Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сампилын Уранчимэг |
Хэргийн индекс | 142/2022/00458/И |
Дугаар | 207/МА2022/00093 |
Огноо | 2022-09-22 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 207/МА2022/00093
2022 оны 09 сарын 22 өдөр | Дугаар 207/МА2022/00093 |
Ц.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох иргэний
хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2022/00790 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулал 9.459.498 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгч Ц.*******гийн гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Ц.******* нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т Соёл урлагийн цогцолборт оёдолчны ажил албан тушаал буюу байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулж ажиллаж байсан. Уг хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-нд дуусах байсан ба уг хугацааг дууссанаас өмнө хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлтээ ажил олгогчийн төлөөлөл даргадаа боловч ямар ч хариу өгөхгүй шийдэхгүй байсаар 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гарсныг би эс зөвшөөрч Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээс хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь буруу гэж үзэж намайг ажилд маань буцаан томилох шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хуульч Эрдэнэсувд Давж заалдах шатны шүүх болон Хяналтын шатны шүүхэд гомдол гарган 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улсын дээд шүүхийн эцэслэн шийдвэрлэсэн тогтоол 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ирсэн. Уг тогтоолыг аваад би Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хүний нөөцийн хэлтэс өргөдлөө гаргаад ажилгүй байсан хугацааны цалингаа заавал шүүх гэхгүйгээр урьдчилсан байдлаар шийдвэрлүүлэх зорилгоор өгсөн. Гэтэл уг өргөдлийг бичиг хэргийн ажилтан нь дарагдуулан хүлээлт үүсгэсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 16-нд дахин очиж өргөдлөө хайж олж авснаас хойш өргөдлийг хүний нөөцийн дарга ******* цохолт хийж цааш явсаар 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр албан ёсоор хариу ирсэн. Уг хариундаа миний өргөдөлд дурдсан ажилгүй байсан хугацааны цалинг та шүүхээр нэхээгүй тул хүлээн авч шийдэхгүй. Улсын дээд шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлгүй гэсэн байсан. Нэгэнт 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан хууль бус байна гэж шүүх тогтоосон тул хууль бус шийдвэрийн үндсэн дээр хохирсон миний эрх ашиг болох ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг заавал шүүх гэхгүйгээр ажил олгогчтой тохиролцоод шийдэх хуулийн боломж байгаа гэж үзсэн юм. Хөдөлмөрийн гэрээнд заагдсан нэг сард авах цалин нь 1.115.015 төгрөг. Иймд одоо Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацааны үндсэн цалин 1.115.015 төгрөгийг 6 сараар бодож 6.690.090 төгрөг, АҮД урамшуулал 300.000 төгрөгийг 6 сараар бодож 1.800.000 төгрөг хөдөлмөрийн нөхцөл 15.200 төгрөгийг 6 сараар бодоход 91.200 төгрөг, нийт 8.581.290 төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие Ц.******* Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас ирүүлсэн цалингийн тодорхойлолтыг үндэслэн сарын цалингийн хэмжээг 1.576.583 төгрөгөөр тооцвол урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 2.709.408 төгрөгөөр нэмэгдүүлж шаардлагаа 11.290.698 төгрөгөөр тодорхойлон тогтоож байна гэжээ.
Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...хариуцагч байгууллагаас гаргасан тооцоололд үндэслэн нэхэмжлэлээ 9.459.498 төгрөг болгож бууруулж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны талаар гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлээр тусгайлан зохицуулсан байдаг. Энэ хуулийн 154.2.1-д Энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гаргах эрхтэй болохыг хуульчлан тогтоосон байна. Харин хуулийн 154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдлоо гаргах эрхтэй гэж богиносгосон хугацаа тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд үүссэн ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжилсэн маргаанд 90 хоногийн хугацааг хэрэглэхээр байна. Нэхэмжлэгч Ц.*******гийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг анх 2020 оны 05 дугаар сард гаргасан бөгөөд эцсийн шүүхийн шийдвэр буюу Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол 2021 оны 06 сарын 02-ны өдөр гарсан байхад ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлээ Орхон аймгийн Сум дундын шүүхэд 2022 оны 03 сарын 01-ний өдөр гаргасан байна. Нэхэмжлэгч нь 2021 оны 06 сарын 02-ны өдрийн Улсын Дээд шүүхийн 001/ХТ2021/00610 тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байтал 2022 оны 03 сарын 01-ний өдөр шүүхэд хандаж, хөдөлмөрийн эрх зүйн маргааны хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснээр хариуцагч буюу ажил олгогчид нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхээс татгалзах эрх үүсэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2022/00790 дугаар шийдвэрээр:
Ц.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал 9.459.498 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүхийн шийдвэрээр Ц.******* миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэж хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч намайг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захиргаа хүний нөөцийн бодлогын газарт 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр цалин хөлс олгох хүсэлт өргөдлөө гаргасан нь гэрч Д.*******, М.******* нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна гэж хэрэгсэхгүй болгосон. 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би найруулагч Д.*******ийн хамт Ерөнхий захиргааны байр ороод өргөдлөө хүний нөөцийн хэлтсийн даргад өгөх гэтэл жижүүр оруулаагүй, ингээд Д.******* уг өргөдлөө өгч оруулсан. Д.******* өргөдлийг *******т өгчихлөө. ******* хүний нөөцийн хэлтсийн тэргүүлэх ажилтан тул уг өргөдлөө Ганчимэгт өгөх байтал Ганчимэгт өгөөгүй, би *******ийн хэлснээр өргөдөл хүний нөөцийн хэлтэст өгсөн гээд хариу ирэхийг хүлээж байтал хариу өгөхгүй таг байсан тул өргөдлийнхөө хойноос очиж уулзтал М.******* өргөдлийг минь өгөөгүй бичиг баримтаасаа гаргаж өгсөн. Үүнийг Ганчимэг хүлээж авч цааш нь ёс журмын дагуу шилжүүлсэн. Гэтэл энэ үнэн бодит байдлыг хууль сануулан гэрчээр мэдүүлэг өгөхдөө илтэд худал нэг нь миний өргөдлийг ширээн дээр орхиод гарсан, нөгөөх нь огт харалгүй аваад бичиг баримтандаа хийсэн мэтээр ярьсан нь илт худал байсан. Иймд эдгээр гэрчийн мэдүүлгийг үнэн зөв байдлаас нь дүгнэж үзэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ :
Анхан шатны шүүх хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх тухай хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс урамшуулал 9.459.498 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.
Нэхэмжлэгч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт үндэслэн тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч Ц.******* нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн соёл урлагийн цогцолборт оёдолчноор ажиллаж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал гарсан байх ба тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар ажлаас үндэслэлгүй халагдсан үндэслэлээр ажилд нь эгүүлэн тогтоосон хяналтын шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдэж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгч Ц.******* нь ажилгүй байсан үеийн цалин урамшуулалд 9.459.498 төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан байхад шүүх 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2.-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандах эрхтэй, цалин хөлс гаргуулах хүсэлтээ 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Захиргаа хүний нөөцийн бодлогын газарт гаргасан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Гэрч н.*******ийн ...оныг нь сайн мэдэхгүй байна. 9 дүгээр сард би Ц.*******гийн өргөдлийг аваад хүний нөөцийн ажилтан Л.Ганчимэгийн өрөөнд ороход байхгүй байсан. Ширээн дээр нь орхиод Н.*******т захиж үлдээгээд явсан. Дахиж эргэж ороогүй мартаад явчихсан байсан гэх мэдүүлэг, гэрч Н.*******ын ...******* найруулагч 2021 оны 09 дүгээр сард манай өрөөнд орж ирээд цайны ширээн дээр бичиг үлдээгээд гарсан, ямар бичиг байсныг мэдэхгүй, тэр бичгийг аваад өөрийн ширээн дээр байдаг тавиур луу хийгээд мартчихсан байсан. 2021 оны 12 дугаар сард Ц.******* ирээд өргөдлөө асуусан. Миний өргөдлийг н.******* үлдээсэн гэхээр нь би бичгийг нь гаргаж өгөөд Л.Ганчимэг бүртгэж авсан гэх мэдүүлэг, Л.Ганчимэгийн ...2021 оны 12 дугаар сарын эхээр н.******* орж ирээд хүний өргөдлийг хайж олоод надад өгснийг тэр өдрөө системд бүртгэж хүлээж авсан гэх мэдүүлэг, гэрч Н.Гантөгсийн ...би 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ц.*******гийн өргөдлийг хүлээн аваад санхүү болон хуулийн хэлтэст явуулсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч Ц.******* нь хяналтын шатны шүүхийн тогтоолыг гардаж аваад цалин урамшууллаа авахаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хандсан болох нь тогтоогдсон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх боломжгүй юм. Нөгөө талаар хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь нэхэмжлэгч Ц.*******г ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш одоог хүртэл хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр гаргаагүй, ажилгүй байсан хугацааны цалинг олгоогүй хохироосон байх тул нэхэмжлэгчийн анх нэхэмжилсэн хэмжээгээр цалинг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүх хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 9.459.498 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2022/00790 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Ц.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал 9.459.498 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалин урамшуулал 9.459.498 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай... гэж,
Шийдвэрийн 2 дахь заалтанд ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай... гэсний дараа ...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 162.150 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай... гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Ц.******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ
С.УРАНЧИМЭГ