| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2018/0262/Э |
| Дугаар | 261 |
| Огноо | 2018-10-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Г.Энхбат,
шүүгдэгч Н.Чинбат, түүний өмгөөлөгч Ц.Алимаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Элжгэн овгийн Нарангэрэлийн Чинбатад холбогдох эрүүгийн 1834005920270 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Улаанбаатар хотод төрсөн 1984 оны 10 дугаар сарын 05-ны төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 33-51 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд өмнө 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг мөн хуулийн 61.1, 61.4-д заасныг журамлан 1 жил 4 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ЖЮ84100577 дугаарын регистртэй, Элжгэн овгийн Нарангэрэлийн Чинбат
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Н.Чинбат нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын “Довын гуанз” гэх газар хохирогч Х.Батбаяртай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүний эрүүн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
1.1.Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Н.Чинбатын:
“...Би 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би Өмнө-Говь аймаг явах гээд Жаргалсайхантай хамт “Тэнгэр плаза” дээр очоод унаа хайсан. Тэгээд унаа олдохгүй байхаар нь нэг хүнтэй ярьсан чинь 12 цагт Багануураас нэг унаа ирнэ гээд тэр жолоочтой яриад дугаарыг нь аваад бид хоёр хохирогч Х.Батбаяр цуг явна гэсэн болохоор гэрт очсон. Тэднийд очихдоо нэг шил архи, хүүхдүүдэд нь чихэр жимс аваад очсон. Тэгээд бид гурав архи уугаад дуусаад байж байсан чинь Багануураас ирж байгаа машин “Тэнгэр плаза” дээр уулзъя гэсэн. Тэгээд бид гурав “Тэнгэр плаза” ороод микронд суугаад Өмнө-Говь аймаг явсан, замдаа ахиад нэг шил архи уусан. Тэгээд Төв аймгийн нутаг дэвсгэрт “Довын гуанз” дээр буугаад бие зассан. Тэгээд би Х.Батбаярыг явъя гээд татахдаа эрүүн тус газарт нь цохисон юм шиг байна лээ. Би тухайн үед эрүүг нь хугарсан гэдгийг анзаараагүй, дараа нь утсаар ярьж надад мэдэгдсэн...”
Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтууд
2.1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Х.Батбаярын:
“...Би Өмнөговь аймгийн Гашуун сухайтаас урагшаа ганц мод руу нүүрс тээвэрлэдэг. Манай ажил амралт гээд байх зүйл байхгүй байнга ажилладаг. Баярын өдрүүдэд амардаг ба энэ оны 07 дугаар сарын 09-ний өдөр наадмын өдрийг тохиолдуулан хэд хоног амраад хотод гэртээ ирсэн. Амралт дуусаад буцаж явахаар болоод байж байтал миний нагац болох Жаргалсайхан над руу утсаар яриад чи явах юм уу би автобус үзэх гээд явж байна. Автобус олдвол хамт явъя гэхээр нь би Драгон дээрээс жижиг тэрэг явдаг ш дээ унаа олдвол хамт явъя гэсэн. Жаргалсайхан нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өөрийн 86068022 дугаараас миний 89163646 дугаар руу залгасан. Тэгээд удалгүй дахиж залгаад нэг микро олчихлоо цаг гарангийн дараа хөдөлнө гэнэ. Тэр болтол танайд очоод байж байя. Тэгээд хамт гаръя гээд манайх руу такси бариад хүрээд ирсэн. Ирэхдээ “Алтан чингис” гэсэн нэртэй 0.75 литрийн архи хүүхдүүдэд чипс зэрэг зүйлс авчирсан. Жаргалсайхан нь гаднаас нэг танихгүй залуутай хамт ороод ирсэн. Тухайн залууг хэн юм гэж асуухад Жаргалсайхан надад Чинбаа гэдэг урд том тэрэг барьдаг. Цуг явах гэж байгаа юм гэсэн. Тэгээд бид 3 унаагаа хүлээж байх зуураа архиа хувааж уусан. Удалгүй микроны жолооч залгаад явах болчихлоо Тэнгэр плаза дээр хүрээд ир гэсэн. Би өөрийн найз болох Алтаншагайг тэнгэр плаза дээр хүргээд өгчих би явахаар болчихлоо гээд дуудсан. Тэгээд Алтаншагай бид 3-ыг хүргэж өгсөн. Тэнгэр плаза дээр замдаа уух ус ундаа, тамхи зэрэг зүйлсээ авсан. Тэгээд Жаргалсайхан бид хоёр микрондоо суугаад байж байхад Чинбаа “Экс” нэртэй 0.75 литрийн архи бариад ирсэн. Микроны улсын дугаарыг санахгүй байна. Нийт 7 хүн явсан. Би 14 цагийн үед эхнэр Дэлгэрцэцэг рүү Төв аймгийн салдаг зам дээр явж байна гэж утсаар ярьсан. Тэрнээс хойш эхнэртэйгээ ярьж холбоо бариагүй. Замд явж байх зуураа архиа бид 3 хувааж уусан. Тэгээд бид нар Довын гуанз орох замаас нааш 50 км орчимд бууж замдаа бие зассан. Тухайн үед бид 3 хамт бие засаж байгаад Чинбаа түрүүлээд алхсан. Ардаас нь Жаргалсайхан бид хоёр алхаж байтал Чинбаа гэнэт эргэж хараад баруун гараараа миний зүүн шанаа руу нэг удаа хүчтэй цохисон. Тэгэхээр нь би шууд чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гэж асуухад яагаад цохисон гэдгээ мэдэхгүй байна гээд сөгдөөд уучлалт гуйгаад байсан. Би буйлнаас минь цус гараад байсан болохоор одоо эндээс Дундговь ороод тэндээсээ хот руу очиж эмчид үзүүлнэ замын зардлын мөнгө өг гэхэд Чинбаа надад одоо мөнгө байхгүй хоёулаа урагшаа Хятад орж байгаад үзүүлье гэсэн. Тэгээд би өөрөө үзүүлнэ чамтай бол ярихгүй гээд дахиж юм ярихгүй явсан. Тэгээд замдаа микро маань 2 удаа зогсож хоол идсэн. Хоол идэх гэхэд миний шанаа өвдөөд байсан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 18-ны өглөө 6 цагийн үед цагаанхад гэх газар буухаар болсон. Би замдаа унтаад явсан болохоор өглөө Жаргалсайхан намайг дуудсан. Тэгээд сэрээд хартал Чинбаа байхгүй явчихсан байсан. Чинбааг асуухад сая такси бариад явчихсан гэж байсан. Тэгээд Жаргалсайхан бид хоёр алхаад манай найзынд очсон. Түүнээс хойш манай ажил эхлэхгүй ажиллахгүй байсан болохоор хэд хоног найзындаа байсан. Тухайн үед шүд өвдөөд байсан болохоор би эрүү хугарсан гэж бодоогүй тайван байсан. Тэгээд нэг өдөр найзын маань эхнэр намайг харснаа чи угаасаа ийм шаамий билүү ийм болчхоод байгаа юм уу гэж асуухаар нь би толинд шүдээ үзтэл буйлаараа хөдлөөд байсан. Тэгээд эрүү хугарсан байвал асуудал болно гэж бодоод 2018 оны 07 дугаар сарын 21-ний өглөө 11 цагийн үед хот руу гарлаа шүү гэж эхнэр рүүгээ утсаар ярьсан. Тэгээд маргааш өглөө нь 17 цагийн үед хотод ирсэн. Маргааш нь бусад буюу 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр би эхнэртэйгээ Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэх гээд очсон боловч эрүү шүдний эмч амарчихсан ээлжийн эмч байхгүй. Улсын нэгдүгээр эмнэлэг рүү яв гэж байсан. Тэгээд манай эхнэр хугацаа алдаж байхаар шууд хувийн эмнэлгээр явъя гээд Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлэхээр очиход эмчийн бичиг байхгүй бол үзэхгүй гэсэн. Тэгэхээр нь бид 2 тэр эмнэлгээсээ гараад Баянзүрх дүүргийн 4-р хорооны Мөнхзул гэдэг эмч дээр очиж үзүүлэхэд харьяаныхаа мэс заслын эмчид үзүүл гэсэн. Тэнд нь очиж үзүүлээд эрүүний дэлгэмэл зураг авахуул гэсэн бичиг аваад эргээд Мөнгөнгүүр эмнэлэг дээр очиход манайх эрүүний дэлгэмэл зураг авдаггүй гээд тэр өдөр эмнэлгээр яваагүй. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нэгдүгээр эмнэлгийн зүүн хойно байрлах шүд, эрүүний төвд дэлгэмэл зургаа авахуулсан. Зурагны хариу нь эрүү хоёр хугаралтай яаралтай нэгдүгээр эмнэлэгт үзүүл гэсэн. Зургаа авахуулаад нэгдүгээр эмнэлэгт ирээд үзүүлэхэд яаралтай хагалгаанд ор, удаан явсан байна. Бороолчихсон байна гэсэн. Тэгээд 07 дугаар сарын 25, 07 дугаар сарын 27-ны өдөр хагалгааны өдөр байгаа шинжилгээнүүдээ бүрдүүлээд 3 дахь өдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр орвол сайн байна гэсэн. Тэгээд тэр өдрөө Гялс төв дээр очиж шинжилгээнүүдээ өгч амжсан. Гэхдээ хагалгааны зардлыг Чинбаа өгч явуулаагүй учир орж чадаагүй. Тухайн үед манай эхнэр Чинбаттай утсаар яриад бүх тооцоо болон хагалгааны зардал зэргийг хэлэхэд за би урагшаа нүүрсээ гаргачхаад өгнө гээд өгөөгүй. Тэгээд ахиж холбоо бариагүй. Түүнээс хойш гэртээ байж байтал 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн өглөө 09 цагийн үед эмнэлгээс манай эхнэр рүү залгаад ирж хэвтэж хагалгаандаа орно гэсэн хүн мөн үү яачихваа ирж хэвт гэсэн. Тэгээд шууд хэвтэхээр болоод нэгдүгээр эмнэлгийн 5 давхарт Эрүү нүүрний мэс заслын клиникийн 5 дугаар өрөөнд хэвтсэн. Би Чинбатыг танихгүй. Манай нагац Жаргалсайхан дагуулж ирээд тэр үед л танилцсан. Жаргалсайхан, Чинбат бид 3 хотод нэг 0.75 литрийн архи, замд явж байхдаа 0.75 литрийн архи хувааж уусан. Ер нь жоохон согтсон байсан. Гэхдээ яг тухайн үед хэрэг болсон явдлыг санаж байна. Бид хоёрын хооронд ямар нэг маргаан болоогүй. Шалтгаан бол байхгүй. Би хүний дургүй хүргэхээр ямар нэг үйлдэл, үг зэргийг хэлээгүй. Би Чинбатаас 250.000 төгрөгийг эхнэрийнхээ 5024797262 гэсэн дансаар 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр авсан. Тухайн мөнгийг Жаргалсайхан над руу шилжүүлсэн. Мөнгөө би Өмнөговь аймгаас наашаа ирэх зардлын мөнгө, шинжилгээ, эрүүний зураг авахад хэрэглэсэн баримт нь байгаа. Өөр мөнгө бол аваагүй. Яг юу гэдэг газрыг нь бол би сайн мэдэхгүй. Довын гуанз гэдэг газраас наашаа хот орох зам дагуу 50 орчим км зайд болсон. Цохиулсны дараа 1 цагийн дараа Довын гуанз дээр ирсэн. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Гомдол гэвэл манай банкны зээлтэй би тухайн зээлийг дардаг. Эрүү хугарснаас болоод би эмнэлэгт хэвтэж хагалгаанд орох болсон. Энэ хооронд банкны өр нэхэгдэж байгаа ажил хийгээгүй болохоор мөнгөгүй хоол ундгүй байна. Би хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна...” /хх-ийн 09-12 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн хохирогч Х.Батбаярын:
“...Миний хувьд одоогоор гомдол санал байхгүй. Манай эхнэр Дэлгэрцэцэг бид хоёр банк бусаас хашаа байшингаа тавьж зээл авсан юм. Тэр зээлээ би төлдөг юм. Манай эхнэр ажилгүй гэртээ байдаг юм. Энэ асуудлаас болоод гэрт хоёр сар хэвтээд би уг зээлийнхээ төлөлтийг 2 сар хүнээс зээл авч төлсөн учир уг мөнгийг Чинбатаас гаргуулаад авчихвал надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Чинбат намайг хагалгаанд ороход мөнгө төгрөг эмчилгээний зардал бүгдийг нь өгсөн байгаа. Мөн 2019 оны цагаан сарын дараа эрүүнд суулгуулсан ялтас авах мэс засалд орно. Тэр мэс засалд орох хохирлыг бас гаргуулмаар байна...” /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
2.2. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Дэлгэрцэцэгийн:
“...Би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхоны 494 тоотод нөхөр хүүхдүүдийн хамтаар амьдардаг. Миний нөхөр Халтарын Батбаяр нь Өмнөговь аймагт том тэрэг барьдаг. 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдөр наадмын амралт таараад гэртээ ирсэн. Тэрнээс хойш ажилдаа явна гээд хамт ажилладаг залуугаа хүлээгээд гэртээ амарч байтал 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Жаргалсайхан гэдэг Батбаярын ээжийнх нь дүүгийн хүүхэд утсаар яриад чи ажилдаа явах юм уу би ажилдаа явах гэж байна. Би Чинбаттай хамт автобусны билет асуух гээд явж байна гэсэн. Тэгэхээр нь манай нөхөр би Сандагтай явах гээд хүлээгээд байж байна. ямар ч байсан жижиг тэрэг байна уу харж бай гэсэн. Тэгээд удалгүй залгаад нэг микро олчихсон 1 цаг 30 минутын дараа хөдөлнө гэнэ гэхэд манай нөхөр Батбаяр нь та хоёр 1 цаг 30 минут юу хийх гэж байгаа юм бэ, манайд хүрээд ирэх юм уу гэхэд за гээд удалгүй хүрээд ирсэн. Орж ирэхдээ манай 3 хүүхдэд чихэр жимс “Алтан чингис” нэртэй 0.75 литрийн архи бариад орж ирсэн. Тэгээд би хоол хийж өгөөд тэрийгээ идээд архиа гурвуулаа хувааж уугаад манай нөхөр над руу өөрийнхөө дугаараас миний 86123646 дугаар руу залгаад Төв аймаг руу салдаг дээр явж байна. Очоод залгая гэсэн. Тухайн өдөр их бороо орж байсан болохоор дараа залга гээд холбоо бариагүй оройн нь очоод бас яриагүй. Тэгээд маргааш өглөө нь би өөрөө залгаад чи очоод залгана гэсэн яагаад залгахгүй байгаа юм гэж асуухад миний шүд жоохон өвдөөд байна. Тэгээд ярьж чадсангүй ирэх газраа ирсэн гэж байсан. Тэрнээс хойш байнга холбоотой байсан. Тэгээд ярих болгондоо шүд өвдөөд байна гэхээр нь би нээх тоогоогүй. Өмнө нь шүд нь өвдөөд авахуулж байсан болохоор нээх анзаараагүй. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 21-ны өдөр залгаад миний шүд өвдөөд болохгүй байна би ерөөсөө буцлаа, хот орно гэсэн. Тэгэхээр нь би яагаад наашаа ирэх гээд байгаан гэхэд манай нөхөр би наашаа ирж байх замдаа Чинбат намайг зохицчихсон. Тэгээд чамайг санаа зовчих нь гэж бодоод хэлээгүй юм аа. Эрүү нэг л эвгүй байна гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл хурдан хүрээд ир шүднийхээ зургийг авахуулъя гэж хэлээд наашаа ирсэн. Манай нөхөр ирэхдээ зодуулчихсан байдалтай шүд нь зуугаастай өвдөөд гэсэн байдалтай хоол унд идэж чадахгүй ярьж ч чадахгүй байдалтай ирсэн. Тэгээд ирээд болсон зүйлийн талаар ярихад манай нөхөр замдаа явж байгаа машин зогсохоор нь бие засах гээд буугаад эргээд машиндаа орох гээд явж байтал Чинбат миний урд явж байгаад намайг эргэж хараад цохичихсон гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр эмнэлгээр яваад шууд гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэхээр очиход Эрүү нүүрний эмч амарчихсан ээлжийн эмч байхгүй та хоёр нэг дүгээр эмнэлэг рүү яв гэсэн. Тэгэхээр нь бид хоёр хурдан үзүүлье гэж бодоод Мөнгөн гүүр эмнэлэг орсон. Мөнгөн гүүр эмнэлэг нь болохоор манайх эмчийн бичиг байхгүй бол зураг авч өгөхгүй гээд үзэж өгөөгүй. Тэгээд бид хоёр ирээд хорооныхоо эмнэлэгт очоод бичиг авсан. Бичгээ аваад Мөнгөн гүүр дээр эргээд иртэл эмчийн бичиг дээр нь эрүүний дэлгэмэл гэрэл зураг авах шаардлагатай гээд бичсэн байсан. Харин Мөнгөн гүүр эмнэлэг нь эрүүний дэлгэмэл зураг авдаггүй гэсэн. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нэгдүгээр эмнэлгийн зүүн талд байдаг эрүү шүдний төвд эрүүний дэлгэмэл зургаа 20.000 төгрөгөөр аваад эрүү чинь хугарчихсан яаралтай нэгдүгээр эмнэлэгт үзүүл гэхээр нь бид хоёр тэр өдрөө нэгдүгээр эмнэлэгт үзүүлсэн. Нэгдүгээр эмнэлгийн эмч үзээд хоёр газраа хугарчихсан байна. Яаралтай хагалгаанд ор гэсэн. Тэгэхээр нь бид хоёр за гэхэд 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хагалгааны өдөр байна гэсэн. Би тэр мэдээг сонсоод Чинбатын 88841005 гэсэн дугаар руу ярьсан. Би эмч нар ингэж байна 2 газраа хугарчихсан байна гэж байна. Одоо яаралтай хагалгаанд ор гэсэн эхний ээлжинд 1.5000.000 төгрөг бэлдээд байж бай гэж байна гэхэд Чинбат би тэр мөнгийг нь явуулна. Гэхдээ цаашаа нүүрсээ оруулчхаад Хятад даргатайгаа уулзаж байгаад болно гэсэн. Тэгээд хагалгаанд орох учраас бүх нарийн шинжилгээг өгөх ёстой гээд бид хоёр шинжилгээнүүдээ Гялс төвд 2018 оны 07 дугаар сарын 24-нд өгсөн. Тухайн шинжилгээнүүдийг өгөхөд 91.300 төгрөг болсон. Үүний баримт нь бол надад байгаа. Тэгээд Чинбат нь мөнгөө өгөөгүй. Хагалгаанд орох өдөр болоход Чинбат нь мөнгөө өгөхгүй байсан болохоор бид хоёр хагалгааныхаа өдрийг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр болгож хойшлуулсан. Би 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр залгаад бид хоёр хагалгааныхаа өдрийг хойшлуулсан 07 дугаар сарын 27-ны өдрийнхөө хагалгаанд оруулмаар байна. Хугацаа алдмааргүй байна гэж хэлсэн. Хариуд нь Чинбат нь би одоо нүүрсээ ачаад урагшаа гаргах гэж байна. Тэгээд өгнө гэж хэлээд дахиж холбогдоогүй. Утас руу нь залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд өнөөдөр өглөө буюу 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр эмнэлгээс утасдаад хэвт гэхээр нь хэвтүүлсэн. Одоо яаралтай хагалгаанд орох шаардлагатай болохоор хагалгааны зардлын мөнгийг Батбаярын бэр эгчээс зээлж авч байгаа. Би Чинбатын талаар сайн мэдэхгүй. Манай нөхрийн үеэл дүүгийн эхнэрийнх нь ах байгаа юм. Өмнө нь огт харж уулзаж байгаагүй. Манай нөхөртэй ч холбоотой биш Өмнөговь аймаг руу явна гэдэг өдөр нь л анх удаа харсан. Манай нөхөр Батбаяр нь Чинбатаас 250.000 төгрөг миний 5024797262 гэсэн дансаар дамжуулан авсан. Тухайн мөнгийг ирсэн унааны зардал, зураг шинжилгээ зэрэгт зарцуулсан. Манай нөхөр нь хагалгаандаа орох ёстой өдрөө орж чадаагүй. Хоног хугацаа алдагдуулж байгаад нь гомдолтой байна...” /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Жаргалсайхан:
“...Х.Батбаяр, Н.Чинбат бид гурав Өмнөговь аймагт ажил хийдэг байсан юм. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байсан байх яг сайн санахгүй байна. Өмнөговь аймаг явахаар Тэнгэр худалдааны төвөөс микро автобус явна гэхээр нь хамт явсан юм. Явахаасаа өмнө Х.Батбаярын гэрт нь бид гурав уулзаад нэг шил 0,75-тай Хараа архи уусан. Тэгээд замдаа бид нар мөн дахиад нэг шил архи уусан. Яг ямар нэртэй архийг нь санахгүй байна. Тэгээд би унтчихсан байсан. Тэгээд л нэг сэрээд шээс хүрээд байхаар нь бие засна гэж буусан тэр үед Х.Батбаяр, Н.Чинбат нар хамт буусан. Буугаад бие засчхаад эргээд хамгийн урд Н.Чинбат яваад араас нь би Х.Батбаярын хамтаар алхаж явтал гэнэт Н.Чинбат эргэж хараад Х.Батбаярыг гараараа нэг удаа толгой тус газар нь цохисон. Тэр үед Х.Батбаяр хойш газар унасан. Тэгээд Х.Батбаяр Н.Чинбат хоёр юм яриад байсан. Би яг юу яриад байсныг одоо сайн санахгүй байна. Тухайн үедээ би нэлээн согтчихсон байсан юм. Тэгээд замдаа унтаж явж байгаад маргааш өглөө нь Өмнөговь аймаг орсон. Тэгээд л бид нар салаад яваад өгсөн. Миний хувьд хэрэлдэж маргалдаж байхыг нь мэдэхгүй байна. Ямар нэг хэрүүл маргаан бол болоогүй. Намайг зодож цохисон зүйл бол байхгүй. Бид гурав нилээн согтчихсон байсан. Миний хувьд тасарчихаад эргээд дөнгөж сэргэж байсан юм. Би яг хаана хэдэн цагт болсон эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан өдөр нартай л байсан. Бид нар өдөр 13 цагийн орчим л хотоос гасан юм. Миний хувьд эргээд л унтаад өгсөн болохоор мэдэхгүй байна. Н.Чинбат л учруулсан. Цохиулсныхаа дараа Х.Батбаярын ирүү хөндүүрлэчихсэн юм зажилж чадахгүй байна гээд байсан болохоор уг гэмтлийг Чинбат л учруулсан юм...” /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч Н.Чинбатын:
“...2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймаг орохоор унаа хайж байгаад нэг микро автобус олсон юм. Тэгээд Х.Батбаяр, Жаргалсайхан нарын хамтаар явахаар болоод Х.Батбаярынд нэг шил архи уучихаад нөгөө Өмнөговь аймаг явах мотоциклтой Тэнгэр плазагийн тэнд уулзахаар болоод бид гурав очиж суусан. Явах замдаа дахиад нэг шил архи уусан. Яг ямар нэртэй архи уусан талаараа санахгүй байна. Би тэгээд бараг тасарчихсан байсан. Замдаа Довын гуанз гэх газар бууж бие засчхаад эргээд явж байгаад гэнэт би эргэж хараад баруун гараараа Х.Батбаярын нүүрэн тус газар нь нэг удаа цохичихсон юм. Би тухайн үед яг яагаад ямар учраас цохисноо мэдэхгүй байна. Бид хоёрын дунд ямар нэгэн хэрүүл маргаан бол болоогүй. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна
2.5. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 9197 дугаартай дүгнэлтэд:
“...Х.Батбаярын биед эрүүний зүүн хэсгийн далд зөрөөтэй хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь өөрийн гараар үүсэх боломжгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” /хх-ийн 22--16 дугаар хуудас/,
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд
3.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар хуудас/,
3.2. Хохирогч Х.Батбаярын зээлийн гэрээнүүд, гэрлэлтийн гэрчилгээ, өвчтөний түүх, /хх-ийн 49-60 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Чинбатын Төв аймгийн автотээврийн төв лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 108 тоот шийтгэх тогтоолын хуулбар, ял шалгах хуудас, Цагдаагийн ерөнхий газрын хайлтын системийн лавлагаанууд, шүүгдэгч нь хохирогчид 1.500.000 төгрөг төлж нотариатаар батлуулсан хүсэлт, хохирогчийн гомдол саналгүй гэх хүсэлт /хх-ийн 35-48, 62-63 дугаар хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Н.Чинбат нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын “Довын гуанз” гэх газар хохирогч Х.Батбаяртай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүний эрүүн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь
хохирогч Х.Батбаярын ...бид 3 хамт бие засаж байгаад Чинбаа түрүүлээд алхсан. Ардаас нь Жаргалсайхан бид хоёр алхаж байтал Чинбаа гэнэт эргэж хараад баруун гараараа миний зүүн шанаа руу нэг удаа хүчтэй цохисон...,
гэрч Б.Дэлгэрцэцэгийн ...манай нөхөр би наашаа ирж байх замдаа Чинбат намайг цохьчихсон... ...Манай нөхөр ирэхдээ зодуулчихсан байдалтай шүд нь зуугаастай өвдөөд гэсэн байдалтай хоол унд идэж чадахгүй ярьж ч чадахгүй байдалтай ирсэн. Тэгээд ирээд болсон зүйлийн талаар ярихад манай нөхөр замдаа явж байгаа машин зогсохоор нь бие засах гээд буугаад эргээд машиндаа орох гээд явж байтал Чинбат миний урд явж байгаад намайг эргэж хараад цохичихсон гэж хэлсэн...,
гэрч Б.Жаргалсайханы ...Буугаад бие засчхаад эргээд хамгийн урд Н.Чинбат яваад араас нь би Х.Батбаярын хамтаар алхаж явтал гэнэт Н.Чинбат эргэж хараад Х.Батбаярыг гараараа нэг удаа толгой тус газар нь цохисон. Тэр үед Х.Батбаяр хойш газар унасан... гэх мэдүүлгүүд, шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 9197 дугаартай ...Х.Батбаярын биед эрүүний зүүн хэсгийн далд зөрөөтэй хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан талаарх... дүгнэлт болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч Н.Чинбат нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Н.Чинбат хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, цаашид гарах гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Чинбат нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Элжгэн овгийн Нарангэрэлийн Чинбатыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Элжгэн овгийн Нарангэрэлийн Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Элжгэн овгийн Нарангэрэлийн Чинбат нь шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг өдрөөр тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Элжгэн овгийн Нарангэрэлийн Чинбатад шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Элжгэн овгийн Нарангэрэлийн Чинбат цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Элжгэн овгийн Нарангэрэлийн Чинбатаас нийт 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч ШЕ84092818 дугаарын регистртэй, Шарнууд овгийн Халтарын Батбаярт олгосугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Элжгэн овгийн Нарангэрэлийн Чинбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Элжгэн овгийн Нарангэрэлийн Чинбат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН