Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 68

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5 дугаар” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Т, Л.Ж.

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хороо.

Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит 17 дугаар тойрог буюу 1903, 1904 дүгээр санал хураалтыг зохион байгуулсан Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хорооны үйл ажиллагааг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.А нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Т, Л.Ж нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 21 дүгээр зүйлд Ард түмний хүсэл зориг бол засгийн эрх мэдлийн үндэс байх ёстой. Энэ хүсэл зориг нь сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хураах буюу саналаа чөлөөтэй гаргах явдлыг хангахуйц өөр адил чанартай хэлбэрийг ашиглах замаар явуулж байвал зохих тогтмол, хуурамч бус сонгуулиар илрэлээ олно. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 25 дугаар зүйлд Иргэн бүр аливаа алагчлалгүйгээр болон үндэслэлгүй хязгаарлалтгүйгээр дараахь эрх, боломжийг эдэлнэ: Үүнд… сонгуулийн… саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох гэж тус тус заасан. Үндсэн хууль, олон улсын гэрээ, Сонгуулийн тухай хуульд заасан иргэний сонгох эрх нь Сонгуулийн тухай хуулийн 4.1, 4.5-д заасан зарчмын үндсэн дээр хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл ийм боломжоор хангагдсан орчинд сонгогч санал өгснөөр сонгох эрх нь хангагдах билээ.

Өөрөөр хэлбэл сонгуулийн эрх бүхий иргэнээс саналаа чөлөөтэй гаргах явдал боломж хангагдсан, сонгогчийн жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан орчинд буюу хууль олон улсын гэрээний дагуу санал хураалтыг зохион байгуулснаар сонгогчийн эрх хангагдана. Сонгогчийн санал нууц байх гэдэг нь тухайн иргэний сонголт буюу гаргасан санал нь хөндлөнгийн этгээд /санал авах байранд ажиллаж байгаа улс төрийн намын ажиглагч хэвлэл мэдээллийн ажилтан, сонгуулийн хороодын ажилтан, зөвшөөрөлтэй бусад этгээд, зэрэгцээ санал өгч байгаа өөр сонгогч/-д мэдэгдэхгүй байх, ийм боломжоор хангагдсан орчинд санал гаргахыг ойлгоно. Нөгөө талаас буюу сонгууль зохион байгуулагч нийтийн эрх зүйн этгээд нь сонгогч иргэнээс өөрийн сонголтоо саналын хураалтын хайрцагт хийх хүртэл нь санал нь нууцлагдсан байх орчинд сонгуулийн санал өгөх боломжийг хангах нь тухайн сонгуулийг шууд удирдан зохион байгуулж байгаагийн нь хувьд хууль, олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг болно.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хороо дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг Сонгуулийн тухай хуулийн 33.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зохион байгуулахдаа сонгогчоос саналаа нууцлах боломжийг олгохгүйгээр зохион байгуулсан нь Сонгуулийн тухай хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцэхгүй хууль бус үйл ажиллагаа боллоо. Сонгуулийн санал хураалтын үеэр сонгуулийн байгууллагаас олгосон саналын хуудас нь технологийн хувьд нугалж болохгүй саналын хуудас байсан бөгөөд саналын хуудсаа саналын хайрцагт хийхээр явах зай, хугацаанд санал нь алдагдах, саналыг нь хөндлөнгийн этгээд мэдэх, бүртгэх, хянах боломжтой балаа.

Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хороо дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалтыг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулахдаа Сонгуулийн тухай хууль, олон улсын гэрээнд заасан үндсэн зарчмын дагуу сонгогчийн саналыг нууцлах зохион байгуулаагүй үйл ажиллагааг иргэний сонгох эрхэд нийцээгүй, зөрчсөн гэж үзнэ.

Иймээс Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 17 дугаар тойрогт хамаарах сонгогчийн хувьд сонгох эрх зөрчигдсөн гэж үзэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.

  Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өөрчлөхдөө: “Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 17 дугаар тойрог буюу 1903, 1904 дүгээр хэсэгт санал хураалтыг зохион байгуулсан Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хорооны үйл ажиллагаа нь хууль бус бөгөөд саналаа нууцаар гаргах эрх зөрчсөнийг тогтоож, хүчингүй болгуулах” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Б.Т, Л.Ж нар тус дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан 17 дугаар тойргийн 1903, 1904 дүгээр хэсэгт дүүргийн Сонгуулийн хороо зохион байгуулалтын арга хэмжээ аваагүйгээс иргэдийн саналын нууцлалыг алдагдуулсан тул тухайн санал авах байрны санал хураалтын дүнг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Тус дүүргийн 17 дугаар тойргийн 1903 дугаар хэсгийн санал авах байр нь Ирээдүй цогцолбор 83 дугаар сургуулийн спорт зааланд, 1904 дүгээр хэсгийн санал авах байр нь Ирээдүй цогцолбор сургуулийн урлаг зааланд байрлаж ажилласан бөгөөд дүүргийн сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.5 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн төв байгууллагаас баталсан заавар журмын дагуу санал авах байрыг бэлтгэн сонгогчийн саналын нууцлалыг ханган ажилласан болно. Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 14 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Санал авах байрыг бэлтгэх заавар-ын дагуу сонгогч саналаа нууцаар өгөхөд шаардагдах хүрэлцэхүйц тооны бүхээгээр ханган, сонгогчийн саналын нууцлалыг хангаж санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулсан.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан уг асуудал нь Сонгуулийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2.6 дахь заалт /Сонгогч саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулахыг хориглоно/-ыг сонгогч өөрөө зөрчсөн байх тул Сонгихохайрхан дүүргийн Сонгуулийн хорооноос уг нэхэмжлэлийн утгыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна.

Сонгогч өөрөө саналын нууцлалаа хангахгүй байгаа үйлдлийг зөрчил гэж үзэж байгаа нэхэмжлэгчид Сонгуулийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1, 116.2, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн орон нутаг дахь цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргаж цагдаагийн байгууллагаар шалгуулж эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянуулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хамаарахгүй байх тул иргэн Б.Т, Л.Ж нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ. 

                                                            ҮНДЭСЛЭХ НЬ;

             Нэхэмжлэгч Б.Т, Л.Ж нар Сонгино-Хайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 17 дугаар тойрог буюу 1903, 1904 дүгээр хэсэгт санал хураалтыг зохион байгуулсан үйл ажиллагаа сонгогчийн саналаа нууцаар гаргах эрхийг зөрчсөн хууль бус болохыг тогтоож  хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Тэд Сонгино-Хайрхан дүүргийн сонгуулийн хороо 1903, 1904 дүгээр хэсэгт санал хураалтыг Үндсэн хууль, Олон улсын гэрээ, Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5-д заасан зарчмуудыг хэрэгжүүлж, ийм боломжоор хангагдсан орчинд явуулаагүй сонгогчийн саналаа нууцаар гаргах эрхийг зөрчсөн  гэж маргажээ.

            Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс дагаж мөрдсөн “Сонгуулийн тухай хууль”-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь.....дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль, үндсэн зарчим, журмыг тодорхойлж, эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэснээс үзэхэд 2016 оны Сонгино-Хайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн үйл ажиллагаа энэ хуулиар тодорхойлсон зарчим, холбогдох хууль Сонгуулийн төв байгууллагаас батлан гаргасан заавар, журмуудын хүрээнд зохион байгуулагдахаар байна.

            Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Сонгуулийн үндсэн зарчим нь сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчмын үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох эрхийг хангахад үндэслэнэ.”, энэ хуулийн 4.5-д “Сонгогч хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа нууцаар гаргах боломжоор хангагдсан байна.” гэж тус тус зохицуулжээ.

            Нэхэмжлэгч Б.Т, Л.Ж нарын 2016 оны орон нутгийн ээлжит сонгуулийн Сонгино-Хайрхан дүүргийн 17 дугаар тойрогт өөрсдийн харьяалагдах  хэсэгт саналаа өгөх үед санал өгөх бүхээгнээс саналын автоматжуулсан төхөөрөмж хүртэлх зайд саналын нууцлал алдагдаж сонгогчийн саналаа нууцаар өгөх үндсэн эрх зөрчигдсөн гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

            Учир нь нэхэмжлэгч иргэдийг сонгуулийн санал өгөх үед тэрчлэн энэ хэсгийн сонгуулийн үйл ажиллагааны үед сонгогчийн хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлэх, саналаа нууцаар гаргах эрх зөрчигдсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байна.

            Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Сонгуулийн тухайн хэсэгт явагдсан санал хураалтын үйл ажиллагаатай холбогдох дүрс бичлэг бүхий CD нь хуульд заасан журмыг зөрчиж олж авсан үнэлэх боломжгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргаж өгөхийг хориглоно.” гэснийг зөрчсөн байх тул энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.” гэснийг үндэслэн үнэлэх боломжгүй гэж дүгнэв.

            Түүнчлэн хариуцагч Сонгино-Хайрхан дүүргийн сонгуулийн хороо сонгогчдийн түүний дотор нэхэмжлэгч иргэдийн саналаа чөлөөтэй, шууд сонгох зарчмын үндсэн дээр саналаа нууцаар гаргах, саналын нууцлалыг хамгаалах үйл ажиллагааг өөрт олгогдсон эрх хэмжээ, тухайн үеийн хууль, эрх зүйн орчны хүрээнд  зохион байгуулжээ.

            Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Санал авах байрыг бэлтгэх заавар, саналын хайрцаг, санал өгөх бүхээгийн хэмжээ, загварыг батлах тухай”, мөн өдрийн 17 дугаар тогтоолоор батлагдсан “Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам батлах тухай” заавар, журмуудыг үндэслэн явуулсан дүүргийн ээлжит сонгуулийн үйл ажиллагааг хууль бус гэх хууль зүйн үндэслэлгүй байна.

            Харин Сонгуулийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т “Сонгогчоос саналаа өгөхөд дараах зүйлийг хориглоно:”, 92.2.6-д “саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах:” гэснээс үзэхэд сонгогч саналын хуудаст хийсэн тэмдэглэгээгээ бусдад харуулахгүй байх үүрэгтэй байна.

            Тодруулбал нэхэмжлэгч Б.Т, Л.Ж нарын саналын хуудаст хийсэн тэмдэглэгээ санал өгөх бүхээгнээс саналын автоматжуулсан төхөөрөмж хүртлэх зайд саналын нууцлал алдагдаж тэдний саналаа нууцаар өгөх эрх захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас зөрчигдсөн гэх үндэслэлгүй байна.

            Төрөөс орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулиар баталгаажуулсан иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангаж, сонгогчийн саналаа нууцаар гаргах боломж, нөхцөлийг бүрдүүлсэн орчинд сонгуулийн үйл ажиллагааг явуулах, түүнчлэн дээрх үйл ажиллагааг явуулахдаа “Монгол Улсын олон улсын гэрээ Хүний эрхийн түгээмэл тунхаглал”, “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт” эдгээрээс нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн үндэслэл болгосон онцлог заалтуудыг зөрчөөгүй байх үүрэгтэй.

            Энэ удаагийн орон нутгийн ээлжит сонгуулийн Сонгино-Хайрхан дүүргийн үйл ажиллагаа түүний дотор 17 дугаар сонгуулийн тойрог 1903,1904 дүгээр хэсэгт дээрх хууль, Олон улсын гэрээг зөрчсөн үйл баримтууд тогтоогдоогүй байна.

            Ийнхүү Сонгино-Хайрхан дүүргийн сонгуулийн 17 дугаар тойргийн үйл ажиллагаа Сонгуулийн тухай хууль түүний холбогдох заалтуудыг үндэслэн гарсан заавар, журмын хүрээнд явагдаж нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, сонгуулийн үйл ажиллагааг хууль бусад тооцож хүчингүй болгосноор тэдний эрх яаж сэргэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5, 86 дугаар зүйлийн 86.5, 87 дугаар зүйлийн 87.5, 87.10, 92 дугаар зүйлийн 9 2.2.6-д заасныг тус тус баримтлан Сонгино-Хайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 17 дугаар тойрог буюу 1903, 1904 дүгээр хэсэгт санал хураалтыг зохион байгуулсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох нэхэмжлэгч Б.Т, Л.Ж нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР