Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 391

 

Г.Мын гомдолтой, Нийслэлийн мэргэжлийн

 хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн

 барилгын хяналтын улсын байцаагчид холбогдох

 зөрчлийн хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                    Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

            Шүүгчид:                       М.Батсуурь,  

                                                  Х.Батсүрэн,

                                                  Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:              Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын хяналтын улсын байцаагч Л.Жы 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0066806 дугаартай шийтгэлийн хуудас, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 07-А190828001/1617 дугаартай эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар  сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0207 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 365 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Б нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар  сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0207 дугаар шийдвэрээр: Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, 10.9.8 дахь заалтад заасныг тус тус баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын хяналтын улсын байцаагч Л.Жы 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0066806 дугаартай шийтгэлийн хуудас, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 07-А190828001/1617 дугаартай эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий Г.Мын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 365 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 207 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Г.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийж гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Г.М өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал хотхоны 115 дугаар байрны 2 давхарын 05 тоотын террасын хэсгийг битүү болгосон бөгөөд ингэснээрээ орон сууцны байшингийн үндсэн хийц, анхны зураг төслийг өөрчлөөгүй. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн байдлаар хана нураасан, барилгын үндсэн хийцэд нөлөөлсөн зүйлгүй тул Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-г зөрчөөгүй болно. Мөн Сууц өмчлөгчдийн тухай холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7-д заасан үндсэн бүтээц, хийцийг өөрчлөөгүй.

4. Дээрх хуулийн заалтын дагуу эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй тохиолдолд зөрчил болохоор байна. Гэтэл Г.М уг барилгыг гүйцэтгэсэн “Эко констракшн" ХХК-тай ярилцан, террасыг бөглөж болно гэсний дагуу хийсэн. Гуравдагч этгээд Б.Э нар тухайн ажлыг эхлэх үед ямар ч эсэргүүцэл илэрхийлэхгүй байсан.

5. Түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагдах ёстой. Гэтэл улсын байцаагч хуулиар тогтоосон журмыг зөрчиж зөрчлийн тэмдэглэл үйлдэлгүйгээр шийтгэлийн хуудсыг гаргасан тул энэ нь хууль бус болох үндэслэлтэй байхад шүүхүүд үүнийг анхаараагүй тул Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Сууц өмчлөгчдийн тухай холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7 хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Иргэн Д.Даас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт “...Маршал таун хотхоны 115 дугаар байрны 1 дүгээр орцны 2 давхрын 5 тоот айл нь хууль зөрчин өргөтгөл барьж, ...манай эзэмшлийн орон сууцны гадна фасадыг гэмтээж, харагдах орчныг хязгаарлаж, манай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг унагаад байна. ...арга хэмжээ авч өгнө үү” гэсэн гомдол гаргасан байна. Уг гомдлын дагуу, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын хяналтын улсын байцаагчаас зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, маргаан бүхий 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0066806 дугаар шийтгэлийн хуудсаар, “...Г.М нь трассын хэсэгт давхарлаж нэмэлт ачаалал өгсөн. Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг зөрчсөн” гэсэн үндэслэлээр, Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1-д заасныг үндэслэн 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 07-А190828001/1617 тоот “Эрх бүхий албан тушаалтны даалгавар”-аар Г.Мд нэгдүгээр давхрын дээрх трассын хэсэгт хийж байгаа нэмэлт давхрын өргөтгөлийн барилгыг буулгаж, анхны зураг төслийн дагуу хэвийн байдалд оруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

9. Гомдол гаргагчийн “...орон сууцны байшингийн үндсэн хийц, анхны зураг төслийг өөрчлөөгүй. ...ямар нэгэн байдлаар хана нураасан, барилгын үндсэн хийцэд нөлөөлсөн зүйлгүй тул Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-г зөрчөөгүй болно. ...Дээрх хуулийн заалтын дагуу эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй тохиолдолд зөрчил болохоор байна. Гэтэл Г.М уг барилгыг гүйцэтгэсэн “Эко констракшн" ХХК-тай ярилцан, террасыг бөглөж болно гэсний дагуу хийсэн...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.

10. Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно”, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Сууц өмчлөгч нь дараахь үүрэгтэй: ...13.2.7. сууц өмчлөгч нь сууцныхаа зориулалт, төлөвлөлт, үндсэн бүтээц, хийц, инженерийн шугам сүлжээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөхгүй байх” гэж, Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1-д “Орон сууцны төлөвлөлт, барилгын үндсэн бүтэц, хийц, инженерийн шугам сүлжээг зөвшөөрөлгүйгээр анхны зураг төслөөс өөрчилсөн бол зөрчлийг арилгуулж, анхны зураг төсөлд нийцүүлж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ...торгоно” гэж тус тус хуульчилсан.

11. Хэрэгт нотлох баримтаар авагдсан, зөрчлийг шалгасан баримт материал,  Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаас үзэхэд гомдол гаргагч Г.М нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал хотхоны 115 дугаар байрны 5 тоотын 4 өрөө орон сууцны өмчлөгч, тэрээр өөрийн өмчлөлийн энэхүү орон сууцныхаа анхны төлөвлөлт, зориулалтыг өөрчлөн, зочны өрөөний гадна талын ханыг буулгаж томсгон, гаднах задгай талбайн зориулалттай трассын хэсгийг төмөр каркасаар рам босгож, гадна ханыг блокоор дүүргэн хучилт хийж, сэндвичээр дээвэр хийж, хучилттайгаар битүүлж өргөтгөл хийсэн нь тогтоогдсон, тодруулбал Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх” гэдгийг барилга, байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэн үндсэн бүтээц болон инженерийн шугам сүлжээг өөрчлөх, өргөтгөл, шинэчлэлт хийх үйл ажиллагааг ойлгохоор заасан бөгөөд гомдол гаргагч Г.М нь зохих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, өөрийн өмчлөлийн 4 өрөө орон сууцны хэмжээг нэмэгдүүлэн үндсэн бүтээц болон инженерийн шугам сүлжээ буюу анхны төлөвлөлт, зориулалтыг өөрчлөн, өргөтгөл хийж, дээрх хуулиудын холбогдох зүйл, заалтыг зөрчсөн нь тогтоогджээ.

12. Анхан болон давж заалдах шатны шүүхээс, тухайн маргаанд хэрэглэгдэх дээрх хуулиудын холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн маргаан бүхий шийтгэлийн хуудсаар, гомдол гаргагч Г.Мыг “...трассын хэсэгт давхарлаж, барилгын үндсэн бүтээц, хийцийг зөвшөөрөлгүйгээр анхны зураг төслөөс өөрчлөн, өргөтгөл хийж нэмэлт ачаалал өгсөн” зөрчил гаргасан гэж үзэж, түүний гаргасан зөрчилд торгох шийтгэл оногдуулж, зөрчлийг арилгуулахаар албан даалгавар хүргүүлсэн нь Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцсэн гэж дүгнэн, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв байна.

13. Түүнчлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 1-д “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэмдэглэлд зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүн болон дараахь нийтлэг зүйлийг тусгана” гэж зааснаар улсын байцаагч нь зөрчлийн тэмдэглэл үйлдээгүй нь буруу боловч энэ үндэслэлээр гомдол гаргагчийн гаргасан зөрчлийг зөвтгөх, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...улсын байцаагч хуулиар тогтоосон журмыг зөрчиж зөрчлийн тэмдэглэл үйлдэлгүйгээр шийтгэлийн хуудсыг гаргасан нь хууль бус” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

14. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0207 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 365 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан гомдол гаргагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                                       ШҮҮГЧ                                                                 Б.МӨНХТУЯА