би Б.*******аас 2017 оны 07.17-ны өдөр 5.000.000 төгрөгийг, 2017 оны 07 сарын 08-ний өдөр 5 удаагийн гүйлгээгээр 5.000.000 төгрөгийг зээлсэн. Ингэж зээлэхдээ бид ямар ч зээлийн гэрээ байгуулаагүй. М.******* би 2018 оны 09.29-ний өдөр гэхэд зээлээ бараг төлж дууссан ба 820.000 төгрөг л дутуу байсан. Шүүх талуудын хооронд 2017 онд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бол хэргийн хөөн хэлэлцэх хугацааг яаж тооцсон нь тодорхойгүй байна. Иймд надаас үндэслэлгүйгээр 6.500.000 гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүх нь иргэний хэрэгт авагдсан нотлох баримтанд хууль ёсны болоод үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэн ИХШХШТХ-ийн 161 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргаж байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №142/ШШ2022/00847 тоот шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Давж заалдах шүүх хуралдаанд оролцож дэлгэрэнгүй тайлбарлах болно. Өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч М.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.4., 232 дугаар зүйлийн 232.3.-д заасныг баримтлан хариуцагч М.*******гээс 6.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч М.*******д 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нийт 5 удаагийн гүйлгээгээр 5.000. 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөг нийт 6 удаагийн гүйлгээгээр 10.000.000 төгрөгийг зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулагдаж, зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй юм.

2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээнд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй бол 0.1 хувийн алданги төлөхөөр заасан ба дээрх хугацаанд дэлхий нийтээр Ковид гарч нийтэд илэрхий нөхцөл байдал үүссэн тул алданги гэж нэхэмжилсэн 3.250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч М.******* 6.500.000 төгрөг үлдсэн болохыг хүлээн зөвшөөрсөн байх тул зээлийн гэрээний үүрэгт 6.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо: Хариуцагч М.******* нь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан гэх боловч 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулагдаж, талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Хаан банкны 5094507694 тоот данснаас нийт 23 удаагийн гүйлгээгээр Д.*******ийн ХААН банкны ******* тоот дансанд 7.200.000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч Д.******* нь нэхэмжлэгч Б.*******тай ямар холбоотой болох Д.*******ийн авч шилжүүлсэн 7.200.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.******* авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

Хариуцагч М.*******гийн нотлох баримтаар гаргаж өгсөн дэвтрийг анхан шатны шүүхээс ...тухайн үйлчилгээ, бараа материалыг нэхэмжлэгч хүлээн авч үндсэн төлбөрөөс хасах эсэх талаар тооцоо нийлсэн баримтгүй байх тул нотлох баримтаар үнэлж, төлбөрт хасах үндэслэлгүй... гэж дүгнэсэн зөв байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяагийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь дээрх байдлаар няцаагдаж байх ба иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ хариуцагч тал биелүүлээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяагийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 118.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2022/00847 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяагийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 118.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР