Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 402

 

Т.Э, Т.Х, Т.Б

Т.Т нарын нэхэмжлэлтэй,

 Сүхбаатар дүүргийн Засаг даргад

холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг        

            Шүүгчид:                     Г.Банзрагч

                                               М.Батсуурь

                                               Х.Батсүрэн

            Илтгэгч шүүгч:             Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Т.Х, Т.Б, Т.Э, Т.Т нарт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 274 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн Багабаянд тус бүр 700 м.кв газраа эзэмших боломжоор хангах үүргээ биелүүлэхийг дүүргийн Засаг даргад даалгах, Ж.А-аас Т.Х-т 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр 422 м.кв газар эзэмших эрх шилжүүлснийг шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүйг тогтоож, шийдвэрлэхийг даалгах, Ж.А-аас Т.Х-т шилжүүлсэн газартай давхцуулан Т.Х, Т.Б, Т.Э, Т.Т нарын газрын орц, гарцыг хааж В.Э-О, П.Ч, Ж.Б нарт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 338 дугаар захирамжаар газар олгосныг хүчингүй болгуулах”,

              Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0283 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 510 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч Т.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Т нарыг оролцуулж,

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, нэхэмжлэгч Т.Э болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нарын  гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0283 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2, 34 дүгээр зүйлийн 34.1, Газрын зураглал ба кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Э нарын Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 338 дугаар захирамжийн Ж.Б-т холбогдох хэсгийг нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бусдын эзэмшил газартай давхцуулж оруулсан зөрчлийг арилгаж, Т.Х-т газар эзэмших гэрээ, гэрчилгээг олгох хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагаас шүүхээс тогтоосон 1 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий акт хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 510 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0283 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүх “нэхэмжлэлийн үндэслэлд орц гарц хаагдаж эрх нь зөрчигдөж байгаа талаар тусгасан боловч нэхэмжлэгч тус бүрийн хувьд маргаан бүхий захирамжийн улмаас эрх, ашиг сонирхлоо хэрхэн зөрчигдсөн гэж үзсэн нь тодорхойгүй, анхнаасаа тэдний тус бүрийнх нь орц, гарц хаагуураа байсан, 2015 онд кадастрын мэдээллийн санд хэний ямар шийдвэрийг үндэслэж, өөрчлөлт оруулж гуравдагч этгээд П.Ч, В.Э-О нарын газрын байршлыг нэхэмжлэгч Т.Э, Т.Б нарын газартай зэргэлдээ байршилд шилжүүлэн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн нь тодорхойгүй, энэ талаар баримт бүрэн цуглаагүйгээс нэхэмжлэгч тус бүрийн эрх, ашиг сонирхол нь захиргааны аль байгууллагын үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4. Нэхэмжлэгч Т.Х, Т.Б, Т.Э, Т.Т нар нь шүүхэд хандаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргад 4 иргэний эзэмшлийн газраас авч нийтийн эзэмшлийн шороон зам буюу орц гарц гаргасан, хашаа бариулсан тул ... хэсэгчлэн авсан газрын хэмжээгээр тэр хавийн орчимд чөлөөтэй байгаа газраас нөхөн олгох, үүнийгээ албажуулан газрын кадастрыг шинэчлэн тогтоосон захирамж гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

5. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 274 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Т.Х, Т.Б, Т.Э, Т.Т нарт тус бүр 700 м.кв газрыг олгосон бөгөөд энэхүү захирамжийн дагуу олгогдсон 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн газрын кадастрын зургаар нэхэмжлэгч тус бүрийн газар нь анхнаасаа орц, гарцтай байсан болох нь тодорхой харагддаг бөгөөд Засаг даргын захирамжаар анх олгогдсон газар нь орц гарцгүй байсан тухайд нэхэмжлэгч нар маргадаггүй.

6. Гэтэл давж заалдах шатны шүүх Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2/1872 дугаар албан бичгээр ... Т.Х, Т.Б, Т.Э, Т.Т нарын газар 2012 оны 02 дугаар сард архивын зурган мэдээлэлд анх бүртгэгдсэн бөгөөд өнөөг хүртэл өөрчлөлт ороогүй гэх албан бичиг болон анхан шатны шүүхээс тус газрын мэдээллийн санд хийсэн үзлэгээр энэхүү үйл баримт нь нотлогдож байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг огт анхааралгүйгээр нэхэмжлэгч нарын газартай зэргэлдээ байршилд гуравдагч этгээдүүдийн газрыг шилжүүлэн хэний ямар шийдвэрийн улмаас бүртгэсэн тухай нотлох баримт бүрэн цуглаагүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь буруу байна.

7. Хавтаст хэрэгт авагдсан баримт болон гэрчүүдийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд нь 2015 онд харилцан тохиролцоод кадастрын зурганд өөрчлөлт оруулсан болох нь тогтоогддог бөгөөд хариуцагч нь өөрчлөгдсөн кадастрын зургийн байршилтай холбоотой Засаг даргын аливаа шийдвэр захирамж байхгүй талаар тодорхой тайлбарласан байдаг тул энэ талаар дахин нотлох баримт аль ч захиргааны байгууллагаас гарах боломжгүй юм.

8. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Т.Х /эхнэр Б.А/, Т.Төрөө, Т.Э нараас эзэмшил газраа ашиглах боломжоор хангуулахаар 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд хүсэлт гаргасны дагуу тус дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/448 дугаар захирамжаар дээрх 3 иргэнд тус бүр 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг бөгөөд эдгээр 3 иргэн нь орц гарц хаасан асуудлаар захиргааны байгууллагад хандан, хүсэлт гаргасан учраас дүйцүүлэн газар олгож шийдвэрлэсэн болох нь үүгээр тогтоогдож байна.

     9. Дээрх үйл баримтын талаар анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын 1 дүгээр шаардлагын хүрээнд “нэхэмжпэгч нарын хувьд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/448 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрх нь хүчин төгөлдөр байна. ... нэхэмжлэгч нарт тус бүр 700 м.кв газар эзэмших боломжоор хангах үүргээ дүүргийн Засаг дарга биелүүлсэн гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов” гэж зөв зүйтэй дүгнэсэн байна.

    10. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “анхан шатны шүүх 2012 оны 338 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ж.Б болон В.Э-О, П.Ч нарт анх олгосон газрын байршил нь төлөвлөгдсөн зам, орц, гарцтай давхцалгүй гэж дүгнэн уг захирамжид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон атлаа Ж.Бт олгосон газар нь Ж.А-аас Т.Х-т шилжүүлсэн газартай давхцалтай байна гэж дүгнэн, дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлсэн нь зөрчилтэй дүгнэлт болжээ.

11. Мөн хариуцагч Засаг дарга гуравдагч этгээд нарт анх газар олгохдоо нэхэмжлэгч нарын газартай давхцуулаагүй, хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн атлаа гуравдагч этгээд Ж.Б-ийн газар нь Т.Х-ын шилжүүлж авсан газартай давхцалтай гэж үзэж, Засаг даргад дахин шинэ акт гаргахыг даалгасан нь ойлгомжгүй, энэ талаарх дээрх гомдлыг үгүйсгэхээргүй байна” гэж дүгнэсэнд гомдолтой байна.

12. Нэхэмжлэгч нар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 338 дугаар захирамжаар В.Э-О, П.Ч, Ж.Б нарт олгосон газар нь Ж.А-аас Т.Х-т шилжүүлсэн газартай давхцуулан, нэхэмжлэгч нарын орц гарцыг хаасан тул гуравдагч этгээдүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөх тухай 3 дугаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

13. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 338 дугаар захирамжаар В.Э-О, П.Ч, Ж.Б нарт эзэмшүүлсэн газар нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ж.Ааас Т.Х-т шилжүүлсэн газартай давхцаагүй бөгөөд нэхэмжлэгч Т.Х, Т.Б, Т.Э, Т.Т нарын газрын орц гарцыг хааж олгогдоогүй болох нь холбогдох бүхий л нотлох баримтуудаар тогтоогддог.

14. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч нар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 274 дүгээр захирамжаар, гуравдагч этгээдүүд нь 2012 оны 338 дугаар захирамжаар тус бүр 700 м.кв газар эзэмшиж ирсэн бөгөөд үүнээс хойш 5 жилийн дараа Ж.А-аас Т.Х-т шилжүүлсэн газартай давхцал үүссэн гэх шалтгаанаар эрх зүйн зөрчилгүй 2012 оны 338 дугаар захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.

15. Харин Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд 2015 оны 10 дугаар сард холбогдох захирамж шийдвэргүйгээр оруулсан В.Э-О, П.Ч, Ж.Б нарын эзэмшил газрын кадастрын зургийн давхцлыг арилгаж, Т.Х-т газар эзэмших гэрээ, гэрчилгээ олгох хүртэл захиргааны актыг түр түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй байна.

16. Учир нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга өөрийн чиг үүргээ биелүүлэхийн тулд бодит нөхцөл байдал, учир шалтгааныг тогтоосны үндсэн дээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн дунд бий болсон кадастрын зургийн давхцлын өөрчлөлтийг дүүргийн Газрын албатай хамтран шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасан шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал байгааг давж заалдах шатны шүүх огтхон ч анхаараагүйд гомдолтой байна.

     17. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “хэрэгт авагдсан баримтаар 2015 оны 10 сард гуравдагч этгээд нарын газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөлт орж газрын байршлыг өөрчилсөн, үүний улмаас төлөвлөгдсөн замыг хаасан нь тогтоогдсон боловч уг үйл ажиллагааг явуулсан захиргааны байгууллага нь дүүргийн Засаг дарга мөн эсэх, нэхэмжлэгч тус бүрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь Засаг даргын шийдвэрийн улмаас, эсхүл кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулсан этгээдийн алиных нь улмаас хөндөгдсөн, жинхэнэ хариуцагч нь хэн болохыг тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулан хэргийг шийдвэрлэх боломжтой атал энэхүү ажиллагааг анхан шатны шүүх явуулаагүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

18. Нэхэмжлэгч нар нь бүхэлдээ Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 338 дугаар захирамжийн гуравдагч этгээдүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчаар Сүхбаатар дүүргийн Засаг даргыг татсан байдаг.

19. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь хамтран хариуцагч нэмж татах, хариуцагчийг солих аливаа хүсэлтийг гаргаагүй, дүүргийн газрын алба болон Геодези зураг зүйн газрын талаар хууль зөрчсөн гэх үндэслэлийг зааж маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн дүүргийн Засаг даргад чиглэсэн, Засаг даргын хууль бус эс үйлдэхүйг тогтоох болон Засаг даргад захирамж гаргахыг даалгах, түүний захирамжийг хүчингүй болгох тухай байдаг.

20. Харин нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан арга хэмжээг анхан шатны шүүх хэрэглэх боломжтой болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй бөгөөд үүгээрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24, 25 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн болно.

     21. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “хариуцагч Засаг дарга нь 2015 оны А/448 дугаар захирамжаар нэхэмжлэгч Т.Х-ын эхнэр А, Т.Т, Т.Э нарт тус бүр Санзайн аманд 700 м.кв газрыг эзэмшүүлсэн нь шинээр газар олгосон эсэх, байршил нь тодорхойгүй, гэрээ гэрчилгээ байхгүй байхад “... орц, гарц, зам нь хаагдсаны улмаас нэхэмжлэгч нар дүйцүүлэн газар эзэмших хүсэлт гаргаж шийдвэрлэсэн ...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ” гэж дүгнэсэнд гомдолтой байна.

22. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 09/1025 дугаар албан бичгээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор 26 зусланг хамруулсан Зуслангийн ерөнхий төлөвлөгөөг шүүхэд ирүүлсэн бөгөөд уг төлөвлөгөөнд тусгаснаар нэхэмжлэгч нарын дүүргийн Засаг даргын 2011 оны 274 дүгээр захирамжаар эзэмшсэн газар нь зам, орц, гарцтай давхцалгүй, мөн гуравдагч этгээдүүдийн дүүргийн Засаг даргын 2012 оны 338 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын байршил нь төлөвлөгдсөн зам, орц, гарцтай давхцалгүй боловч, уг нэгж талбаруудын байршлыг 2015 оны 10 дугаар сард кадастрын мэдээллийн нэгдсэн санд өөрчилсөн нь төлөвлөгөөнд тусгасан зам, орц гарцыг хааж байрласан гэдэг нь тогтоогддог.

23. Улмаар нэхэмжлэгч Т.Х-ын эхнэр А, Т.Т, Т.Э нараас эзэмшил газраа ашиглах боломжоор хангуулахаар 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд хүсэлт гаргасны дагуу тус дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/448 дугаар 3 иргэнд тус тус 700м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/448 дугаар захирамж хүчинтэй байгаа” гэжээ.

24. Иймээс Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “газар зохион байгуулалт хийх тухай Засгийн газар, түүний эрх бүхий байгууллага, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нарыг газраа эзэмших боломжоор нь хангажээ.

25. Харин нэхэмжлэгч нар нь дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/448 дугаар захирамжийн биелэлтийг хангуулж, газар эзэмших гэрээ, гэрчилгээ гаргуулах тухай асуудлаар тусдаа нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болно.

26. Эцэст нь дүгнэхэд нэхэмжлэгч нарын болон гуравдагч этгээдүүдийн газрыг анх дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн газрын кадастрын зургийн дагуу бодит байдал дээр эзэмшүүлэх ажлыг дүүргийн Засаг дарга, өөрийн хэрэгжүүлэгч агентлаг газрын албатай зөвшилцөн зохион байгуулснаар хэн алиных нь газар давхцалгүй, орц гарц нь хангагдах боломжтой тул анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсан гэж үзэхээр байна.

27. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 510 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

28. Нэхэмжлэгч Т.Э болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... анхан шатны болон давж заалдах шатны шүүх нь дараах үндэслэлээр хууль буруу хэрэглэсэн гэж үззж байна. Үүнд:

29. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг илт буруу хэрэглэсэн. Бусдын эзэмшил газартай давхцаж болохгүй тухай хуулийн заалтыг шүүх хэргэлээгүй. Иргэн Ж.Б-т олгосон газар нь иргэн А олгосон газартай илт давхацсан байхад газар олгосон шийдвэрийг хүчингүй болгоогүй, түдгэлзүүлж байгаа нь хуульд нийцээгүй шийдвэр болсон.

30. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу өргөдөл, хүсэлт огт гаргаагүй иргэд болох П.Ч, В.Э-О, Ж.Б нарт газар эзэмших эрх олгож байгаа нь хууль зөрчсөн. Эдгээр иргэд Сүхбаатар дүүргийн Засаг даргад огт өргөдөл гаргаагүй бөгөөд энэ тухай баримт, бүртгэл байхгүй гэдгийг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ тухай шүүхэд гэрчээр байцаагдсан П болон түүний нөхөр мэдүүлэгтээ гэрчилсэн байхад шүүх эдгээр үйл явдал нотлох баримтыг үнэлээгүй нь хуульд нийцээгүй шийдвэр гаргахад хүргэсэн. Эдгээр иргэд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан баримт материалыг бүрдүүлж өргөдөл хүсэлт гаргасны үндсээр газар эзэмших эрх үүсэх ёстой атал өргөдөл гаргааүй байж газар авсан байна.

31. Нэхэмжлэгч 5 иргэд бүтэн 8 жил газраа эзэмшиж чадахгүй, газар зохион байгуулагчаар ажиллаж эрх мэдлээ ашиглан өөртөө газар авсан П-гээс болж эрх ашиг нь хохирч байхад үүнд дүгнэлт хийгээгүй, харин ч 2012 онд болон 2015 онд газрын кадастрын хэмжээгээ эрх мэдлээ ашиглан дураараа өөрчлөн дуртай газраа өөртөө авч шилжүүлэн газрын эзэн мэт дур зоргоороо шийдвэр гаргаж байхад шүүх дүгнээгүй нь хуульд нийцэхгүй байна.

32. Иймд дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

33. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

34. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 274 дүгээр захирамжаар иргэн Т.Х, Т.Б, Т.Э, Т.Т нарт, түүнчлэн мөн дүүргийн Засаг даргын 2012 оны 338 дугаар захирамжаар иргэн П.Ч, Ж.Б, В.Э-О нарт тус тус 700 м.кв газрыг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Санзай”-д байршуулан зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн, эдгээр газрууд нь хоорондоо давхцалгүй, харин байршлийн хувьд “орц гарц хаасан” гэх үндэслэлээр хэргийн оролцогчид маргажээ.

35. Анхан шатны шүүхээс цуглуулсан нотлох баримтуудаар “... нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх хэн нэгний газар эзэмших эрхтэй давхцалгүй, ...нэхэмжлэгч нарын эзэмшил газрын зарим хэсэг нийтийн эзэмшлийн зам, орц, гарцтай давхцсан”, нэхэмжлэгч Т.Х (эхнэр Б.А), Т.Т, Т.Э нараас 2015 оны 09 сард “... бусад хүмүүс өөрсдийн кадастрын зураглалаар хашаагаа хатгаагүйн улмаас бидний газраас хасагдаад давхцал үүсээд байгаа” гэх үндэслэлээр, нэхэмжлэгч Т.Х (эхнэр Б.А) 700 м.кв, Т.Т 700 м.кв, Т.Э 500 м.кв газрыг тус тус “шинээр олгуулах” хүсэлт гаргасан, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/448 дугаар захирамжаар дээрх 3 иргэнд тус бүр 700 м.кв газрыг “Санзайд” байршуулан эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, “...нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2012 оны 02 дугаар сар, 2015 оны 9 дүгээр сарын мэдээллээр гуравдагч этгээдүүдийн газар нь нэхэмжлэгч нарын газартай давхцалгүй дундаа орц, гарцтайгаар тусгагдсан боловч ... 2015 оны 10 дугаар сард кадастрын мэдээллийн санд байршлыг өөрчилснөөр нэхэмжлэгч нарын эзэмшил газрын орц, гарцыг хаасан”, “нэхэмжлэгч Т.Х-ын Ж.А-аас шилжүүлэн авсан газартай гуравдагч этгээд Ж.Б-т Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 338 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газар нь давхцалгүй боловч, 2015 оны 10 дугаар сард мэдээллийн санд уг газрын байршил өөрчлөгдсөнөөр газрын давхцал үүссэн” үйл баримтууд тогтоогдсон, талууд эдгээр баримтуудтай маргаагүй байна.

36. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нараас гаргасан “Т.Х, Т.Б, Т.Э, Т.Т нарт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 274 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн Багабаянд тус бүр 700 м.кв газраа эзэмших боломжоор хангах үүргээ биелүүлэхийг дүүргийн Засаг даргад даалгах, Ж.Ааас Т.Хт 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр 422 м.кв газар эзэмших эрх шилжүүлснийг шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүйг тогтоож, шийдвэрлэхийг даалгах, Ж.А-аас Т.Х-т шилжүүлсэн газартай давхцуулан Т.Х, Т.Б, Т.Э, Т.Т нарын газрын орц, гарцыг хааж В.Э-О, П.Ч, Ж.Б нарт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 338 дугаар захирамжаар газар олгосныг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага тус бүрт холбогдуулж зөв дүгнэлт хийсэн, нэхэмжлэгч нарын Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 338 дугаар захирамжийн Ж.Б-т холбогдох хэсгийг нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бусдын эзэмшил газартай давхцуулж оруулсан зөрчлийг арилгаж, Т.Х-т газар эзэмших гэрээ, гэрчилгээг олгох хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн, уг шийдвэрт гуравдагч этгээд Ж.Б (өвлөх эрхийн гэрчилгээтэй, эрх залгамжлагч Д.Ч) гомдол гаргаагүй байна.

37. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт 2011-2012 онд маргаан бүхий газарт хөрш зэргэлдээ газар эзэмших эрх олгогдож, бодит эзэмшил үүссэн, газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд байгаа зурган мэдээллээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт анх олгогдсон газрууд хоорондоо давхцалгүй, нэхэмжлэгч нарын эзэмшил газрын кадастрын зурган мэдээлэлд 2015 оноос “орц гарцгүй” тусгагдсан, эзэмшил газруудын зарим хэсэг нийтийн эзэмшлийн зам, орц, гарцтай давхцсан, хариуцагчаас “...гуравдагч этгээдүүдийн газрын байршлыг кадастрын мэдээллийн санд зөвтгөснөөр нэхэмжлэгч нарын газартай давхцалгүй, орц, гарцыг хаахгүй болно” гэх тайлбарыг шүүхэд гаргаснаас үзэхэд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 338 дугаар захирамжаар гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нарыг газраа бодитоор эзэмших боломжоор хангах үүргээ Сүхбаатар дүүргийн Засаг дарга биелүүлээгүй гэж шүүх дүгнэх боломжгүй, түүнчлэн, иргэн Ж.А-аас маргаан бүхий газар байршилтай 422 м.кв газар эзэмших эрхээ Т.Х-т шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны А/339 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Т.Х-т шилжүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байхад хариуцагчийг “газар эзэмших эрх шилжүүлснийг шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан” гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулж анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтүүд үндэслэлтэй зөв байна.

38. Иймд, нэхэмжлэгч Т.Э болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нарын хяналтын журмаар гаргасан “...шүүх... Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг илт буруу хэрэглэсэн, ... бусдын эзэмшил газартай давхцаж болохгүй тухай хуулийн заалтыг шүүх хэрэглээгүй”, “... иргэд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан баримт материалыг бүрдүүлж өргөдөл хүсэлт гаргасны үндсээр газар эзэмших эрх үүсэх ёстой атал өргөдөл гаргааүй байж газар авсан” гэх зэрэг гомдлыг хангах боломжгүй, харин гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Сүхбаатар дүүргийн Засаг дарга өөрийн чиг үүргээ биелүүлэхийн тулд бодит нөхцөл байдал, учир шалтгааныг тогтоосны үндсэн дээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн дунд бий болсон кадастрын зургийн давхцлын өөрчлөлтийг дүүргийн Газрын албатай хамтран шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасан шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн ... байхад ... давж заалдах шатны шүүх анхаараагүй”, “...нэхэмжлэгч нарын болон гуравдагч этгээдүүдийн газрыг анх дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн газрын кадастрын зургийн дагуу бодит байдал дээр эзэмшүүлэх ажлыг дүүргийн Засаг дарга, өөрийн хэрэгжүүлэгч агентлаг газрын албатай зөвшилцөн зохион байгуулснаар хэн алиных нь газар давхцалгүй, орц гарц нь хангагдах боломжтой тул анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, ... нэхэмжлэгч нарын дүүргийн Засаг даргын 2011 оны 274 дүгээр захирамжаар эзэмшсэн газар нь зам, орц, гарцтай давхцалгүй, мөн гуравдагч этгээдүүдийн дүүргийн Засаг даргын 2012 оны 338 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын байршил нь төлөвлөгдсөн зам, орц, гарцтай давхцалгүй боловч, уг нэгж талбаруудын байршлыг 2015 оны 10 дугаар сард кадастрын мэдээллийн нэгдсэн санд өөрчилсөн нь төлөвлөгөөнд тусгасан зам, орц гарцыг хааж байрласан гэдэг нь тогтоогддог ... энэ талаар дахин нотлох баримт аль ч захиргааны байгууллагаас гарах боломжгүй ... байхад ... /нотлох баримт цуглуулах үндэслэлээр/ дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь үндэслэлгүй” гэх гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 510 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0283 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Х-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-гаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Ч.ТУНГАЛАГ

                    ШҮҮГЧ                                                  Д.МӨНХТУЯА