Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 775

 

 

                                         

 

 

 

 

 

 

Р.Бадамцэцэг, Д.Цогбадрах нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Ганцэцэг,

яллагдагч Д.Цогбадрахын өмгөөлөгч Л.Базаррагчаа,

            нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,           

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулын гаргасан 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 345 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Ганцэцэгийн бичсэн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар эсэргүүцлээр эрүүгийн 201526010504 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Энгээнхэн овогт Рэгдэлийн Бадамцэцэг, 1963 оны 3 дугаар сарын 12-нд Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, төрийн удирдлагын арга зүйч мэргэжилтэй, Ховд аймгийн Алтай сумын Засаг дарга ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Ховд аймгийн Алтай сумын Бодонч баг, Хөх өндрийн 2-39 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ПА63031204/,

Бавгар овогт Дамбын Цогбадрах, 1970 оны 4 дүгээр сарын 10-нд Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Байгаль хамгаалах экологич мэргэжилтэй, Ховд аймгийн Цэцэг сумын Засаг дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Ховд аймгийн Цэцэг сумын 4 дүгээр баг, Цэцэг нуур гудамжны 4 тоотод оршин суух,

Ховд аймгийн шүүхийн 1989 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн А/09 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар, 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял тус тус шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосон,

Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 130 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох ял,

Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 56 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ПМ70041011/,

Р.Бадамцэцэг нь Ховд аймгийн Алтай сумын Засаг даргаар ажиллаж байх үедээ албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэрт орших Мянган Угалзат нуурын төрийн тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын Цагаан Эрэг гэх газарт хууль бусаар, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг хуулиар хориглосон гэдгийг мэдсээр байж иргэдийг зохион байгуулан оролцуулж, иргэдээс төлбөр хураамж авч, хууль бусаар ашигт малтмал буюу /вольфрам/ олборлох үйл ажиллагаанд татан оролцуулсны улмаас 3362 м.кв буюу 0.34 га газар эвдэгдэж, байгаль экологид 28.989.678 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Д.Цогбадрах нь Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргаар ажиллаж байх үедээ албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэрт орших Мянган Угалзат нуурын төрийн тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын Цагаан Эрэг гэх газарт хууль бусаар, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг хуулиар хориглосон гэдгийг мэдсээр байж иргэдийг зохион байгуулан оролцуулж, иргэдээс төлбөр хураамж авч, хууль бусаар ашигт малтмал буюу
/вольфрам/ олборлох үйл ажиллагаанд татан оролцуулсны улмаас 3363 м.кв буюу 0.34 га газар эвдэгдэж, байгаль экологид 28.989.678 төгрөгийн буюу их хэмжээний хохирол
учруулсан,

-2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр дээрх эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ Алтай зочид буудлын 401 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Оргилсайханыг тодорхой шалтгаангүйгээр зэвсгийн чанартай зүйл хэрэглэн архины шилээр нүүрэн тус газарт нь цохиж, бие махбодид нь духны хөндийн өмнөд хэсгээс зүүн хацар яс хүрсэн шугаман хугарал, зүүн нүдний ухархайн дотор хана ба хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний доод зовхи, зүүн өгзөгний сорви, зүүн нүдний алимны суулт, харааны бууралт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Р.Бадамцэцэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар, Д.Цогбадрахын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Р.Бадамцэцэг, Д.Цогбадрах нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах ажиллагааг хийх шаардлагатай гэж үзжээ. Үүнд:

Нэг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г зөв тогтоогоогүй байна. Учир нь:

  1. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн “Тод Хангал ” ХХК-ийн 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн үнэлгээний тайланд /1-р хх-ийн 63-138/ “...Хууль бусаар вольфром олборлон байгаль орчинд учруулсан хохирлын экологи эдийн засгийн нийт хохирлын хэмжээг 1.014.876.323 төгрөг гэх 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт,
  2. Дээрх шинжээчдийн дүгнэлтэд нэмэлт шинжилгээ хийсэн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн үнэлгээний тайланд /5-р хх-ийн 73-95/ “2014 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хооронд уг газарт 0,451473 га талбайг хамран иргэд зөвшөөрөлгүйгээр вольфром олборолтын үйл ажиллагаа явуулсан ба зөвхөн уг хугацаанд байгаль орчинд 62.887.434 төгрөгийн хохирол учруулсан байна...” гэх 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт,
  3. Шинжилгээ хийх мөрдөн байцаагчийн 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолоор дахин “Нуман Алтай” ХХК-ийн шинжээчдийг томилсон байх ба уг компанийн шинжээчдийн дүгнэлтэд /5-р хх-ийн 117-135/ “...шинжилгээгээр өмнө “Тод хангал” ХХК-ийн 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хийгдсэн дүгнэлт болон 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хийгдсэн нэмэлт шинжилгээний дүгнэлт нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн үнэлгээгээр 2014 оны 6 дугаар сарын 11-нээс 25-ны өдрийн хооронд эвдэгдсэн 0,36 га /3614м2/ талбайд учирсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 32.590.078 төгрөг болж байна...” гэх 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт,

4. “Нуман Алтай” ХХК-ийн шинжээчдийн дүгнэлтэд 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт шинжилгээ хийх мөрдөн байцаагчийн тогтоолын дагуу тус компанийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 16/18 дугаартай дүгнэлтэд “...2014 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн болон 6 дугаар сарын 11-ний өдрийн сансрын зурагт харьцуулалт хийж 11-нээс 13-ны өдрийг хүртэлх хугацааны эвдрэлийг тодорхойлсноор 6 дугаар сарын 13-наас 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг 28.989.678 төгрөг гэж тогтоов...” дүгнэлт гаргасан шинжээч А.Цэнд-Аюуш /6-р хх-ийн 226-241/.

Дээрх шинжээчдийн дүгнэлтүүд нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл:

-анхны шинжээчийн дүгнэлтийг дахин томилогдсон шинжээчид үндэслэлтэй байна гэсэн байх боловч дүгнэлтүүдийг харьцуулан үзвэл хохирлын үнийн дүнг 4 удаа зөрүүтэй гаргасан. Иймд шинжээчийн дүгнэлт өөрөө эргэлзээ бүхий, түүнчлэн дээрх гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд учирсан хохирлын хэмжээг тооцож гаргасан үндэслэл, тооцоолол тодорхой бус,

-хохирлын үнийн дүнг тооцож бодсон гэх талбайн хэмжээ шинжээчийн дүгнэлт тус бүрт зөрүүтэй,

-5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг дахин 3 хүний бүрэлдэхүүнтэй, 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг 1 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн нэмэлт дүгнэлтээр нягталж гаргасан, уг дүнгээр хохирлын хэмжээг тодорхойлж яллах дүгнэлт үйлдэгдсэн, энэ нь 5, 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтийг 1 шинжээчийн дүгнэлт баталсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, эргэлзээгүй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Дээрх гаргасан дүгнэлтүүд нь шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн.

Иймд Байгаль орчин экологийн чиглэлээр мэргэшсэн шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр дахин дүгнэлтийг гаргуулах, ингэхдээ тодорхой үндэслэл шалгуур аргачлал, нотлох баримтын эх сурвалжийг нарийвчлан тогтоож заах зэргээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоох.

Хоёр. Тус хэрэгт байгаль орчинд учирсан нөхөн сэргээлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрхэн хийх, хийсэн эсэх асуудлыг мөн тухайн чиглэлийн мэргэшсэн байгууллага албан тушаалтнаар нэг мөр тогтоохгүйгээр уг асуудлыг таамаглан шийдвэрлэх боломжгүй болсон байна.

Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэрт орших Мянган Угалзат нуурын төрийн тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын Цагаан Эрэг гэх нэртэй газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг “Ашид Алтай Майнинг” ХХК-аар гүйцэтгүүлж байгаа тухай тус компанийн ажлын тайлан /5-р хх-ийн 42-67/ авагдсан байх бөгөөд тус компани нь нөхөн сэргээлтэд нийт 313.870.000 төгрөг зарцуулахаар төлөвлөсөн гүйцэтгэл нь 43 хувьтай гэсэн байна. Үүнээс Цагаан эрэг гэх газрын 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд эвдэгдсэн гэх, ямар хэмжээний талбайд биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг хууль тогтоомж, зохих стандартын дагуу хийж гүйцэтгэсэн эсэх, үүний тоо, тооцоо, дүнг тодорхой болгох, нөхөн сэргээлт хийгдсэн гэх газарт хэдэн төгрөгийн зардал гарсан эсэх, биологийн болон техникийн нөхөн сэргээлтийн зардлыг хэн шаардах, нэхэмжлэх эрхтэй эсэх нь тодорхой бус байгаа зэргийг тодорхой болгох шаардлагатай.

Гурав. Нийслэлийн Прокурорын газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 87 дугаартай яллах дүгнэлтэд яллагдагч Р.Бадамцэцэг, Д.Цогбадрах нарыг засаг даргаар ажиллаж байх үедээ албан үүргийн хувьд, өөрөөр хэлбэл албан тушаалтны хувьд өөрт хамаарах ямар хуульд заасан эрх мэдлээ хэтрүүлсэн гэж яллаж буй үндэслэл тодорхой бус, яллах дүгнэлтэд тэдний зөрчсөн гэх хуулийн талаар огт дурдаагүй, тодорхойлоогүй нь хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасны дагуу яллах дүгнэлтэд нарийвчлан бичих шаардлагатай. Р.Бадамцэцэг, Д.Цогбадрах нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт хүргүүлэх хүртэл хугацаанд яллагдагч Р.Бадамцэцэг Д.Цогбадрах нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт яллагдагч Р.Бадамцэцэгийн эзэмшлийн 56.471.0 төгрөгөөр үнэлэгдсэн Ховд аймгийн Алтай сум, Огторгуйн 2 дугаар гудамж, 39 тоот хашаа, 108 м.кв талбайтай хувийн сууц /000212007 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй/, яллагдагч Д.Цогбадрахын өмчлөлийн 77.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн Ховд аймгийн Цэцэг сум, Цэцэг нуур багийн Сумын төвийн хуучин Зочид буудлын орон сууц үйлчилгээний зориулалттай, 220 м.кв талбай бүхий 8 өрөө барилга /000147400 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй/, 3.236.100 төгрөгөөр үнэлэгдсэн Ховд аймгийн Цэцэг сум, Цэцэг нуур багийн нутаг дэвсгэрт орших Мянган угалзатын 1 дүгээр гудамж 78 тоот хашаа байшин, 0.07 м.кв газар, 25.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн Тоёота Ланд крузер 100 маркийн 45-61 УНВ улсын дугаартай, цагаан өнгийн автомашин, нийт 105.236.100 төгрөгөөр үнэлэгдсэн эд хөрөнгө мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжлэгдсэн байгааг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг дэвтэр, 1 ширхэг диктафон, 1 ширхэг СД зэргийг хэргийн хамт хүргүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Ганцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэг. Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн Цагаан эрэг гэх тусгай хамгаалалттай газарт хууль бусаар вольфром олборлосон газрын эвдрэлд өртсөн талбайн экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээг байгаль орчин экологийн чиглэлээр мэргэшсэн шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр, тодорхой шалгуур аргачлал, нотлох баримтыг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон гэж үзэж байна. Үүнд: 1. 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн “Тод хангал” ХХК-ийн анхны дүгнэлтээр Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн “Цагаан эрэг” гэх нэртэй тусгай хамгаалалтай газар нутагт хамаарах ашигт малтмалын олборлолт болон хайгуулын үйл ажиллагаа явагдсан гэх талбай нь ямар ч ашиглалтын болон хайгуулын зөвшөөрөлгүй газар болох, уг тусгай хамгаалалттай газар нутагт иргэд хууль бусаар вольфром олборлосон бөгөөд тус газарт нийт олборлолтод өртсөн талбай нь 11.752561 га газар, хууль бусаар вольфром олборлон байгаль орчинд учруулсан хохирлын экологи эдийн засгийн нийт хохирлын хэмжээ нь 1.014.876.323 төгрөг, хууль бусаар вольфром олборлолтод өртсөн нийт талбайд хийгдэх нөхөн сэргээлтийн ажлын зардлыг тооцож үзээд биологийн нөхөн сэргээлт 31.625.545 төгрөг, техникийн нөхөн сэргээлт 48.532.55 төгрөг, нийт 80.158,095 төгрөг болохыг тогтоосон байна. Ховд аймгийн Цэцэг сумын нутагт хууль бусаар вольфром олборлосон талбайд хэмжилт судалгааг Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний “Тод хангал” ХХК явуулсан бөгөөд дүгнэлтийг байгаль орчны хохирлын үнэлгээний ахлах мэргэжилтэн. хөрс судлаач А.Салтанат, байгаль орчны үнэлгээ, уул уурхайн хохирол, нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн О.Энхжин, байгаль орчны үнэлгээ, уул уурхайн технологи, газрын хэвлийн хохирол хариуцсан мэргэжилтэн Т.Бямбадаш, байгаль орчны хохирлын үнэлгээ, зайнаас тандан судлал, ГМС-ын мэргэжилтэн М.Номин нарын байгаль орчин экологийн чиглэлээр мэргэшсэн шинжээчдийн багийн оролцоотойгоор гаргасан. Шинжээчид нь дүгнэлт гаргахдаа 2014 оны 10 дугаар сарын 14-нөөс 10 дугаар сарын 24-ний хооронд тусгай хамгаалалттай газрын талбай буюу хэргийн газарт очиж, судалгаа суурин боловсруулалтын ажлыг хийж гүйцэтгэн эвдэрсэн талбайн хэмжээ, координат зэргийг буулгаж, талбайнуудын хэмжээ, координат зэргийг тогтоож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаартай тушаалаар батлагдсан аргачлал, 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-333 дугаар тогтоол, 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4, 5 дугаар заалтууд болон Засгийн газрын 1997 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар тогтоол, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 43 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 62 дугаар зүйлд заасныг баримтлан дүгнэлтийг гаргасан байна /Дүгнэлт гаргасан үндэслэл бүхий баримтууд, эх сурвалжууд 1-р хх-ийн 63-138/. Анхны дүгнэлтээр 2014 оны 10 дугаар сарын 17-ны байдлаар 11.752561 га талбай эвдэгдсэн байсныг тогтоосон бөгөөд мөрдөн байцаагчийн нэмэлт шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу тухайн эвдэгдсэн талбай дээр 2000 оноос хойш сансарын хиймэл дагуулаас авагдсан зураг байгаа эсэхийг Америкийн нэгдсэн улсын зайнаас тандан судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг SPOT, Quickbird хиймэл дагуулаас авсан зургийг ашигласан ба энэ 2 хиймэл дагуулын цахим хаяг болох www.data.mapmart.com/htmlpages/map.html гэсэн хаяг руу орж архиваас нь тухайн эвдэгдсэн газрын кординатыг оруулж, тодорхой хэмжээний төлбөрийг төлж интернетээс татан авч зургийн ArcGIS програм болон Envi програмуудыг ашиглан боловсруулалт хийж, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар хэмжилт хийж гаргасан 11,752564 га газрын талбай дээр сансарын хиймэл дагуулаас авсан 2014 оны 6 дугаар сарын 4, 25-ны өдрийн байдлаар зургийг давхцуулж шинжилсний үндсэн дээр нарийвчлан тогтоож, тухайн талбайд экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээг байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг тус бүрт Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2010 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалын хавсралтад заасан аргачлалын дагуу тооцож, нийт хохирлыг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-333 дугаар тушаалын дагуу тусгай хамгаалалттай газар нутагт хууль бус олборлолт явуулсны улмаас учруулсан хохирлыг З дахин нэмэгдүүлж нийт 62.887.434 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон байна /5-р хх-ийн 73-95/. Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан яллагдагч нараас мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлтийн дагуу “Тод хангал” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэх, хохирлын хэмжээг бодитой тогтоолгох зорилгоор мөрдөн байцаагчийн дахин шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн мэргэжилтэн А.Цэнд-Аюуш, Н.Мөнхцэнгэл, Л.Буян-Өлзий нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулсан болно. Уг дүгнэлтээр “Тод хангал” ХХК-ийн дүгнэлтүүдийг үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 11-нээс 25-ны өдрийн хооронд эвдэгдсэн нийт 0,36 га /3614м2/ талбайд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 32.592.078 төгрөг болохыг тогтоосон /6-р хх-ийн 117-136/. Харин 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн нэмэлт дүгнэлтээр өмнөх дүгнэлтүүдийг мөн л үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн болон 6 дугаар сарын 11-ний өдрийн сансрын зурагт харьцуулалт хийж 11-нээс 13-ны өдрийг хүртэлх хугацааны эвдрэлийг тодорхойлсноор 6 дугаар сарын 13-наас 25-ны өдрийг хүртэлх хугацаанд байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг тус оны 6 дугаар сарын 7-ны ба 6 дугаар сарын 11-ний өдрийн зургуудын зөрүүнд үндэслэн 28.989.678 төрөг гэж тооцож гаргасан байна /Зөвхөн цаг хугацааны хувьд тодорхой болгосон, энэ нь хохирлын хэмжээг тооцох аргачлал, тооцоололттой холбоогүй/. Нэмэлт дүгнэлтийг мөн л Байгаль орчин. аялал жуулчлалын Сайдын 2010 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ын дагуу тооцож улсын тусгай хамгаалалттай газар нутагт тус аргачлалаар бодож гаргасан үнэлгээний дүнг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-333 дугаар тушаалын дагуу 3 дахин өсгөж тооцжээ. Дээрх дүгнэлтүүд нь аргачлал, эх сурвалж баримтуудын хувьд өөр хоорондоо эрс зөрүүтэй байдал тогтоогдоогүй, зөвхөн мөрдөн байцаалтын явцад цугларсан шинжээчийн дүгнэлтээс гадна бусад баримтуудад үндэслэн цаг хугацааны хувьд маргаантай асуудлыг тодруулах, нарийвчилсан үнэлгээг гаргуулах зорилгоор 2014 оны 6 дугаар сарын 13-наас 25-ны өдөр хүртэл хугацаанд байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг тогтоосон гэж үзэж байна. Захирамжид шинжээчийн дүгнэлт гаргахдаа Шүүхийн Шинжилгээний тухай хуулийг зөрчсөн, 5, 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтийг 1 шинжээчийн дүгнэлт баталсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, эргэлзээгүй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн нь 2009 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэг буюу “Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй буюу зөв болох нь эргэлзээтэй байвал дахин шинжилгээ хийлгэхээр гурваас доошгүй шинжээч бүхий шинжилгээний хэсэгт даалгана” гэсэн хуулийн шаардлага бөгөөд энэ нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүх Шинжилгээний тухай хуульд байх, хуульд нийцээгүй шаардлага байна. Одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт “нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэхэд” Шүүхийн Шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах ба гагцхүү дахин шинжилгээ хийлгэх үед уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дэх хэсэгт “...энэ хуулийн 20.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээч оролцуулахыг хориглоно” гэж заасан байна. Мөн хэрэгт авагдсан 3 удаагийн шинжээчийн дүгнэлтүүд нь өмнөх шинжээчийн дүгнэлтүүдээ үгүйсгэж эргэлзээ бүхий байдал бий болгоогүй харин өмнөх дүгнэлт үндэслэлтэй гэж дахин баталгаажуулж гарсан байгаа нь шинжээчийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, эргэлзээгүй байх хуулийн шаардлагад нийцэж байна. Түүнчлэн прокурорын зүгээс шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулах талаар тусгай саналаа прокурорын яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт дурдсан бөгөөд хэрэв шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж шүүх үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 271 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн шатанд шинжилгээ хийлгэх эрхтэй ба шүүгчийн захирамжийн 1 дэх заалт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт заасан “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бол...” гэсэн нөхцөл байдал биш юм. Хоёр. Хэрэгт яллагдагч Р.Бадамцэцэг нь Ховд аймгийн Алтай сумын Засаг даргаар, яллагдагч Д.Цогбадрах нь Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргаар тус тус ажиллаж байх үедээ албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн 2014 оны 6 дугаар сарын 13-наас 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэрт орших Мянган Угалзат нурууны төрийн тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын Цагаан Эрэг нэртэй газарт хууль бусаар, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг хуулиар хориглосон гэдгийг мэдсээр байж иргэдийг зохион байгуулан оролцуулж, иргэдээс төлбөр хураамж авч, хууль бусаар ашигт малтмал буюу /вольфрам/ олборлох үйл ажиллагаанд татан оролцуулсны улмаас 3363 мкв буюу 0,34 га газар эвдэгдэж, байгаль экологид 28.989.678 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч БОНХАЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Н.Гэрэлцэцэг, БОНХАЖЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээний дотоод аудитын газрын мэргэжилтэн Ж.Нарантуяа нарын мэдүүлгүүд /1-р хх-ийн 150-151, 6-р хх-ийн 54-55, 219-222/, гэрч Ховд аймгийн Цэцэг сумын ИТХ-ын дарга Б.Сүхбаатар /1-р хх-ийн 152-153/, Ховд аймгийн Цэцэг сум, Мянган угалзат нурууны байгалийн цогцолборт газарт мэргэжилтэн П.Галцог /1-р хх-ийн154-158/, Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн малчин Ө.Даваасүрэн /1-р хх-ийн 167-169/, Ховд аймгийн Цэцэг сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Баасанхүү /1-р хх-ийн 170-172/, Ховд аймгийн Цэцэг сум Мянган угалзат нурууны байгалийн цогцолборт газарт мэргэжилтэн Д.Жадамба /1-р хх-ийн 177-178/, Ховд аймгийн Мөст сумын иргэн Б.Дулмаа /1-р хх-ийн 179-180/, Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багийн иргэн Н.Баттулга /1-р хх-ийн184-185/, Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн Мянган угалзатын байгаль хамгаалагч ажилтай Д.Төмөрхуяг /1-р хх-ийн 181-183/, Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн иргэн Н.Бөхбат /1-р хх-ийн 186-187/, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын орлогч дарга П.Эрдэнэчулуун /1-р хх-ийн 205-207/, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын байцаагч А.Ганцоож /1-р хх-ийн 208-209/, Б.Барсүрэн /1-p хх-ийн 162-163/, Ховд аймаг, Цэцэг сумын Мянган угалзатын нурууны БЦГ-ын байгаль хамгаалагч Ч.Галбадрах /1-р хх-ийн 174-176, 6-р хх-ийн 64-67/, БОНХАЖЯамны Туул голын сав газрын Ус ашиглалтыг зохицуулах албаны дарга тухайн үед Ховд аймгийн Мянган угалзат тусгай хамгаалалтай байгалийн цогцолбор газрын даргаар ажиллаж байсан Ю.Сувдчимэг /6-р хх-ийн 68-72/ нарын мэдүүлгүүд, диктофонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 37-40/, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний “Тод хангал” ХХК-ийн “Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн Цагаан эрэг гэх тусгай хамгаалалттай газарт хууль бусаар вольфром олборлосон газрын эвдрэлд өртсөн талбайн экологи эдийн засгийг хохирлын үнэлгээ”-ний дүгнэлт, шинжээчийн нэмэлт дүгнэлт /1-р хх-ийн 63-138, 5-р хх-ийн 73-95/, Байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Нуман-Алтай” ХХК-ийн 16/01 тоот “Ховд аймгийн Цэцэг сум, Мянган угалзатын нурууны БЦГ-ын Цагаан эрэг дахь эвдэгдсэн 0,36 га талбайн экологи эдийн засгийн үнэлгээ”, Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 16/18 дугаартай шинжээчийн дүгнэлт /6-р хх-ийн 117-136, 226-242/, шинжээч А.Цэнд-Аюушийн мэдүүлэг/6-р хх-ийн 147-149, 242-243/, БОНХАЖЯамны 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6/88 дугаартай “Эрүүгийн 2014260004701 дугаартай хэрэгт хамаарах газрын солбицол нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3-т зааснаар Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай давхцалтай байна. Мөн Улсын тусгай хамгаалалттай газар /Мянган угалзат БЦГ/-ын хилийн заагтай давхцалтай байна. Зурган мэдээллийг хавсаргав” гэх албан бичиг /2-р хх-ийн 130/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад баримтуудаар тогтоогдсон. Гэтэл шүүх яллагдагч нарын гэм буруутай үйлдэл, тэдний гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээ нь мөрдөн байцаалтын явцад цугларсан баримтуудыг үндэслэн тогтоосон байтал 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэлх хугацаанд биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг хууль тогтоомж, зохих стандартын дагуу хийж гүйцэтгэсэн эсэх, үүний тоо, тооцоо, дүнг тодорхой болгох, нөхөн сэргээлт хийгдсэн гэх газарт хэдэн төгрөгийн зардал гарсан эсэх, биологийн болон техникийн нөхөн сэргээлтийн зардлыг хэн шаардах, нэхэмжлэх эрхтэй эсэхийг тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 33 дугаар зүйлд заасан шүүх бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ прокуророос яллах дүгнэлт үйлдсэн яллагдагч Д.Цогбадрахад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг, яллагдагч Р.Бадамцэцэгт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнд огт хамаарахгүй нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгуулах талаар захирамжид заасан нь үндэслэлгүй болжээ. Гурав. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд прокурорын яллах дүгнэлтэд бичигдвэл зохих асуудлуудыг тодорхой дурдсан байдаг. Яллагдагч Д.Цогбадрах, Р.Бадамцэцэг нарын овог, эцгийн нэр, нэр “...Бавгар овогт Дамбын Цогбадрах, ...Энгээнхэн овогт Рэгдэлийн Бадамцэцэг” гэж, түүний үйлдсэн хэргийн товч агуулга, арга, сэдэлт, санаа, зорилго, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай зарим баримт болох “...сумын Засаг даргаар ажиллаж байх үедээ албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн 2014 оны 6 дугаар сарын 13-наас 25-ны өдөр хүртэл хугацаанд Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэрт орших Мянган Угалзат нурууны төрийн тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын Цагаан Эрэг нэртэй газарт хууль бусаар, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг хуулиар хориглосон гэдгийг мэдсээр байж иргэдийг зохион байгуулан оролцуулж, иргэдээс төлбөр хураамж авч, хууль бусаар ашигт малтмал буюу /вольфрам/ олборлох үйл ажиллагаанд татан оролцуулсны улмаас 3363 м.кв буюу 0,34 га газар эвдэгдэж, байгаль экологид 28.989.678 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан..” гэж яллах дүгнэлтийн “Тэмдэглэх” хэсэгт тодорхой дурьдсан болно. Мөн мөрдөн байцаалтын шатанд авагдсан гэрч, хохирогч, шинжээч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт бусад баримтуудаар тусгай хамгаалалттай байгалийн цогцолбор газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагааг хуулиар хориглосон гэдгийг мэдсээр байж иргэдийг зохион байгуулан оролцуулж, хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд татан оролцуулсан албан тушаалтны гэм буруутай үйлдлийн улмаас тухайн хууль бус шийдвэр гаргасан цаг хугацааны үед байгаль экологид хохирол учруулсан, албан тушаалтан албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ дээрх байдлаар хэтрүүлсэн үйлдэл нь тогтоогдсон байтал шүүхээс “....яллах дүгнэлтэд нарийвчлан бичих шаардлагатай” гэж үзсэн нь хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал биш бөгөөд шүүх яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг тал бүрээс нь шинжлэн судалж, хэргийг шүүхээр хэлэлцүүлэх боломж олголгүй буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Дөрөв. Шүүх Д.Цогбадрах, Р.Бадамцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн аваад Дүүргийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Дашдондов мөн өдрөө хэрэг хянан шийдвэрлэх “Шүүх бүрэлдэхүүнийг томилох тухай” 276 дугаартай захирамж гаргаж, шүүгч Г.Мөнхзул, Г.Алтанцэцэг, Б.Батаа нарыг томилсон байх боловч 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр “Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгах тухай “297 дугаартай захирамж гаргаж хэргийн материалтай танилцах шаардлагатай гэх үндэслэлээр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгажээ. Тус шүүхийн шүүгч Г.Мөнхзул 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 345 дугаартай шүүгчийн захирамж гарган хэргийг шүүхээр хянан хэлэлцүүлэлгүйгээр, шүүх хэргийг хүлээн авснаас хойш нийт 43 хоногийн дараа нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаах шийдвэр гаргасан байна. Түүнчлэн шүүх 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 345 дугаартай шүүгчийн захирамжийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр буюу захирамж гарснаас хойш 13 хоногийн дараа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.3 дахь хэсэгт “Захирамжийг хэрэг шүүхэд ирснээс хойш 15 хоногийн дотор гаргана.” , мөн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан өдрөөс эхлэн 10 хоногоос хэтрүүлэхгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ” гэж эрүүгийн хэргийг шүүх хүлээн авч шийдвэрлэх тухай хуульчилж өгсөн. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 225.3 дахь хэсэгт заасан хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг сунгаж болно” гэж заасан байх боловч шүүхээс хугацааг сунгахдаа 10 хоног бус харин 30 хоногоор сунгасан нь ямар онцгой нөхцөл байдлыг үндэслэн шүүх эрүүгийн хэргийг шүүх хүлээн авч шийдвэрлэх тухай хуульд заасан нийт 25 хоногийн хугацаанаас илүү хугацаагаар сунгасан нь ойлгомжгүй ба энэ нь шүүх байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэгчийн хувь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлд заасан аливаа гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж ...гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах ...зорилтод нийцэхгүй, байцаан шийтгэх ажиллагааг зориудаар удаашруулах үндэслэл болж байна. Мөн шүүх захирамж гаргаад захирамжийг 13 хоногийн дараа прокурорт ирүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт шүүхээс гаргасан шийдвэрийг 7 хоногийн дотор прокурорт гардуулан өгөхөөр хуульчилсантай нийцэхгүй байна гэж үзэж байна. Иймд шүүх хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэж болох, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж болох зүйлүүдийг ч хийхээс зайлсхийж, үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг тус шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

Ялтан Д.Цогбадрахын өмгөөлөгч Л.Базаррагчаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгөх хүсэлтийг прокурорын болон шүүхийн шатанд аль алинд нь гаргаж байсан. Шүүгчийн захирамжид 2 хоног гэж дурдсаны учрыг тайлбарлах хэрэгтэй. Хиймэл дагуул Монгол Улсын дээгүүр 2 удаа нисэж өнгөрөхдөө 7-ны өдөр, 11-ний өдөр, 25-ны өдөр өнгөрсөн байсан. Энэ хурал 11-ний өдөр болохдоо “13-ны өдрөөс эхлэн 25-ны өдөр хүртэл та нар ор. Ороход нь нэг машинаас 20.000 төгрөг авна” гэсэн аман яриа гарсан. Үүнд дүгнэлтүүд гарсан. Эдгээр дүгнэлтүүд зөрүүтэй гарч байгаа учир нь эхний дүгнэлт гарахдаа 2000 оноос хойш нийт эвдэгдсэн газрын дүгнэлт гарсан. Ингээд маргаан гарч дахин дахин дүгнэлт гарсан. 11-ний өдрөөс 13-ний өдрийг хүртэлх зураг хэрэгт байхгүй, 13-ны өдрөөс эдгээр хүмүүсийн шийдвэр гарсан учир 2 хоногийн хохирлын хийдэл гарсан. 6 дугаар хавтаст хэргийн 239 дүгээр хуудсанд энэ талаар маш тодорхой бичсэн байгаа. Үүнд  “3 дахин өсгөж тооцохоор 7.208.000 төгрөг болж байна. 2014 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс 11-ний өдөр хүртэлх 4 хоногт байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ бөгөөд энэ нь 11-13-ны өдөр хүртэл хохирлын хэмжээг тооцож үзвэл 3.600.000 болж байна гэж дээрх 4 хоногийн хохирлыг 2 хуваасан. Ингэж хийсвэрлэж болохгүй юм. Хохирлыг үржүүлсэнээр зүйлчлэх, бодит хохирлоор зүйлчлэх эсэхэд маргаан гарсан. Авилгатай тэмцэх газар 3 дахин үржүүлж зүйлчилнэ гэсэн. Прокуророос бидний гаргасан хүсэлтийг хүлээн авч Нийслэлийн орлогч прокурор Баянжаргалын шийдвэрээр хүчингүй болгож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон. Гэтэл нөгөө газар нь зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргаж, 3 дахин үржүүлсэнээр зүйлчлэх ёстой гэсэн маргаан гаргасан. Ингээд хэрэг ахин дахин нааш, цааш явсаар байгаад аль байдлаар зүйлчлэхээ мэдэхгүй, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүгчийн захирамжид энэ асуудлыг тодорхой тусгаж өгөөгүй учир дахин асуудал гарна. Шүүгдэгч нар энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний дараа хохирлыг төлөх асуудал үүсэх учир зайлшгүй шинжээчийн дүгнэлтийг дахин гаргах шаардлагатай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хувьд хоёр сумын Засаг дарга нар нийлж багын хурал хийгээд энэ тухай ярьсан байдаг. Мянган Угалзатын тусгай хамгаалалтын захиргаа нь суманд хамаарагддаггүй Байгаль орчны яаманд хамаарагддаг. Иймд шүүгдэгч нар сумын Засаг даргын шийдвэрийг биелүүлэхгүй байх эрхтэй бөгөөд үүрэгтэй юм. Гэтэл эдгээр хүмүүс хууль бус гэж ярьж буй шийдвэрт дулдуйдан хамгаалалтын захиргааны дарга Ю.Сувданчимэг, байгаль хамгаалагч Ч.Галбадрах хоёр нь нэг машинаас 20.000 төгрөг, мотоциклээс 10.000 төгрөг хурааж, нийт 7.000.000 төгрөг цуглуулсан. Хэрэв албан тушаалын асуудал яригдах юм бол үйлдлийг нь таслан зогсоохгүй хэрэгжүүлсэн хоёр хүн энд байх ёстой. Тодорхойгүй нөхцөл байдал үүсэж байгаа тул шүүхээс шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргах боломжтой...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 345 дугаар шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцжээ.

            Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэл болон Нийслэлийн Прокурорын газраас Р.Бадамцэцэг, Д.Цогбадрах нарт албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн зэргээс гадна Байгаль хамгаалах журмын эсрэг нийлмэл гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах нь зүйтэй.

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар “...Р.Бадамцэцэг, Д.Цогбадрах нар нь ...иргэдийг зохион байгуулан оролцуулж, иргэдээс төлбөр хураамж авч, хууль бусаар ашигт малтмал буюу вольфрам олборлох үйл ажиллагаанд татан оролцуулсан...” гэх боловч мөрдөн байцаалтын шатанд ашигт малтмалыг олборлоход оролцсон иргэдээс авсан хураамжийг хэрхсэн талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг шалгаж тогтоох  мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийгдсэн гэж үзэхээр байна .

             Хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, болон давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагаануудыг хийж, үйл баримт, үйлдэл холбогдлыг тодруулах нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой тул прокурор Ж.Ганцэцэгийн гаргасан 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 345 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Ганцэцэгийн гаргасан  2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

                                    ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

 

                                                                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ