Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2018/0617

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 05 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2018/0617

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

Д.Ц нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, гуравдагч этгээд Г.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0647 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч давж заалдах гомдлоор, Д.Ц нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Д.Ц 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 466 дугаар захирамжийн Г.Г холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0647 дугаар шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, Кадастрын зураглал ба кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13, 19 дүгээр зүйлийн 19.1.1-т заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 466 дугаар захирамжийн Г.Г холбогдох хэсгийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

Гурав. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...шүүхийн зүгээс Д.Ц эзэмшлийн 502 м.кв газар нь Г.Г өмчлөгдсөн 486 м.кв газартай нэгж талбарын кадастрын зургаар ямар ч давхцал байхгүй, энэ талаар бидний дунд маргаангүй байгааг анхаарч үзсэнгүй.

Мөн шийдвэрт “…Баянзүрх дүүргийн Газрын албыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулаагүй мөртөө шийдвэртээ оролцуулах шаардлагатай…” гэж дүгнэсэн нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бий болгож, эцсийн шийдвэрийг Баянзүрх дүүргийн Газрын албаны тайлбаргүйгээр гаргасан нь хуулийн үндэслэлгүй байна.

Нийслэлийн Засаг даргын захирамж иргэнд газар олгож эзэмшүүлэх, өмчлөхдөө нэгж талбарын кадастрын зургийг үндэслэн олгодог байтал шүүх эсрэгээрээ анхан шатны хүчин төгөлдөр газрын мэдээллийн санд бүртгэгдсэн эргэлтийн цэгээр баталгаажсан кадастрын зураглалыг үл тоож зөвхөн захиргааны эрхийн актыг өөрчлөх буруу дүгнэлт гаргасанд гомдолтой байна.

Иймд үндэслэлгүй дүгнэлт хийн, эргэлзээтэй шийдвэр гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй, ийнхүү тодруулаагүйгээс нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариуцагчийг зөв тодорхойлоогүй, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл нь хоорондоо зөрүүтэй байгаа зэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвтгөлгүйгээр маргааныг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй, иймд давж заалдах шатны шүүх хуралдаанд энэхүү алдааг засах боломжгүй байх тул шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Хууль зүйн талаасаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 213 дугаар шийдвэрээр тус дүүргийн тус дүүргийн 12 дугаар хороо, .........-д нэхэмжлэгч Д.Ц 502 м.кв, 2004 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 70 дугаар захирамжаар гуравдагч этгээд Г.Г 500 м.кв газрыг тус тус эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамжаар Г.Г 486 м.кв газрыг өмчлүүлсэн байх бөгөөд эдгээр газар нь байршлын хувьд гудамласан буюу хөрш залгаа, кадастрын зураглалын хувьд давхцалгүй байна.

Харин бодит байдалд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын төдийгүй тэдгээрийн орчин тойрны бүхий л хашаа газрын мэдээллийн нэгдсэн санд тусгагдсан кадастрын зураг дахь эргэлтийн цэгтэй таарахгүй, өөрөөр хэлбэл кадастрын зураг нь бүхэлдээ тодорхой хэмжээгээр шилжигдэж /гүйсэн/ хийгдсэн болох нь хавтаст хэргийн 78-84 дэх талд авагдсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн зурган мэдээллээс тодорхой харагдах бөгөөд энэ тохиолдолд зөвхөн нэхэмжлэгч, гуравдагч нарын эзэмшил газрыг мэдээллийн санд тусгагдсан нэгж талбарын эргэлтийн цэгээр нь хашаалах боломжгүй.

Учир нь ийнхүү хашаалах тохиолдолд гуравдагч этгээдийн эзэмшил газрын хажуу талд орц, гарцгүй хэний ч эзэмшлийн бус мэдээллийн санд “задгай” гэж тэмдэглэгдсэн газар хоосон мэт үлдэхээр, ингэснээр уг газрыг гуравдагч этгээд л эзэмших боломжтой болж газрын хэмжээ нэмэгдэхээс гадна нэхэмжлэгчийн тухайд ч газрынх нь зарим хэсэг бусдын эзэмшил газар луу хошуулдах байдлаар орох нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд нэгэнт гудамласан хашааг кадастрын мэдээллийн санд “зураг нь өөрөөр тусгагдсан” гэсэн үндэслэлээр өөрчлөх бус харин одоо байгаа хашааны хэмжээ, эргэлтийн цэгүүдээр нь мэдээллийн сангийн зурагт өөрчлөлт оруулах байдлаар нэхэмжлэгч хариуцагч нарын хоорондох маргааныг шийдвэрлэх боломжтой.

Нэхэмжлэлийн үндэслэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргээс үзэхэд одоогийн байгаа хашааныхаа хэмжээгээр кадастрын зургаа өөрчлүүлэх хүсэлтэй боловч гуравдагч этгээд Г.Г зүгээс энэхүү саналыг зөвшөөрөөгүй төдийгүй газар чөлөөлүүлэх тухай иргэний нэхэмжлэл гаргаснаас шалтгаалан түүнд өмчлүүлсэн газрын байршлыг кадастрын мэдээллийн нэгдсэн санд байгаагаар бус харин одоогийн байгаа хашаагаар олгуулахын тулд “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 466 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

Гэтэл одоогийн байгаа хашаа анх баригдсанаараа л байгаа, хамар хашааг хэн ч шилжүүлээгүй гэдэгтэй нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар маргадаггүй, энэ талаар шүүхийн шийдвэрт ч дүгнэсэн атлаа “…тус бүрийн өмчлөл, эзэмшил газрын хэмжээг тогтоож, хэний хашаалсан газар хэмжээнээс илүү гарсан, хэний газрыг хэн нь хашаалсан зэрэг асуудлыг Баянзүрх дүүргийн Газрын албаны мэргэжилтнээр тусгай багажны тусламжтайгаар хэмжүүлэх байдлаар тодруулах шаардлагатай…” гэснээ дүүргийн Газрын албыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах боломжгүй гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ.

Үнэхээр дээрх нөхцөл байдлыг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн тохиолдолд шинжээч томилон хэмжээг тогтоох бүрэн боломжтой, мөн чухам ямар үндэслэлээр Баянзүрх дүүргийн Газрын албатай холбоотой дээрх дүгнэлтийг хийсэн болох нь тодорхойгүй байна.

Дахин шинээр захиргааны акт гаргатал 3 сарын хугацаагаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 466 дугаар захирамжийн Г.Г холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэрийг хариуцагчийн зүгээс хэрхэн биелүүлэх нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл Засаг даргын захирамжид эзэмшүүлсэн, өмчлүүлсэн газрын хэмжээ, байршил буюу хаяг бичигддэг болохоос бус тухайн газрын эргэлтийн цэгүүд тусгагддаггүй болно.

Иймд маргааныг дахин шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хувьд Нийслэлийн Засаг даргын захирамжаар гуравдагч этгээдэд өмчлүүлсэн газрын хэмжээнд бус гагцхүү тухайн газар нь мэдээллийн сан бүртгэгдсэн кадастрын зургийн эргэлтийн цэгүүдтэй таарахгүй байгаа талаар маргаж байгааг; мөн кадастрын зурагт өөрчлөлт оруулах эрх Нийслэлийн Засаг даргад байдаг эсэхийг анхаарах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэрт Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн нэрийг “Кадастрын зураглал ба кадастрын тухай хууль” гэж буруу бичсэн байгааг тэмдэглэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0647 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН